Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0061

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0061

Улаанбаатар хот

“Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ю Э Д” ХХК-иас “Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Ю Э Д” ХХК-ийн эзэмшлийн хашааг нураасан үйлдлийг захиргааны акт гэж тооцож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

        “Н-У” ХХК-ийн барьсан барилга болон хашаа нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаардаг байдлыг “Ю Э Д” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албанд удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч эрх бүхий байгууллагаас үүнийг шийдвэрлэдэггүй атлаа 2017 онд “Н У” ХХК-ийн барьсан “Монполимэт комплекс” нэртэй барилга ашиглалтад оруулснаас хойш орц. гарц гаргах гэх нэрийдлээр “Нар Урт” ХХК-ийн хууль бусаар барьсан барилга, хашааг буулгахгүйгээр зөвхөн манай компанийн барьсан хашааг Нийслэлийн Газрын албаны нэр бүхий албан тушаалтнууд хууль бусаар буулгаж “Н-У” ХХК-ийн эрх ашгийн төлөө манай компанийн эд хөрөнгөнд халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж компанийн эрх ашигт ноцтой хохирол учруулсан.

        Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа гэгч нь хуулиар олгогдсон эрх мэдэлгүй атлаа “Н-У” ХХК-ийн хүсэлтээр нэгхэн өдрийн дотор ... мэдэгдэл хүргүүлэн хашааг буулгаж 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор зөрчил арилгахыг мэдэгдсэн ч компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагад хандан энэхүү мэдэгдлийн талаар гомдол хүсэлтүүдээ гаргасан болно. Гэтэл Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ... “Н-У” ХХК-ний эрх ашгийн төлөө манай компанийн эд хөрөнгөнд халдаж эвдэн сүйтгэж, хашааг хууль бусаар нураасан үйлдэл гаргасан.

        ... Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргад хандсан байсан.

        Хоёр өөр шалтгаан нөхцөл хэлж, сонсох ажиллагаа хийгээгүй гэдэгт маргаж байгаа ба манай компанийн зүгээс хэн нэгэн ашиглаагүй байсан талбайд хөрөнгө зарцуулж тохижилтын ажлуудыг хийсэн байсан.

        Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

        Нийслэлийн Засаг дарга 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар “Ю Э Д” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, конторын зориулалтаар 767 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

        Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

        Гэтэл “Ю Э Д” ХХК өөрийн эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэн илүү талбай ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа барьж, авто зогсоол хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

        Нийслэлийн Газрын алба “Ю Э Д” ХХК-ийн дээрх үйлдэлд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02-06/2075 дугаар албан бичгээр “2018 оны 04 дүгээр сарын 26-ны дотор дээрх зөрчлийг арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдэж, зөрчлөө арилгаж, газар чөлөөлөөгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компани хариуцах” талаар мэдэгджээ.

        Дээрх албан мэдэгдэлд хуулийн этгээдээс сайн дураараа зөрчлөө арилгаж, газрыг чөлөөлөх боломжит хугацааг заагаагүй ч мэдэгдлийг хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн барьсан хашааг нураах, газрыг албадан чөлөөлөх явуулсан байх тул уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

        Үүнээс гадна хариуцагч Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, мэдэгдэл өгсний үндсэн дээр газар албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан тохиолдолд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй ч хариуцагчийг сонсох ажиллагааг явуулаагүй хэмээн буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдахааргүй байна.

        “Ю Э Д” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 16 дугаар албан бичгээр “автомашины зогсоол болон бусад газар болох 547.31 м.кв газрыг нэмж эзэмшүүлэх” хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар нийтийн эзэмшилд хамаарахгүй 333 м.кв газрыг “Ю Э Д” ХХК-д нэмж эзэмшүүлсэн тул “хариуцагчид гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

        Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Нэхэмжлэгчийн тухайд “Нийслэлийн газрын албаны нэр бүхий албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдэд ялгавартай байдлаар хандаж, нэг компанийн эрх, ашигт үйлчилсэн” гэх гомдлоо холбогдох байгууллагад хандан шалгуулж, шийдвэрлүүлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                                ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР