Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0495/з |
Дугаар | 001/ХТ2020/0431 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/0431
“У к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/563 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0448 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч “У к” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0448 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан “У к” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/563 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1 ... ” гэснийг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 ... ” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “У к” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... маргаан бүхий газар нь 2 урсгал бүхий автомашины замтай давхцалтай, нийтээр ашиглах гудамж, зам, талбай гэж дүгнэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан. Магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг” гэх үндэслэл нэмж, өөрчлөлт оруулсан нь дараах алдаатай болсон. Үүнд:
4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д төрийн өмчийн газрыг “зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоосон” бол тэр нь нийтийн эдэлбэрийн газар байхаар, 12 дугаар зүйлийн 12.2-д хот тосгон, бусад суурины гудамж, талбай, зам ... зэрэг газар нийтийн эдэлбэрийн газарт хамаарахаар заасан. Магадлалд эдгээр заалтыг үндэслэж, хотын гудамж, зам, талбай нь нийтээр ашиглах газарт хамаарах бөгөөд уг газар нь төрийн өмч байхаар хуульчилсан гэж дүгнэсэн.
5. Харин 1-р хавтаст хэргийн 121-126, 200-204 дэх талуудад авагдсан НИТХТ-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолын хавсралтад дурдсан газруудын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлын цэгүүдийн мэдээлэл нь маргаан бүхий актаар эзэмших эрхийг хүчингүй болгосон газрын мэдээлэлтэй давхцаагүй. Ийнхүү хэрэгт авагдсан НИТХТ-ийн тогтоол нь маргаан бүхий газарт хамаагүй, хамаарах өөр тогтоол байхгүйг 1-р хавтаст хэргийн 179 дэх талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргалаас өгсөн тодруулга, хурлын тэмдэглэлд дурдсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд маргаан бүхий газар нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй гэх тухайлсан үндэслэлүүдээр маргасан.
6. Гэтэл шүүхээс НИТХТ-ээс нийтийн эдэлбэр газарт аваагүй, нийтийн эдэлбэр газрын тогтоосон хил заагт хамаарахгүй маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгүүд буюу нийтийн эдэлбэр газрын зохицуулалтыг хэрэглэсэн /нийтийн эдэлбэр газраар тогтоосон/ нь хууль хэрэглээний алдаа төдийгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар НИТХТ-д олгосон эрх хэмжээний зохицуулалтад нийцэхгүй байна.
7. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т зам, шугам сүлжээний газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж заасан. Магадлалд тус заалтыг үндэслэж маргаан бүхий газрыг нийтээр ашиглах зам гэж үзсэн байна. Тус дүгнэлтэд үндэслэсэн Авто замын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3312 дугаар тоотыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг анхан шатны шүүх гомдол гаргах эрхгүй захирамжаар шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэсэн алдааг засварлаагүй.
8. Тухайлбал, анхан шатны шүүхийн нэхэмжлэгчид хуулиар олгосон гомдол гаргах эрхийг хязгаарлаж гаргасан шийдвэрийг “баримт хэрэгт ач холбогдолтой байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэх дүгнэлтээр зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасанд нийцэхгүй.
9. Мөн Авто замын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3312 дугаартай албан бичигт “ ... Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж, Төв шуудангийн араас Хангарьд ордны баруун талаар Жуулчны гудамж хүртэлх авто зам... ” гэх байршил маргаан бүхий газрын байршилтай давхцахгүй байхад магадлал “хэрэгт ач холбогдолтой” гэж дүгнэсэн үндэслэл тодорхойгүй байна. Учир нь 1-р хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний 2/2401 тоотын хавсралт 8 зураг, 129, 153, 162 дахь талуудад авагдсан Газрын байршлын кадастрын зурагт маргаан бүхий газар Төв шуудан болон Хөрөнгийн биржийн дунд байршилтай нь харагддаг ба шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар мөн тус үйл баримт баталгаажсаныг шүүхүүд баримтгүй үгүйсгэж байна.
10. Давж заалдах шатны шүүх ямар ч тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар гомдол гаргах эрхийг хязгаарласан захирамжийг зөвтгөх учиргүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, шүүх нотлох зарчмаа хэрэгжүүлээгүй байхад тухайн алдааг хэргийн шийдэлд нөлөөлөх эсэхээр дүгнэсэн нь магадгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасныг ч үгүйсгэсэн шинжтэй байна.
11. Нэхэмжлэгч захирамж гаргах хүртэл хугацаанд гэрээнд заасан зориулалтаар газар ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь нотлогдохгүй гэж дүгнэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан. Магадлалд “нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/563 дугаар захирамж нь маргаан бүхий газрын эзэмшлийн хугацаа дуусахаас өмнө гарсан байх боловч нэхэмжлэгч нь захирамж гарах хүртэлх хугацаанд гэрээнд заасан зориулалтаар газар ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь нотлогдохгүй байна” гэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасанд нийцэхгүй.
12. Дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход “газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ашиглаагүй байх” зөрчил шаардана. Гэтэл шүүх хуанлийн 2 жил болоогүй байхад буюу маргаан бүхий газрын эзэмшлийн хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг дүгнэсэн атлаа шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна гээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа мөн.
13. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй гэж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу хэрэглэснийг зөвтгөсөн. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдэл, зөвшөөрөл, хамтын ажиллагааг хуулийн хүрээнд гэдэгт итгэж Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2018 оны 4-р улирлын байдлаар 1,358,000.00 төгрөгийг газрын төлбөрт төлж, газар нь компанийн балансад 421,428,000.00 төгрөгийн өртгөөр бүртгэгдсэнээр газар эзэмших эрхийн гэрчилгээнээс салгах боломжгүй хөрөнгийн эрх үүссэнийг хэрхэхийг итгэл хамгаалах зарчмаар тайлбарлаагүй.
14. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
16. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/563 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн, “... газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн, нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У к ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр “У к” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, анх маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “У к ББСБ” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцжээ.
17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөрөнгийн биржийн баруун талд байршуулан 700 м.кв газрыг хоёр этгээдийн нэр дээр буюу нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон “У х б” ХХК-д “банкны үйл ажиллагааны зориулалтаар” 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээг “У х б” ХХК-тай байгуулж, 0232528 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “У х б” ХХК-ийн нэр дээр олгосон, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон, нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар маргаан бүхий газар эзэмших эрхийг “У х б” ХХК-иас “У к ББСБ” ХХК-д шилжүүлэн, газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр тогтоосон, “У к ББСБ” ХХК нь “У к” ХХК болж өөрчлөгдсөн үйл баримтууд тогтоогджээ.
18. Түүнчлэн, анх нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжаар нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон “У х б” ХХК-д “банкны үйл ажиллагааны зориулалтаар” эзэмшүүлэхээр олгосон газар нь Сүхбаатарын талбайн баруун талд, Хөрөнгийн бирж, “М ц х” ХК (төв шуудан)-ийн дунд байрлах хоёр урсгалтай авто замтай бүхэлдээ давхцалтай, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
19. Газрын тухай хуулийн 6.2-т “... /зам, шугам сүлжээний газар/-ыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах”-аар, 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт хот...-ын ... гудамж, талбай, зам ... хамаарах”-аар, 13 дугаар зүйлийн 13.1-д “зам, шугам сүлжээний газарт ... зам, замын зурвас газар ... хамаарах”-аар тус тус зааснаас үзэхэд нийслэлийн авто зам байрлаж байгаа газар нь нийтээр ашиглах, нийтийн эдэлбэрийн газарт хамаарна, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолын хавсралтад ... /багтаагүй тул/ маргаан бүхий газар нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй”, “... нийтийн эдэлбэр газарт аваагүй, нийтийн эдэлбэр газрын тогтоосон хил заагт хамаарахгүй маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгүүд буюу нийтийн эдэлбэр газрын зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй.
20. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “…батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх...”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” чиг үүргийн нийслэлийн Засаг даргад олгосон, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “... хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байх” нөхцлийг газар эзэмшүүлэхэд шаардсан, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... нийслэл...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан зэргээс үзвэл, газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөгөөр тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болохоор заагаагүй, нийслэлийн авто зам байршиж, нийтээр ашиглаж байгаа нийтийн эдэлбэрийн газрыг аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр, аливаа зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэр гаргах эрхийг нийслэлийн Засаг даргад хуулиар олгоогүй байна.
21. Газрын тухай хуулийн 27.1-д “газрыг ... хугацаа ... /-тай/ гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй ... /бол газар эзэмших эрх дуусгавар болно/” гэж заасан, түүнчлэн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т газар эзэмших эрхийг шилжүүлэхэд “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр /байх/” шаардлагыг хуульчилсан байхад “У х б” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон буюу газар эзэмших эрх дуусгавар болсны дараа нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг “У х б” ХХК-иас “У к ББСБ” ХХК-д шилжүүлсэн нь мөн хууль бус болно.
22. Иймд, “... хууль зөрчиж газар эзэмшүүлсэн, ... хууль зөрчиж газар эзэмших эрхийг шилуүүлсэн” гэх үндэслэлээр “У к” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, анх маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2011 оны 261 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “У к ББСБ” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2017 оны А/464 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/563 дугаар захирамж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “... эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр ... -ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох”-оор заасантай нийцжээ.
23. Шүүхүүд уг асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, маргааны үйл баримтуудад холбогдуулан Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
24. Нийслэлийн Авто замын газраас “ ... Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж, Төв шуудангийн араас Хангарьд ордны баруун талаар Жуулчны гудамж хүртэлх авто зам нь 1975 онд ашиглалтад орсон” гэх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3312 дугаар албан бичгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлснийг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн, нэхэмжлэгч уг нотлох баримтыг “хэрэгт хамааралгүй” гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулахаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь уг шүүхийн бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... шүүх гомдол гаргах эрхийг хязгаарлаж “гомдол гаргах эрхгүй” гэж захирамж гаргасан ... байхад давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасанд нийцэхгүй” гомдлыг хангах боломжгүй.
25. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч “У к” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 542 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “У к” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА