Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 203/МА2022/00042

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр Дугаар 203/МА2022/00042 Даланзадгад сум

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй,

*******д холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 144/ШШ2022/00140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Гэм хорын хохиролд 2,010,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Гэм хорын хохиролд 2,010,000.00 төгрөг гаргуулах

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******,*******ны өмнөх засмал дээр эргэх үйлдэл буруу хийж төв замаар явж байсан мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Тухайн замын осолд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчлийн хэрэг нээж шалгаад, *******гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг тогтоож, хуулийн дагуу зохих торгуулийн арга хэмжээг нь авч иргэн надад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахыг даалгасан боловч ******* нь одоог хүртэл хохирол төлбөр төлж барагдуулаагүй.

Үнэлгээгээр тогтоогдсон мотоциклийн хохирол болох 1,920,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компаниар хохирол төлбөрийн үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 90, 000 төгрөг, нийт 2 010 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч *******гийн татгалзал, татгалзлын үндэслэл агуулга: 

Хэн хэн маань буруутай гэж үзэж байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эргэх ёсгүй газар эргэсэн нь миний буруу болсон. Гэхдээ ******* гэх хүний 13 настай хүүхэд нь мотоциклийг унаад явж байсан.

Миний машинд 728,000 төгрөгийн, нэхэмжлэгчийн мотоциклд 1,920, 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэмээд үзэхээр 2,648,000 төгрөг болж байгаа. Гурван хүний буруутай үйл ажиллагаанаас бий болсон гэж үзээд өөрийн хохирлын 728,000 төгрөгийг хасаад би 155,000 төгрөг төлж болно гэсэн байр суурьтай байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох 2,010,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол, тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Kawasaki Z1000SX загварын мотоцикл нь *******ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг 2021 оны 4 сард зам тээврийн ослын талаарх зөрчлийн хэргийг шийдвэрлэх явцад гэрч, холбогдогч *******ы өөрийнх нь мэдүүлгүүд, насанд хүрээгүй холбогдогч *******ий мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж тухайн үед мотоциклын эзэмшигч *******ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг дахин нотлох тогтоох шаардлагатай гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Удаа дараагийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ******* ...тухайн мотоциклийг би 2020 оны 8 сард худалдаж авч байсан, хагас мөнгийг нь бэлнээр өгөөд хагас мөнгийг нь дансаараа төлж байсан гэж, уг тайлбараа нотлох зорилгоор мотоциклийн үнийн зарим хэсгийг дансаар шилжүүлсэн гүйлгээний утга дээр нь МОТО гэж тэмдэглэгдсэн дансны хуулгыг нотлох баримтаар гарган өгч тухайн мотоциклийн эзэмшигч гэдгээ нотолсоор байхад анхан шатны шүүх мотоциклийн эзэмшигч, өмчлөгч болохоо нотолж чадаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч ******* хуулийн дагуу тухайн мотоциклийг бусдаас үнийг нь төлөөд худалдан авч өөрийн эзэмшлээ болгосон нь нотлогдож байхад улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй гэх шалтгаанаар мотоциклийн эзэмшигч, өмчлөгч болох нь нотлогдохгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн.

Өөрийн худалдаж авсан эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй энэ мэт хохирсон иргэд бусдаас хохирол төлбөрөө ч нэхэмжилж чадахгүй хохироод үлдэх ёстой байдлаар хэргийг шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчиж, хэт нэг талыг баримталж, шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 144\ШШ2022\00140 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. нэхэмжлэгч шаардлагаа нотолдоггүй. нэхэмжлэгч насанд хүрээгүй хүүхдээр мотоцикль жолоодуулсан буруутай.

Хүнээс худалдаж авсан гэсэн боловч өөрийн нэр дээр бүртгэл байхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээх саналтай.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу *******ы нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзээд давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,010,000.0 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******г тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эргэх үйлдэл буруу хийж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас эд хөрөнгөнд хохирол учирсан гэх агуулгаар тайлбарласан байна.

3. Хариуцагч ******* нь шүүхэд шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байсан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээс 155,000 төгрөгийг төлөх тайлбар гаргаж, энэ хэмжээгээ гурван хүн буруутай тул өөрт оногдох хэсэг гэсэн агуулгаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 12,174 дүгээр хуудас/

4. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь ******* улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас Kawasaki Z1000SX загварын мотоцикльтэй мөргөлдсөн үйл баримт зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийхдээ бичмэл нотлох баримт гэдэгт ямар нотолгооны хэрэгслээр тогтоогдсон тухайг бичээгүй байна.

5. Kawasaki загварын мотоцикль эвдэрч, эд анги солих шаардлагатай нь *******-ий автомашин техникийн эвдрэл, хохирлыг тайлангаар тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн боловч уг тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх шаардлагыг хангаагүй байна. /хэргийн 47-49 дүгээр хуудас/

Дээрх тайлан гэх баримтад хуулбар үнэн гэх баталгааны тэмдэг дарагдсан байх боловч бүрэн тод дарагдаагүйгээс ямар байгууллагын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан болох нь тодорхойгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн шаардлагыг хангаж хэрэгт цугларсан гэж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Тухайн маргааныг өмнө нь давж заалдах журмаар хянаж анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалд ... зарим баримтад дарагдсан тэмдэг тод биш байх ба шүүх эдгээр ...баримтуудыг хооронд нь хэрхэн харьцуулан үнэлсэн нь, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүхийн шийдвэр болгосон үндэслэл нь тодорхойгүй... гэх агуулга бүхий дүгнэлт хийжээ. /хэргийн 105-108 дугаар хуудас/

Магадлалд заасан дээрх үндэслэлд засагдсан эсэх, уг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эсэх талаар шийдвэртээ заагаагүй байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг дахин нотлох тогтоох шаардлагатай гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргаж байх тул зохигчид тухайн бичмэл нотлох баримтад авагдсан мэдээллийн талаар маргасан хэвээр байна гэсэн өмнөх магадлалд заасан дүгнэлтийн үндэслэл өөрчлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэгэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон магадлалын заалтыг шүүх биелүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас буюу гэм хор учирсан шалтгаан үндэслэлээс хамаарч хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхойлон заасан нарийвчилсан зохицуулалт юм.

Шүүхийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт болон мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэсэн байдал зэргийг харьцуулж үзвэл хариуцагч *******г тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан гэж дүгнэсэн байна гэхээр байх боловч хуулийн уг зохицуулалтыг учирсан гэм хороо арилгахыг шаардаж нэхэмжилсэн нэхэмжлэгчид хамааруулан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргаагүй байхад анхан шатны шүүх маргаагүй асуудалд дүгнэлт хийж талуудын диспозитив зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

8. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд түүнчлэн хариуцагчийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарын үндэслэлд дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүд нь шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн, шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу үйлдээгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргаагүй гэх үндэслэл болно.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс залруулах, өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ өөрөө нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  9. Давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 144/ШШ2022/00140 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47110 /дөчин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ