| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0706/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 483
З Ю /Z Y/ -д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 749 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаар магадлалтай, З Ю /Z Y/ -д холбогдох хэргийг шүүгдэгч З Ю /Z Y/ , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Си Чуан мужийн Нан Цун хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 48а байрны 3 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З Ю /Z Y/ .
БНХАУ-ын иргэн З Ю /Z Y/ нь 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцны байранд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З Ю /Z Y/ -ийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З Ю /Z Y/ , түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З Ю /Z Y/ гаргасан гомдолдоо “...Эрхэм шүүх бүрэлдэхүүнд хандаж БНХАУ-ын иргэн Заю Юүн Жүн миний бие гомдол гаргаж байна. Өөрийн буруутай үйлдлийн улмаас Монгол Улсын хуулийг зөрчсөндөө туйлын их гэмшиж байгаа бөгөөд химийн бодисын талаар мэдлэггүй байдлын улмаас буруу зүйл хийсэндээ ч маш ихээр харамсаж байгааг хэлэхийг хүсэж байна.
Хятад улсад намайг өргөж хүн болгосон аав маань хорт хавдартай эрүүл мэндийг хувьд ихээхэн хүнд байгаа бөгөөд хүний ёсны хувьд зайлшгүй тэр хүний ачийг бодож миний бие асран сувилахыг ихээр хүсэж байгааг нь минь туйлаас анхаарч, миний гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан үзэж надад торгуулийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
Анхан шатны шүүхээс надад оногдуулсан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгааг хэдий ч биеэр эдлэх ялын хамгийн дээд хугацаагаар оногдуулсан нь миний хувьд ихээхэн хүндээр тус ч байна. Аавтайгаа амьдад нь уулзах боломжоор хангаж өгөхийг дахин дахин гуйж байна.
Цаашид ийм буруу зүйл хийж, хуулийг зөрчихгүй байж чадах ба шүүхээс намайг өршөөн хэлтрүүлбэл оногдуулсан торгуулийн ялыг хамгийн боломжит богино хугацаанд барагдуулж нэн даруй эх орондоо буцаж өвчтэй аавыгаа асрах болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж торгуулийн ял оногдуулж өгнө үү.
Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний ар гэрийн байдлыг харгалзан үзэхийг хүсье. Ар гэрийн зүгээс торгуулийн төлбөрт төлөх зориулалтаар өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын харилцах дансанд тодорхой мөнгийг байршуулсан байгааг харгалзан торгох ялаар хорих ялыг өөрчилж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.
Үйлчлүүлэгч З Ю- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шатанд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн нь хавтаст хэрэг дэх гэрчээр болон яллагдагчаар авсан тайлбар мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа.
Холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа ба энэ нь З Ю-ий хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзах боломжтой байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан боловч тодорхой үндэслэл заахгүйгээр мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татгалзсан нь бидний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, 1.3 дугаар зүйлд заасан зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” мөн хуулийн 1.2 дахь хэсэг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн хуулийг хэрэглэх боломжтой талаар мэтгэлцсэнийг хангаагүй шалтгаанаа шүүх “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэсэн үндэслэлээр няцаасан нь үндэслэлгүй байна.
Өмгөөлөгч нарын мэтгэлцээнд дурдсан хууль нь Эрүүгийн хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хууль бөгөөд дээрх хуулийг анхан шатны шүүх хэрэглэхээс татгалзсан үндэслэлээ хэт ерөнхий байдлаар тайлбарласан нь Шударга ёсны зарчимд үл нийцэж байгаа ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг үндэслэлгүйгээр хэрэглэхээс татгалзсан, хэргийн үйл баримтыг давж заалдах гомдлын хүрээнд зөвхөн шийдвэрлэсэн гэж үзэж байна.
З Ю-ий хувийн байдлын хувьд хийсэн гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай байсаар байхад тус хэсэгт заасан хамгийн хүнд ялыг оногдуулсан нь хор уршиг учраагүй, хохирол учраагүй байгаа гэмт хэргийн хувьд нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг анхан шатны шүүх бодитой үнэлсэн гэхэд эргэлзээтэй, хэт яллах талыг баримталсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 2.6 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан хэдий ч шүүхээс эрх зүйн байдлыг дордуулж 4 жилийн хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг хэрэглэхээс татгалзаж байгаа нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс зориуд татгалзсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн хувьд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулахыг шүүхээс хүссэн бөгөөд хуульд заасан торгуулийн ялыг төлөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой талаараа нотолсон нотлох баримтыг гаргасан боловч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг үнэлээгүй хэт яллах байр суурийг баримталсанд гомдолтой байна.
З Ю-ий хувьд үйлдсэн гэмт хэрэгт оноож болох ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулснаар “шударга ёсны” зарчим хангагдана гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн зорилго нь урьдчилан сэргийлэх зорилгыг мөн агуулдаг. З Ю-ийг хорих ялын дээд хэмжээгээр ялласнаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдана гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл бөгөөд хуулийн энэрэнгүй ёсны зарчим, хөнгөрүүлэх нөхцөлүүдийг ч анхан шатны шүүх харгалзан үзэх хуулийг мөн адил хэрэглэх нь Шударга ёсны зарчимд нийцнэ.
Магадлалын 7 дугаар талд гэрч Б.Борчулуун “байрны өрөөнүүдийн агаараас Люмекс багажаар хэмжихэд том өрөө 0.000079 мг/м3, угаалгын өрөө 0.000067 мг/м3, унтлагын өрөө 0.000052 мг/м3, гал тогооны хэсэг 0.00011 мг/м3, гал тогооны угаалтуурын хэсэг 0.000258 мг/м3, хэмжээний ууршилттай байсан. Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн газраас ажлын байрны мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.10/0.0005мг/м3 байхаар баталсан. Харин орон сууц тул “СУРАХ БИЧИГТ” зааснаар дээд хэмжээг 0.0003мг/м3 байхаар шинжилгээний дүнд тусгасан гэж шинжээч дүгнэлтээ тайлбарласныг үндэслэн олон нийтэд хор аюул учруулахуйц гэсэн үндэслэлээр 4 жил хорих ял оноосон нь зөв гэж дүгнэсэн байна.
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нэг нөхцөл нь нотлох баримт бөгөөд шинжээч албан ёсны стандартыг бус аль нэг СУРАХ БИЧИГ-ийг дүгнэлтийн үндэслэлээ болгосон нь шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны арга зүйд нийцсэн эсэх, дүгнэлтэд мөрдөж буй зөвшөөрөгдөх дээд хэмжээ ямар хэмжээтэй байх нь эргэлзээтэй байна. Нөгөөтээгүүр шинжээчийн баримталсан гэх 3 хэмжээний аль ч хэмжээнээс өрөөнүүдийн агаарт буй мөнгөн усны хэмжээ хамгийн багадаа 1.2 дахинаас 38461 дахин бага байгаад анхан болон давж заалдах шатны шүүх бодиттой дүгнэлт хийсэнгүй.
Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн газраас ажлын байрны мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.10/0.0005мг/мЗ байхаар баталсан гэсэн бичвэрээс дүгнэвэл 0.10мг/м3 буюу 1м3 агаарт 2мг мөнгөн усны ууршилттай байхыг зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа бөгөөд доорх 3 хэмжээний аль ч хэмжүүрээр хэрэг учралын газар дахь мөнгөн усны ууршилтын хэмжээ зөвшөөрөгдсөн доод хэмжээнээс 1.2 дахинаас хэдэн мянга дахин бага байна. Тухайлбал:
Мөнгөн усны ууршилтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээг 0.10мг/м3 гэж тооцвол:
Том өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 25316 дахин бага
Угаалгын өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 29850 дахин бага
Унтлагын өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс-38461 дахин бага
Гал тогооны хэсгүүд зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс-18184 дахин бага
Гал тогооны угаалтуур зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 7751 дахин бага байна.
Мөнгөн усны ууршилтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээг 0.0005 мг/м3 гэж тооцвол:
Том өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 63 дахин бага
Угаалгын өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 74 дахин бага
Унтлагын өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 96 дахин бага
Гал тогооны хэсгүүд зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 45 дахин бага
Гал тогооны угаалтуур зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 19 дахин бага байна.
Харин шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон мөнгөн усны ууршилтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээг 0.0003мг/м3 гэж тооцвол:
Том өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 3.8 дахин бага
Угаалгын өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 4.5 дахин бага
Унтлагын өрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс-5 дахин бага
Гал тогооны хэсгүүд зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 2.7 дахин бага
Гал тогооны угаалтуур зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс- 1.2 дахин бага байна.
Иймд З Ю-ий хувийн байдал, ар гэрийн нөхцөл, торгуулийн ялыг өгөх санхүүгийн боломжоо илэрхийлсэн нотлох баримтууд зэргийг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийн “4 жилийн хугацаагаар хорих” ял оногдуулж гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох” ялаар сольж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.
Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлж барагдуулах бөгөөд түүний ар гэрийн зүгээс өмгөөлөгчийн харилцах дансанд тодорхой хэмжээний мөнгө байршуулаад байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 дэх хэсгийг ашиглах хууль зүйн боломжтой, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ашиглан хорих ялыг хөнгөрүүлж, ялыг тэнсэж харгалзах, албадлагын арга хэмжээ авах хууль зүйн боломж байгааг хяналтын шатны шүүх тал бүрээс нь хянаж, бодитоор хэмжээ авах шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хэлсэн саналдаа “З Ю-ий холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзах боломжтой байсан. Мөн шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатнаас мөрдөн байцаалтын шат хүртэл өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хангагдаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой талаар мэтгэлцсэнийг хангаагүй шалтгаанаа шүүх “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн зорилтыг үндэслэлгүй тайлбарласан байна. Мөнгөн усны ууршилтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээг 0.0005 мг/м3 гэж тооцвол 19-63 дахин бага байх тооцоолол гарч байна. Хэрэв сурах бичигт зааснаар дүгнэлт гаргасан гэж үзвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс 5 дахин бага ууршилт байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх мөнгөн усны ууршилтын хэмжээг их гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Мөн шүүгдэгч болон түүний ар гэр, хамтран ажиллаж байсан аж ахуй нэгж торгох ял оногдуулсан тохиолдолд төлөх боломжтойгоо илэрхийлж эдийн засгийн болон бусад баталгааг гаргасан болохыг анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлт буюу торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой. Хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргахгүй байгаа. Мөнгөн усыг олон удаагийн үйлдлээр бус нэг удаагийн үйлдлээр хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд У.Хандсүрэн хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ дээрх зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч З Ю-ий мөнгөн усыг орон сууцанд хадгалсан, алт угаахад ашигласан үйлдлийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар мөнгөн усыг уул уурхайн салбарт ч ашиглахыг хориглосон. Гэтэл шүүгдэгч З Ю- нь мөнгөн усыг хүн амьдрах зориулалттай байранд хадгалсан, алт угаахад ашигласан гэм буруутай үйлдэл хийсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм бурууд маргадаггүй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар ууршилтын хэмжээнд маргах боловч түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан буюу ууршилтын хэмжээ хамаарахгүй юм. Иймд шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн З Ю /Z Y/ -д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
З Ю /Z Y/ нь 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцны байранд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З Ю /Z Y/ -ий гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүхээс аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх үүрэгтэй бөгөөд ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ нь хоорондоо хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэр гаргах шаардлагатай байдаг.
Дээр дурдсан эдгээр үндэслэл, шаардлагын үүднээс дүгнэж үзвэл З Ю /Z Y/ -ийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг улсын яллагч дүгнэхдээ шүүгдэгчийн хууль бусаар ашигласан хорт бодис болох мөнгөн усны ууршилтын хэмжээ нь тухайн орчинд зөвшөөрөгдөж болох доод хэмжээнээс ихээхэн доогуур байгаа баримтыг уг хэмжээнээс хэт дээгүүр байгаа мэтээр илтэд буруу тодорхойлж, үүнийгээ эрүүгийн хариуцлагын хэр хэмжээний саналын талаарх үндэслэлээ болгосон байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү бодит байдалд нийцэхгүй дүгнэлтэнд тулгуурлан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, зорилгод нийцээгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн хувьд тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж буй хүсэлт зэргийг харгалзан үзэж З Ю /Z Y/ -д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч З Ю /Z Y/ болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн нарын гаргасан гомдлын “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 749 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З Ю /Z Y/ -д 25,000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З Ю /Z Y/ -ий 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 145 /зуун дөчин тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 2,175 /хоёр мянга нэг зуун далан тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,175,000 /хоёр сая нэг зуун далан тав/ төгрөгийг хасаж, торгох ялыг 22,825,000 /хорин хоёр сая найман зуун хорин тав/ төгрөгөөр тогтоосугай”,
“шийтгэх тогтоолын хорих ял оногдуулсан болон дэглэм тогтоосон заалтыг тус тус хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З Ю /Z Y/-ийг нэн даруй сулласугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН