Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 535

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч П.ЭнхБ-,

шүүгдэгч Ж.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ж-гийн У-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *00* оны 0* дугаар сарын 00-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, 0 хүүхдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын 0 дүгээр баг, 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0000*00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт Ж-гийн У-, /РД:**00000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/  

Шүүгдэгч Ж.У- нь Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэн Б-ын Т-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай */*/00000 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.У-гээс: “ Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Гэрч Г.Г-ийн: “...Ж.У- нь хамгийн анх 2008 онд шиг санаж байна Швед улс явж байсан. Тухайн үед би өөрөө Швед улсад байсан. Тэгээд бид 2 тэнд танилцаж байсан. Тэгээд 2011 онд Ж.У- Монгол буцаж би 2012 онд Монголд ирж байсан. Бид хоёр Швед улсаас ирэхдээ өөрсдийн бичиг баримтаар ирцгээж байсан. Тэгээд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаад Ж.У- нь 2015 онд өөрийн бичиг баримтаар дахин Швед улс руу аяллын визээр явсан. Би араас нь 2016 онд Швед улс руу явж, бид хоёр тэндээ хууль бусаар буюу хараар ажиллаж, амьдарч байсан. Би тэнд байх хугацаандаа БНХАУ-ын Бээжин хот дахь Швед улсын элчин сайдын яамнаас ажиллах виз хүссэн байсан. Тэгээд түүний хариу гарч надад хоёр жилийн хугацаатай Швед улсад ажиллаж, амьдрах виз олгохоор болсон юм. Тэгээд би өөрөө БНХАУ-ын Бээжин хотод ирж, Швед улсын Элчин сайдын яаманд ирж хурууны хээгээ бүртгүүлж визээ авахаар болж Швед улсаас гарах болсон юм.

Тэгээд би Швед улсаас Дани улс руу хурдны галт тэргээр явж тэндээсээ өөрийн бичиг баримтаар Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Шведээс Монгол Улс руу явсан. Бид хоёр Монгол Улсад ирж хүүхдээ аваад БНХАУ-ын Бээжин хот явж цуг бүртгүүлээд гэр бүлийн виз авах зорилготой байсан...

Манай нөхөр Швед улсаас өөр хүний нэр дээр буцах үнэмлэх гаргуулах авч ирсэн. Тэгээд бид хоёр Москва хотын олон улсын нисэх буудал дээр уулзаад Монголын онгоцонд цуг сууж ирсэн юм... Ж.У- нь Швед улсаас өөрийн бичиг баримтаараа гарвал хар тамга даруулах гээд байсан юм. Тэгээд миний Швед улсад ажиллаж амьдрах виз хоёр жилийн хугацаатай гарахаар болсон учраас дахин Швед улсад ирэх хэрэгтэй байсан. Тийм учраас өөр хүний нэр дээр буцах үнэмлэх авч ирсэн. Ж.У- нь Швед улс дахь Монголчуудын зарын группээс өөрийн нэрийг ашиглуулж Швед улсаас гаргана гэсэн зарыг хараад тухайн зарын эзэнтэй холбогдоод Т- гэх залуутай уулзаж түүнд өөрийн цээж зургийг өгч буцах үнэмлэх гаргуулан авсан. Нөгөө залуу нь Швед улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус буцах үнэмлэхийг авсан. Тэгээд тус буцах үнэмлэхээр Ж.У- нь Швед улсаас Монголд ирсэн. Тэгээд Монголд буугаад бичиг баримтаа шалгуулахад зөрчилтэй гэж саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Хилийн зөрчлийн материал /хх-ийн 5-18 дугаар хуудас/,

- Хил хамгаалах Ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Гадаад харилцааны яамны буцах үнэмлэх олгосон талаар баримт бичгийн хуулбар /хх-ийн 32-36 дугаар хуудас/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн  42 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг

Яллагдагч Ж.У-гийн: “...Миний бие Ж.У- нь хамгийн анх 2008 онд Швед улсад очиж 2011 оныг хүртэл тус улсад ажиллаж амьдарч байсан. Тус хугацаанд би өөрийн эхнэр Ганзаяатай Швед улсад танилцаж гэр бүл болж байсан. Тэгээд 2011 онд Монгол Улсад ирээд байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Швед улсын Стокхольм хот руу 1 сарын аяллын визтэй буцаж очсон. Тэгээд тэндээ 1 сарын визны хугацаа дуусаад Швед улсын цагаачлалын албанд ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаар хандсан. Тэгээд 14 хоногийн дараа цагаачлалын албанаас 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх эрх бүхий карт олгосон. Тус картыг 3 сар тутам сунгалт хийлгээд ажил хийж Б-ог юм. Тэгээд Стокхольм хотод Хятад ресторанд тогоочоор 4 сарын хугацаанд ажиллаж мөн Швед улсад татвар төлж байгаад тус ресторанаас ажлын гэрээ хийхийг хүссэн. Улмаар ажлын гэрээ байгуулах гэсэн боловч миний ажиллаж байсан тус Хятад ресторан нь татвараа гүйцэт төлдөггүй байсан учир цагаачлалын албанаас ажлын гэрээ байгуулах зөвшөөрөл өгөхөөс татгазсан хариу өгсөн юм.

Тэгээд түүнээс хойш хараар буюу хууль бусаар амьдарч эхэлсэн. Тэгээд манай эхнэр 2016 оны 03 дугаар сарын сүүлээр Швед улсад 1 сарын аяллын визтэй ирсэн. Тэгээд манай эхнэр нь нэг ресторанд ажиллаж байгаад тус ресторанаасаа ажлын гэрээ хүссэн. Улмаар тус гэрээг Бээжин хот дахь Швед улсын Элчин сайдын яаманд очиж байгуулах шаардлагатай болсон. Тус гэрээг байгуулахад гэр бүлийн хамт дагалдаж виз авч Б-ог байсан юм. Хамгийн гол нь хүмүүс нь Швед улсад биш хилийн чанадад байх шаардлагатай байдаг. Тэгээд би тухайн үед Швед улсад хууль бусаар байсан тул өөрийнхөө бичиг баримтаар гарвал дахин Швед улсын хилээр нэвтрэх боломжгүй болох магадлалтай байсан юм. Тэгээд “Фейсбүүк” цахим сүлжээнд байдаг “Швед улс дахь Монголчуудын ажлын зар” гэдэг группт байсан Т- гэдэг хүнтэй холбогдсон. Тэгээд тэр хүн надтай холбогдоод “Би Швед улсад хараар ажиллаж, амьдарч байгаа юм. Швед улсын гаднаас ажлын гэрээ хүсэх шаардлагатай байгаа юм. Чи миний нэрээр хил гарчих. Би баримт бичиг, онгоцны билетийг чинь зохицуулж өгье” гэж хэлсэн.

Тэгээд бид хоёр тохиролцоод Т- нь миний цээж зургийг аваад Монгол Улсын Элчин сайдын яамнаас надад Т- нэртэй миний зурагтай буцах үнэмлэхийг авч өгсөн. Улмаар би тус үнэмлэхийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Стокхольм хотоос Стокхольм-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцонд сууж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цагт Буянт-Ухаа онгоцны буудалд газардсан. Тэгээд буучихаад хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр очин Т- нэртэй буцах үнэмлэхийг шалгуулахаар өгсөн. Шалгагч нь надаас “Энэ та мөн үү?” гэж асуусан Би “мөн” гэж хэлсэн. Тэгээд шалгагч нь “Энэ та биш л байна даа. Нарийвчилсан шалгалтаар орно” гэж хэлсэн. Тэгээд надаас “Та өөр хүний нэрээр орж ирж байгаа бол үнэнээ хэл. Тэр нь танд хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би үнэнээ хэлээд холбогдох мэдээллүүдийг өгсөн. Тэгээд намайг хуулийн байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 70-74 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ж.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ж.У- нь Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэн Б-ын Т-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай */*/00000 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар хуудас/, гэрч Г.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/, хилийн зөрчлийн материал /хх-ийн 5-18 дугаар хуудас/, Хил хамгаалах Ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, Гадаад харилцааны яамны буцах үнэмлэх олгосон талаар баримт бичгийн хуулбар /хх-ийн 32-36 дугаар хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-41 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн  42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон. 

            Шүүгдэгч Ж.У- нь Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэн Б-ын Т-гийн мэдээлэл бүхий, өөрийн зурагтай */*/00000 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, тус үнэмлэхийг ашиглан, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийн  шинжийг  хангасан байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.У-г хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхээр завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Ж.У- нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан */*/00000 дугаартай буцах үнэмлэх 1 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.У- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.