Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цээлийн Амаржаргал |
Хэргийн индекс | 171/2016/0187/Э |
Дугаар | 109 |
Огноо | 2016-12-05 |
Зүйл хэсэг | 145.4., |
Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 109
Н.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Оролцогчид:
Прокурор М.Очбадрах
Ялтан Н.А-
Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн А-т холбогдох эрүүгийн 201609000242 дугаартай, 171/2016/0187/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ялтны биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар баг, Цантын 4-41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 15 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдсан Данжин овогт Н-гийн А- /РД:МЕ74010415/.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Н.А- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №224 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 15 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдаж ялтай байх хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадаа талбайд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байсан иргэн Б.Баярмаагийн гар цүнхийг хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Данжин овогт Н-гийн А-ийг “Урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхад” бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний буюу 890.000 төгрөгийн хохирол учруулсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Данжин овогт Н-гийн А-аас 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил арав хоног/ хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Данжин овогт Н-гийн А-т оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил арав хоног/ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Н.А-ийн 118 /нэг зуун арван найм/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.А-аас 890,000 /найман зуун ерэн мянган/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-4-12 тоотод оршин суух Б.Баярмаа /МА76033001/-д олгож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заажээ.
Ялтан Н.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Надад үүсгэгдээд байгаа хулгайн хэргийг би огт мэдээгүй бөгөөд гэрч М.Санждансран, Л.Отгонтуяа нар худал мэдүүлэг өгч хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Мөн гэрч Б.Оюунжаргал нь өөрийгөө “Өндгөөгийн Хүрлээ” гэж танилцуулж явдаг хүн. Энэ хүн нэг залуутай хамт явж байгаад өөрийн куртикны карманаас батерейгаар ажилладаг 2 тийшээ онгойдог савтай, цагаан өнгийн даралтны аппарат гаргаж ирээд “зарчихмаар байна” гэж хэлж байснаа намайг болгож байгаа нь үнэхээр маш худал юм.
Хохирогч Б.Баярмаа өдөрлөгийг “Дархан сумын 7-р багт байх Алтансагсын урд талбай буюу Төрийн банкны харалдаа байх талбай” гэж мэдүүлж байхад гэрч Л.Отгонтуяа “Дархан захын гадаа тайлбай дээр” гэж илт зөрүүтэй хэлж ярьж байгаа нь урьдаар хэлэлцэж тохирон гүтгэж байгаа нь ойлгомжтой байна.
М.Санждансран нь К.Табысбект “Н.А-тай хамт явж, Н.А- нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байсан хүний цүнх аваад явчихсан” гэж хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнээс үзэхэд эдгээр гэрч гэх хүмүүс эхнэр, нөхрүүд бөгөөд танил хүмүүс, зохион байгуулалттай хэлэлцэн тохирсон нь намайг хийгээгүй хэрэгт гүтгэж байна.
Мөн намайг хулгай хийсэн гэм буруутайг нотлох гэрчүүдийн нэг гэж шийтгэх тогтоолд дурдаж буй Г.Дуламжав нь шүүх хуралд оролцон, түүнд хохирогч Б.Баярмаагийн иргэний үнэмлэх, виза карт өгсөн хүн нь “энэ хүн бишээ, залуу хүн байсан” гэж мэдүүлэг өгсөөр байхад ач холбогдол өгөөгүй, мөн бусад гэрч М.Санждансран, Л.Отгонтуяа нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг “олдохгүй байна” гээд хангаагүй нь миний гэм буруугүйг нотлох боломж олгогдоогүй гэж үзэж байна.
Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж шудрага шүүхийн өмнө дахин хянаж өгнө үү” гэжээ.
Ялтан Н.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй...” гэв.
Улсын яллагч М.Очбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.А-ийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа буюу Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №224 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 15 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдаж ялтай байх хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гаднах талбайд нээлттэй хаалганы өдөрлөг дээр иргэдэд зөвлөгөө өгөхдөө ар талдаа тавьсан байсан иргэн Б.Баярмаагийн гар цүнхийг хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Н.А-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангасан байна.
Ялтан Н.А-ийн “...Надад үүсгэгдээд байгаа хулгайн хэргийг би огт мэдээгүй, гэрч М.Санждансран, Л.Отгонтуяа нар худал мэдүүлэг өгч хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна...” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүхээс үйлдэгдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул дараах дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч болох Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт бага эмчийн ажил эрхэлдэг Б.Баярмаа нь Дархан захын гаднах талбайд нээлттэй хаалганы өдөрлөг дээр иргэдэд зөвлөгөө өгөхдөө ар талдаа дотроо эд зүйлтэй гар цүнхээ тавьсан байсныг нь Н.А- хулгайлж 890.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....2016.04.23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Ухаалаг хэрэглээ-Хэрэглэгчээ дээдэлье” нээлттэй хаалганы өдөрлөгт бүх байгууллагууд асар, майхан барьж үйл ажиллагаа явуулсан. Би нэг үйлчлүүлэгчид зөвлөгөө өгчихөөд цүнхээ авах гээд эргээд хартал миний цүнх алга болсон байсан. Цүнхэнд бор өнгийн түрийвчинд задгай 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, виза карт, сахарын аппарат 1 ш, даралтны электрон аппарат 1 ш, пүлс хэмжигч 1 ш, “Самсунг галакси Жи-5” гар утас, гоо сайхны сав, гэр, ажлын түлхүүр, үйлчлүүлэгчдийг бүртгэсэн хуудас, лист зэрэг байсан. Хуучирсан учраас цүнх маань яг чернилэн ягаан өнгөтэй харагддаггүй, өнгө нь бараан бор өнгэтэй харагддаг...гэсэн мэдүүлгүүд /хх-4, 13, 76, 145-р тал/, тухайн өдөр цүнхийг барьж явсныг харж гэрчилсэн гэрч Л.Отгонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2016.04.23-ны өдөр би Дархан захын гадаа талбай дээр нээлттэй хаалганы өдөрлөг болж байсан, тэрийг хараад зогсож байтал манай нөхөр Санж намайг “ороод хараад ир” гэхээр нь би дөхөөд очсон чинь 3 майхан барьчихсан, дунд талын майхны араас Энхцэцэгтэй хам хэрэгтэн болж шоронд орж байсан ах нэг эмэгтэй хүний цүнх барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би “та юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “эгчийнхээ цүнхийг хүргэж өгөх гэж байна” гээд миний хажуугаар гараад Дархан захын төв хаалгаар орчихсон. Тэгэхээр нь би араас явж байгаад нөхрийнхөө зогсож байсан газар очоод юу болсон талаар хэлсэн. Тэгээд манай нөхөр араас нь Дархан захын 00-ын хажуугаар очиж үзчихээд “олдохгүй байна” гэж байсан. Дараа нь 2-3 хоногийн дараа Н.А- ахтай тааралдаад юм ярьж байтал надад эмэгтэй хүний хугархай нүдний харандаа, хумс өөлөгч, уруул өнгөлөгчөө гаргаж ирчихээд харамлаад байсан. Тэр цүнх нь эмэгтэй загвартай, бор өнгийн том дөрвөлжин загвартай гар цүнх байсан... гэх мэдүүлэг /хх15-р тал/, гэрч М.Санждансрангийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2016.04.23-ны өдөр би эхнэр Отгонтуяагийн хамт Дархан зах дээр явж байгаад “нээлттэй хаалганы өдөрлөг болж байна, эмч нар үнэгүй үзэж байна” гэхээр нь тухайн үед би 2 хөлөө хугалчихсан, таягтай байсан болохоор эхнэрийг “юу болж байгааг хараад ир” гээд явуулсан чинь эхнэр буцаж ирээд “Энхцэцэгийн хам хэрэгтэн А- ах нэг эмэгтэй хүний цүнх барьчихсан явж байна, асуусан чинь “манай эгчийнх” гэж хэллээ” гэхээр нь би “А-т ямар эгч байдаг юм, хаашаа явсан” гэсэн чинь “Захын төв хаалгаар орсон” гэхээр нь би 00-ын хажуугаар гараад ирэх байх гэж бодоод урдуур нь тосоод уулзах гэсэн чинь гарч ирээгүй. Тэгээд хайгаад явж байсан чинь Табысбек тааралдаад “А- сая нэг хүний цүнх хулгайлаад явчихсан юм шиг байна, би хайгаад явж байна” гэсэн чинь Табысбек “би ч гэсэн хайнаа” гээд явсан. А-ийг эмэгтэй хүний бариад явж байсныг манай эхнэр харсан байсан...гэх мэдүүлэг /хх-14-р тал/, гэрч Б.Оюунжаргалын ...Намайг явж байтал А- ирээд нэг даралтны аппарат гаргаж ирээд “заръя” гээд тэр аппаратаа нэг танихгүй хөгшин хүнд 5000 төгрөгөөр зараад тэр мөнгөөр нь бид нар архи уусан...гэх мэдүүлэг /хх18-р тал/, гэрч К.Табысбекийн ...тэр өдөр Санждансрантай захын хажууд таарахад надаас “А-тай таарсан уу” гэж асуухаар нь би “таараагүй, юу болсон юм” гэж асуухад “А- сая нэг эмэгтэй хүний цүнх хулгайлаад явчихсан юм шиг байна, би хайгаад явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ч гэсэн хайя” гээд салсан... гэх мэдүүлэг /хх80-р тал/, цүнх болон доторх эд зүйлсийн үнэлгээ /хх21-22-р тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх10-11-р тал/ зэргээр түүний үйлдэл нь мөрдөн байцаалтаар хангалттай, эргэлзээгүй шалгагдан тогтоогдсон, Н.А-ийн үйлдээгүй хэргийг түүнд үйлдсэн мэтээр тулгасан болон бусдын үйлдсэн хэргийг үндэслэлгүй хүлээлгэсэн байдал Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч шатанд тогтоогдоогүй, ийм үндэслэл, сэжиг таамаг илрээгүй тул хууль сануулан авсан дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэн гэж үзэх үндэслэлтэй.
Ялтан Н.А- нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, түүнд хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан, үйлдсэн хэрэг нь нотлогдсон тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ