Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00005

 

 

 

                      

 

 

 

А.А-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00891 дүгээр шийдвэртэй,  нэхэмжлэгч тус аймгийн *** оршин суух А.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** оршин суух А.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүссэн хохирол болон үндсэн зээлийн хамт бүгд 10,344,044 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:     

1.1. Иргэн А.Х- нь зээлээр авсан 8000000 /найман сая/ төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өгөхөөр болж зээлийн гэрээ хийсэн боловч тухайн үед өгөөгүй байсан тул 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан. Дараа нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, иргэний хэргийн анхан шатны шүүхээс 130/ШШ2022/00405 дугаартай шийдвэр гаргасан.

1.2.А.Х- Улаанбаатар хотод түр оршин суудаг байсан. Хариуцагч А.Х- нь Улаанбаатар хотод түр оршин суух хаягаас хэд хоногийн өмнө өөрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сум, **** хаягт ирсэн гэх боловч өнөө маргаашдаа явах гэж байгаа тул нэхэмжлэгч надад дахиж хохирол учруулахаас өмнө хариуцагч А.Х-д миний нэхэмжлэлийг өнөөдөр яаралтай гардуулан өгч миний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Хариуцагч өнөө маргаашдаа хаагуур явах эсэх нь тодорхойгүй байна.

1.3. А.Х- цаг хугацаандаа өгөх ёстой зээлээ өгөөгүйгээс болж миний бие "Билүү хөгжил” ХЗХ-оос 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр жилийн 36 сарын хүүтэй 7 сая төгрөгийн зээл авч одоогийн байдлаар зээлийн хүүд  2,273,844  төгрөг төлсөн. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар тэмдэгтийн харамж төлсөн 70200 төгрөг тушаасан байгаа. Иймд А.Х-гаас 10,344,044 төгрөг /арван сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөчин дөрвөн/ нэхэмжилж байна. Хариуцагч А.Х-гаас 10,344,044 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхашийн хариу тайлбар, татгалзал:

2.1. А.Х- би нэхэмжлэгч А.А-ээс ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө зээлж авч байгаагүй бөгөөд өөрөө хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргаж хандсан тул бүх зүйлийг үнэн зөв илэрхийлж, асуудлыг илчлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.2. А.Х- миний бие 2011 онд Т.Ж- гэх залуугийн хамт малын хулгайн хэрэгт холбогдож, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасагт Эрүүгийн хэргийн учир шалгагдсан. Тухайн үед А.А- нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн хэлтэст малын хулгайтай тэмцэх албаны хэрэг бүртгэгч, мөрдөгч ажилтай байсан ба бидний хэргийг цагдаагийн ахмад Х-, А.А- нар шалгасан. Ингэж шалгагдаж байхад А.А- нь надаас бэлэн 700,000 төгрөг гуйсан бөгөөд би хэргийг шалгаж байгаа учир түүний эрхшээлд байсан учир А.А-т 700,000 төгрөг өгсөн. Тэгж танил болсон А.А- нь 2011 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг өдөр надад утсаар холбогдож надад 800 кг вольфрамын бэлдмэл байгаа. Түүнийг зохих үнээр борлуулж өгнө үү гэж хүссэн ба би зөвшөөрснөөр А.А- нь нэг портер маркийн машинд ачсан 13 ширхэг уутанд савласан 800 кг жинтэй вольфрамын бэлдмэлийг Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай, ХЦ-0165 дугаар ангийн хойд талд байгаа манай гэрийн хашаанд авч ирсэн.

2.3. Тэгээд би ачиж ирсэн машинтайгаа жолооч бид хоёр вольфрамын бэлдмэлийг цуглуулж байсан Майшаривын Т- гэх хүний Өлгий сумын 11 дүгээр багт байгаа (Яармаг үйлчилгээний төвийн хажууд) хашаанд орж, М.Т-д худалдахад тэр хүн 6 уут буюу 400 кг жинтэй вольфрамын бэлдмэлийн нэг кг-ыг 10,000 төгрөгөөр үнэлж нийт 4,000,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь тэр даруй А.А-ийн жолоочид өгч явуулсан.

2.4. Харин үлдэх 7 уут буюу 400 кг жинтэй вольфрамын бэлдмэл-ийг бохир, чулуу шороотой байна гэж М.Т- худалдан авахаас татгалзаж, буцаасан учир А.А-ийн өөрт нь хэлээд, би өөрийнхөө хашаанд буулган авч, чулуу, шороо зэрэг бохирдлыг цэвэрлэж, ялгахад цэвэр вольфрамын бэлдмэл нь 300 кг гарсныг ченж К- гэх хүнд өгч борлуулж, 1кг-ыг 11,000 төгрөгөөр үнэлэн худалдаж нийт 3,300,000 төгрөгт борлуулсан ба уг мөнгийг тухайн үед би өөрөө хувьдаа авч ашигласан.

2.5. Тэгж А.А-т 3,300,000 төгрөгийг өгч чадалгүй явсаар би 2022 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод шилжээд явсан ба түүнээс хойш одоо болтол Улаанбаатар хотод амьдарч байна.

2.6. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын дундуур байх миний бие Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хороололд байрлах, өөрийн ажиллуулж басан түцэнд сууж байхад нэг цагдаа ирээд намайг дагуулан очиж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 01-р хэлтсийн мөрдөгч Анхбаяр гэдэг хүний өрөөнд дагуулж очиход тэнд А.А-ийн төрсөн ах гэх, цагдаагийн дэд хурандаа А.Б- гэдэг хүн намайг дарамталж, “Одоо чамайг цагдан хорино, хоригдохгүй гэвэл А.А-т 8,000,000 төгрөгийг зээлж авсан, төлж өгнө гэж баримт бичиж, надад баримт өг” гэж айлган сүрдүүлж, албан тушаалын эрх мэдлийг ашиглаж, далайлган сүрдүүлж байгаад надаас хүчээр баримт бичүүлж авсан.

2.7. Гэхдээ бодит байдал дээр А.Х- миний тооцоогоор А.А-т үлдэгдэл вольфрамын бэлдмэл болох 400кг-ын үнэ эсвэл цэвэр 300кг үнэ болох 3,300,000 төгрөг төлөх ёстой. Тэгж байхад 2015 оны 6 дугаар сард Х- намайг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд явж байхад миний унаж явсан УАЗ-469 маркийн, саарал өнгийн суудлын авто машиныг миний эцэг А гэдэг хүний хашаанаас гараад явж байхад хүчээр булаан авч уг машиныг А.А- надаас төлбөрт авлаа гэж аваад, машины ченж М гэдэг хүнд худалдсан байна. Уг машины үнийг мөн А.А- авч завшсан.

2.8. Дараа нь 2017 оны 10 дугаар сард А.Х- миний Дэлүүн сумын иргэн Ж.Б гэх хүнээс авсан 3 тооны сарлаг үхрийг махны үнээр бодож, 1 кг-ыг 4500 төгрөгөөр үнэлж, А.А- авсан бөгөөд уг үхрүүд нь амьдын жингээр 108кг, 105кг,117 кг бүхий 3 үхрийн нийт 1,485,000 (330кг х4500) төгрөгөөр үнэлж авсан.

2.9. Мөн А.А-ийн эзэмшлийн ХААН банкны *******дугаартай дансаар А.Х- би өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар 5 удаагийн үйлдлээр 2,070,000 төгрөг шилжүүлж өгсөн.

2.10. Мөн А.Х- миний бие он, сар, өдрийг санахгүй байна. А.А-ийн оюутан охин Ай гэх охины дансанд 2,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Холбогдох банкны шилжүүлэг Улаанбаатар хотод гэрт байгаа тул нотлох баримтаар гаргаж өгөх болно.

2.11.А.А- надад 8,000,000 төгрөг зээлдүүлсэн болон зээлийн гэрээ байгуулсан явдал байхгүй. Харин цагдаагийн ажилтан А.А-, А.Б- нарын зүгээс албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, хууль бус аргаар вольфрамын бэлдмэл авч, хууль бус наймааг надаар дамжуулан үйлдсэн, байгалийн эрдэс баялгийг хууль бус авсан, ашигласан, борлуулсан зэрэг хууль бус үйлдлийг болон намайг дарамталсан, миний мөнгө, эд хөрөнгийг хууль бус дээрэмдсэн, булааж авсан зэргийг албан тушаалын байдалтай холбогдуулан зохих газарт шалгуулах хүсэлттэй байна.

2.12. Талуудын хороонд 2011 онд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2011 онд биш 2009 оны ажил гүйцэтгэх гэрээ болох нь тогтоогдсон. Учир нь нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид өгч байсан өргөдөл дээр тодорхой байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах тул энэхүү дурдаж байгаа. 3,300,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөх байтал 2011 оны дундуур А.А- Улаанбаатар хотод байгаа ахынхаа албан тушаалын байдлын урвуулан ашиглаж н.Анхбаяр гэх мөрдөн байцаагчийн өрөөнд тодорхойлолт бичүүлж авсан байна.

2.13. Энэхүү тодорхойлолт дээр А.А-ээс мөнгө авсан талаар дурдаагүй, А.А гэх хүнээс зээл авсан талаар дурдсан байна. Иймд дээрх тодорхойлолт энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхгүй байгаа. Мөн нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд гаргаж байсан өргөдөл дээр 10 гаруй жилийн өмнө зээл авсан гэж бичсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Зээлийн гэрээгээ н.Зулай нотариатчаар батлуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ нь хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00891 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Х-гаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Айвын А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,344,044 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, нотлох баримтыг буруу үнэлсэн учраас шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй. Нэхэмжлэгч А.А- нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбарт:.....Х гэх хүнээс 15,000,000 (арван таван сая төгрөг) бэлэн авч, А.Х-д өгч байсан. Дараа нь Х- мөнгө өгөөгүй тул Б.А-ээс 15,000,000 төгрөг зээлж аваад Х-т төлж өгсөн” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаартай тэмдэглэлийг баталгаажуулсан тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар А.Х- нь 8,000,000 төгрөгийг А.А-ээр дамжуулан Х-аас зээлдэн авч, зээлдүүлэгч Б.Х-т зээлдэгч А.Х- өөрөө хувиасаа буцаан төлсөн болох нь нотлогдсон байна.

4.2. 3ээлдүүлэгч Б.Х-с нь А.Х-д нийт 10,000,000 төгрөгийг 2013 онд зээлдүүлсэн гэж, нэхэмжлэгч А.А- нь шүүхэд гаргасан тайлбарт “Миний бие Х-г таньдаг залуу учир итгэж 10 гаруй жилийн өмнө мөнгө өгсөн” гэжээ. Мөн Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгч А.А-, А.Х- нарын хооронд аливаа хэлцэл тохиролцоо 2013 оны үед хийгдэх байсан болохыг нотолсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г нотлох баримтаар үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 8,000,000 төгрөг А.Х- нь А-ээс зээлж авсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

4.3. Хариуцагч А.Х- нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данс, Капитрон банкны ******* дугаартай дансаар тус тус 7 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч А.А-ийн дансанд үнийн дүнгээр нийт 4,070,000 төгрөг бэлэн бусаар нэхэмжлэгч А.А-ийн Хаан банк дахь *******дугаартай дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгаар батлагдсан, тухайн мөнгө төгрөг нэхэмжлэгч А-ийн дансанд орж ирсэн болохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахад нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 8,000,000 төгрөгөөс төлөгдсөн мөнгөний дүн 4,070,000 төгрөг хасаж тооцоогүй байгаад гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангагүй  байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч А.А- нь нэхэмжлэлийн үндэслэлээ “ ...А.Х- таньдаг залуугийн хувьд итгэж 10 гаруй жилийн өмнө өгсөн мөнгийг он дамжиж явсаар байгаад сүүлд нь А.Х- өөрөө хүлээн зөвшөөрч хамтдаа нотариатаар орж 8 сая төгрөг өгөхөөр болж зээлийн гэрээ байгуулсан атлаа тэрнээс хойш 2 жил 3 сар өнгөрч байна. А.Х-гаас зээлийн гэрээний дагуу хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс болж би “Билүү хөгжил” ХЗХ-оос 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр жилийн 36 сарын хүүтэй 7 сая төгрөг зээл авч, зээлийн хүүд нь 2,273,844 төгрөг төлснийг мөн хариуцагчийн эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 10,311,044 төгрөг нэхэмжилж байна” гэж, хариуцагч А.Х- нь татгалзлын үндэслэлээ “...А.А-ээс ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө зээлж байгаагүй. А.А- нь 2011 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг өдөр утсаар холбогдож надад 800 кг вольфрамын бэлдмэл байгаа. Түүнийг зохих үнээр борлуулж өгнө үү гэж хүссэн ба би зөвшөөрч вольфрамын бэлдмэлийг цуглуулж байсан М.Т-д худалдахад тэр хүн 6 уут буюу 400кг жинтэй вольфрамын бэлдмэлийн 1 кг-ыг 10,000 төгрөгөөр үнэлж нийт 4,000,000 төгрөгөөр худалдан авч, уг мөнгийг нь тэр даруй А.А-ийн жолоочид өгч явуулсан. Харин үлдэх 7 уут буюу 400 кг жинтэй вольфрамын бэлдмэлийг бохир, чулуу шороотой байна гэж М.Т- авахаас татгалзсан учир А.А-т хэлээд, би өөрийнхөө хашаанд буулган, чулуу, шороо зэрэг бохирдлыг цэвэрлэж, ялгахад цэвэр вольфрамын бэлдмэл нь 300 кг гарсныг ченж К- гэх хүнд 1кг-ыг 11,000 төгрөгөөр худалдаж нийт 3,300,000 төгрөгт борлуулсан ба уг мөнгийг тухайн үед би өөрөө хувьдаа авч ашигласан. Уг мөнгөний оронд А.А- нь УАЗ-469 маркийн саарал өнгийн суудлын авто машиныг авч завшсан, мөн дансаар 2,070,000 төгрөг, түүний охин болох А.Айшолпаны дансанд 2,500,000 төгрөг, 3 тоон үхрийн махыг килограммыг 4500 төгрөгөөр тооцож 1,485,000 төгрөг өгч төлсөн, одоо ямар нэгэн төлбөргүй. А.А-ээс 8,000,000 төгрөг зээлдэж авч зээлийн гэрээ байгуулсан явдал байхгүй. Уг зээлийн гэрээг Улаанбаатар хотод байхад түүний ах нь болох А.Б- нь айлган сүрдүүлж, албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, далайлган сүрдүүлж байгаад надаар хүчээр бичүүлж авсан гэж” гэж тус тус тайлбарлажээ.

7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.А- хариуцагч А.Х- нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 8.000.000 төгрөгийн зээлийн  гэрээ байгуулсан /хавтаст хэргийн 4 дэх тал/, хариуцагч А.Х-гаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд А.А-ийн ХААН банк дахь *******дугаар дансанд 2,070,000 төгрөгийг, Капитрон банкаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь  ХААН болон Капитрон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 27-31, 59 дэх тал/ тогтоогджээ.

8. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргажээ.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгч А.А- нь зээлийн гэрээний дагуу хариуцагч А.Х-н өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг бодитой шилжүүлэн өгсөн талаарх үйл баримт тогтоогдоогүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч А.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “10 гаруй жилийн өмнө өгсөн мөнгийг он дамжиж явсаар байгаад сүүлд нь А.Х- өөрөө хүлээн зөвшөөрч хамтдаа нотариатаар орж 8 сая төгрөг өгөхөөр болж зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлах боловч тэрээр зээлдэгч А.Х-гийн өмчлөлд тодорхой мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлж өгсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин хариуцагч А.Х- нь нэхэмжлэгч А.А-ээс мөнгө зээлдэж авсан талаар хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаар үгүйсгэж тайлбар гаргасан ба түүний даалгавраар А.А-ийн өмчлөлийн гэх 800 кг вольфрамыг худалдан борлуулж, төлбөр тооцоог барагдуулсан талаар шүүхэд хариу тайлбар гаргасан байна.

            10. Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн гэх 8.000.000 төгрөгийг хохирлын хамт нэхэмжилсэн, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “А.А-ээс мөнгө зээлж байгаагүй, түүний 400 кг вольфрамын бэлдмэлийг 2011 оны 11 дүгээр сард М.Т- гэх хүнд худалдаж 4,000,000 төгрөгийг түүний вольфрамыг ачиж явуулсан жолоочид бэлэн өгч явуулсан, үлдсэн 300 кг вольфрамын бэлдмэлийг 3,500,000 төгрөгөөр худалдаж уг мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэж, дараа нь төлсөн, ямар нэгэн төлбөргүй” гэх тайлбар тус тус гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлж өгсөн нь бодитой тогтоогдоогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

            11. Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд 2015 оноос 2021 оны хооронд тодорхой мөнгөн хөрөнгийн шилжүүлж байсан нь банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа боловч  зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэж энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлохгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд хариуцагч А.Х-н байр сууринаас өөрөөр тайлбарлаж “8.000.000 төгрөгөөс А.Х-н төлсөн 4.070.000 төгрөгийг хасаж тооцох ёстой” гэж тайлбар гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, байр суурийг бус хариуцагч А.Х-н “нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн” тайлбар бүхий хүсэл зоригийг нотлох баримтаар үнэлэх нь талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд юм.

13. Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00891 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн  282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн хариуцагч А.Х-д холбогдуулан гаргасан “10.344.044 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхашын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.455 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, А.Х-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ