Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 70

 

                                                          Б.Аод холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ц.Амгаланбаатар,

          хохирогч М.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

          шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Аод холбогдох 1709 0185 80128 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Олонхууд овгийн Батмөнхийн Ариунболд, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 118-221 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ГЮ84112455/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 178 дугаар зүйлийн 178.2, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон;

Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт “Кэйш стандарт” ХХК-нд зээлийн барьцаанд тавьж, тус компанийн өмчлөлд шилжүүлсэн 55-70 УБГ улсын дугаартай “Land rover” загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж бусдыг төөрөгдөлд оруулан “Ди Эй Эм Өү Эй” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, Б.Бүжинлхамд 20.000.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт, Ц.Үын эзэмшлийн 97-89 УНМ улсын дугаартай “Kia К5” загварын автомашиныг “15.500.000 төгрөгөөр худалдан авна” гэж урьдчилгаа 1.000.000 төгрөг өгч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлийг хууль бусаар үйлдэж, уг автомашиныг бусдад зарж борлуулан Ц.Үт 12.000.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Саас 18.000.000 төгрөг зээлийн гэрээ байгуулан авч, 44-24 УБЯ улсын дугаартай “Mercedes benz ML 350” загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан ба 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 44-24 УБЯ улсын дугаартай “Mercedes benz ML 350” маркийн тээврийн хэрэгслийг бусдад зарчихаад мөнгийг нь буцаан өгнө гэж хуурч, М.Ст 18.000.000 төгрөгийн хохирол, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 50.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олонхууд овгийн Батмөнхийн Ариунболдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Аын цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаас 15.000 төгрөгийг хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 01691000, 01692999, 0967875 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч М.Сын өмгөөлөгч Т.Мөнхсүлд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.С миний бие 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

хохирогч М.С нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд прокурор Ц.Амгаланбаатартай биечлэн уулзаж амаар хоёр удаа тавьсан бөгөөд хүсэлтийг хүлээж авч байна, шүүх хуралдаанд оролцуулна гэж хэлсэн байдаг.

Гэтэл шүүхээс хохирогч, түүний өмгөөлөгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн.

Хохирогч М.Ст учирсан эд хөрөнгийн хохиролд зээлийн гэрээний үүрэг болох 28.440.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, нийт 29.240.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 18.000.000 төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл 11.240.000 төгрөгийг барагдуулаагүй байхад Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

М.С, Б.А нар зээлийн гэрээний үүргийн барьцаанд автомашины фидукцын гэрээ байгуулаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж иргэд хоорондын иргэний шинжтэй зээлийн харилцааг эрүүгийн хэрэг гэж хэргийн зүйлчлэлийг буруу хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүх хуралдаанд, хэрэгт анхнаас нь хяналт тавьсан прокурор Ц.Амгаланбаатар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн шүүх хуралдаанд прокурор Н.Түвшинбаяр оролцохоор улсын яллагч солигдож оролцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хурлыг хойшлуулах, энэ нөхцөл байдлыг хохирогч, түүний өмгөөлөгчид танилцуулах үүргийг зөрчиж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийг зөрчиж, хохирогчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор дээрх нөхцөл байдлыг хянаагүй, хэргийн материалыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн хохирогч М.С нь хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хавтас хэрэгтэй танилцаад хэргийг иргэний хэрэг гэж үзэж байгаа, М.Ст холбогдох Б.Аын үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хяналтын прокурор Ц.Амгаланбаатар хангаагүй учир Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 5/426 дугаартай албан тоотоор уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай хариг өгч байсан тул хэргийг шүүхэд шилжүүлэх болоогүй байхад хэргийг шүүхээс хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А бид хоёр зээлийн гэрээг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хоёр сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй байгуулсан. Б.А надад 18.000.000 төгрөг төлснөөс хойш хугацаанд тооцсон алданги дээр өмгөөлөгчийн зардал ороод 11.240.000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас Б.Аын хохирогч М.Сыг залилж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэрэг биш гэж гомдол гаргасан байна. Тиймээс энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирлын хэмжээг багасгаж, Б.Аод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад давж заалдах шатны шүүх хуралд хэлэх зүйл байхгүй, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ... гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан, хууль зөрчөөгүй. Б.А нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж иргэн М.Сыг залилсан болох нь Авто тээврийн газрын лавлагаагаар тогтоогдсон. Б.А нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Үүний дараа хохирогч М.С ирж Б.Аоос алданги, анз авах тухай хэлэхэд нь эрүүгийн хэрэгт энэ нь боломжгүй талаар тайлбарлаж өгсөн. М.С нь хэргийн материалтай танилцсан, түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан. Мөн М.С нь хохирлын 18.000.000 сая төгрөгөө авсан, гомдол саналгүй, Б.Аын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт “Кэйш стандарт” ХХК-нд зээлийн барьцаанд тавьж, тус компанийн өмчлөлд шилжүүлсэн 55-70 УБГ улсын дугаартай “Land Rover” загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж бусдыг төөрөгдөлд оруулан “DAMOA” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, Б.Бүжинлхамд 20.000.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт, Ц.Үын эзэмшлийн 97-89 УНМ улсын дугаартай “Kia    К5” загварын автомашиныг 15.500.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаа 1.000.000 төгрөг өгч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлийг хууль бусаар үйлдэж, уг автомашиныг бусдад зарж борлуулан Ц.Үт 12.000.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Саас 18.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авч, 44-24 УБЯ улсын дугаартай “Mercedes Benz ML 350” загварын автомашиныг барьцаалсан ба 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уг автомашиныг бусдад зарчихаад мөнгийг нь буцаан өгнө гэж хуурч, М.Ст 18.000.000 төгрөгийн хохирол, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 50.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ү /1 хх 9/, Б.Бүжинлхам /1 хх 38/, М.С /1 хх 219-220/, гэрч Н.Энхболд /1 хх 85/, Б.Батсүрэн /1 хх 86/, С.Гэрэлт-Од /1 хх 96/, Г.Баттөр /2 хх 47/, А.Болор-Эрдэнэ /2 хх 49-50/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр” гэсэн огноотой “ИТГЭМЖЛЭЛ” гэх баримт болон Нотариатчийн бүртгэлийн дэвтэрт зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Үын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. ...” гэх 2959 дугаартай дүгнэлт /1 хх 99-10/, автомашины техникийн үнэлгээний тайлан /1 хх 13/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1 хх 16, 109/, итгэмжлэл /1 хх 18, 108, 2 хх 51/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 69, 75/, зээлийн гэрээ /2 хх 52-53/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Аод анхан шатны шүүхээс 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо уг торгох ялыг биелүүлэх хугацааг заагаагүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацааг дээрх хуульд заасан хугацааны буюу 90 хоногийн дотор биелүүлнэ гэж ойлговол зохино.

Хохирогч М.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар нь “...шүүхээс хохирогч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мөн иргэд хоорондын иргэний шинжтэй зээлийн харилцааг эрүүгийн хэрэг гэж хэргийн зүйлчлэлийг буруу хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдсэн прокурорыг оролцуулаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч М.С нь анх 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст /1 хх 191/ Б.Аын хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1810 0106 90446 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 xx 169/ үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.С хохирогчоор мэдүүлэхдээ:                           “... 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, тохиролцон 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй 18.000.000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн барьцаа болгож 44-24 УБЯ улсын дугаартай “Mercedes Benz ML350” маркийн, бор өнгийн автомашиныг Б.А өгөөд 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө мөнгөө өгч чадахгүй бол М.Сын нэр дээр уг автомашиныг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд удалгүй 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ариунболд над руу залгаж уулзаад “машинаа зарахаар боллоо, зарчихаад мөнгийг чинь өгье” гэж хэлээд машинаа аваад явсан. ...ингээд машин ч үгүй, мөнгө ч байхгүй, Ариунболд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. ...” /1 хх 219/ гэсэн нотлох баримтаас үзэхэд хохирогч М.С нь өөрийг нь залилсан гэх Б.Аын үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түүний гомдол, хүсэлтийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

Түүнчлэн, хохирогч М.Сыг залилсан гэх гэмт хэргийн халдлагын зүйл болсон 44-24 УБЯ улсын дугаартай “Mercedes Benz ML 350” автомашин Монгол Улсын гаалийн хилээр 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр орсноос хойш хэд хэдэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд шилжиж байсан бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч Б.Аын эзэмшил, өмчлөлд огт бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Б.Аын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилго түүний хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэхүү шинжээрээ гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана.

Түүнчлэн, залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Аын үйлдэлд залилах гэмт хэргийн дээрх шинжүүд бүрэн хамаарч байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин дээрх 18.000.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнө хохирогч М.Ст төлж барагдуулсны дараа уг хохирлоос гадна хүү, алдангийн хамт нэмж нэхэмжилсэн нь залилах гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй болжээ.

Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/62 дугаартай тушаалын хавсралт болох Прокурор шүүхэд төрийг төлөөлөх ажлын аргачилсан зааврын 1.2 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд цаашид оролцох боломжгүй болсон бол дээд шатны прокурор өөр прокурорыг томилно. ...” гэж заажээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр прокурор Н.Түвшинбаярыг шүүгдэгч Б.Аод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохыг томилсон баримтыг /2 хх 110/ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдсэн прокурор ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчиж хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй зөрчил гаргасан боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: “...надад холбогдох хэргийг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй...” /2 хх 85/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “...М.С миний бие Б.Аоос зээлийн төлбөр болох 18.000.000 төгрөгийг өөрийн эхнэр М.Энхтуулын ХААН банкны ...дансанд хүлээн авсан болно. Одоо ямар нэг гомдол саналгүй болно...” гэх баримт /2 хх 115/, ХААН банкны орлогын мэдүүлэг /2 хх 114/ зэргээс үзэхэд хохирогчийн хувьд Б.Атой ямар нэгэн тооцоогүй, гомдол хүсэлтгүй гэсэн байр сууриа тодорхой илэрхийлж байсныг харгалзан анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хохирогч М.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Цаашид анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                           ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                                           ШҮҮГЧ                                                            М.АЛДАР