Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2023/00003

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2023/00003

 

 

 

А.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00943 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Найдансүрэнд холбогдох

Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 (гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Найдансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа,******* /онлайнаар/, хариуцагч М.Найдансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Балдан-Осор болон хариуцагч М.Найдансүрэн нар нь надад дээр өөрсдөө ирсэн. Хариуцагч миний машиныг ирж үзээд авна гээд тань руу мөнгийг яаж хийх үү эсэх асуудлыг ярилцаж байгаад явсан. Тухайн үед 2014 оны 8 дугаар сарын 20-ны үе байсан шиг санагдаж байна. Би хариуцагчид машины мөнгөө төлж дуусгаад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж аваарай гэж хэлж байсан. Би Автотээврийн газарт очиход миний машин хариуцагч М.Найдансүрэнгийн нэр дээр шилжсэн байсан. Би энэ талаар огт мэдээгүй. Би машинаа хариуцагчид 2014 оны 8 дугаар сард өгсөн. ...Би анх автомашинаа 2008 онд худалдан авч байсан. ...Тухайн үед ............. гэсэн улсын дугаартай байсан. Одоо миний автомашин ........... гэсэн улсын дугаартай болчихсон байгаа. ...Би машины үнэ болох 35,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа машины гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон. Би хариуцагчийг машиныхаа мөнгийг өгөхийг шаардаж гар утас руу залгахад би С.Сувдаа гэх хүний данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд надад М.Найдансүрэн С.Сувдаагийн утасны дугаарыг өгөхөөр нь би С.Сувдаатай нь очиж уулзсан. Тэгээд С.Сувдаагаас нь энэ талаар асуухад М.Найдансүрэн ах надад өрөө төлсөн, би энэ талаар мэдэхгүй гэж хэлсэн.

...Би талийгаач Б.Балдан-Осорт машинаа зарж өөр машин авмаар байна гэж хэлж байснаас биш машинаа үлдээгээгүй. Тэгээд Б.Балдан-Осор над руу залгаад М.Найдансүрэнтэй ирж миний машиныг үзсэн. Би нэхэмжлэлийн шаардлага өмгөөлөгчөөрөө бичүүлсэн учраас манай өмгөөлөгч нар буруу бичсэн байх гэжээ.

Хариуцагч М.Найдансүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ А.******* гэх хүнийг би огт танихгүй, энэ хүнтэй машины наймаа хийгээгүй юм. Б.Балдан-Осорын хувьд гэвэл би Б.Балдан-Осортой найз нөхдийн холбоотой, Б.Балдан-Осор нь Улаанбаатар хотод барилгын компанитай, хотод танил ихтэй, том бизнесмен хүн юм. Найз маань надтай уулзахдаа чи машинаа солиоч гэж зөвлөдөг л байсан учраас Ланд круйзер маркийн машин захиж байсан нь үнэн. 2013 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Б.Балдан-Осор над руу утсаар залгаж 2 ширхэг Ланд-100 байна, чи ирж үзэхгүй юу гэхэд нь би Улаанбаатарт очиж уг машинуудыг нь үзсэн. Тэгээд нэг машиныг нь авъя гэхэд наадах чинь 35,000,000 төгрөгийн үнэтэй, чи мөнгөө бүрэн гүйцэд хийчихээр чинь чиний нэр дээр шилжүүлэг хийлгээд явуулъя. Одоо машинаа аваад явж байгаарай гэсэн учраас уг машиныг авч ирсэн.

Би мөнгө төгрөгөө цувуулаад хийж болох уу гэхэд Б.Балдан-Осор чи манай дүү С.Сувдаагийн Төрийн банкны 103310486692 гэсэн данс руу хийчхээрэй мөнгөө бүрэн хийж дуусахаар чинь би машины бичиг баримтыг шилжүүлж өгье гэж хэлсэн. Тийм учраас би Төрийн банкин дахь*******гийн*******гийн ............... гэсэн данс руу нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Балдан-Осор нь 2014 оны зун амарч ирээд буцахдаа иргэний үнэмлэхийн хуулгаа өгчих, машиныг чинь одоо очоод шилжүүлээд өгье гээд миний иргэний үнэмлэхийн хуулгыг аваад явсан. Би А.******* гэдэг хүнийг огт танихгүй. Харин Б.Балдан-Осорыг бол таньдаг байсан. Гэхдээ Б.Балдан-Осор нь надад тухайн машиныг А.******* гэдэг хүний машин, чи тэр хүнтэй уулзаж машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх ёстой талаар ямар нэгэн зүйл хэлээгүй.

...Удалгүй Б.Балдан-Осор нас барсан байсан. 2015, 2016 онуудын аль нэгэнд нь байх би сайн санахгүй байна, машинаа техникийн үзлэгт хамруулахад тухайн машин миний нэр дээр шилжсэн байсан. Автомашины эзэмшигчийн нэр шилжүүлэхэд худалдаж байгаа эзнийг нь буюу эзэмшигчийг өөрийг нь байлгаж байж шилжүүлдэг. Тиймээс Б.Балдан-Осорын надад зарсан машины эзэн нь энэхүү А.******* өөрөө мөн бол өөрөө л очиж шилжүүлгийг нь хийлгэсэн байх.

...Тиймээс би А.******* гэдэг хүнийг огт танихгүй, энэ хүнтэй машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, машиныг нь авахаар биечлэн уулзаж тохирч байгаагүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй учир хариуцагч М.Найдансүрэн нь нэхэмжлэгчид автомашины үнэ болох 35,000,000 төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00943 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Найдансүрэнгээс Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Найдансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Найдансүрэн давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, дутуу нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч А.******* нь М.Найдансүрэн надад холбогдуулан гэрээний үүрэгт 35,000, 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хэзээ гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоон дүгнэж чадаагүй атлаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь М.Найдансүрэн миний бие 2013.12.20-ны үеэр Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан атал нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг 2014 оны 08 дугаар сард надад худалдсан хэмээн үндэслэлгүй тайлбар гаргасан байдаг. /ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу зохигч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй/

Анхан шатны шүүх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол хэзээ байгуулагдсан болох, байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой атал энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүйгээр буюу хэзээ гэрээ байгуулагдсан талаар дүгнэлгүйгээр талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 2014 оны 08 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй болох нь 2014.03.18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014.03.19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014.05.12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014.06.24-ний өдөр 2,000,000 төгрөгийн гүйлгээгээр тогтоогддог.

Мөн талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд гэрээний үнэ болон үнийг төлөх хугацааг хэрхэн тохиролцсон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх тогтоох ёстой атал дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. /Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, хэрэв гэрээний харилцаа үүссэн бол хэзээ үүссэнийг тогтоох нь маргааныг хянан шийдвэрлэхэд болон хөөн хэлэлцэх хугацааг тогтооход чухал ач холбогдолтой юм/

2. М.Найдансүрэн миний бие тухайн тээврийн хэрэгслийг 2013.12.20-ны үеэр худалдан авч, үнийг С.Сувд гэх хүний данс руу 4 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төлсөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийн үнэ бүрэн төлөгдсөн байхад дахин 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч А.******* нь 35,000,000 төгрөгийг аваагүй тохиолдолд 8 жилийн хугацаанд машин үнийг шаардахгүй байх боломжгүй бөгөөд ийнхүү машины үнийг шаардаж байгаагүй нь үнэ төлөгдсөн болохыг нотолж байна. /Анхан шатны шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан/

3. М.Найдансүрэн миний бие Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг С.Сувдаа гэх хүний дансанд төлсөн бөгөөд хэргийн материалд 35,000,000 төгрөг төлсөн баримт авагдсан байхад хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгч А.*******ын тайлбарыг үндэслэн 35,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.*******аас гаргасан ... С.Сувдаагаас энэ талаар асуухад М.Найдансүрэн ах надад өрөө төлсөн, би энэ талаар мэдэхгүй гэж хэлсэн гэх тайлбарыг нь үндэслэн М.Найдансүрэн намайг машины үнийг төлөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд А.******* нь С.Сувдаа гэх хүнтэй уулзсан эсэх, С.Сувдаа гэх хүн М.Найдансүрэн надаас 35,000,000 төгрөгийг авлагатай байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. М.Найдансүрэн миний бие С.Сувдаа гэх хүнтэй өглөг, авлага, өр төлбөрийн ямар нэгэн тооцоогүй бөгөөд хэрэв С.Сувдаа нь М.Найдансүрэн надаас 35,000,000 төгрөгийн авлагатай байсан бол шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, энэ талаарх үйл баримтаа нотлох ёстой. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх мөн энэхүү үйл баримтад дүгнэлт хийж, М.Найдансүрэн болон С.Сувдаа нар өглөг, авлагын тооцоотой эсэх, С.Сувдаа нь нэхэмжлэгч А.*******ад тэгж хэлсэн эсэх талаар тодруулах шаардлагатай юм.

М.Найдансүрэн миний бие Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 35, 000,000 төгрөгийг С.Сувдаагаар дамжуулан төлсөн болох нь хэрэгт авагдсан 4 удаагийн гүйлгээ болон С.Сувдаагийн гэрчийн мэдүүлгээр нотлогдох юм

Гэтэл анхан шатны шүүх С.Сувдаа гэх хүнээс тайлбар, гэрчийн мэдүүлэг авалгүйгээр хэт нэг талыг барьж, А.*******ын тайлбарыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хардлага төрүүлж байна.

...Мөн М.Найдансүрэн миний бие Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг хэзээ, хэнээс худалдан авсан, үнийг хэрхэн төлсөн талаар нэхэмжлэгч А.*******тай хамтран амьдарч байсан Б.Майцэцэг, жолооч Э.Ганчулуун нар сайтар мэдэж байгаа эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, хэргийн материалд хавсаргах нь А.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүрэн дүүрэн, үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Учир нь Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад Э.Ганчулуун хамт байлцсан юм.

4. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдлаа хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь 2022.10.27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар мэтгэлцсэн атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд үйлчилж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Учир нь М.Найдансүрэн миний бие 2013 оны 12 дугаар сард Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, үнийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч А.******* нь 9 жилийн дараа М.Найдансүрэн намайг машины үнийг төлөөгүй хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

...Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг хэрэглээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж, мэтгэлцсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх талууд маргасан эсэхээс үл хамаарч шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийх ёстой атал энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

5. Нэхэмжлэгч А.******* нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд өөрөө гарын үсэг зураагүй бөгөөд түүний өмнөөс итгэмжлэлгүй хэн нэгэн этгээд гарын үсэг зурж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг нь хэргийн материалд авагдсан гарын үсгээс зөрүүтэй байх ба мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан ... Би нэхэмжлэлийн шаардлага өмгөөлөгчөөрөө бичүүлсэн учраас манай өмгөөлөгч нар буруу бичсэн байх... гэх тайлбараас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлд гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна.

Хэрэв нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлд гарын үсэг зураагүй тохиолдолд ИХШХШТХ-ийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой бөгөөд үүнийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Дээр дурдсанчлан М.Найдансүрэн миний бие Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн бөгөөд ийнхүү үнийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд болон гэрч С.Сувдаа, Б.Майцэцэг, Э.Ганчулуун нарыг мэдүүлгээр тус тус тогтоогдох бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бүрэн дүүрэн, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй.

...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн №00943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.Найдансүрэнд холбогдуулан 93-00 УБВ улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн автомашины үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Найдансүрэн нь автомашины мөнгө төгрөгөө цувуулаад хийж болох уу гэхэд Б.Балдан-Осор чи манай дүү С.Сувдаагийн Төрийн банкны 103310486692 гэсэн данс руу хийчихээрэй мөнгөө бүрэн хийж дуусахаар чинь би машины бичиг баримтыг шилжүүлж өгье гэж хэлсэн. Тийм учраас би Төрийн банкин дахь*******гийн*******гийн 103300486692 гэсэн данс руу нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

А.*******ын эзэмшлийн ........ УБВ улсын дугаартай Toyota Land cruiser-100 маркийн автомашин нь ........ХӨҮ улсын дугаартай болж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Найдансүрэнгийн нэр дээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн болох нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан болох www.autobox.mn сайтад ........... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл болох нийтэд илэрхий баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдаж төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцох саналыг талийгаач Б.Балдан-Осор зуучилсан. Хариуцагч М.Найдансүрэн нь нэхэмжлэгч А.*******ын машины үнэ болох 35.000.000 төгрөгийг С.Сувдын дансанд шилжүүлээрэй гэсэн учраас С.Сувдын дансанд 35.000.000 төгрөг төлсөн гэх үйл баримт нэхэмжлэгч талын тайлбар, Төрийн банкны ............................. журналын дугаартай орлогын баримтуудаар тогтоогдсон байна.

Харин уг автомашины эзэмшигч А.*******ад дээрх 35.000.000 төгрөгийг хариуцагч талаас бүрэн төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч М.Найдансүрэн нь*******гийн Сувд гэх хүний данс руу 35.000.000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч А.*******ын автомашины үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч М.Найдансүрэн нь ...анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хэзээ гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоон дүгнэж чадаагүй атлаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн, ... гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол хэзээ байгуулагдсан болох, байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй гэх гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч А.******* нь Land cruiser-100 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба зохигчийн хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй, талууд машин шилжүүлсэн цаг хугацааг зөрүүтэй тайлбарлаж алиных нь тайлбар үнэн зөв гэдэг талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

Мөн талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд гэрээний үнэ болон үнийг төлөх хугацааг хэрхэн тохиролцсон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх тогтоох ёстой гэх гомдлын тухайд зохигч Land cruiser-100 маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 35.000.000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаагүй ба хариуцагч нь тодорхой цаг хугацааны давтамжтайгаар С.Сувдын дансанд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсоныг шүүх тухайн үйл баримтыг тогтоох шаардлагагүй гэж үзнэ.

...А.******* нь С.Сувдаа гэх хүнтэй уулзсан эсэх, С.Сувдаа гэх хүн М.Найдансүрэн надаас 35,000,000 төгрөгийг авлагатай байсан эсэх, ... шүүх мөн энэхүү үйл баримтад дүгнэлт хийж, М.Найдансүрэн болон С.Сувдаа нар өглөг, авлагын тооцоотой эсэх, С.Сувдаа нь нэхэмжлэгч А.*******ад тэгж хэлсэн эсэх талаар тодруулах, ... А.*******тай хамтран амьдарч байсан Б.Майцэцэг, жолооч Э.Ганчулуун нар сайтар мэдэж байгаа эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, хэргийн материалд хавсаргах шаардлагатай гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч хэргийн оролцогч тэгш эрхтэй оролцох ба шүүх хөндлөнгийн байр сууринаас хандаж, хэргийн оролцогч өөрсдөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг талуудын хүсэлтийн үндсэн дээр шүүх бүрдүүлдэг онцлог ажиллагаатай. Хэргийн оролцогчийн зүгээс энэ талаарх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдлаа гэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд хариуцагч М.Найдансүрэн нь ямар учраас хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэдгийг давж заалдах гомдолд тодорхой заагаагүйн дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 2-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ гэж хуульчилжээ.

Энэхүү иргэний хэрэгт талууд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй байх ба нэхэмжлэгч нь автомашины үнийг төлөхийг удаа дараа шаардаж байсан талаар нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч А.******* нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд өөрөө гарын үсэг зураагүй бөгөөд түүний өмнөөс итгэмжлэлгүй хэн нэгэн этгээд гарын үсэг зурж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэх гомдлын тухайд А.*******ын нэхэмжлэлд А.******* гэж бичсэнийг түүний гарын үсэг биш гэж үзэх үндэслэл болохгүйн дээр тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр гарын үсэг зурсан нь заавал нэхэмжлэлд бичсэнтэй тохирч байх шаардлага хуулиар хүлээлгээгүй болно.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00943 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

.