Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 271

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК,            

Хариуцагч: Х, нхс, Х и, хг, Х хүег

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын дээрх 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу манай компанийн гадаадын 82 ажилтны /мэргэжилтэн/ Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Х, нхсад даалгах, Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1864 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Гадаадын иргэн харьяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, М.З*******, хариуцагч Х, нхсын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолын дагуу “Шнх”, “Ги” компанийн “ШАх”-ын бүтээн байгуулалтын ажил, “Гк” ХХК-ийн УСУГ-ын ажилчдын 120 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх хүрээнд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж өгөх, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийг хүсэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид хандсан боловч ямар нэг шийдвэр гаргалгүйгээр өнөөдрийг хүрсэн билээ.

Үүний дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан хүсэлт гаргасан боловч танай компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд сайдын шийдвэрийг хүлээсэн боловч хуульд заасан хугацаанд шийдвэрээ гаргахгүй хууль бус эс үйлдэхүйг гаргаж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөж байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас манай компанийн нэрийг дурдан сайдад гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг олгосон байхад энэхүү үүргээ биелүүлэхгүй манай компанийн үйл ажиллагааг шууд зогсоож, их хэмжээний хохирол учруулах үр дагаврыг шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйгээрээ бий болгож байгаа нь зайлшгүй шүүхэд хандах нөхцөлийг бий болгож энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

... Хариуцагч байгууллагын эс үйлдэхүй нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Үүнд: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 4.1.1-д “хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар бодлого, чиглэл тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах” 4.1.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох”, 4.1.4-т “эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах” гэж тус тус заасан ба энэхүү хуулийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санал болгосноор Монгол Улсын Засгийн газрын дээрх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” 362 дугаар тогтоол гарч манай компани БНАСАУ-аас нийт 90 ажилтныг 2018 онд ажиллуулах зөвшөөрлийг журмын дагуу олгохыг хариуцагч Х, нхсад даалгасан байхад тус тогтоолыг хэрэгжүүлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан.

Энэхүү Засгийн газрын тогтоол нь хууль зүйн хувьд 2018 онд бүрэн үйлчлэх хугацаатай ба манай компани энэхүү Засгийн газрын тогтоол, түүний үндэслэл болсон хуулийн хүрээнд энэ онд Монгол Улсад гадаадаас 90 хүртэлх тооны ажилчдыг авч ажиллуулах, тэдгээрийн хөдөлмөр эрхлэх хугацааг сунгуулах эрхтэй болохыг маш тодорхой зааж өгсөн байгаа..

Түүнчлэн дээрх Засгийн газрын тогтоолын үндэслэх хэсэгт Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2; 8.3-т заасан шаардлагын дагуу сунгана” гэж заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сунгах байтал уг үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанийн үйл ажиллагаа зогсох, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд нийт 2,388,187 ам долларын техник тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулсан ба энэхүү хөрөнгө оруулалт маань ч цаашид хэрхэх нь тодорхойгүй, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын шийдвэрийн дагуу манай компанийн гадаадын 82 ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Х, нхсад даалгаж өгнө үү.

Гадаадын иргэн, харьяатын газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1364 дугаартай мэдэгдлийг ирүүлж тус компанийн ажилчдыг гаргахаар шаардаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан, түүнийг эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн компанийн эрхэд шууд халдан нэр дээрээ хөдөлмөр эрхлүүлэхээр бүртгүүлэн Монгол Улсад оруулж ирсэн ажилчдыг гарахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй ба үүний дагуу ажилчдыг гаргавал нэхэмжлэгч эрх эргэн сэргэх боломжгүй болох үр дагавартай болно.

Дээрх байдлаар тухайн мэдэгдэл нь эрх зүйн шууд үр дагавар агуулж, захирамжилсан шинжтэй нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа ба Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг хангаж байгаа тул уг маргаантай үйл баримт, эрх зүйн үр дагаврын хувьд хамааралтай тул Гадаадын иргэн, харьяатын газрын албанаас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1364 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү.

Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолоор К ХХК-д 90 гадаадын ажилчин авч ирж ажиллуулах зөвшөөрөл олгож. Тогтоолын 1 дэх заалтаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн. Үүний дагуу ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах гэж хүсэлт гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Засгийн газрын 362 дугаар тогтоол дээр заагдсан ажлууд нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгагдахгүй болсноос болж хийгдэх боломжгүй болсон. Үүнд “Шнх”, “Шах”, “Сх”, Ус сувгийн удирдах газрын ажилчдын 120 айлын орон сууцны ажил бүрэн хийгдэж дуусаагүй байхад  үндэслэлгүйгээр Засгийн газрын  тогтоолыг зөрчиж зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгч компаний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар тухайн зөвшөөрлийг сунгах бүрэн эрхийг олгосон. Мөн Засгийн газрын тогтоол гарч хүчинтөгөлдөр байхад биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна. Гадаадын иргэн харьяатын газарт холбогдох хэсэг нь энэ маргаан үүссэнээс хойш энэ тохиолдол болсон.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж  мэдэгдсэн. Түүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэл явуулж К ХХК-ийн гадаадаас оруулж ирсэн ажилчдын тусгай зөвшөөрөл дууссан байна гэж мэдэгдэл явуулж ажилчдыг гаргах ёстой гэсэн. Тиймээс энэ асуудлыг нэг мөр шийдэх зорилгоор Гадаадын иргэн харьяатын газрын мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? 

 

Хариуцагч Х, нхсын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар олгодог.

Ажиллах хүч, гадаадад гаргах гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2; 8.3-д заасан шаардлагын дагуу сунгана” гэж заасны дагуу аж, ахуйн нэгж байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах зөвшөөрлийг сунгадаг.

Мөн Ажиллах хүч, гадаадад гаргах гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/- ын зөвшөөрлийг урьдчилан авсан байна” гэж, 8.9-д “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээг хөдөлмөрийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно” гэж заасны дагуу Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалаар “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам”-ыг баталсан.

Уг журам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан сайдын тушаалын дагуу гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох чиг үүргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлдэг дээрх хуульд заасан эрх бүхий байгууллага юм.

Монгол Улсын Засгийн газрын хувьд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний асуудлын хувьд жил бүр гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь хэмжээг тогтоохын зэрэгцээ, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу тухайн аж, ахуйн нэгж, байгууллагад ажиллуулж болох гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг тогтоодог. Засгийн газрын тогтоолоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахыг зөвшөөрсөн аж, ахуйн нэгж байгууллага нь, гадаадаас авч буй ажиллах хүч, мэргэжилтэн нэг бүрээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан зөвшөөрөл, үнэмлэх авдаг болно.

Иймд “К” ХХК-ийн гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хамаардаг. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд уг зохицуулалтыг сайтар мэдэх ёстой.

Өөрөөр хэлбэл яам зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээ, ажлын байрны төлбөрийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг, хүн нэг бүр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, үнэмлэх олгох асуудлаар захиргааны акт гаргаж байгаагүй болно.

БНАСАУ-ын ажиллах хүч, мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа тухайд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баталсан S/RЕS/2375(2017) дугаар тогтоолын 17 дугаар зүйлд “... энэ тогтоол батлагдсан өдрөөс хойш БНАСАУ-ын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгох, сунгалт хийхийг гишүүн улсуудад хориглож, зөвхөн тогтоол батлагдахаас өмнө хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд уг заалт үйлчлэхгүй байх”-аар заасан.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан S/RЕS/2397(2017) дугаар тогтоолын 8 дугаар зүйлд “... гишүүн улсуудад хөдөлмөр эрхэлж буй БНАСАУ-ын иргэдийг нэн даруй эх оронд буцаах, ингэхдээ уг арга хэмжээг энэ тогтоол батлагдсанаас хойш 24 сарын дотор бүрэн хэрэгжүүлж дуусгах”-ыг үүрэг болгосон.

Дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд БНАСАУ-ын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл шинээр олгохгүй, зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа болно. Улмаар БНАСАУ-ын иргэдийг эх оронд буцаах асуудлыг Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан ажилладаг.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын хориг арга хэмжээний дагуу явагдаж буй дээрх шийдвэр, үйл ажиллагаа нь Олон Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудал гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолын тухайд Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолд 26 аж, ахуйн нэгж байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тоо хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хугацааг нийтлэг байдлаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоож, “зохих журмын дагуу” сунгахыг Х, нхсад зөвшөөрсөн.

Нэгдсэн Үндэсний байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол батлагдахаас өмнө буюу 2007 онд байгуулсан Монгол Улс болон БНАСАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүчин төгөлдөр хугацаа /2018.06.03/-Г харгалзан энэ хугацаанд БНАСАУ-н иргэдэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгасан. Энэхүү хэлэлцээрийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаас хойш хугацаанд БНАСАУ-ын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох нь Нэгдсэн Үндэсний байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн хоригт хамаарах юм.

...Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэж маргаж байна. Яагаад Засгийн газрын тогтоолоор гардаг вэ гэхээр Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Засгийн газар жил бүр гадаадаас хэдэн ажилтан авах тухай хувь хэмжээг тогтоодог. Энэ хувь хэмжээнд багтахгүй ажил олгогчийн хэрэгцээ шаардлага байна гэж үзвэл мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Засгийн газраас компани тус бүр дээр тоо хэмжээг тогтоож тэдэн хүн авч болно гэсэн тоо хэмжээг тогтоодог.  Энэ тоо хэмжээг хэрэгжүүлдэг байгууллага нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь аль нэг байгууллагын ажилчдын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгах шийдвэр гаргадаггүй. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна.

К ХХК-ийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 2 тогтоолтой холбоотой. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр баталсан 2375 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд Ардчилсан Солонгос Ард улсын ажиллах зөвшөөрөл олгох сунгах эрхтэй холбоотой хориг байгаа. Өөрөөр хэлбэл энэ тогтоол батлагдсанаас хойш хойш ажиллах хүч шинээр авах, сунгалт хийхийг хориглож зөвхөн тогтоол батлагдахаас өмнө хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд тогтоол үйлчлэхгүй байхаар тогтоосон. Ардчилсан Солонгос улстай манай улс ажиллах хүч солилцох тухай хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа нь  2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон. Энэ гэрээний хүчинтэй хугацаанд ажиллах хүчний тусгай зөвшөөрлийг сунгаж байсан.  Үүнээс хойш сунгах боломжгүй болсон. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2379 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд тогтоол батлагдсанаас хойш Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын иргэдийг нэн даруй буцаах  арга хэмжээ авахыг 24 сарын дотор хэрэгжүүлж дуусгах, тайлан ирүүлэх үүрэг өгсөн.

Энэ асуудлыг зөвхөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дангаараа шийдэж байгаа асуудал биш. Засгийн газрын  Гадаад харилцааны яам бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар биелүүлэх арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд гадаадын ажиллах хүчний тусгай зөвшөөрлийг цаашид сунгахгүй байх  хариу өгсөн. Манайхаас эс үйлдэхүй гаргаж байгаа юм биш харин сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан. Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоол дээр сунга гэсэн байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд сунгахгүй байна гэж байна.

Уг тогтоолд зөвхөн нэхэмжлэгч компаний асуудлыг шийдээгүй нийт  26 аж ахуй нэгж байгууллагын гадаадын ажиллах хүч авч ажиллуулах тоо хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зөвшөөрлийн хугацааг тогтоож зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Харин Аюулгүйн  зөвлөлийн тогтоолтой холбоотой Гадаад харилцааны яамнаас 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр дууссан энэ өдрөөс хойш сунгахгүй гэдгийг манай байгууллагад мэдэгдэж байсан. Энэ дагуу 2018 оны 6 дугар сарын 02-ны өдөр хүртэл сунгаад түүнээс хойш сунгахгүй гэдгээ мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцахад уг маргаан нь гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой биш сунгахтай холбоотой тодруулбал, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2, 8.3-д заасан шаардлагын дагуу сунгана” гэснийг хариуцагч тал биелүүлэхгүй байгаатай холбогдолтой байна.

Тухайн асуудлаар нэхэмжлэгч тал дээд шатны байгууллага гэдэг утгаар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хариуцагчаар татсан байх бөгөөд хавтаст хэргийн 53,54,55, 105 дугаарт авагдсан нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлоос дүгнэхэд эхлээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, дараа нь яаманд хандаж тус тус хандсан байх бөгөөд эцсийн хариуг хавтаст хэргийн 107 дугаарт авагдсан баримтаас харахад яам өгсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 7/2263 дугаартай албан тоотоос харахад “К” ХХК-ийн ажиллагчдын хөдөлмөр эрхлэх хугацаа 2018 оны 06 дугаар сард дуусгавар болсон бөгөөд НҮБ-ын тавьсан хоригтой холбоотой цаашид сунгахгүй талаар тодорхой дурдсан байна. Хавтаст хэргийн 10-31 дүгээрт авагдсан “К” ХХК-ийн ажиллагчдын үнэмлэхээс харахад 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд цааш сунгасан бичилт байхгүй байна.

Иймд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд тодорхой хугацаа, шаардлага заагаагүй зөвхөн сунгаж болно гэсэн зохицуулалттай, Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолд зөвхөн зохих журмын дагуу сунгана гээд Х, нхсад зөвшөөрсөн болохоос биш даалгаагүй, аливаа хэлбэрээр үүрэг болгоогүй байна. Иймээс Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолоор “К” ХХК-ийн ажиллагчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх эрхийг Х, нхсад олгосон байх бөгөөд үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Үүнийг эс үйлдэхүй, Засгийн газрын тогтоолыг биелүүлэхгүй байна гэж үзэх боломжгүй бөгөөд нэгэнт Нэгдсэн Үндэсний байгууллагын тогтоол гарсан, Гадаад харилцаа, Тагнуулын байгууллагаас мэдэгдэл, саналууд ирсэн тохиолдолд биелүүлж ажиллах нь манай байгууллагын үүрэг юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х и, хг нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /цаашид “ГИЭЗБТХ” гэх/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий 31 байгууллагад 2/1364 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа БНАСАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нийтээрээ 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр, Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр соёрхон баталсан  “Ажиллах хүч харилцан солилцох тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус дуусгавар болсон тул дээр дурдсан хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан гадаадын иргэний, уригчийн үүргийг биелүүлээгүй, зөрчлийг үргэлжлүүлэн гаргасан, зохих зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн бол албадан гаргах, Засгийн газрын 2010 оны “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох тухай” 339 дугаар тогтоолд заасан хугацаагаар Монгол Улсад дахин оруулахгүй байх, Зөрчлийн тухай хуульд заасан хэмжээгээр торгох шийтгэл ногдуулах зохицуулалттай болохыг анхааруулсан.

Нэхэмжлэлд дурдсанчлан уг албан бичигт БНАСАУ-ын иргэдийг ямарваа нэг хугацаа зааж Монгол Улсаас гарахыг шаардсан үг, утга байхгүй, эрхээ хамгаалахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хааж боосон зүйлгүй болно.

Гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон  зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол ГИЭЗБТХ-ийн 35 дугаар зүйлд заасны дагуу тус байгууллага нь Монгол Улсаас гарахыг сануулдаг. Гарах сануулгыг албан бичгээр бус тусгай маягтын дагуу олгодог бөгөөд энэ албан бичиг нь хэн нэгний эрхэд шууд халдаагүй, шаардлага тавиагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хааж боогдуулдаггүй болно.

Нэхэмжлэлд дээрх албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинж хангаж буй тул гэж буруу тодорхойлон, уг хуулийн мөн чанар, албан бичгийн утгыг буруугаар ойлгосон эсхүл илт гуйвуулж шүүхэд нэхэмжлэл гарган тус байгууллагыг хамтран хариуцагчаар татжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” хэмээн заасан байдаг. Дээрх албан бичиг нь хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжүүдийг агуулаагүй тул захиргааны акт биш юм.

Дээрх албан бичиг нь захиргааны байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх

ажиллагааны нэг хэсэг юм. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй БНАСАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусаж,

06 дугаар сарын 03-ны өдрийн 00 цагаас эхлэн ГИЭЗБТХ-ийг зөрчсөн байгууллага бүр, Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.2-т заасны дагуу оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн гадаадын иргэн тус бүрийн хоног тутам 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулах зөрчлийг үйлдэн, зөрчил нь үргэлжилж байсан тул 2018 оны 06 дугаар 20-ны өдөр нэр бүхий 31 байгууллагад зөрчлийг таслан зогсоох үүднээс дээрх албан бичгийг хүргүүлсэн.

Мөн албан бичиг нь тодорхой тохиолдлыг зохицуулаагүй болно. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулиар зохицуулагдсан харилцааг гадаадын иргэдээр хөдөлмөр эрхлүүлж буй байгууллагууд зөрчиж байсан тул зөрчлийг таслан зогсоох

 үүднээс хууль тогтоомжийг сануулсан бөгөөд ямар нэг тохиолдлыг зохицуулсан, шийдвэрлэсэн утга албан бичигт байхгүй байна.

Нийтийн эрх зүйн хүрээнд гараагүй болно. Х и, хг нь “К” ХХК-ийн эрх ашгийг хөндөн тус байгууллагад хөдөлмөр эрхэлж буй БНАСАУ-ын иргэдийн талаар ямарваа нэг захирамжилсан үйлдэл гаргаагүй.

Гадагш чиглээгүй болно. Байгууллага нь гадны байгууллага, иргэнтэй тодорхой асуудлаар албан ёсоор харилцдаг зүйл нь албан бичиг бөгөөд дээрх албан бичгээр гадагшаа чиглэсэн зөвшөөрсөн, татгалзсан үйлдэл гаргаагүй.

Эрх зүйн үр дагавар үүсгээгүй болно. Албан бичиг нь хэн нэгний эрх зүйн байдлыг тогтоон эрх, үүрэг олгож, түүнээс үүдэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Захирамжилсан шинжгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдлийг энэхүү албан бичиг агуулаагүй болно.

3ахиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлгээр зохицуулсан гомдол гаргах журмын дагуу нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар 54.1.3-т заасан үндэслэлээр Х и, хгт холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байжээ.

Ийнхүү манай байгууллын 2018 оны 2/1364 дугаар албан бичиг нь захиргааны акт бус, нэг байгууллага нөгөө байгууллагатай албан ёсоор харьцсан албан бичиг тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан албан бичгийг хүчингүйд тооцох боломжгүй юм.

Иймд зөрчил үргэлжлэн үйлдэгдэхээс сэргийлж, хууль тогтоомжийг сануулан албан бичиг хүргүүлснийхээ төлөө Х и, хг захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106:3 дахь хэсгийн холбогдох заалтын дагуу нэхэмжлэлийн тус байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн Х, нхсад холбогдуулан гаргасан “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын дээрх 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу манай компанийн гадаадын 82 ажилтны /мэргэжилтэн/ Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгах”, Ги, хгхолбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1864 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар “Хавсралтад заасан аж, ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохих журмын дагуу сунгахыг Х, нхсад зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч хуулийн этгээд багтсан байна.  

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/14 тоот албан бичгээр /“К” ХХК-ийн 87 ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгажээ.[1]

“К” ХХК-аас Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт 2018 оны 05 дугаар сарын 23 болон 25-ны өдрүүдэд “...БНАСАУ-ын 82 инженер, техникч, тусгай мэргэжлийн ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгуулах” тухай хүсэлтүүдийг гаргасан боловч хүлээж аваагүй гэж тайлбарласан.

Улмаар Х, нхсад хандаж 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/1172 албан бичгээр “... хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хугацаа сунгуулах тухай манай байгууллагын хүсэлтийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий хүлээж авахгүй байгаа шийдвэрлэж өгнө үү” гомдлыг тус тус гаргасан байх ба хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас “К” ХХК-и йн хүсэлтэд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 7/2265 тоот албан бичгээр “...НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын хориг арга хэмжээ үргэлжилж байгаа тул БНАСАУ-ын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй”[2] гэсэн хариуг өгсөн байна.

            - Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолоор манай байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахыг Х, нхсад зөвшөөрсөн байхад уг хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус” гэж,

- хариуцагч Х, нхсын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын хориг арга хэмжээ авсан бөгөөд Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болохынхоо хувьд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж “К” ХХК-ийн БНАСАУ-ын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн” гэж,

- хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас “Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх хугацааг зохих журмын дагуу сунгахыг зөвшөөрсөн болохоос даалгасан агуулгагүй, аливаа хэлбэрээр үүрэг болгоогүй тул Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж үзэх боломжгүй” гэж тус тус маргажээ.

 

Ажиллах хүч гадааддад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “...Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох” эсэх нь Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээнд хамаарч байх ба мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэгт зааснаар ... зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг хуулийн 8.2, 8.3-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр шийдвэрлэхээр заасан байна.  

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Ажиллах хүч харилцан солилцох тухай хэлэлцээр”[3]-ийн хугацаа дуусгавар болжээ.

Түүнчлэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай” S/RES/2371(2017) тогтоолоор “БНАСАУ-ын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгохыг гишүүн орнуудад хориглосон”[4] байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь нэхэмжлэгч “К” ХХК-ийн “...гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх хугацаа сунгуулах” тухай хүсэлтийг хүлээж аваагүйд хариуцагчийн буруутгах боломжгүй.

Учир нь захиргааны байгууллагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг нь түүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх байдлаар илэрдэг.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн “...гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх хугацаа сунгуулах” тухай хүсэлтийг шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх түүний эрх хэмжээг Монгол Улсын олон улсын гэрээ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор тус тус хязгаарласан байх тул “К” ХХК-ийн хүсэлтийг хүлээж аваагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь НҮБ-ын гишүүн улс болохынхоо хувьд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг бусад улсын өмнө хүлээх ба Монгол Улсын хууль болон Монгол Улсын олон гэрээний заалт зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг баримтлах зохицуулалттай тул нэхэмжлэгч “К” ХХК-ийн “БНАСАУ-ын ажиллах хүч, мэргэжилтний монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгуулах” тухай хүсэлтийг хүлээж аваагүй нь төрийн үйл ажиллагаанд хуулийг дээдлэх зарчимд нийцжээ. Улмаар захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “... даалгах” тухай шаардлага хангагдахгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Засгийн газрын 2017 оны 362 дугаар тогтоолоор манай ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдриг хүртэл сунгахыг ... сайдад зөвшөөрсөн байхад хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 362 дугаар тогтоолд зөвхөн зохих журмын дагуу сунгана гэж Х, нхсад зөвшөөрсөн болохоос биш даалгаагүй, аливаа хэлбэрээр үүрэг болгоогүй тул хугацааг сунгах эсэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч “К” ХХК-ийн Х, нхсад холбогдуулан гаргасан “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын дээрх 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу манай компанийн гадаадын 82 ажилтны /мэргэжилтэн/ Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Х, нхсад даалга” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Гадаадын иргэн, харъяатын газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/134 дүгээр алба бичгээр “... оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон дээрх иргэд хоног тутам 10000 төгрөгийн торгууль хүлээхээр болж байгааг, мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан байхад санй дураар тус улсаас гарч яваагүй, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн тул Монгол Улсаас албадан гаргах эрх зүйн үндэслэл бүрдсэн”-ийг тус тус мэдэгджээ[5].

Хариуцагч Гадаадын иргэн, харъяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй ... тоот албан бичиг нь эрх зүйн зохицуулалтыг тайлбарлаж анхааруулсан агуулгатай, захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж тайлбарлан маргаж байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0056 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлсэн тус шүүхийн шүүгчийн 8301 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарт дахин дүгнэлт хийхгүй.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар урьд олгосон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулах үүргийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээжээ.

Гэтэл нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэр бүхий 83 иргэнээс 17 хүн сайн дураараа Монгол Улсаас гарч явсан, 66 иргэн гарч яваагүй тухай хэргийн оролцогчид тайлбарлаж байна.

Энэ тохиолдолд нэгэнт эрх бүхий байгууллагаас дээрх иргэдийн Монгол Улсад оршин суух болон хөдөлмөр эрхлэх хугацааг сунгаагүй тохиолдолд хариуцагч Гадаадын иргэн, харъяатын газар нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж мэдэгдэл өгсөн нь тус газрын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д заасан “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг зохион байгуулах” чиг үүрэгт нийцсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Х, нхсаас манай байгууллагын гадаад ажиллах хүч, мэргэжилтний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүйгээс манай байгууллага болон ажилтнууд хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэлийг бүрдүүлж байгаа хууль бус албан бичиг” хэмээн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч “К” ХХК-ийн Х и, хгт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1864 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ажиллах хүч гадааддад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас Х, нхс, Х и, хг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт тус тус холбогдуулж гаргасан “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын дээрх 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу манай компанийн гадаадын 82 ажилтны /мэргэжилтэн/ Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Х, нхсад даалгах, Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/1864 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХЗУЛ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь талд

[2] Хавтаст хэргийн 107 дахь талд

[3] 2 дугаар хавтаст хэргийн ... дэх талд

[4] 2 дугаар хавтаст хэргийн ... дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь талд