Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00001

 

 

 

 

                

 

 

 

 М.Х-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00822 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *** оршин суух, М.Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн ***оршин суух, М.А-, Баян-Өлгий аймгийн **** оршин суух Х.М- нарт холбогдох,  

“15.000.000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагч Х.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэлийн үндэслэл:     

1.1. М.А- нь Н сумын 9 дүгээр багийн нутаг “Хагийн намаржаа” гэх газар эхнэр Х.М-гийн нэр дээр 700 м.кв эзэмшлийн газар байгаа, тэнд чулуун хашаа барихаар буулгасан байшингийн мод байгаа 15,000,000 төгрөгөөр худалдана гэснээр худалдан авахаар болж тохиролцсон. М.А- нь намайг дагуулж тухайн газрын орчимд очоод ерөнхий байдлыг харуулсан.

1.2. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ХААН банкны Улаанхус сумын тооцооны төвд очиж 15,000,000 төгрөгийн зээл гаргуулан М.А-д өгч түүнээс Х.М-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших гэрээг авсан. Гэхдээ газрыг шилжүүлэн эзэмшүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын эхээр тухайн газар руу зусланд гарахаар болж урьдчилан очиж үзэхэд газар нь улсын хил, хилийн цэргийн постын хажуу талд байрлалтай, хилийн хориотой бүсэд ордог, зөвхөн Н сумын харьяат иргэд хилийн цэргийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зусаж болдог газар байсан нь тодорхой болсон.

1.3. Миний бие Улаанхус сумын харьяат иргэн, тухайн газарт зусах боломжгүй, мөн улсын хил, хилийн цэргийн постын хажуу талд хилийн хориотой бүсэд байрлалтай учир эргэн тойронд мал бэлчээх боломжгүй учир мөнгөө буцааж авахаар М.А-д хандсан. Тэрээр би зусаж болж байхад чи яагаад зусаж болдоггүй юм вэ, чиний өгсөн мөнгийг зарцуулчихсан, одоо чамд өгөх мөнгө байхгүй гэж мөнгийг буцааж өгөхөөс татгалзсан.

1.5. Иймд хариуцагч М.А-, Х.М- нараас Н сумын 9 дүгээр баг “Хагийн намаржаа”-д  байршилтай хашаа хороо, байшингийн мод, газрын үнэд өгсөн 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. М.Х- нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр 2 хүүхэдтэй мөн эхнэрийн төрсөн дүү гэх Ж-тай хамт 3 том хүн 2 хүүхэдтэй “Майти” машинаар ирж хашааг үзсэн. Том охин болох Б-ыг Улаанбаатар хотод эмчлүүлэх зардлын мөнгө хэрэгтэй болсон учир хашааг зарахаар болсон.  

2.2. Тухайн үед тус хашааг байшингийн хамт авъя гэсэн 3 хүн байсан. Тэрийг М.Х-д хэлсэн би хэн түрүүлж мөнгө өгсөн хүнд өгнө гэсэн, гэтэл М.Х- түрүүлж бэлэн мөнгө авч ирж өгөөд авсан. Тэр доор нь хашааны гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг хүлээлгэж өгсөн.

2.3. Одоо тэр газарт Улаанхус сумын 3, 4, 5 дугаар багийн 35 өрх бүхий 13 айл, Н сумын 8 өрх бүхий 3 айл Бугат сумын 4 өрх бүхий 2 айл зусаж байгаа. Энэ олон айлын 15 мянгаад бог мал, 3-4 мянган гаруй бод мал одоо хилийн багана хүртэл очиж бэлчээд, айлууд зусаж болоод байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00822 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-, Х.М- нараас 15.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-, Х.М- нараас 232950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай талаас үнэлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч М.Х- нь дотоод итгэлд тулгуурлан өөрөө сайн дурын үндсэн дээр М.А-, Х.М- нарын 5 жилийн турш хууль ёсоор эзэмшиж буй газар, хашаа, хороо, байшингийн модыг 2022 оны 5 дугаар сард 15,0 сая төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэгч М.Х- нь уг газар, хашаа, хороо, байшинг худалдан авахын тулд Улаанхус сумын ХААН Банкнаас 15,0 сая төгрөгийн зээл авч, тухайн үед М.А-, Х.М- нартай удаа дараа биечлэн уулзаж, уг газар, хашаа, хороо, байшингийн модыг газар дээр нь үзэж, Х.М-гийн нэр дээр бүртгэлтэй байгаа уг газрын гэрчилгээ, гэрээ зэрэг бичиг баримтуудыг хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдсон.

4.3. Дээр дурдсан нөхцөл байдал нь нэхэмжлэгч М.Х- худалдан авахыг өөрөө хүсэж санаачлан сайн дураар хийснийг нотолж байна. Гэтэл өнөөдөр М.Х- нь сайн дураар өөрөө зөвшөөрч хийсэн хэлцэлд М.А-, Х.М- нарыг буруутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хариуцагч М.А-, Х.М- нар нь уг газар, хашаа, хороо, байшингийн модыг М.Х-г хууран мэхэлж худалдаагүй, хүч хэрэглэн шилжүүлээгүй, уг газар нь эрхийн доголдолгүй байсан. М.А-, Х.М- нар уг газрын гэрчилгээ, гэрээ зэрэг бичиг баримтуудыг М.Х-д сайн дурын үндсэн дээр шилжүүлж өгсөн, уг бичиг баримтуудыг М.Х- хүлээж авсан, одоо М.Х-н нэр дээр албан ёсоор шилжүүлэхэд татгалзахгүй.

4.4. Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №01\139 дугаартай албан бичгээр "Иргэн Х.М-д олгосон ***** гэрчилгээтэй газар нь хилийн зурваст орох бөгөөд газар эзэмших гэрчилгээ олгоход Хил хамгаалах байгууллагад мэдэгдээгүй” гэснийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон явдалд гомдолтой байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № 112 дугаартай захирамжаар иргэн Х.М-д Н сумын 9 дүгээр баг “Хагийн намарзан” гэдэг газарт байршилтай нэг талбарын ***** дугаартай 700 м.кв газрыг хаваржааны зориулалттай 20 жилийн хугацаатай эзэмшүүлэн сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №08325-2017Ю0035 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” хийгджээ. Иргэн Х.М-д эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлээд 5 жил болсон, уг газар эзэмшүүлсэн шийдвэр одоо хүчинтэй, иргэн М.А-, Х.М- нар уг газрыг 5 жилийн турш намаржааны зориулалттай ашиглаж байхад хилийн цэргийн байгууллагаас уг газар хилийн зурваст байгаа, газар эзэмших гэрчилгээ олгоход хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Өнгөрсөн 5 жилд уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээг хүчингүй болгуулахаар хил хамгаалах байгууллагаас ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байхад өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэнэт албан бичиг үйлдэж байгаа нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хил хамгаалах байгууллага уг газрыг хууль зөрчиж олгосон буюу хилийн зурваст байршилтай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хандаж нэг тийшээ шийдвэрлүүлэх хангалттай хугацаа байсан.

4.5. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэл муутай.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн асуудлын хувьд маргахгүй байгаа. Гол үндэслэл нь тухайн газар нь хилийн зурвас бүхий газар бөгөөд энэ талаар Хилийн тухай хуульд  тодорхой зохицуулсан. Мөн тухайн газар хил хамгаалахаас бусад барилга, байгууламж барихыг хориглосон байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед худалдсан газар нь эрхийн хувьд зөрчилтэй газар байсан гэдэг нь харагдаж байна.

5.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд  газар эзэмшигчийн эрх, үүргийг  зохицуулсан. Тодруулбал газрыг эзэмшүүлсэн этгээдийн зөвшөөрлөөр бусдад шилжүүлэхээс биш бусдад худалдахыг хориглосон. Энэ хүрээнд тодорхой зөрчлүүд гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын давж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.              

 

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч М.Х-н хариуцагч М.А-, Х.М- нарт холбогдуулан  гаргасан “хашаа, хороо, байшингийн мод, газрын үнэд өгсөн 15,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

7. Нэхэмжлэгч М.Х- нь хариуцагч М.А-, Х.М- нарт холбогдуулан “М.А-ы худалдсан гэх газар нь улсын хилийн цэргийн постын хажуу талд байрлалтай, хилийн хориотой бүсэд ордог, зөвхөн Баян-Өлгий аймгийн Н сумын харьяат иргэд хилийн цэргийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зусаж болдог ба эргэн тойронд мал бэлчээх боломжгүй” тул газар эзэмших эрх худалдаж авахад зориулж төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.А-, Х.М- нар “тухайн маргаан бүхий газрыг хашаа байшингийн хамт авахаар М.Х- бэлэн мөнгө авч ирж өгснөөр хашааны гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн газрыг үзэж, худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ. 

 

8. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Н сумын 9 дүгээр баг, “Хагийн намарзан” гэдэг газарт байршилтай нэгж талбарын ***** дугаартай, 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар, 20 жилийн хугацаагаар хариуцагч Х.М- эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг дарга К.Хуанышын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №112 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, түүний хавсралт, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон №***** дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Баян-Өлгий аймгийн Н сумын, 1 дүгээр багт байршилтай, нэгж талбарын ***** дугаар бүхий 700 м.кв газрын кадастрын зураг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №08325-2017/00035 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэрэг нотлох баримтаар;

тус газар нь  хилийн зурвас газарт байршилтай болох нь анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг-2, мөн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №01/139 дугаар Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Мөнгөншагайн албан бичгээр;

тус газрыг эзэмших эрх, уг газарт барьсан хашаа, хороо, байшингийн мод зэргийг хариуцагч Х.М-, М.А- нар нь нэхэмжлэгч М.Х-д 15,000,000 төгрөгөөр “худалдсан” нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар хангалттай тогтоогджээ. Энэ талаар талууд маргаангүй байна.

 

9. Нэхэмжлэгч М.Х- болон хариуцагч М.А-, Х.М- нарын хооронд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг үгүйсгэх, няцаах хууль зүйн болон бодит үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

10. Түүнчлэн хариуцагч Х.М-, М.А- нар нь маргаан бүхий газрыг хууль зөрчиж эзэмшиж байсан гэх илэрхий үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаарх журмыг нарийвчлан хуульчилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нар газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох бичиг баримтуудын хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, түүнээс 15.000.000 төгрөг авсан боловч бодит байдалд Газрын тухай хуулийн дээрх зүйлд заасан зохих журмын дагуу, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр газар эзэмших эрхээ бусдад буюу нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэх газар эзэмших эрхийг шилжүүлэх хэлцэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүйгээс гадна М.Х- болон хариуцагч М.А-, Х.М- нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны “газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” шийдвэргүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлэх, олж авах хууль зүйн үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нөгөө талаар тухайн газар нь хилийн зурвас газарт байршилтай болох нь тогтоогдсон ба Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлтийн 26.3.1 дэх заалтаар улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон тул М.Х- болон хариуцагч М.А-, Х.М- нарын хооронд байгуулагдсан гэх газар эзэмших эрхийг шилжүүлэх талаарх хэлцэл хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

11. Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон тул хариуцагч Х.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагч М.А- нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс татгалзсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК