“Г ш” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э г б” ХХК,
“Э” ХХК-уудын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Г ш” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0460 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 539 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Ч.М, нэхэмжлэгч “Э д м” ХХК-ийн төлөөлөгч, “Ц” ХХК, “Э” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгч “Э г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, нэхэмжлэгч “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК-уудын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Бнарыг оролцуулан,
Нэхэмжлэгч “Ц” ХХК-уудын өмгөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0460 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан “Г ш” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Г ш” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 539 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
- а/ Нэхэмжлэгч “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК-уудын өмгөөлөгч Б.Ц хяналтын гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 539 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
- Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нарын зүгээс хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж маргадаг. Захиргааны хэргийн шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй тусгай зөвшөөрөл бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын талбайнууд Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсноор тусгай зөвшөөрлийг дуусгаж байгаа нь... нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.” гэжээ. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардснаар нөхөн төлнө” гэж заасан. Иймд хохирлын асуудлыг шийдвэрлэж байж акт гаргах ёстой байтал нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэж байгаа нь хуулийг хэт талд ашигтайгаар тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч компаниуд ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй огт давхцаагүй байгааг давхацсан мэтээр дүгнэж алдаа гаргажээ.
- Хоёрдугаарт: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч, усны энгийн хамгаалалтын бүсийг голын эргээс 200 метр байхаар хуульчилж, журамлаж тогтоосон. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс нь Гол, мөрний урсац үрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан хэмжээг хэт давж хуулийг зөрчиж гарсан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолтой маргаагүй боловч Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчсөн тогтоолыг үндэслэхгүй байх эрх нь хуулиар байгаа билээ. Тиймээс хууль зөрчиж бүсийг илүү хэмжээгээр тогтоосон тогтоолыг дагаж мөрдөх үүргийг Нийслэлийн Засаг дарга хүлээхгүй мөн шүүх дүгнэлтээрээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон бүс хуулиас давж бүс тогтоосон байна гэж дүгнэх боломжтой юм.
- Мөн 50 дугаар тогтоолын тогтоох хэсэг болон 2 дугаар заалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-ыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан бөгөөд хориглох үйл ажиллагаанд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглоогүй юм. 2 сайдын тушаалаар баталсан тус журмаас өмнө мөрдөж байсан журамд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглож байгаад хассан байдаг. Тиймээс хэрэв энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэж байгаа бол журмын дагуу үйл ажиллагаа явуулж болох зохицуулалт байгаад дүгнэлт хийх ёстой.
- Гуравдугаарт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаартай захирамжийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын ундны усны бүстэй давхцалтай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч компаниудыг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэж хариуцагч дүгнэдэг. Хэрэв хуулийг давж энгийн хамгаалалтын бүс тогтоож байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт хүчин төгөлдөр хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч компаниудын газар давхцалтай байна гэж үзэж байгаа бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаартай захирамжийн 1 дүгээр зүйлд Улаанбаатар хотын ундны усны бүстэй давхцалтай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсугай гэснийг дүгнэж шийдвэрлэх ёстой юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр захиргааны хэм, хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байсан хүчин төгөлдөр гэж л дүгнэснээс биш энгийн хамгаалалтын бүсийг хуульд заасны дагуу биш хэт өргөнөөр тогтоосон эсэх, бага тогтоосон эсэх талаар дүгнээгүй юм. Гэтэл шүүхээс дүгнэлтийг буруу тайлбарлаж хариуцагчид ашигтай байдлаар хэргийг шийджээ.
- Дөрөвдүгээрт: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргаж байгаа захиргааны актын шаардлагыг хуульчилсан. Тус маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаартай захирамж хуулийн захиргааны актыг гаргах бодит нөхцөл, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн шаардлагуудыг огт хангаагүй байгаад дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр цуцалсан. Гэтэл хариуцагч шүүхэд тайлбар өгч, нотлох баримт гаргаж өгөхдөө уучлаарай танай 5 компани нөхөн сэргээлт хийсэн байна, бас зарим компани чинь 3 жил үйл ажиллагаа явуулаагүй юм байна шүү, тэгэхээр захирамжийн 2 дахь заалтад бас хамаарна гэх зэргээр тайлбарлаж байгаа, ямар ч судалгаа, шинжилгээ байхгүй, оролцогч нарын оролцоог хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж гарсныг харж болох юм. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
- б/ Нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М хяналтын гомдолдоо: “... шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
- Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Манай компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гишүүний ам нэртэй 41.88 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг 2010 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар цуцалсан, улмаар уг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэж заасан.
- Дээрх хуулийн зохицуулалтын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргаанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг тайлбарлан хэрэглэх ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ ерөнхий зохицуулалт бүхий Усны тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тухайлан зааж өгсөн, эдгээр үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг хуулийг огт тайлбарлаж хэрэглэлгүй, ерөнхий зохицуулалт бүхий Усны тухай хуулиас Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.
- Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. 37.1.3-д заасныг хэлбэр төдий баримталж, уг хуулийн заалтын дагуу цуцлах үндэслэл хэрхэн бүрдсэн талаар дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх уг байдлыг анхаараагүй болно. Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллага маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Усны тухай хуулийг огт баримтлаагүй болно.
- Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэх тухайд дүгнэлт хийхдээ түүний үндэслэл болсон хууль болон бусад холбогдох хэм хэмжээний актыг үндэслэн дүгнэлт гаргана” гэжээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгах зүйлийг тухайлан заасан. Тодруулбал, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасан, өөрөөр хэлбэл, уг хуулийн заалт нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх зохицуулалт юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлдээ маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт өгөөгүйн зэрэгцээ давж заалдах шатны шүүхээс “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ” гэдгийг “... бусад холбогдох хэм хэмжээний актыг үндэслэнэ” гэж тайлбарласан нь уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэгт хамаарна гэж үзэж байна.
- Гурав. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
- Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1, 2 дахь заалтаас өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн маргааны зүйл болох Нийслэлийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой байтал нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хэрхэн, ямар процесс журмаар гарсан талаар дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг харуулж байна.
- Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолд “...нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан усан сан бүхий энгийн хамгаалалтын бүс” нь дээр дурдсан хуулийн дагуу баталсан Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа эсэх, хэрэв давхацаагүй буюу түүнээс буюу түүнээс илүү хэмжээгээр тогтоосон бол түүний эрх зүйн үндэслэл болоод бодит шаардлага, ийнхүү илүү тогтоосон тохиолдолд тухайн бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хориглох эсэх, хориглосон тохиолдолд тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлахад үүсэх үр дагаврыг хэрхэн арилгах зэргийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж дурдсантай холбоотойгоор анхан шатны шүүх уг байдлыг хариуцагчаас тодруулах ажиллагаа хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журмыг зөрчсөн болно.
- Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актыг гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагагай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байхын зэрэгцээ хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахдаа түүнд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах, бодиг нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв.
- Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд захирамжийн 1 дэх заалтаар “Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж”, 2 дахь заалтаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгжүүдийн ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсэн; нэхэмжлэгч “Г ш” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК-ууд /нэр бүхий 5 компани/ нь тухайн захирамжийн үйлчлэлд хамрагдсан тул захирамжийн дээрх заалтаас өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... маргаан бүхий акт нь компаниудын субъектив эрхэд халдсан, эрх ашиг зөрчигдсөн байхад сонсох ажиллагааг явуулаагүй, ... компаниудын зүгээс Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн бүсийн энгийн хамгаалалтын бүст хууль бус үйл ажиллагаа явуулаагүй ...” гэж тайлбарлажээ.
- Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон; Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн удирдамжийн хүрээнд хяналт, шалгалтыг гүйцэтгэсэн[1]; хяналт шалгалтаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын 7 дугаар хавсралт бүхий зургаар баталсан “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн MV-015584 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 41.88 гектар талбай нь 39.63 гектар талбайгаар буюу 94.6 хувиар, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн MV-012551 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 28.65 гектар талбай нь 28.65 гектар талбайгаар буюу 100 хувиар, нэхэмжлэгч “Э д м” ХХК-ийн MV-014905 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 27.86 гектар талбай нь 27.86 гектар талбайгаар буюу 100 хувиар, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн MV-020671 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 99.01 гектар талбай нь 99.01 гектар талбайгаар буюу 100 хувиар, нэхэмжлэгч “Э г б” ХХК-ийн MV-013784 дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 51.41 гектар талбай нь 51.41 гектар талбайгаар буюу 100 хувиар тус тус давхацсан[2] нь тогтоогдсон тул маргаан бүхий захирамж гарсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гээд тодорхой нөхцөлийг дурдсан боловч нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлд эдгээр нь хамааралгүй, өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхацсан гэдэг үндэслэлээр цуцалжээ.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулахаар заасан ч маргаан бүхий Засаг даргын захирамжийн (нэхэмжлэгч нарын хувьд) гол үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол нь Усны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхээр гарсан тул уг маргааныг зөвхөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй юм.
- Тодруулбал, Усны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар усны нөөц, түүний сав газрыг хамгаалах харилцаа нь Усны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолд Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг баримталсны зэрэгцээ Тогтоолын 1-д “Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистай ашиглах зорилгоор...” гэж тогтоолын зорилгыг тайлбарласан тул Усны тухай хуулийн хуулийн үйлчлэлд хамаарна; маргаан бүхий захирамж уг тогтоолыг үндэслэсэн учир захирамжтай холбоотой маргаанд Усны тухай хуулийг нарийвчилсан зохицуулалттай гэж тодорхойлон хэрэглэсэн шүүхүүдийн дүгнэлт зөв юм.
- Цаашилбал, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгоно” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;” гэж зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн заагийг тогтоох эрх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа; мөн хуулийн 12 дугаар зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12.1.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” гэж мөн зааснаар усны хамгаалалтын бүсийн зааг тогтоосон хэсэгт бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байх тул хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тухайлан зааж өгсөн, эдгээр үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг хуулийг огт тайлбарлаж хэрэглэлгүй, ерөнхий зохицуулалт бүхий Усны тухай хуулиас нийслэлийн Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн зүйл няцаагдаж байна.
- Мөн нэгэнт дээр дурдсанаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг тогтоох эрх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж буй энэ тохиолдолд уг тогтоолоор тогтоосон бүсэд дэглэмийн хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй, тодруулбал, бүсийн заагийг илүү тогтоосон эсэхийг нягталж, илүү тогтоосон гэж үзсэн хэсэгт дэглэм хэрэгжүүлэхгүй байх эрх хэмжээ Засаг даргад хуулиар олгогдоогүй; мөн энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нар нь захирамжийн үндэслэл болсон тогтоолтой маргаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх эрхгүй тул “... нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчсөн тогтоолыг үндэслэхгүй байх эрх нь хуулиар байгаа билээ. Тиймээс хуульч зөрчиж бүсийг илүү хэмжээгээр тогтоосон тогтоолыг дагаж мөрдөх үүргийг нийслэлийн Засаг дарга хүлээхгүй мөн шүүх дүгнэлтээрээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон бүс хуулиас давж бүс тогтоосон байна гэж дүгнэх боломжтой ...” гэх гомдол үгүйсгэгдэнэ.
- Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Энэ хуулийн 49.3.3, 49.3.4. 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө” гэж зааснаар эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцалсан (ийм агуулгатай захиргааны акт гарсан) тохиолдолд хохирол нөхөн төлөх зохицуулалттай тул “... хохирлын асуудлыг шийдвэрлэж байж акт гаргах ёстой байтал хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй захирамж гаргасан нь үндэслэлгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй; мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь маргаан бүхий Засаг даргын захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нөхөх олговор шаардахад шүүхийн энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
- Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон “Ц” ХХК-уудын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0460 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 539 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон “Ц” ХХК-уудын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
[1] Мэргэжлийн хяналтын газрын 20155.05-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын тухай” 2017/16 тоот танилцуулга (3хх-200-207 хуудас),
[2] Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн зураг (3хх-209 хуудас),