Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00110

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01523 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ дарсан/даршилсан/ногоо болон  варианы шилний үнэ, Эрдэнэт рүү хүргүүлсэн хөлс, улсын тэмдэгтийн хураамж нийт 190,000 төрөг” гаргуулах тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь самарт тогоочоор явна гээд 20,000 төгрөг болон дарсан ногоо авсан, ногоо дарна гээд варианы шил авсан. Тухайн үед ******* машинаараа самарт хүргээд өгөөч гэсэн тул хүргэж өгөхөөр явж байгаад машин замд эвдэрч замын машинд ******* нь суугаад явсан.

*******ийн охин 60,000 төгрөгөөр Эрдэнэтэд хүргүүлэхээр тохироод явсан боловч 40,000 төгрөг өгөөд үлдэгдэл 20,000 төгрөгөө өгөөгүй. Иймд улсын тэмдэгтийн хураамжийн 10,000 төгрөг нийт 190,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа  180,000 төгрөг болгон багасгасан байна.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******ээс 190,000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******ээс 15,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000 төгрөгөөс 6,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3950 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25, 38 дугаар зүйлийг үндэслэл болгон 165,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой, уг мөнгийг гаргуулж өгнө үү  гэжээ.     

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

  2. Нэхэмжлэгч О.*******ийн давж заалдах гомдол  болон гомдлын үндэслэлээ тайлбарласан тайлбарт ...хариуцагч нь 15,000 төгрөг өгнө гэснээр шүүх хурлын шийд гарсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25, 38 дугаар зүйлийг үндэслэл болгон 165,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой, уг мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн  байх ба түүний гомдлыг  хангах үндэслэл тогтоогдохгүй  байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар болон  талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг зөрчил гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 15,000 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь тухайн маргаанд холбогдох хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.  

Мөн талуудын хоорондын  маргаж буй тухайлбал, *******ийн охин ******* нь Эрдэнэт /Орхон аймаг/-руу 60,000 төгрөгөөр хүргүүлэхээр тохирсон боловч 20,000 төгрөгийн хөлс өгөөгүй тул  гаргуулах гэх,  

Дарсан /даршилсан/  шилтэй ногоо авсан боловч үнийг төлөөгүй тул 95,000 төгрөг гаргуулах гэх  нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар болон энэхүү хэлцэл, тохиролцоогоор талуудын хооронд ямар төрлийн харилцаа үүссэн зэргийг зөв тодорхойлоогүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй зэргээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Хэргийн материалаас судлан үзвэл:

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан охин ******* нь Эрдэнэт/Орхон аймаг/- руу хүргүүлэхээр тохирсон 60,000 төгрөгийн хөлснөөс 20,000 төгрөг,  дарсан ногоо/шилтэй/-ны үнэ 95,000 төгрөг, варены шилний үнэ  35,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000 төгрөг, нийт 190,000 төгрөг гаргуулах гэж /нэхэмжлэлийн дүн нь 190,000 төгрөгт хүрдэггүй/ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 180,000 төгрөг болгон багасгасан байна.

5.Хариуцагч *******  нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа 190,000 төгрөг аваагүй гэж, харин шүүх хуралдаанд ...манай охин Эрдэнэт явлаа гэхээр нь ээмэг, бөгжөө ломбардад тавиад 50,000 төгрөг өгсөн, 2021 оны 08 сарын 23-ны өдөр ******* эгчийн машинтай, бензинийг хийгээд, 20,000 төгрөгөөр хоол авч өгөөд замд явж байна гэсэн,  том шилтэй өргөст хэмх зараад өгөөч гэсэн ба үүнээс дөрөв нь дээрээ хөгц суусан байсан. Дарсан ногооны 20,000 төгрөгийг өгсөн, ногоо даръя гэхээр нь хоёулаа хогийн жалга ороод нэг шуудай варианы шил худалдаж авсан, мөн 2 шуудай шил түүж авчирсан. Угаагаад тавьсан 30 шил нь алга болсон ба  шилийг 15,600 төгрөгөөр худалдаж авсан, 600 төгрөгийг нь  бэлэн өгсөн, 15,000 төгрөгийг төлнө гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.  /хх-12, 18/

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

Хуулийн 359.2-д “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж,

Хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил үйлчилгээний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж  тус тус заасан.

7. Талуудын тайлбараас үзэхэд: нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан, шаардлага тус бүрт өөр өөр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

7.а хариуцагч *******ийн охин гэх ******* нь Эрдэнэт /Орхон аймаг/-руу хүргүүлэх, тодорхой хэмжээний хөлс төлөх  талаар  нэхэмжлэгч *******тэй  амаар хэлэлцэн тохирч, *******ийн тээврийн хэрэгслээр явсан байх ба  энэ хэлцэл нь нэхэмжлэгч *******, н.******* нарын хооронд хийгдсэн байх тул тэдний хооронд  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж  үзэхээр байна.

 Харин хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа  үүсээгүй байх тул хариуцагч *******т хөлс төлөх үүрэг үүсэхгүй,  өөрөөр хэлбэл энэ хэргийн хариуцагч нь ******* биш байх тул Эрдэнэт /Орхон аймаг/-руу хүргүүлсэн  *******ийн төлөхөөр тохирсон 60,000 төгрөгийн үлдэгдэл гэх 20,000 төгрөгийг *******ээс шаардсан нь  үндэслэлгүй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д ...хариуцагч  уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр ...хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно,

28.3-т нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж тус тус заасан.

 Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүх хуралдааны явцад  илэрсэн  хэдий ч  шүүх, *******ийг өөр этгээдээр солих талаар *******ээс тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

  Иймд анхан шатны шүүхийн “... ээж нь охиныхоо өмнөөс бусдын өмнө хүлээсэн үүргийг хүлээхгүй ”  гэх дүгнэлт нь үндэслэлтэй.  

7.б нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийг самарт явахдаа дарсан /даршилсан/ ногоо авсан, түүний үнэ гэж 95,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч  нийт хэдэн төгрөгийн, хэдэн шил ногоо өгсөн, нэг бүрийн үнийг хэд гэж тохирсон, үнийг хэзээ өгч авалцахаар тохирсон зэрэг нь тодорхойгүй,  энэ талаар тодорхой тайлбар хэлдэггүй,  шаардлагаа нотолсон бичгийн баримт шүүхэд  гаргаж өгөөгүй, хэрэгт  ямар ч баримт  авагдаагүй байна.   

 Мөн хариуцагч ******* нь дарсан /дашилсан/ ногоо авсан  гэдгээ үгүйсгээгүй боловч том шилтэй өргөст хэмх зараад өгөөч гэхэд дөрвийнх нь дээр хөгц суусан байсан, дарсан ногооны 20,000 төгрөг өгсөн, дарсан ногоо нь чанарын шаардлага хангаагүй гэсэн тайлбар гаргадаг ба  нийт хэдэн шил ногоо өгч авалцсан,  нэг бүрийн үнэ хэд гэж  тохирсон  талаар тодорхой тайлбар гаргадаггүй,  түүний 20,000 төгрөг өгсөн гэх тайлбарт нэхэмжлэгч ******* нь  аваагүй гэх ба талуудын аль аль нь  тодорхой баримт гаргаж мэтгэлцдэггүй. 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба  хуульд заасан энэ үүргээ нэхэмжлэгч ******* нь бүрэн биелүүлж, хэрэгжүүлээгүй  гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна.

         Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, ...гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

Ийнхүү нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлж буй этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй болно.

Шүүх нь хэргийн оролцогч /нэхэмжлэгч, хариуцагч/-оос гаргасан, хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь  харьцуулан үнэлж,  дүгнэн  шийдвэрээ гаргадаг учиртай.

7.в Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нар нь ногоо даршлах зорилгоор  варианы шил цуглуулж, бусдаас худалдан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч ******* нь варианы шилний үнэ 35,000 төгрөг нэхэмжилсэн байх ба хариуцагч ******* нь 15,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх  хариуцагч *******ийн  зөвшөөрсөн хэмжээгээр 15,000 төгрөгийг /варианы шилний үнэ/  гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш байна.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,...г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээдэг.

9. Талуудын хоорондын тохиролцоо, тайлбар, хэргийн үйл баримт  зэргээс үзэхэд зохигч буюу нэхэмжлэгч *******,  хариуцагч ******* нар нь  тодорхой тооны дарсан /даршилсан/ хүнсний ногоо болон ногоо даршлах зорилгоор варианы шил  бэлтгэн нийлүүлж, худалдан борлуулахаар тохирсон гэж үзэхээр байх ба энэхүү тохиролцоо нь дээрх хуулийн агуулга, шаардлагад нийцэж байх тул талуудын хооронд  худалдах, худалдан авах  гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  үндэслэлтэй.   

10. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтад хууль хэрэглээний  өөрчлөлтийг оруулах нь зүйтэй, харин  нэхэмжлэгч *******ийн  ... нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******ээс 15,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 15,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т  зааснаар нэхэмжлэгч *******ээс  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                                 ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ

                                                                                                                 Х.БАЙГАЛМАА