Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01523

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01523

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/01618/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Шинэ хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суугаа, Ол*** овогт Б*** О***ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*** дугаар баг, Майхант** дугаар гудамж, *** тоотод оршин суугаа, Б*** овогт О*** У***т холбогдох,

 

190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О***, хариуцагч О.У**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.У*** самарт тогоочоор явна гээд надаас дарсан ногоо авсан. Ирчхээд дарсан ногооны тал нь муудчихсан байна гэж хэлсэн. Самарт явахдаа миний машинаар хүргүүлнэ гэж явж байгаад замдаа машин эвдэрсэн. О.У*** замын машинд суугаад явсан. Дараагаар нь О.У***ийн охин нь Эрдэнэтэд байдаг хадмындаа очно гээд миний машинаар 60,000 төгрөгөөр тохироод явсан. О.У*** намайг харж байхад охиндоо 50,000 төгрөг өгсөн. Охиных нь нөхөр нь Эрдэнэтээс мөнгө шилжүүлсэн. Охин нь дэлгүүр ороод хадмындаа набор, чихэр авсан. Надад 40,000 төгрөг өгсөн. Эрдэнэт орчхоод Дархан-Уул аймаг руугаа буцсан. Үлдэгдэл 20,000 төгрөгөө надад өгөөгүй. Мөн О.У*** бас самарт тогоочоор явна гээд 20,000 төгрөг авсан. Ногоо дарна гээд варенианы шил авсан. Тэгсэн хашаанаасаа варенианы шилээ алдсан гэсэн. Тиймээс улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө ороод нийт 190,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч О.У*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа:

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай охин ирээд Эрдэнэт явлаа мөнгө байна уу? гэхээр нь ломбардад ээмгээ тавиад 50,000 төгрөг аваад охиндоо өгөөд явуулсан. Б.О*** эгчийн машинтай, бензинийг нь хийгээд, 20,000 төгрөгөөр хоол авч өг гэхээр нь авч өгөөд замдаа явж байна гэж хэлсэн. Би 10 дугаар сарын 16-ны өдөр Зүүнхараа явах болоод дүү маань 200,000 төгрөгөөр зардал хийгээд хүрээд ир гэсэн. Би тэгэхээр Б.О*** рүү утасдаад 50,000 төгрөгөөр хүргэж өгөөч гээд явсан. Машин Хонгорын цайдмын дээшээ өгсөөд гарахгүй байсан. Замдаа 10,000 төгрөгөөр машинд нь бензин хийсэн. Тэгээд нийтдээ 60,000 төгрөг авсан. Цайдамын цаана очоод машин явахаа больсон. Зам дээр гараа өргөхөд хоосон машин явж байхаар нь гуйгаад 6 дарсан ногоогоо машинд нь хийсэн. 50,000 төгрөгөөр авсан төмс машинд нь багтахгүй, Б.О***ийг маргааш өглөө манайд гэрт аваачхаад өгөөрэй гэхэд за гээд аваад явсан. Уруудаад явахаар Б.О***ийн машин явчихсан. Би гуйж суусан машинаараа хүргүүлээд, тэр залууд 40,000 төрөг өгсөн. Угаагаад тавьсан 30 шил алга болсон. Үлдсэн жижигхэн шилийг зарна гэж авч яваад буцаагаад аваад ирсэн. Тэр шил нь одоо ч манай гадаа байгаа. Би самарт явахдаа Б.О***ээс мөнгө аваагүй. Шилийг нь 15,600 төгрөгөөр худалдаж авсан. Би 600 төгрөг бэлэн байхаар нь өгсөн. Б.О*** шилний 15,000 төгрөгийг нь өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.О*** нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ О.У***ийн охин, ээж, хүргэн нь Эрдэнэт рүү явахдаа 60,000 төгрөгөөр хүргүүлэхээр тохиролцож явсан боловч 40,000 төгрөгийг өгөөд, үлдэгдэл 20,000 төгрөгийг өгөөгүй. Мөн О.У*** нь самарт явахдаа авсан ногооны үнэ, Баруунхараа, Хонгор хүргүүлсэнй шатахууны зардал, ногоо дарна гэж авсан шилний үнэ зэрэг нийт 180,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг, нийт 190,000 төгрөгийг хариуцагч О.У***ээс гаргуулж өгнө үү гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч Б.О*** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой үйл баримт, мөнгөн дүнг тодорхой хэлэхгүй, мартсан гэсэн тайлбарыг гаргаж, ойролцоогоор О.У***ээс 180,000 төгрөг болсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Хариуцагч О.У*** нь Б.О***д төлөх төлбөр байхгүй, варенианы шилний үнэ 15,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн варенианы шилийг ойролцоогоор 15,600 төгрөгөөр бид хоёр хамт явж байгаад худалдаж авсан. Би 600 төгрөгийг өгсөн. Тэр варенианы шилнүүд нь алга болсон учир үнэ 15,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой тусгаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байх тул нотлох үүргээ нэхэмжлэгч Б.О*** биелүүлээгүй байна гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч Б.О*** нь хариуцагч О.У***ээс ...О.У***ийн охинтой тохиролцож Эрдэнэт явсан зардлыг охин нь өгөөгүй гэж 20,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ээж нь охиныхоо өмнөөс бусдын өмнө хүлээсэн үүргийг хүлээхгүй болно.

Хариуцагч О.У***ийн зөвшөөрсөн хэмжээ болох 15,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг 165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч О.У***ээс 15,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О***д олгож, нэхэмжлэлийн үлдэх 165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000 төгрөгөөс 6,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3950 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.О***д олгож, хариуцагч О.У***ээс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА