Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00107

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, эсхүл тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай” тухай

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтүшиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “*******” ХК-д орон сууцны албаны засварчнаар томилогдсон. 2020 онд байгууллагаас ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд тус үзлэгт хамрагдаад өнгөрсөн. Гэтэл үзлэгээс хойш 1 сарын дараа эмнэлгээс залгаж намайг зүрхний архаг дутагдалтай байгаа тул яаралтай нарийн шинжилгээнд хамрагд гэж хэлсэн. Миний бие түүнээс хойш зүрхний эмчийн хяналтад орсон. 2022 оны 01 сараас эргэж ажилдаа ортол албаны хүмүүс миний цагийг бүртгэхгүй гэж хэлээд миний цагийг бүртгэлгүй байж байгаад 2022 оны 01 сарын 24-ний өдөр Б/10 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т “...энэ хуулийн 58.1.3-т заасан үндэслэлээр түр шилжүүлсэн ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна” гэж заасан байхад хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан тодорхой арга хэмжээг авалгүй шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “*******” ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ******* манай компанид 2014 оны 10 сарын 13-ны өдөр орон сууцны албаны засварчнаар гүйцэтгэх захирлын 1/256 тоот тушаалаар ажилд орсон.

Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь тогтоосон 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 0466994 тоот акт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн *******ийг тус компанид ажиллуулах хөнгөн ажлын байр байхгүй тул гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарны 24-ний өдрийн Б/10 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Манай компани нь Дархан хотын айл өрх, аж ахуйн нэгжийг ундны цэвэр усаар хангаж, бохир усны татан зайлуулдаг тусгай зөвшөөрөл бүхий газрын доорх шугам хоолой, худагт байнга хяналт тавьж, засвар үйлчилгээ хийдэг, аваар гэмтэл гарсан үед засварладаг, шинээр сольдог инженерийн байгууллага юм.

Иймд *******ийг ажиллуулах хөнгөн ажлын байр байхгүй тул хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Мөн *******эд ажлаас халагдсаны 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, Монгол Эйч Ди телевизээс зохион байгуулсан Voice of Mongolia /войс оф монголиа/ тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж 1,000,000 төгрөг, удаан хугацаагаар өвчилсөн тул Хамтын гэрээний 4.1-т заасны дагуу 150,000 төгрөгийн тэтгэмж, халагдах хүртэлх хугацааны цалинг тус тус олгосон гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* ХК-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан ******* ХК-иас хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,908,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,683 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “*******” ХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Усан хангамжийн албанд засварчнаар ажиллаж байсан *******ийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй үндэслэлээр ажил олгогчийн саналаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу мэдэгдэх хуудас өгсөн боловч шалтаг шалтгаан заагаад гардаж аваагүй гарын үсэг зураагүй тул тэмдэглэл үйлдэж хавсаргасан.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчид мэдэгдэх хуудас өгсөн тухай нотлох баримт гаргуулаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн боловч мэдэгдэх хуудсыг аваагүй тухай гэрчийн мэдүүлэг өгүүлэх талаар хариуцагч талаас шаардаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар ажилтанд мэдэгдэл өгсөн тухай шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэсэн заалтыг хангахгүй нэг талыг барьсан, гэрчийн мэдүүлэг авахгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байгаа боловч урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргахдаа олговрын хэмжээг буруу тооцож гаргасан байх  тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

Хэргээс судлан үзэхэд:

 3. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “*******” ХК-д орон сууцны албаны засварчнаар томилогдон ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарны 24-ний өдрийн Б/10 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг “*******” ХК-д даалгаж өгнө үү гэх нэхэмжлэл гаргаж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулахыг даалгах, эсхүл ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “*******” ХК-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

4. Шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны асуудлыг гомдлоор авч хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан ******* ХК-иас  урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,908,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Учир нь нэхэмжлэгч ******* нь “*******” ХК-д орон сууцны албаны засварчнаар ажиллаж байсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах албан тушаал байна. /хавтаст хэргийн 99/

6. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0466994 тоот актаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон бөгөөд тус актыг үндэслэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарны 24-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.  /хавтаст хэргийн 71/

7. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасныг баримтлан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа нотлох үүрэгтэй.

7а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...*******эд 30 хоногийн өмнө мэдэгдсэн, энэ тухай баримт манай архивт байгаа.” гэх тайлбарыг үндэслэн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5804 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, холбогдох нотлох баримтын хуулбарыг нотариатчаар батлуулан ирүүлэхийг хариуцагчийн төлөөлөгчид даалгажээ. /хавтаст хэргийн 110-111/

7б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд ирүүлсэн “мэдэгдэх хуудас” гэх баримт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул үнэлэх боломжгүй.

8. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа нотлох үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...утсаа аваагүй, түүнтэй холбогдож чадаагүй” гэх тайлбар нь хуульд заасантай нийцэхгүй байна.” гэх дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоосон нь зөв байна.

8а. Харин ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд энэ нь цаашид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

9.Нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч “...сарын цалин 830,645 төгрөг гэж тогтсон /шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэнээр/ ба талууд цалингийн хэмжээний талаар маргадаггүй болно.” гэх дүгнэлт хийж, ажил олгогчоос тушаалаар олгосон тэтгэмж 2,265,396 төгрөгийг хасаж, үлдэх 4,908,348 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын  2.3.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заажээ.

10а. Ажилтны хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг нотлох баримт бол нийгмийн даатгалын дэвтэр бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр хавтаст хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолын хавсралт 5-н 44-т “******* нь 2022 оны 1-3 сард авах ёстой цалин нь сард 755,132 төгрөг, 2022 оны 4-12 сард авах ёстой цалин нь сард 830.645 төгрөг” гэж тогтоосон бөгөөд ирээдүйд буюу 2022 оны 4-12 сард авах ёстой цалингаас тооцож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээг тогтоосон нь дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцэхгүй байна.

10б. Нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2021 оны  12 дугаар сард ээлжийн амралттай байсан, 11 болон 10 дугаар сард хөдөлмөрийн чадвар  түр алдсаны тэтгэмж авч байсан бөгөөд дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д “ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу түүний нэг ажлын өдрийн дундаж цалингаар тооцох нь дээрх журамд нийцнэ. /хавтаст хэргийн 36/

10в. “*******” ХК-ны гаргаж ирүүлсэн тодорхойлолтоор нэхэмжлэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сард 16 хоног ажиллаж, 862,213 төгрөгийн цалин авчээ. /хавтаст хэргийн 36/

10г. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасны дагуу 2022 оны 1 дүгээр сард авсан 862,213 төгрөгийн цалингаас хоолны мөнгө 64000 төгрөг, унааны мөнгө 32000 төгрөг, амралтын мөнгө 183,943 төгрөг, нийт 279,943 төгрөгийг хасаж, үлдэх 582,270 төгрөгийг ажилласан хоног болох 16 хоногт хуваахад тухайн ажилтны 1 өдрийн цалин 36,391.8 төгрөг байна. /582,275:16=36,391.8 төгрөг/

10д. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 177 хоног ажилгүй байсан ба ажил олгогч нь 6,441,348.6 төгрөгийн олговор олгох үүрэгтэй бөгөөд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид олгосон 2,265,396 төгрөгийг хасаж, үлдэх 4,175,952.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх тул дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2022/01468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

            “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоосугай.” Гэснийг

            “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан “*******” ХК-ийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,

            шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын

            “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан “*******” ХК-иас хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,908,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” Гэснийг

            “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан ******* ХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,175,952.6 /дөрвөн сая нэг зуун далан таван мянга есөн зуун тавин хоёр төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж,

            шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,683 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” Гэснийг

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 151965 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93484 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАЙГАЛМАА

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.АМАРСАНАА

                                                                      ШҮҮГЧ                                             Я.ТУУЛ