| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0083/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2016-12-05 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 108
Б.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Оролцогчид:
Прокурор С.Баттамир
Хохирогч Б.М-
Ялтан Б.Х-
Ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсайханы Х-д холбогдох эрүүгийн 201509000844 дугаартай, 171/2016/0083/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ялтны биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр багийн 9-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3-р сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоож, 5 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8-р сарын 27-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3-р сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хорих ялаар тогтоосон, уг ялыг жирийн дэглэмд эдлэхээр шийтгэгдсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 71 дүгээр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хассан, хэрэг хариуцах чадвартай Алаг адуут овогт Батсайханы Х- /РД:ТА89032456/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Б.Х- нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 21.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ихэр могой” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж, харуулын үүрэг гүйцэтгэж байсан иргэн Б.М-ийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлж довтлон 3 давхрын гар утасны хэсгийн хаалгыг онгойлгож 171 ширхэг гар утас дээрэмдэн 30.180.000 /гучин сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Алаг адуут овогт Батсайханы Хаш-Эрдэнийг давтан үйлдлээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэний цагдан хоригдсон 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
-Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... заажээ.
Ялтан Б.Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Миний бие 201509000844 тоот хавтаст хэрэгт авагдсан материалд үнэхээр гомдолтой байна. Хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, шүүх мэтгэлцээний үед авагдсан мэдүүлэг эрс тэс зөрүүтэй, гарын хээ тохироогүй, хөлийн мөр шинжлээгүй, зөвхөн нэг талаа барьсан. Шүүхээс мөрдөн байцаалтанд буцсан даалгавар дээр нэг ч ажиллагаа хийгээгүй, хохирогч гэх Б.М- хэн хэнийгээ сайн таньдаг байж худлаа ярьж 2 сар гаран гэмт хэргийг төөрөлдүүлж, цаг хожиж гэмт хэргийн мөн чанарыг балартуулж алдуулсан. 3-4 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үргэлж өөр өөр мэдүүлэг өгсөн зэрэг нь үнэхээр жигшилттэй тул давж заалдах өргөдөл бичиж байна. Мөрдөн байцаагч О.Эрхэмзаяа нь анхнаасаа энэ гэмт хэргийн цагийг хуурамчаар бичсэн нь иргэн миний эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн...
2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагт гэмт хэрэг болоогүй гэж үзэж байна. Б.М- хохирогч биш, намайг ашиглаж бүгдийг урьдаас төлөвлөсөн байсан. Иймд үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.Х- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Ялтны давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Х- нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй. Хохирогчийн мэдүүлгээр хэргийг үйлдсэн гэж байгаа нь учир дутагдалтай. Хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байж үнэлэгдэнэ. Гэтэл хохирогчийн мэдүүлэг хангалттай нотлогддоггүй. Цонхоор орсон нь тогтоогдоогүй. Хохирогч харуулын ажлыг олон жил хийсэн гэж ярьдаг. Тухайн үед Б.М- дохиоллоор бусад хамгаалагчаа дуудаж төв рүү мэдэгдэх байсан. Хохирогчийн эргэлзээ бүхий мэдүүлгээр Б.Хаш-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа учраас хэргийг дахиж шалгах шаардлагатай байна. Б.Хаш-Эрдэнийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Хохирогчийн хувийн байдал, зээлтэй эсэхийг шалгуулах саналтай байна. Хохирогчийн мэдүүлэг нотлогддоггүй” гэв.
Хохирогч Б.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би хэргийн талаар үнэн зөв ярьсан” гэв.
Улсын яллагч С.Баттамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ялтан Б.Хаш-Эрдэнийг ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 21.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах цайны газрын цонхоор нэвтрэн орж харуулын үүрэг гүйцэтгэж байсан иргэн Б.М-ийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, заналхийлж довтлон 3 давхрын гар утасны хэсгийн хаалгыг онгойлгож, 171 ширхэг гар утас дээрэмдэн 30.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг давтан үйлдлээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангажээ.
Анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй
Ялтан Б.Хаш-Эрдэний “...хохирогч гэх Б.М- нь хэн хэнийгээ сайн таньдаг байж худлаа ярьж 2 сар гаран гэмт хэргийг төөрөлдүүлж, цаг хожиж гэмт хэргийн мөн чанарыг балартуулж алдагдуулсан. 3-4 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үргэлж өөр өөр мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаагч болон прокурор нь хуурамч баримт бүрдүүлсэн, анхнаасаа энэ гэмт хэргийн цагийг хуурамчаар бичсэн, үл ялих зүйлээр шалтаглан надад нэг ч эргэлт оруулаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр буцаасан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Тэр өдрийн 21.00 цагт гэмт хэрэг болоогүй гэж үзэж байна. Б.М- хохирогч биш, намайг ашиглаж бүгдийг урьдаас төлөвлөсөн байсан..” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь: Б.Хаш-Эрдэний үйлдсэн дээрх гэмт үйлдэл нь мөрдөн байцаалтаар хангалттай шалгагдан тогтоогдсон, түүний үйлдээгүй хэргийг үйлдсэн мэтээр тулган хүлээлгэсэн болон бусдын хэргийг түүнд үндэслэлгүй хүлээлгэсэн байдал мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд тогтоогдоогүй, ийм үндэслэл, таамаг нотлогдоогүй тул хэргийг дахин шалгуулах шаардлагагүй, хохирогч Б.М-тэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдоогүй гэж үзнэ.
Түүнчлэн хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...гурван давхарт хүний хөлийн чимээ гарах шиг болохоор нь дээшээ гарахад эрэгтэй хүн байхаар нь “чи энд юу хийж байгаа юм бэ” гэж асуухад “чамд 500.000 төгрөг өгье, 1.000.000 төгрөг өгье” гэж над руу ойртож байгаад миний хоолойноос багалзуурдаж барьж аваад “би шоронгийн хулгайч шүү, би шийдсэн хүн шүү, чи шоронгийн амьдрал мэдэх үү, миний хэлсэн үгэнд ороод амьд үлдвэл үлдээрэй” гээд хутга шиг юм гаргаж ирээд үзүүлсэн. Тэгэхээр нь би айгаад “за за би чиний үгэнд оръё” гэж хэлэхэд “гурван давхрын хаалгыг эвдэл” гэсэн. Тэгэхээр нь би “наад хаалга чинь эвдрэхгүй шүү дээ” гэхэд “тэгвэл тэр дээд талын цонхоор нь ор” гээд гар утасны павилион руу ордог хаалганы дээд талын шилэн цонхыг заасан. Тэгэхээр нь би “энэ дотор дохиололтой, камертай” гэхэд “тэр хамаагүй, би мэдэж байна” гэсэн. Тэгэхээр нь би “доошоо буугаад эвдэх багаж авъя” гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө багаж хайж байхад тэр өрөөнд өлгөөтэй байсан гав, бороохой 2-ыг аваад “чи ямар нэгэн байдлаар тэр цонхыг онгойлгоно шүү, хэрэв онгойлгохгүй бол чамайг ална шүү” гэж хэлсэн. Би айгаад “түлхүүр нь байгаа” гэж хэлээд дээшээ гараад 3 давхрын павилионы хаалгыг онгойлгоход дохиолол дуугарсан. Энэ үед төвийн жижүүр Сүхбаатар станцаар “юу болоод дохиолол дуугараад байна” гэж асуухад тэр залуу “зүгээр, хэвийн байна гэж хариул” гэж хэлснийх нь дагуу би “хэвийн байна” гэж хэлсэн. Дахин утасдаад асуухад би “хэвийн байна, би постоо тойроод явж байна” гэсэн. Тэгээд тэр залуу павилионд ороод өөрөө гэрэл гардаг тамхины асаагуураар лангуунууд дээр байгаа мэдрэгчтэй гар утаснуудыг хараад “бүгдийг нь ав” гэж надад хэлсэн. Бороохойгоор 8-р лангууны шилийг хагалаад гар утаснуудыг тэнд байсан гялгар уутанд хийж, 7-р павилион руу ороход авах зүйл байхгүй болохоор нь 6 руу ороод лангууны ар талыг өөрөө бороохойгоор хагалаад “торонд гар утаснуудыг хий” гэсэн. Тэр тор нь дүүрсэн. Гэтэл тэнд байсан ягаан цүнхийг аваад надад өгч ”энэ цүнхэнд гар утаснуудыг аваад хий” гэсэн. Хэлснийх нь дагуу хийгээд гарах гэтэл торны бариул нь тасраад гар утаснууд асгарсан. Би гар утаснуудыг түүж байхад намайг “хурдал” гээд миний нуруу руу бороохойдсон. Дараа нь 3-р лангуу орж мөн шилийг нь бороохойгоор хагалаад гар утаснуудыг дотор нь байсан даавуунд “ороо” гэсэн. Тэгээд би ороогоод лангуун дээр тавихад тэр 2-р лангуу руу яваад орохоор нь би гараад зугтаасан. Тэгтэл тэр араас хөөж ирээд 2 давхарт бариад авсан ба би ноцолдож байгаад хүчилсээр 1 давхар луу буугаад хаалганы бариулыг доош нь болгоод онгойлгоод гадагш гарах үед тэр миний хажуугаар гүйж гараад эмнэлгийн 2-р төв рүү явдаг зам буюу 20-ын 4-р байр, эмнэлэг 2-ын завсраар гараад зугтаасан... хаалга гаднаасаа бариулгүй, дотроосоо бариулыг нь доош нь болгож онгойлгодог.... Тэр миний хоолойг маш хүчтэй багалдуурдсан. Би тавиулах гэсэн боловч дийлдээгүй, миний нүд харанхуйлаад ирэхээр нь “больё, намайг тавьчих” гэхэд тавиад өмднийхөө халааснаас хутга шиг зүйл гаргаж үзүүлээд “ална шүү” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгэхээр нь би маш их айсан. Түүнийг сайн харсан. Өдөр нь надтай 2 давхрын шатан дээр таараад толгой дохиод мэндэлж байсан. Би урд нь “Алтансагс” зах дээр хамгаалагч хийж байхдаа харж байсан залуу. Тэр залууг би жаахан хүүхэд байхаас нь мэднэ. Байнга л зах дээр явж байдаг, хааяа цагдаад баригдаад цагдаагийн өрөөнд байж байдаг байсан. Гэхдээ яг хэний хүүхэд, хаана амьдардгийг мэдэхгүй. ...миний мөр тохой хөхөрсөн. Нуруу их өвдөж байгаа, миний нурууг зүүн дал хавсраад 4-5 удаа бороохойдсон...” гэх мэдүүлгүүд /1-р хх-48-52, 225, 2-р хх-120-122-р тал/, хохирогчийн биед гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учраагүй хэдий ч 2015.12.01-ний өдрийн шинжээчийн №1417 тоот дүгнэлтэнд заагдсан нуруу, зүүн бугалганы цус хуралт тогтоогдож, энэ нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтойг дурдсан дүгнэлт, гэрч Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ...2015.11.27-ны орой 21.30 цагийн хооронд би “Ихэр могой” төвд 23 кодтой хамгаалагчаар ажиллаж байсан. М-ээс 23.00 цагт мэдээ авахад “тайван” гэж байсан. Тэгээд удалгүй “Ихэр могой” төвийн 3 давхрын дохиолол дуугараад эхэлсэн. Тэгэхээр нь би 23 дуудлагын станц руу 2-3 удаа дуудахад хариу өгөхгүй болохоор нь М-ийн гар утас руу залгаад “яагаад дохиолол дуугараад байгаа юм бэ” гэж асуухад М- “зүгээр, тайван тайван” гээд сандарсан байдалтай хэлсэн бөгөөд “хүүе” гэхийн завдалгүй утсаа салгачихсан. Тэгэхээр нь дахиад залгахад утсаа авахгүй болохоор нь шуурхай бүрэлдэхүүнээ “яваад үзээд ир” гээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-227-р тал/, гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн ...2015.11.27-ны өдөр “Олон улсын худалдааны төв”-д хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 22.00 цагийн орчим оператор Сүхбаатар станцаар “яаралтай “Ихэр могой” төв рүү яваад оч” гэсэн. Шуурхай албаны жолооч Нэргүйгийн хамт очиход 2-р төвд хамгаалагчаар ажиллаж байсан Нармандах ирсэн бөгөөд бид 2 төвийн урдуур нь тойрч шалгаад төвийн хойно ирэхэд М- Нэргүй 2 байсан. М- газар явган суугаад амьсгаагаа дарж байснаа “яг алуулах гэж байна” гэж хэлсэн. М-ийн амнаас цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-62-р тал/, “Ихэр могой” төвийн лангуу болон цайны газар түрээслэгч нар болох Х.Цэвэгжав, Х.Анхмаа, Ө.Нямхүү, Э.Пүрэв-Очир, О.Сувд-Эрдэнэ, Б.Нямгарав, Д.Азжаргал, Я.Ариунаа нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлүүд /хх-53-64-р тал/, 2015.11.27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-26-р тал/, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудад дүгнэлт хийхэд ялтан Б.Х- нь дээрх төвөөс эд зүйл хулгайлахын тулд өөрт нь саад болсон тухайн объектийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан хохирогчид “би шоронгийн хулгайч шүү, би шийдсэн хүн шүү, чи шоронгийн амьдрал мэдэх үү, миний хэлсэн үгэнд ороод амьд үлдвэл үлдээрэй” гээд хутга шиг юм гаргаж үзүүлсэн, “хаалгыг эвдэл, ямар нэгэн байдлаар тэр цонхыг онгойлго, хэрэв онгойлгохгүй бол чамайг ална шүү” гэж элдэв муухай хараалын үг хэллэг хэлж айлган сүрдүүлж, оператор Н.Сүхбаатар станцаар юу болоод дохиолол дуугараад байгаа талаар асуухад “зүгээр, хэвийн байна гэж хариул” гэж хүчээр хэлүүлэн, хоолойноос нь багалзуурдаж, “хурдал” гэж нуруу руу нь 2-3 удаа бороохойдож, нуруу болон зүүн бугалганд нь цус хуралт үүсгэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж халдсан буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, тухайн нөхцөлд бие махбодид нь хор уршиг бодитойгоор учраагүй ч түүний амь биед нь аюултай нөхцөл байдал бий болгохоор байсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд хохирогчийн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэлтэй.
Ялтан Б.Хаш-Эрдэний давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс Б.Хаш-Эрдэний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Хаш-Эрдэний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ