Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/0006

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,

НХХАГ-/20/0098 дугаартай түлхүүр гардуулах

гэрээний нөхцөлтэй “Соёлын ордны барилга

850 хүний суудалтай /НД/ ажлын

тендер сонгон шалгаруулалт”-ын

Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                      Г.Банзрагч

                                                  М.Батсуурь

                                                  Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

       Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн үнэлгээ шийдвэрийг хууль бус болохыг тогтоож дахин хийхийг даалгуулах”,

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0549 дүгээр шийдвэр,

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 582 дугаар магадлалтай,

        Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э, Г.С нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0549 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл /шийдвэр/ болон уг шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дүгээр мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 582 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-Э-нийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн.

4. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр тогтоогдсон үйл баримтыг илтэд буруу дүгнэн үгүйсгэж, хэрэгт цуглараагүй буюу анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

5. Анхан шатны шүүх “Т” ХХК-ийн хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын банк 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийк 06-11/082 тоот албан бичгээр банкны баталгаа гаргаж, тус баталгаанд “... энэхүү баталгаа нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй, захиалагч баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой гэх “Тендерийн баталгаа”-г Нийслэлийн худалдан авах ажиллгааны газарт хаяглан цахимаар хүргүүлсэн болох нь тогтоогдов" гэж хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн.

6. Харин дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг давж заалдах шатны шүүх илтэд гуйвуулан, нэхэмжлэгч өөртөө хадгалаж байсан банкны баталгааны нэг хувийг нотариатаар батлуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн явдлыг буруу ойлгож “үнэлгээний хороонд банкны баталгааны эх хувийг өгөөгүй өөртөө хадгалаж байсан байна” гэх ул суурьгүй, хөнгөн хуумгай дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

7. Цахим тендерт оролцогчоос бэлтгэсэн бүх материалаа скайнердаж үнэлгээний хороо руу явуулдаг бөгөөд үүний дагуу манай компани банкны баталгааны эх хувийг цахимаар явуулсан. Харин төрийн байгууллага өөрийн буруутай үйл ажиллагаа буюу банкны ажилтны өгсөн алдаатай мэдээллийг нягтлан шалгалгүйгээр үнэлгээг эцэслэн хийж нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь худалдан авах ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй ба энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлт хийсэн.

8. Манай компанийн зүгээс зохих ёсоор үнэн зөв тендерийн баталгааг гаргуулан тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн байтал банкны алдаатай буруу баталгааг үндэслэн үнэлгээг явуулсан, энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс энэхүү байдлыг илтэд үндэслэлгүйгээр үгүйсгэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

9. Давж заалдах шатны шүүхийн гаргасан бас нэг ноцтой зөрчил бол хэрэгт байхгүй буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, “Г л г” ХХК нь 13,821,900,168 төгрөгийн үнийн санал ирүүлж “хамгийн сайн” үнэлэгдсэн бол “Т” ХХК нь 14,991,975,516 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материал ирүүлсэн” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хэргийг урьдчилан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

10. Дээрх үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэлээр /давуу эрх олгох гэх мэт/ багасаж, тодорхой томъёогоор бодогдож гэрээ байгуулах эцсийн үнэ гардаг ба манай компанийн зүгээс давуу эрх тооцуулах тухай хүсэлтийг үнэлгээний хороонд хүргүүлээд байсан болно.

11. Гэтэл давж заалдах шатны шүүх нэгэнт үнийн саналаар их учраас танай нэхэмжлэлийг хангах шаардлагагүй гэх утга бүхий тайлбарыг шүүх хуралдааны явцад хэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

12. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

14. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын, 2020 оны А/16 дугаар тушаалаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Соёлын ордны барилга 850 хүний суудалтай /НД/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг цахим системээр явуулахаар зарласан, уг тендерт “Г л г” ХХК, “Э к” ХХК, “Т” ХХК гэсэн 3 компани материалаа цахимаар ирүүлсэн, Үнэлгээний хороо 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тендерийг нээж, ирүүлсэн материалыг шалгахад Төрийн  худалдан  авах  ажиллагааны  цахим  систем  /www.tender.gov.mn/-д Улаанбаатар хотын банкнаас гаргасан “Т” ХХК-ийн тендерийн баталгаа нь 2020.06.08-ны өдрийг дуустал хүчинтэй гэх баримт илгээгдсэн байсан, талууд эдгээр баримтуудтай маргаагүй байна.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Соёлын ордны барилга 850 хүний суудалтай /НД/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим системээр зарласан,  тендер нээхээр товлосон “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр”-ийн хугацааг эрх бүхий этгээдээс хойшлуулсантай холбогдуулан тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг тендерийн бичиг баримтад “2020.08.05-ны өдөр” болгож өөрчилсөн, “Т” ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/309 дүгээр албан бичгээр Улаанбаатар хотын банкинд хандан “...тендерийн баталгаа болох 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар байршуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Улаанбаатар хотын банкны Улаанбаатар салбарын захирал И.О-ийн гарын үсэг бүхий, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06-11/082 дугаар албан бичгээр “... энэхүү баталгаа нь 2020.08.05-ны өдрийг дуустал хүчинтэй, захиалагч баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой” гэх тендерийн баталгаа үйлдсэн, харин тендерийн баталгааг  Төрийн  худалдан  авах  ажиллагааны  цахим  систем  /www.tender.gov.mn/-д илгээхдээ 2020.06.08-ны өдрийг дуустал хүчинтэй гэх тендерийн баталгаа илгээсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

16. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ыг баталсан, уг журмын 4.1-д “тендерийн  баталгаа  шаардсан  тендер  шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө банкны болон Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр дамжуулан баталгаа гаргуулсан байна” гэж заасан, түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “... ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан, тухайн тохиолдолд, банкны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр дамжуулан гаргасан баталгаа нь хугацаа дууссан буюу хүчингүй болсон байх тул энэ үндэслэлээр “Т” ХХК-ийн тендерээс татгалзсан маргаан бүхий Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дүгээр албан бичгийг хууль бус гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн ... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр тогтоогдсон үйл баримтыг илтэд буруу дүгнэн үгүйсгэж, хэрэгт цуглараагүй буюу анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэх гомдлыг хангах боломжгүй.

17. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, дүгнэлт хийнэ, банкны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж ... /буруу/ баталгаа илгээгдсэн нь хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй, хариуцагч “цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй, цахим системээр тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн материалыг шалгана” гэснийг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

18. Хэрэгт нотлох баримтаар дагалдаж ирсэн, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Соёлын ордны барилга 850 хүний суудалтай /НД/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн 4 дэх хавтасны 45-46 дугаар хуудсанд авагдсан, 2020 оны 06 дугаар сарын 12-ны 01 дугаартай Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжид ... “Г л г” ХХК нь 13,821,900,168 төгрөгийн үнийн санал ирүүлж “хамгийн сайн” үнэлэгдсэн бол “Т” ХХК нь 14,991,975,516 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материал ирүүлсэн” талаарх баримт авагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн ...бол хэрэгт байхгүй буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээж авахгүй.

19. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

20. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 582 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

 

                    ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА