Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 203/МА2022/00040

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр Дугаар 203/МА2022/00040 Даланзадгад сум

 

 

 

Өмнөговь аймгийн *******,

эмчилгээний төвийн нэхэмжлэлтэй, *******д

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00410 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д хариуцагдах,

Гэм хорын хохиролд 17,324,395.0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.а. Хууль бус шийдвэр гаргасны улмаас байгууллагад учруулсан гэм хорыг арилгасны төлбөрт төлсөн 14,716,995 төгрөг.

1.б. Эрх мэдлээ хэтрүүлж шатахуун илүү олгосон зөрчилд актаар тавигдсан төлбөрт төлөх 2,607,400 төгрөг.

Нийт гэм хорын хохиролд 17,324,395.0 төгрөг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга:

2.1. ******* нь захирлын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/262 тоот тушаалаар *******ыг ажлаас чөлөөлж өөр албан тушаалд томилсон. ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хянан хэлэлцээд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/262 тоот тушаалыг хүчингүй болгож, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 14,716,995.0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэсний дагуу байгууллагаас 14,716,995.0 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нийт 3,005,392 төгрөгийг суутгаж 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 11,711,603.0 төгрөгийг *******д олгосон байсан.

Байгууллагад хийгдсэн аудитын шалгалтаар шүүхийн шийдвэрээр олгогдсон 14,716, 995.0 төгрөгийг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй байна, хохирлыг нөхөн төлүүл гэх дүгнэлт гарсан тул захирлын буруутай үйл ажиллагаанаас байгууллагад учирсан хохирол болох 14,716,995.0 төгрөгийг гаргуулна.

2.2. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/171670366 тоот актаар тавигдсан 2, 607,400 төгрөгийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны дотор хангуулахаар шийдвэрлэсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл буруутай албан тушаалтнаас гаргуулан биелүүлээгүй байгаа.

2020 онд санхүүд хийгдсэн аудитын шалгалтаар бензин шатахууны зардлыг хэтрүүлсэн байна гэж акт тавьсан байгааг хуульд заасан эрхээ эдлээд актыг нь хүчингүй болгуулах ч юм уу, үнэхээр эрх ашиг нь зөрчигдөөд төлөх үндэслэлгүй байна гээд энэ актын талаар шүүхэд хандаад маргаад явах боломж цаг хугацаа байхад маргаан дэгдээгээгүй тул байгууллагын захирлаар ажиллаж байсан *******гээс гаргуулна.

Аудитын байгууллагын тайлан, акт, албан шаардлагууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хоёр төрлийн гэм хорын хохирол байгаа гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд болох төрийн аудитын газрын дүгнэлт болон актаар хариуцагч *******гийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад учирсан хохирол болох талаар огт дурдаагүй, тэр талаар нотолж тогтоосон талаарх баримт огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага 17,324,395 төгрөг нь миний буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол биш.

Хуулийнхаа дагуу нэхэмжлэгч нь үндэслэл болгож байгаа акт болон албан шаардлагыг нотариатаар батлуулсан болон эхээр нь өгөх байтал Аудитын газрын хуулбар үнэн гэсэн хуулбарыг өгсөн байна. Энэ албан шаардлагыг би хууль бус гэж үзэж байна.

Бензин шатахуун хэтрүүлсэн актыг тухайн үед нь удирдлагын баг хуралдаад бүх нярав, нягтлангуудыг түргэн тусламжийн машиныхнаа норм норматив, ашиглалтын хугацааг гаргаад түүний дагуу нярав, нягтлангуудыг нэг нэг жолооч машинтай шатахууныг хийгээд бүгдээрээ дуудлагад явсан. Тэр бүх тайлбар, удирдлагын багийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Би нэхэмжлэгч талыг өс хонзонгийн сэдэлтэй гэж үзэж байна. Түвшинзулыг эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас чөлөөлөөд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилсон байгаа. Тухайн үед тэр тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад явсан. Энэ хугацаанд ажилд томилогдон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Түвшинзулыг томилсон эх барих эмэгтэйчүүдийн эмч дээр ямар нэгэн эмч томилоогүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ************** хариуцагч *******гээс 17 324 395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* эмчилгээний төв нь улсын тэмдэгтийн хураамж 244 572 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчаас гаргасан тайлбар нь нэхэмжлэлд ач холбогдолтой болоод түүнийг няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримт гарган мэтгэлцэж чадсан эсэхийг шүүхээс огт анхаарч үзсэнгүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт хийсвэр, бодит нөхцөлд байдалтай холбон тайлбарлаж, үнэлж чадсангүйд гомдолтой.

Ажлаас чөлөөлсний улмаас тухайн ажилтан шүүхийн байгууллагад хандаад шүүхээс ************** ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гарч, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу байгууллагын цалингийн данснаас олгосон. Энэхүү ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосон нь байгууллагад хохирол учраагүй гэж маргаж байгаа хэдий ч Өмнөговь аймгийн Аудитын газраас нөхөн олгосон цалин болоод бусад зардлыг нөхөн төлүүлж авах акт төлбөр тавигддаг.

Үүнээс үзвэл тухайн үед ажиллаж шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлагыг хариуцах талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тодорхой заасан байхад *******гийн үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан хохирол гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж хариуцагчаас гаргуулан шийдвэрлээгүй.

14,716,995.0 төгрөг нь хариуцагч ажиллаж байх хугацаандаа эрх хэмжээнийхээ хүрээнд ажилтныг ажлаас хууль бусаар чөлөөлснийг тогтоосон шүүхийн шийдвэрээр түүний идэвхтэй үйлдэл болоод шалтгаант холбоо тогтоогдож байгаа.

Актаар тавигдсан 2,607,400.0 төгрөгийн хувьд төсөв ерөнхийлөн захирагч, санхүүгийн баримтад хамгийн сүүлд хянан баталгаажуулалт хийгдэн баталгаажуулж гарын үсэг зурах эрхтэй хүн нь захирал. Тухайн жилд болоод ажиллаж байх хугацаандаа бензин шатахууны мөнгөн хөрөнгийг хэтрүүлэн ажилласныг аудитын байгууллага тогтоосон. Хариуцах этгээд нь мөн дээрх хуулийн заалттай холбогдох учиртай.

Эдгээрээс үзвэл хариуцагч байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс гарсан мөнгийг буцаан төлөх, хариуцах эрх зүйн үндэслэлтэй тул шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******гээс 17,324,395.0 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө гэсэн гомдлыг гаргасан.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдлоо бүрэн дэмжиж байгаа. Аудитын дүгнэлтэд заасан төлбөр одоо хүртэл биелэгдээгүй хэвээр байгаа.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглэн нэхэмжлэлийг хангахгүй байдлаар шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрх зүйн үйл баримтыг ямар байдлаар тогтоох ёстой вэ гэхээр тодорхой хэмжээнд буюу тухайн үед захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж, ажил албан тушаалыг хариуцагч эрхэлж байсан. Энэ хугацаанд Аудитын газраас шалгалт хийгдсэн. Ажлаас үндэслэлгүй халагдсан буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ******* ажил олгогч байгууллагаас тухайн хүнд цалингийн нь олгосон. Энэ талаар маргахгүй.

Эрх зүйн үйл баримтын дүгнэлтдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг холбон тайлбарлаад үндэслэлээ зөв бариулсан байдаг.

Байгууллагад учирсан хохирлыг тухайн үед ажиллаж байсан ажилтан хариуцах, хариуцахгүй гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулиар гаргах эрх зүйн үндэслэлтэй байсныг Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй. Учир нь эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл энэ хүнд байна уу, байхгүй юу гэдэг дээр холбож шүүх нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлтэй байсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйл буюу өмнөх үйл баримтыг дурдаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Байгууллагад учирсан хохирлыг хэн хариуцах ёстой юм бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт ажилтны хүлээх эд хөрөнгийн хариуцлага, мөн 129 дүгээр зүйлийн эд хөрөнгийн хариуцлага түүнийг хүлээлгэх үндэслэл гээд 129 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэх үед аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын зөрчлийн болоод эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлагыг хүлээлгэж болно гэсэн заалт байдаг.

Аудитын байгууллагын акт хүчин төгөлдөр байхад байгууллагад хохирол учирсан, учраагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл актыг хүчингүй болгочихвол энэ байгууллагад хохирол учруулаагүй гэж үзнэ гээд маргаж байгаа учраас хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч энэ талаар баримтаа өгвөл, өөр өнцгөөс харах эрх зүйн үндэслэл бий болох байсан. Аудитын акт хүчин төгөлдөр байгаа учраас шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар ажилтнаасаа нэхэж, байгууллагыг хохиролгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж, хариуцагчаас актаар тавигдсан болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болгосон нөхцөл байдлаар мөнгийг гаргуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

7. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн ************** үүрэг гүйцэтгэгч байхдаа миний бие эмчилгээ эрхэлсэн орлогч дарга *******ыг эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалаас чөлөөлж, эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эмчлэгч эмчээр томилсон тушаал гаргасан. Гэвч би зөвхөн орлогч дарга хийнэ гээд ажиллагаа хаяад явсан.

Тэгээд нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжийг хүсээд ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байдаг. Нотлох баримт хэрэгт өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн хүнийг буруу халсан биш, өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэдэг дээр буруудах байсан байх. Тухайн үед Эрүүл мэндийн сайдын тушаал гараад намайг үүрэгт ажлаас чөлөөлөөд ******* даргыг эргэж томилсон. ******* дарга ажилд томилогдсоны дараагаар анхан шатны шүүхийн шийдвэрийг 06 дугаар сарын 28-ны өдөр ******* гар дээрээ авсан өдрөө захирал ******* дээр авч очоод шууд тэр өдрөө тушаал гаргуулж, эмчилгээ эрхэлсэн орлогчоор эргүүлж ажилдаа томилогдсон. Шүүхээс гарсан тогтоолыг нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч ******* тэр өдөр гар дээрээ аваагүй. Хариуцагч миний бие болон өмгөөлөгч тухайн шийдвэрийг гар дээрээ аваагүй байсан үед тухайн шийдвэрийг аваад шууд энэ өдөр ажилдаа буюу эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдсон. Энэ томилгоог би хууль ёсны бус гэж үзэж байна. Учир нь би ******* даргад хүсэлт өгсөн. Тухайн үед би өөрөө давж заалдах эрхгүй, ажлаа хүлээлгээд өгчихсөн байсан. Тиймээс энэ хэрэг надтай холбоотой учраас та надад итгэмжлэл бичиж өгнө үү гэж цааш нь давж заалдах гэсэн боловч ******* дарга энэ хамаагүй, байгууллагаас мөнгийг нь өгнө гэсэн учраас томилсон гэж хэлдэг. Тиймээс энэ томилгоог хууль бус томилгоо гэж үзэж байна. Шилжүүлэн томилсон ажлыг ******* ажил хийгээгүй, өөр хүн ч хийгээгүй учраас байгууллагын цалингийн сангаас энэ цалинг өөр ямар нэгэн зүйлд зарцуулаагүй.

Мөн бензиний 2 600 000 төгрөг дээр акт тогтоосон баримт байгаа. Энэ асуудлаар тухайн үед удирдлагын багаараа хуралдаад бүх нярав, нягтлан, машины жолооч нарт нэг нэгээр нь хуваарилаад зуун километрт ногдох Зам тээврийн сайдын тушаалын дагуу бензинийг хийгээд, хяналтаар нярав, нягтлангууд яваад лимит тогтоосон боловч бүх машины гүйлтийнх нь норм дуусчихсан, бензиний хэтрэлттэй байсан учраас тэр бүгдийг дахин хуралдаад Өмнөговь аймгийн Аудитын газарт бид нар хариу тайлбараа өгсөн.

Энэ бензинийг би хувьдаа ашиглаагүй. Энэ бензинийг Өмнөговь аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө түргэн тусламж авсан түргэн тусламжид зарцуулсан бензин юм.

Байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь дээр түр тушаалаар, түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаа албан тушаалтны нэр албан тушаалтайгаа заавал бичигдэж тавигддаг. Байгууллагын гэрчилгээ нь дээр буюу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь дээр *******ын нэр бичигдээгүй учраас би *******ыг нэхэмжлэл гаргах эрх бүхий албан тушаалтан мөн үү биш үү гэдэг тал дээр эргэлзэж байсан.

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагыг нэхэмжлэгч тал гомдлынхоо үндэслэл болгосон боловч үүнийг аваад үзэхээр 07 дугаар сарын 28-ны өдөр би шүүх хуралдаан ордгийн урд өдөр бичиг хэрэг дээр цахим бүртгэлийн ирсэн бичиг баримт болон хариутай бичиг баримтын цахим бүртгэл дээр үзэхэд Аудитын газраас ямар ч бичиг баримт ирээгүй. Хариутай бичиг болоод ирсэн бичиг баримтыг бүртгэдэг журнал дээр байхгүй байсан.

Энийг ашиг сонирхлын зөрчил буюу хууль бус гэж үзэж байна. Учир нь Өмнөговь аймгийн Аудитын газар албан ёсны албан шаардлагаа өгсний үндэслэл дээр байгууллага нэхэмжлэлээ гарсан байх.

Хэрвээ албан ёсны шаардлагаар нэхэмжлэл гаргаж байгаа бол эхээр нь юм уу, эсвэл нотариатаар батлуулсан хуулбарыг шүүхэд гаргаж өгнө үү гэхээс биш зүгээр Аудитын газар дээр очоод Аудитын газрын хуулбар үнэн гэсэн тамгатай албан шаардлага барьж ирсэн байдаг учраас үүнийг би хууль бус гэж үзэж байна гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 410 дугаартай Өмнөговь аймгийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн. Түүний баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж шийдсэн хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг буюу байгууллагад учирсан хохирлыг албан тушаалтан хариуцна гэдэг үндэслэлээр анх нэхэмжлэл гаргасан. Мөн түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо мөн адил хариуцагч нь Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцах үндэслэлтэй байна гэдэг талаар дурдсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжихийн урьд ч нөхцөл нь ******* гэдэг хүний гэм буруутай үйлдлийг хамгийн түрүүнд тогтоосон байх ёстой.

Нэхэмжлэгч тал 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Аудитын газрын дүгнэлтийг үндэслээд байгууллагад учирсан хохирол гээд *******д олгосон цалинг нэхэмжилдэг.

Гэтэл энэ баримт, сөрөг дүгнэлт дээр ******* гэдэг хүний албан тушаалдаа тухайн цаг хугацаанд ажиллаж байсантай холбоотойгоор гэм буруутай үйлдлийг тогтоосон нэг үг, өгүүлбэр ч байхгүй.

Төлбөрийн актыг биелүүлээгүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ байгууллагад учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй гэж дүгнэлт хийсэн байдаг. Төлбөрийн актыг биелүүлээгүй гэдэг нь хэдэн оны, хэдэн сарын, хэний эрх ашиг сонирхлыг хөндсөн, ямар актыг биелүүлээгүй нь, аль шүүхийн, ямар шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан нь тодорхойгүй ийм сөрөг дүгнэлт байгаа.

Шатахуун илүү зарцуулсан гээд 2,607,400 төгрөгийн акт тавигдсан. Энэ төлбөрийг тухайн үед ажиллаж байсан *******гээс гаргах ёстой гэдэг. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн Аудитын газарт тавигдсан актаар тухайн төлбөрийг ******* хариуцаж, төлж барагдуулна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Зөвхөн илүү гарсан шатахууны үнэ 2,607,400 төгрөгийг төрийн санд хүү, торгуулийн орлого гээд тоот дансанд төвлөрүүлэх үүргийг *******ны эмчилгээ төвийн дарга болон нягтлан бодогч нарт үүрэг болгосон байдаг.

******* гэдэг хүн ажлаа орхиж явсан. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч анх удаа хөдөлмөрийн харилцаанаас үүссэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан байгууллагад учирсан эд хөрөнгө гэдэг зохицуулалт ярьж байна.

Давж заалдах гомдолдоо тухайн үндэслэлийг дурдаагүй байж өнөөдөр шүүх хуралдаан дээр гомдолд дуудаагүй үндэслэлээр тайлбар хэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар ч гэсэн ******* гэдэг хүн байгууллагад гэм хор учруулсан бол тухайн үйлдлийг тогтоосны эцэст нэхэмжлэх, шаардах эрх үүснэ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн *******, эмчилгээний төв нь хариуцагч *******д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 17,324,395.0 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, аудитын шалгалтаар гэм буруутай этгээдээс нөхөн төлүүл гэсэн дүгнэлт гарсан тул 14,716,995 төгрөгийг захирлын буруутай үйл ажиллагаанаас гарсан хохирол, 2,607,400 төгрөг нь актаар тавигдсан төлбөр бөгөөд уг акт биелэгдээгүй байгаа тул тухайн цаг хугацаанд захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан *******гээс хохирлыг гаргуулна гэж нэхэмжилжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 01, 02 дугаар хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ******* уг шаардлагыг дэмжиж оролцсон байна.

 

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

5. Нэхэмжлэгчийн захирлын буруутай үйл ажиллагаа гэх буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас байгууллагад учирсан хохиролд 14,716,995 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

5.1. Нэхэмжлэгч тал нь шаардлагаа Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 108/А1670364, ӨМА-2022/140/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлагад үндэслэсэн ба уг шаардлагад ...2. 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгөгдсөн ӨМА-2021/140/СТА/ТШЗ, 1/А1670366 дугаартай 2,607,400 төгрөгийн төлбөрийн актыг хэрэгжүүлээгүй. 3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 143/ ШШ2021/00186 дугаар шийдвэрийн дагуу тус байгууллагад эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан *******д нэхэмжлэлийн шаардлагын дагуу 14,716,995 төгрөгийг байгууллагаас барагдуулж гэм буруутай этгээдээс гаргуулаагүй байна... гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 144 дүгээр хуудас/

5.2. Хариуцагч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн *******,******* захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нь Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн б/26, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн б/23 дугаар тушаалаар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 04, 05 дугаар хуудас/

5.3. Хариуцагч ******* нь тус төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр б/262 дугаар тушаалаар Удирдлага, хангамжийн тасагт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажилтай *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөө б/263 дугаар тушаалаар түүнийг төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 175,176 дугаар хуудас/

5.4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 143/ШШ2021/00186 дугаар шийдвэрээр *******ыг ажлаас чөлөөлсөн Өмнөговь аймгийн *******,******* захирлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/262 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ыг Өмнөговь аймгийн *******,******* Удирдлага, хангамжийн тасагт эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 14,716,995 төгрөгийг Өмнөговь аймгийн ******* эмчилгээний төвөөс гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтасны 09-20 дугаар хуудас/

5.5. Өмнөговь аймгийн *******,******* захирал Я.******* нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс *******ыг тус төвийн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох тухай б/115 дугаар тушаалыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны гаргасан байна. /1 дүгээр хавтасны 136 дугаар хуудас/

 

5.6. Төлбөрийн хүснэгт № 536. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, дарга *******, Ерөнхий нягтлан бодогч ******* гэж гарын үсэг зурагдсан баримтад *******, 11,711,603 төгрөг, шүүхийн шийдвэр цалин гэх агуулга бичигджээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 134, 136 дугаар хуудас/

 

5.7. Хариуцагч байгууллага нь *******д хуульд зааснаар суутгавал зохих шимтгэлийг хасаж, үлдэх 11,711,603 төгрөг олгосон тухай тооцоо хэрэгт авагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 135 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтуудыг болон шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан тайлбартай харьцуулж үзвэл, Өмнөговь аймгийн *******, эмчилгээний төв нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр биелүүлж *******ыг тус төвийн Удирдлага, хангамжийн тасагт эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр б/262 дугаар тушаалыг Өмнөговь аймгийн *******,******* 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШЗ2022/00410 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэгдсэн энэ хэргийн хариуцагч болох Т.Оюундүү нь Өмнөговь аймгийн *******,******* захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ гаргасан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

Иймд хариуцагч ******* нь ... хууль бус шийдвэр гаргасан гэх үйл баримтад маргаж, ******* нь ажлаас халагдаагүй, өөр ажилд шилжүүлэн томилогдсон байсан гэх агуулгаар гаргасан тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/ 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь уг ажилтныг ажлаас халах тухай гаргасан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байсан гэж ойлгоно.

Иймд *******ыг үндэслэлгүй ажлаас халсан шийдвэр гаргасан албан тушаалтан *******гийн гаргасан шийдвэр хуульд нийцээгүй байсан гэж үзэхээр байна.

 

5.9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******гийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах болохыг тайлбарласан. Иймд *******д Төрийн албаны тухай хууль/шинэчилсэн найруулга/ 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн үүрэг үүсэхгүй.

 

5.10. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж тус тус заасан.

 

5.11. Иргэний хуулийн 498.1, 498.2-т заасан этгээд гэдэгт хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хор учруулсан ажилтныг болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийг ажиллуулж байгаа ажил олгогч, хуулийн этгээд буюу төр хамаарах тул Өмнөговь аймгийн *******, эмчилгээний төвд шаардах эрх үүссэн, хариуцагчид хохирлыг хариуцах үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч ******* нь анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд ...сум дундын шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар шүүхийн шийдвэрт давж заалдах эрхийг сэргээж өгөөч гэсэн хүсэлтийг нэхэмжлэлд хариу тайлбар гаргасны маргааш өгсөн юм. Тэрний хариу ирээгүй байна... гэж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд ...Түвшинзул шүүхийн шийдвэрийг 6 дугаар сарын 28-ны өдөр аваад... тэр өдрөө эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд ******* даргаар томилуулсан. ...Хуулийнхаа дагуу бол ...гар дээрээ аваад 14 хоногийн хугацаанд давж заалдах хугацаанд, ...шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бус байгаа үед ...томилогдсон. Өөрийнх нь өмгөөлөгч ******* ажилд томилогдсоны маргааш нь, ... 7 дугаар сарын 02, 19-ний өдөр хариуцагч тал гар дээрээ авсан... гэх агуулгаар хүсэлт, тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 43 ба 44 дүгээр хуудасны дунд авагдсан дугаарлагдаагүй 2 хуудас, 236 дугаар хуудас/

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх агуулгаар тайлбарласан. Энэ тайлбаруудыг үгүйсгэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаагүй.

 

5.12. Иргэний хэрэг шүүхэд хянан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1. Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:

120.1.1.энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй; гэж, 120.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно гэсэн зохицуулалтаас үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй бол шийдвэрийг хэргийн оролцогч нараас хамгийн сүүлд авсан өдрөөс хойш 15 дахь хоногоос эхлэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

*******ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, түүнийг уг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон тушаал, *******г Өмнөговь аймгийн *******,******* захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал зэргийн огноог харьцуулж үзвэл, ажил олгогч нь *******ыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон, ажил олгогчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан *******д уг шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах боломжгүй нөхцөл бүрдсэн байдал тогтоогдож байна. Иймд хариуцагч *******гийн энэ агуулга бүхий тайлбарыг буруутгах боломжгүй.

 

5.13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Энэ үүргээ биелүүлэхдээ уг шийдвэрийн улмаас аливаа хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэх, түүнийгээ хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг үгүйсгэх эсэхийг анхаарах ёстой. Энэ нь хууль дээдлэх зарчимд нийцнэ.

 

5.14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба тэрээр гэм хор учирсан нь өөрийн буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс хуулийн мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар чөлөөлөгдөнө.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хөдөлмөрийн хуульд зааснаар ******* хариуцлага хүлээх талаар тайлбарласан боловч анхан шатны шүүхэд шаардах эрхийн үндэслэлээ энэ агуулгаар гаргаж мэтгэлцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нь хариуцагч *******гээс ...байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй тухай дүгнэлтийг үндэслэн хохирол төлөх эсэх талаар маргажээ..., ... *******гийн үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан хохирол гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна... гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгчийн гомдол эрх мэдлээ хэтрүүлсэн гэх буюу актын талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс байгууллагад учирсан хохиролд 2,607,400 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Цэрэнбаяр, Одончимэг нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч, тэрээр *******г хамтран хариуцагчаар оролцуулах, Цэрэнбаяраас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 51, 112, 113, 125, 130, 154, 155-156, дугаар хуудас/

Харин хариуцагч талаас гаргасан тайлбар, нотлох баримтуудтай танилцсан боловч түүнийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй байна.

б. Нэхэмжлэлийн шаардлагаа Үндэсний аудитын газрын харьяа Өмнөговь аймгийн Аудитын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 108/А1670364, ӨМА-2022/140/НА-СТА-ТШЗ дугаартай зөрчил гаргахгүй байх тухай албан шаардлага, нотариатаар гэрчлүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/А1670366, ӨМА-2021/140/СТА/ТШЗ, дугаартай Төлбөр барагдуулах тухай акт, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 236 дугаартай Сөрөг дүгнэлт зэрэг нотлох баримтад үндэслэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 03, 06, 144-145 дугаар хуудас/

в. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд ...тухайн төсвийг буюу ерөнхийлөн захирагч нь тухайн үүргийг орлон гүйцэтгэж байсан хүн нь ******* байсан, ...энэ мөнгийг гаргуулахаар санхүүгийн баримтад ******* гарын үсэг зурж баталгаажуулдаг. ...энэ акт дээр ...******* захирлаар ажиллаж байх 9 сарын хугацаандаа ямар нэгэн байдлаар ...маргаан дэгдээгээгүй ... тухайн үед энэ акт дээр гомдлоо гаргаад энэ мөнгийг хэн төвлөрүүлэх ёстой гэдэг дээр маргаад явах ёстой байсан гэж би харж байна. ... төсөв санхүүгээ зүй зохистойгоор мөн батлагдсан төсвийнхөө хүрээнд хяналт шалгалт хийгээд гарын үсгээ зураад явсан бол энэ акт тавигдах байсан уу..., хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй. ... Бензин шатахууны төсөв зарцуулагдаад дууссан ... өөр төсвөөс гаргах төлбөрийг зарцуулсан байгааг аудитын байгууллага тогтоосон байна гэж ойлгож байгаа... учраас тухайн үед ******* ажиллаж байсан учраас хариуцах ёстой... гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 234-236 дугаар хуудас/

Иймд Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/А1670366, ӨМА-2021/140/СТА/ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актын илэрсэн зөрчил гэх хэсэгт ..1738 литр буюу 2,607,400 төгрөгийн шатахуун илүү олгосон... гэж заасан зөрчил нь *******д хамааралтай гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг актад гомдол гаргаагүй гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарласан. Харин хариуцагч талаас гаргасан тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримттай танилцаж, түүнийг үгүйсгэсэн, татгалзсан тайлбарыг гаргаж байгаагүй байна.

г. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******гээс шаардсан энэ шаардлагын эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйл-д хамаарна гэж тайлбарлаж байх боловч Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/А1670366, ӨМА-2021/140/СТА/ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актын тогтоох хэсэгт ...илүү олгосон шатахууны үнэ 2,607,4 мянган төгрөгийг төрийн сан банкин дахь /хүү, торгуулийн орлого/ ******* тоот дансанд төвлөрүүлэх гэж заасны дагуу байгууллага уг төлбөрийг төрийн сангийн уг дансанд төвлөрүүлээгүй байгаагаа тайлбарласан. /хэргийн 1 дүгээр хавтасны 02, 03 дугаар хуудас/

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсний дагуу хохирлыг шаардах эрхгүй.

 

7. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ******* нь нэхэмжлэгч байгууллагад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон ******* болох нь талуудын тайлбар, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн б/26, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/11 дугаар тушаалаар нотлогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 04, 08 дугаар хуудас/

 

8. Төрийн аудитын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллага тухайн жилд Захиргааны ерөнхий хуулийн 103.3-т заасны дагуу төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүр Үндэсний аудитын газрын цахим хуудсанд байршуулна, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх хоёр шаардлага нь энэ хуулийн дагуу Төрийн аудитын цахим хуудсанд байршсан байгааг нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ийг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан байх бөгөөд түүнийг Цэрэнбаярын хүсэлтэд дурдсанаар дуудаж мэдүүлэг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй. Мөн шүүх гэрч ийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

Дээрх үндэслэлүүд нь давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгчийн захирамжаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ