Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 183/2022/01987/И |
Дугаар | 210/МА2022/02148 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2022/02148
2022 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2022/02148 |
Г.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02687 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д- ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д- ХХК-д засварчин албан тушаалд сарын 1,500,000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Д- ХХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар ажилд жинхэлж цалинг 1,800,000 төгрөг болгож, дээрх хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр захирлын Б-387 тушаалаар хөдөлмөрийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж цалинг 3,800,000 төгрөг болгож ээлжийн мастерийн албан тушаал дэвшүүлсэн. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д- ХХК-ийн захирлын Б-023 тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Учир нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 03-86 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг солиулахгүй намайг хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Тус байгууллагын 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7 цагийн засварын бүртгэлийн хуудсанд Г.М- авсан гэх тоног төхөөрөмжүүдийг сольж өгсөн засварчин, хүлээн авсан жолоочийн гарын үсэгтэй баримт байдаг. Иймээс Д- ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-023 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн орох, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 7 сарын цалин 31,500,000 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г.М- нь Д- ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр засварчин албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс ээлжийн мастер албан тушаалд шилжин ажиллаж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.М- нь засварчингаар ажиллаж байх хугацаандаа 0386 УАР дугаартай ачааны машинд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг сольсон хэмээн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бүртгэж, Засварын хуудас №4218 дээр ээлжийн мастерийн хяналт баталгаажуулалтын хэсэгт гарын үсэг зурж, хамтран ажилчдыг төөрөгдүүлэн, журам зөрчин удирдлагуудаараа хянуулахгүйгээр, сэлбэг сольж машиныг кэмпээс гаргаж эрх мэдлээ хэтрүүлсэн. Засварчин албан тушаалтай ажилтан нь Засварын үйл ажиллагааны журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг. Засварын үйл ажиллагааны журмын 7.9.1-д заасны дагуу ээлжийн мастерийн өгсөн тушаал болон засварын хуудасны дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэнэ..., мөн 7.9.3 заалтын дагуу ...гарсан эвдрэл гэмтлийг чанартай засварлаж ээлжийн мастераар шалгуулна..."(зөвхөн засвар хийнэ, кэмпээс машин гаргах эрх байхгүй гэдгийг энэ хэсэгт заасан байна), мөн 7.9.5 заалтын дагуу ...хийгдсэн сэлбэг материалын бүртгэл мэдээллийг засварын ажлын хуудсанд тэмдэглэж, ээлжийн мастераар хянуулна .. "(удирдлагаар хянуулах ёстой гэдгийг журмын энэ хэсэгт заасан) гэж заасан. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр засварын хэлтсийн дарга Б.С-, ерөнхий шалгах инженер Ван Ян нараар хийгдсэн ажлыг хянуулж, Засварын хуудас №4218 дээр гарын үсэг зуруулах ёстой байсан ч, засварчин Г.М- нь ээлжийн мастерийн баталгаажуулалтын хэсэгт дангаараа гарын үсэг зурж, удирдлагууддаа мэдэгдэлгүйгээр, тэднээр санаатайгаар хянуулахгүйгээр, сэлбэг солигдоогүй машиныг кэмпээс гаргах үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Шалгах механикч Н.Л-гийн бичсэн мэдүүлэгт ...би яагаад сэлбэг солигдоогүйг тодруулахад Г.М- би мэдэж байгаа гээд жолоочийг гаргаад явуулсан... мөн уг сэлбэгийг гагнах үйл ажиллагааг 300 мин хийсэн гэж засварын хуудас №4218 бичигдсэн гагнуурчин Г.Бямбасүрэнгийн ирүүлсэн бичгэн мэдүүлэгт ...миний бие дээрх машинд засвар хийгээгүй... гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд засварын хуудас №4218 дээрх засварын ажил хийгдээгүй болох нь нотлогдох ба аливаа засвар үйлчилгээг бүрэн гүйцэд хийгээгүй сэлбэг хэрэгслийг кемпээс гаргах зөвшөөрөл олгосон нь засварчин Г.М- нь өөрт нь олгогдоогүй ээлжийн мастерийн эрх мэдлийг хэрэгжүүлж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзсэн бид юм. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.Мягмаржав нь Засварчин албан тушаалтай байсан түүний үүргийг Засварын үйл ажиллагааны журмын 7.9.1, 7.9.3, 7.9.5 заалтад тодорхой заасан бөгөөд амаар болон бичгээр кэмпээс машин гаргах зөвшөөрөл олгох эрх мэдэлгүй. Энэхүү үйлдлээрээ /сэлбэг хэрэгсэл солиогүй мөртлөө шаардах хуудсаар сэлбэгийг хүлээн авах, засвар үйлчилгээ хийхгүйгээр, сэлбэг хэрэгслийг кэмпээс гаргах/ компанийн ажилчид, эд хөрөнгө болон ачаа тээвэрлэлтийн явцад өндөр эрсдэл учруулж, өөрийн албан тушаалыг хэтрүүлэн хэрэглэж, хувийн ашиг сонжоо, санхүүгийн ашиг олох үүднээс энэ үйлдлийг гаргасан байна гэж дүгнэсэн. Эдгээр үйлдлээс харахад ажил олгогчийн зүгээс Г.М-т цаашид итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Г.М-ыг Д- ХХК-ийн ээлжийн мастерийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Д- ХХК-иас нэхэмжлэгч Хэрдэг овогт Г.М-ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 960 833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д- ХХК-иас нэхэмжлэгч Хэрдэг овогт Г.М ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсны тэмдэгтийн хураамжид 252,754 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт Уг засварын бүртгэлийн хуудасны дагуу шаардах хуудсаар машинд хийгдэх засварын ажлын сэлбэгийг авсан талаар зохигч маргаагүй боловч сахилгын шалгалт, шийтгэлийн хуудсанд болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалд дурдсан 0386 УАР дугаартай тээврийн хэрэгслийн солих ёстой байсан 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы 2 ширхэг амыг солиулаагүй гэдгийг баримтаар нотлоогүй болно. Учир нь засварын бүртгэлийн хуудсанд шаардах хуудсаар авсан 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы, 2 ширхэг амыг сольсон талаар дурдсан байх бөгөөд түүнийг дээрх эд зүйлсийг үрэгдүүлсэн, шамшигдуулсан, алга болгосон, санхүүгийн ашиг олох зорилгоор ашигласан гэх ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв гэжээ.
Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ нотлох баримтыг хангалттай бүрэн бодитой үнэлээгүй нэг талын нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтад Засвар бүртгэлийн хуудас авагдсан бөгөөд уг хуудсанд засвар хийсэн гэх Б, Т, Ө, Ж, Б, Э нарын нэрийн ард гарын үсэг гэсэн хэсэг дээр гарын үсэг зурагдаагүй, уг нэрийг өөрөө бичсэн талаар нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдаг.
Мөн Засвар бүртгэлийн хуудас-ны доод хүснэгтэд засвар дууссан огноо болон Засварын хэлтсийн дарга, Ерөнхий шалгах инженер, ээлжийн мастер, тээвэр зохицуулагч, тээврийн хэлтсийн ажилтан нар гарын үсэг зурах ёстой байтал зөвхөн нэхэмжлэгчийн буюу М-ын өөрийн ээлжийн мастер гэсэн хэсэгт гарын үсэг зарсан нөхцөл байдал нотлогдож байгаа. Манай компанийн Гүйцэтгэх захирлын баталсан Засварын үйл ажиллагааны журам-ийн 7.9.5 Хийгдсэн засвар үйлчилгээ, сэлбэг материалын бүртгэл мэдээллийг Засварын бүртгэлийн хуудас-д тэмдэглэж ээлжийн мастераар хянуулан, засварын бүртгэлийн ажилтан/захиргааны ажилтанд хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн байна.
Г.М- нь тухайн засвар хийгдэх үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д- ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр туршилтын хугацааг дуусгавар болгон жинхлэн ажиллуулах тухай 2021/Б-1 тоот тушаалын дагуу засварчны ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд дээрх журмын заалтыг зөрчиж, Ээлжийн ахлагч гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг зурсан. Засварын хэлтсийн дарга, Ерөнхий шалгах инженер, тээвэр зохицуулагч, тээврийн хэлтсийн ажилтан нараар гарын үсэг зуруулаагүй нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэх хангалттай үндэслэл болж байгаа юм.
Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт ... дурдсан эд зүйлийг үрэгдүүлсэн, шамшигдуулсан, алга болгосон санхүүгийн ашиг олох зорилгоор ашигласан гэх ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв. гэж дүгнэсэн бөгөөд үрэгдүүлсэн шамшигдуулсан, санхүүгийн ашиг олох зорилгоор ашигласан байх нөхцөлөөр ажлаас чөлөөлөөгүй харин Г.М- нь ... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ... 03-86 УАР дугаартай тээврийн хэрэгслийн засварыг гүйцэтгэсэн ба солих ёстой байсан 2 ширхэг сорочканы амыг солиулалгүйгээр өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн тээврийн хэрэгслийг кемпээс гаргах зөвшөөрөл олгосон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан.
Иймээс шамшигдуулсан, алга болгосон, санхүүгийн ашиг олох зорилгоор ашигласан зэрэг бүхий л нөхцөл байдлыг тогтоох шаардлага байхгүй.
Г.М-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.5.9-д Компанийн эд хөрөнгө хамтран ажиллагч болон ажил олгогчийн үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн санаатайгаар үрэгдүүлсэн, шамшигдуулсан, алга болгосон, зөвшөөрөлгүй ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн, дурдсан үйлдлүүдийг хийхээр оролдсон бол Хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулахаар заасан бөгөөд тухайн зөрчилд эдгээр шинжүүд бүгд агуулагдсан байх шаардлагагүй аль нэг нь эсхүл тодорхой шинжүүд агуулагдсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай гэрээний заалт юм.
Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн, солих ёстой байсан 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг солиулалгүй гэдэг нь тухайн Засвар бүртгэлийн хуудас зөрчилтэй, шалгаж гарын үсэг зурах шаардлагатай этгээдүүд зураагүй байсан ажилтан ээлжийн мастерын эрхийг үндэслэлгүйгээр хэрэгжүүлэн гарын үсэг зурсан, мөн уг сэлбэгийг солиогүй талаар хяналт шалгалтын явцад бичгээр мэдээлэл өгсөн зэрэг нөхцөл байдлаар нотлогдож байгаа юм. Эдгээр зөрчил нь тухайн сэлбэгийг солиогүй гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд мөн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 6.5.9-д заасан заалтын зөвшөөрөлгүй ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх нөхцөл байдал нотлогдоно.
Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гүйцэтгэх захирлын тушаалд заагдаагүй үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрт ... Нэхэмжлэгчийг эд зүйлсийг солиулаагүй болох нь механикч Н.Л-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл засварын инженер С мастер Г.М-ын аман тайлбараар шалгах механикийн албан үүргийг гүйцэтгэж байсан, тухайн үед Хатанбаатар жолоочтой 03-86 УАР дугаартай машиныг шалгаж засварт оруулахад 2 ширхэг ам, 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг пальц солих шаардлагатай байсан, тухайн машиныг засварт ороод гарахад шалгахад 1 ширхэг тонголзуур, 1 ширхэг пальц солигдоогүй байсан, Г.Б-ийн ... гагнуурчнаар ажилладаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гагнуурын ажил гүйцэтгэж байхдаа 03-86 УАР улсын дугаартай Хатанбаатар жолоочтой машинд сорочканы ам гагнаагүй засварын бүртгэлийн хуудсанд миний нэр байгааг гайхаж байна. Н.Л-ээс дээрх жолооч нь 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы ам засвар хийлгэлгүй авч гарсан талаар сонссон гэсэн тодорхойлолтуудаар нотлогдоно гэсэн боловч уг тодорхойлолт нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно ... гэжээ.
Компанийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.5-д ... Дотоод хяналтын хэлтэс болон хуулийн хэлтэс нь энэхүү журмын дагуу тохиолдсон хэрэг явдал, ажилтны гаргасан зөрчил, үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох баримтуудын хүрээнд нягтлан судалж шалгаснаар ажилтны гаргасан зөрчил, гэм буруутай эсэх, сахилгын ямар шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг тус тус тогтооно гэж заасан байдаг бөгөөд мөн зүйлийн 12.5.2.2-д Гэрч байгаа тохиолдолд гэрч бүрийн мэдүүлгийг ганцаарчлан авах ажлыг хяналт шалгалтын хүрээнд хийхээр журамласан байдаг.
Эдгээр хэрэгт авагдсан баримтууд нь хяналт шалгалтын хүрээнд хийгдсэн ажлын нотлох баримтууд бөгөөд дотоод хяналт шалгалтын баримтуудыг хуурамч, эсхүл эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй байсан тул давхар гэрчээр асуулгах шаардлагагүй, хэрэв нэхэмжлэгч талаас эдгээр баримтыг хуурамч гэж үзсэн, эсхүл хуурамч болохыг нотолсон баримт гаргасан тохиолдолд эдгээр баримтууд нотлох чадвараа алдах, шүүх үнэлэхгүй байх боломжтой билээ.
Эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримт бөгөөд мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангуулан шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх энэхүү хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ дотоод хяналт шалгалт нь хууль тогтоомж, дотоод дүрэм журмын дагуу шударга явагдсан эсэх, тухайн баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан эсэх дээр үнэлэлт өгөөгүй, шууд гэрчийн мэдүүлгийг шүүхэд өгөөгүй гэх шалтгаанаар дотоод хяналт шалгалтаар цугларсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байгаа нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Засварын бүртгэлийн хуудсанд бичигдсэн засвар хийсэн ажилтан болох гэрч Э.Жамъяны ... жолооч нь Хатанбаатар гэж ах байсан, би хамтрагчтайгаа хамт хийсэн, тонголзуур пальц болон дөр боолттой сольж хийсэн, хуучныг нь аваад шинийг сольж хийсэн. Ээлжийн мастер Г.М- байсан. н.Л гэдэг хүн шалгагч механикчийн орлогч байсан. гэх мэдүүлгээр засварын бүртгэлийн хуудсанд дурдсан засвар хийгдсэн байна гэж дүгнэв... гэжээ.
Гэрч Э.Ж ийнхүү засварын ажлыг хийсэн гэж мэдүүлсэн боловч Завсар бүртгэлийн хуудас-д ... тосолгоо хийсэн гэсний ард гарын үсэг зурсан байх бөгөөд Б, Т, Ө, Ж, Б, Э нар нь ямар ажил үүрэгтэй байсан болохыг мэдүүлээгүй байна.
Уг мэдүүлэгт зөвхөн хамтрагчтайгаа засварын ажил гүйцэтгэсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд тухайн үед гэрч нь механикийн ажлыг гүйцэтгэж байсан гэх бөгөөд засвар хийх чиг үүрэг байхгүй ажил мэргэжлийн хувьд засвар хийх үндэслэл байхгүй байхад гэрч ийнхүү мэдүүлсэн нь үндэслэлгүй.
Мөн энэхүү ажлыг гүйцэтгэхэд гагнуурын ажил зайлшгүй шаардлагатай байхад гагнуурчин Б.Б уг ажилд оролцоогүй гэдгийг мэдүүлдэг бөгөөд Засвар бүртгэлийн хуудас-д засвар хийсэн гэх этгээдүүд хэн нь ч гарын үсэг зураагүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ Дотоод журмын бусад заалтыг анхаараагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 6.11-т тэнцсэн ажилтныг Гүйцэтгэх захиралд танилцуулж тушаал батлуулснаар Хөдөлмөр эрхлэлт албажна гэж заасан байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн ээлжийн мастераар томилсон болох нь нотлогдоно.
Ийнхүү тушаал гараагүй, тухайн албан тушаалд томилох эрхгүй этгээдийг томилсон гэсэн үндэслэлээр эрх мэдлээ хэтрүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч хангалттай мэдэж байсан. Гүйцэтгэх захирлын тушаалаар түүнийг засварчин туршилтаар ажилд авч, жинхэлсэн байхад өөр эрхгүй этгээд томилсон гэх шалтгаанаар ээлжийн мастерын чиг үүргийг хэрэгжүүлснийг шүүх зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ... Н.Л нь мөн орлон ажиллаж байсан талаар зохигч маргаагүй болно гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй. Н.Л орлон ажиллаж байсан нь нэхэмжлэгчийг хуулийн дагуу томилсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эдгээр бүхий л томилгоо нь дүрэм журамд нийцээгүй болохыг дотоод хяналтаар илрүүлсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан нэхэмжлэгчид үүрэг өгөх, албан тушаалд томилох гэсэн ойлголтууд өөр бөгөөд тухайн ажил үүрэгт нийцсэн үүрэг өгөх тухай зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийг ээлжийн ахлахаар ажиллуулж байхад эсхүл нэхэмжлэгч өөрөө ийнхүү өөр ажил албан тушаалд ажиллаж байгаа талаар компанийн эрх бүхий албан тушаалтнуудад огт мэдэгдээгүй болно. Энэхүү нөхцөл байдал нь дотоод хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил юм.
Анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэжээ. Тушаал хүчин төгөлдөр тохиолдолд шүүх энэхүү тушаалын хэрэгжилтийг хязгаарлаж шийдвэр гаргах өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад заагдаагүй үр дагаврыг бий болгож шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 03-86 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг солиогүй гэж гүтгэж ажлаас чөлөөлсөн. Засварын хэлтсийн дарга Б.С- гэж хүн үүрэг даалгавар өгсний дагуу би ээлжийн ахлахыг түр орлон гүйцэтгэж байсан. Түүнээс хойш 09 дүгээр сарын 28-ны өдөр ээлжийн мастерийн тушаал гарсан. Засварын хуудасны дээд хэсгийг Н.Л бичиж ирүүлсний дагуу би шаардах хуудас бичиж өгсөн. Шаардах бичсэний дагуу засварын хэлтсийн дарга Б.С-, хятад инженер, нярвын гарын үсэгтэй шаардах хуудас гардаг. Машин тээвэрт гарах үед шалгах механик шалгаж, хэрэв засвар хийгдээгүй бол машин тээвэрт гарах ёсгүй. Засвар хийсэн хүн гарын үсэг зурахгүй зөвхөн ээлжийн мастер засварын хуудсыг бөглөдөг. Засварын хуудсыг хаах хэсгийг бөглөх үед уг хэсгийг бөглөх эрх бүхий албан тушаалтан нь байгаагүй. Хавтаст хэргийн 107 дугаар талд бичиг хэргийн ажилтанд хүргэгдэж засварын нэгдсэн бүртгэлд орсон бүртгэл авагдсан. Шүүх хуралд гэрчээр засварын хэлтсийн дарга Б.С-, уг засварыг хийсэн Э.Жамъян гэх засварчин оролцсон. Тухайн үед компаниас ээлжийн мастер, хүний нөөцөө бүрдүүлж чадаагүй ажиллах хүн байхгүй байсан тул би орлож ажиллаж байсан. Гэрч Б.С-, Э.Жамъян нарын тайлбараар засвар хийсэн болох нь бүрэн нотлогддог тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 31-33, 109/
3. Д- ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай №Б-023-р тушаалаар Тус компанийн ээлжийн мастер албан тушаалтай Г.М- нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, 0386 УАР дугаартай тээврийн хэрэгслийн солих байсан 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг солиулалгүйгээр өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, кемпээс гарах зөвшөөрөл олгосон зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэж Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.4.1.9, 12.8.4.1.10 дахь заалтууд, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9, 6.5.10-д заасныг тус тус үндэслэн Г.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх34/
4.а. Хэргийн 84 дүгээр тал дахь 03-86 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийсэн тухай Ажлын 4218 дугаартай Засварын бүртгэлийн хуудаст 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг сольсон гэж тэмдэглэсэн байна.
4.б. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо ...Уг бүртгэлийн хуудсанд Г.Б, Т, Ө, Ж, Б, Э нар гарын үсэг зураагүй. Иймд уг тээврийн хэрэгсэлд засвар хийгдээгүй гэж ажил олгогч маргажээ. Засварын хуудаст гарын үсэг зураагүй байгаа нь засварыг бодитой хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
4.в. Анхан шатны шүүх Э.Ж, Б.С- нараас Эрүүгийн хууль сануулан, гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт болох бөгөөд гэрч Э.Ж нь 03-86 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийсэн засварчин байх тул түүний мэдүүлэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шууд нотолгоо болно. /хх 95, 98-103/
Гэрч Э.Ж-ы ...Тонголзуур болон пайлз, дөр боолтыг хуучныг нь аваад шинийг сольж хийсэн гэх мэдүүлгээс дүгнэхэд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг сольсон болох нь тогтоогдож байна.
Дээрх гэрчийн мэдүүлгийг хариуцагч байгууллагаас баримтаар үгүйсгээгүй тул Г.М- нь 03-86 УАР дугаартай тээврийн хэрэгсэлд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг сольсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.г. Д- ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай №Б-023 тушаалын үндэслэл болох сэлбэгийг солиогүй гэх байдлыг баримтаар нотолж чадаагүй нөхцөлд нэхэмжлэгчийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн үед засварчнаар ажиллаж байсан талаар маргаагүйгээс гадна гэрч Б.С- ...М-ыг ээлжийн мастераар би түр томилсон байсан гэж мэдүүлсэн нь Г.Мягмаржавыг шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх Н.Л, Г.Б нарын тайлбараар зөрчлийг тогтоосон тодорхойлолтыг үнэлээгүй гэх агуулгатай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь уг тодорхойлолтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
6. Нэхэмжлэлийн шаардлагаас Д- ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай №Б-023 тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.
Ажил олгогчийн ажилтныг ажил албан тушаалаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, үр дагаврыг арилгаж шийдвэрлэсэн тохиолдолд уг тушаалыг хүчингүй болгох ач холбогдолгүй. Уг тушаалыг хүчингүй болгох нь бие даасан 2 шаардлага болохгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох учраас нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.М-ыг Д- ХХК-ийн ээлжийн мастерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 7 сар 12 хоногийн цалин нийт 18,960,833 төгрөгийг хариуцагч Д- ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.М-д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР