Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0036

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Б.Н, хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0655 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0655 дугаар шийдвэрээр: Монгол Улын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.7, 23 дугаар зүйлийн 23.1, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Б.А-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайдад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Улсын бүртгэлийн цахим санд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгах”-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ ДА8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нарын Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.А-ийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.О-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О-ын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот захиргааны акт, 2011.05.24-ны өдрийн цуцалсан шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Боржигон овогт Б.А-ийн овог нэр, регистрийн дугаартай Үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40.000 төгрөгийг буцаан олгох, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.Ар-д буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах, Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болох”-ыг тогтоолгохыг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0655 шүүхийн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардаж аваад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл:

Б овогт Б-ын А бол миний иргэний нэр ТБ72011061 бол миний Монгол Улсын хууль ёсны иргэн болохыг батлах регистрийн дугаар. “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэсэн хуулийн заалтыг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий гзаар, Гадаад хэргийн яамны “илт хууль бус” шийдвэр үйл ажиллагааг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б овогт Б-ын А-ийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ ДА8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг “илт хууль бус” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн өөрийн нэртэй байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, зориуд гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно” гэснийг ноцтой зөрчиж, Ерөнхий газрын хэвлэгч-операторич нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Улсын бүртгэлийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд энэ хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Б-ын А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/, Л.А-ийн зурагтай ДА8369988 дугаартай хуурамч иргэний үнэмлэхийг Л.А-ийн захиалгаар үл таних этгээдэд үйлдэн олгосон Б.А миний хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрхийг ноцтой зөрчсөн байна.

Энэ хуурамч иргэний үнэмлэхийг Л.А нь ашиглаж, гадаад паспорт гаргуулж ашиглаж, устгасан болох нь гэрч Л.А, Л.Б, Д.О нарын мэдүүлгээр болон сэжигтнийг байцаасан тэмдэглэлээр тогтоогдож байна.

Уг иргэний үнэмлэхийг хүчингүй болгосон, мэдээллийн сангаас хассан болох нь тогтоогдохгүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын байцаагч Л.Б, ахлах байцаагч нар нь Б овогт Б-ын А-ийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/, Л.А-ийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг “илт хууль бус” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.11-д “ өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” үүргээ урвуулан ашиглаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”-ыг хориглоно гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, улсын бүртгэлийн байцаагч Л.Б, хяналтын ахлах байцаагч, миний нэрийг ашиглаж, хуурамч мэдүүлэг гаргасан үл таних этгээдэд Б.А-ийн иргэний нэр, регистрийн дугаартай  хуурамч гадаад паспорт үйлдэн олгосон байна.

Монгол Улсын иргэн Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.А-ийн зурагтай хуурамч ДА8369988 тоот иргэний үнэмлэх, Е серийн Е-0228795 тоот хуурамч үндэсний гадаад паспортыг захиалан авч, хуурамч гэдгийг нь мэдсээр байж 2005 оны 04 дүгээр сарын 16-аас 2012 оны 06 дугаар сарын.29-ний өдрийг хүртэл 7 жил 02 сар 13 хоногийн турш ашиглаж, Б.А нэрээр /ТБ72011061/ БНСУ-д оршин сууж, энэ хугацаанд Монгол Улсын болон БНСУ-ын хилийг 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны .06 дугаар сарын.29-ний өдрийг хүртэл 12 удаа хууль бусаар зөрчиж, Монгол Улсын иргэн Б.А миний эрх чөлөөнд хууль бусаар халдсан байна.

Иргэний нэрийг хууль бусаар ашиглах нь тухайн иргэний өөрийн нэрээр олж авсан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд сөрөг үр дагаврыг бий болгодог төдийгүй, тухайн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй эрх зүйн эсрэг үйлдэл юм.

 Б.А миний овог нэр, регистрийн дугаарыг ашигласан хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт нь хоёр өөр хүний мэдээлэл агуулсан Захиргаааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, мөн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” илт хууль бус захиргааны акт юм.

Гадаад паслортын байцаагчаар ажиллаж байсан Л.Б, ахлах байцаагч нар нь Төрийн албаны тухай хууль, “Иргэний бүртгэл мэдээллийн улсын хяналтын дүрэм”, Үндэсний энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах бичиг баримт олгох технологи ажиллагааны журам” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн “гадаад паспорт авахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч, гадаад паспортод бичигдэх мэдээлэл бодитой эсэхийг ИБМУТ-ийн мэдээллийн санд буй мэдээ баримт сэлттэй тулгаж шалгасны үндсэн дээр бүрдүүлэлт хийж, хянаж зөвшөөрөх” үүргээ зөрчиж, хуурамч гадаад паспорт үйлдсэн байна. Дээрх үйлдлийн улмаас Б.А миний хууль ёсны ашиг сонирхлыг өнөөдрийг хүртэл хязгаарласаар байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаарх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.О-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О-ын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 76 тоот захиргааны акт, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн цуцалсан шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б овогт Б.А-ийн овог нэр, регистрийн дугаартай үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40000 төгрөгийг буцаан олгохыг даалгуулах нэмэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно” гэсний дагуу Монгол Улсын иргэн Б.А би 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хууль ёсны иргэний үнэмлэх болох ДА8398568 тоот иргэний үнэмлэхийг үндэслэн үндэсний гадаад паспортыг хүссэн.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар түтгэлзүүлнэ”, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж хуульчилжээ.

Б.А би хуурамч бичиг баримт ашиглаж, гаргуулан авч байгаагүй байхад хууль ёсны ашиг сонирхлыг минь хохироож, 2010 оны 07 дугаар сарын.28-ны өдрөөс 2011 оны .05 дугаар сарын .24-ний өдрийг хүртэл 9 сар 26 хоногийн турш Монгол Улсын иргэн Б.А миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй, хязгаарлах эрх зүйн үндэслэлгүй байхад уг эрхийг хязгаарласан, хязгаарлахаар гаргасан 76 тоот захирганы акт, гаргасан, ДА 8398568 иргэний үнэмлэхийг хураан авч, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр буцаан өгөхдөө уг иргэний үнэмлэхний дугаарыг ДА8398566 болгон өөрчилж хүчээр торгосон шийтгэвэр нь “илт хууль бус” захиргааны акт юм.

Захирганы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд Б.А миний хуульд заасан эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2010.07.28-2018.09.16-ны өдрийг хүртэл 8 жил 1 сар 18 хоногийн турш уг “илт хууль бус” шийдвэрээ нуун дарагдуулсан байна. Мөн Б.А миний нэрийг ашигласан хуурамч мэдүүлэг өнөөдрийг хүртэл эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд, дээрх хуурамч иргэний үнэмлэх гадаад паспортыг хүчингүй болгосон шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаарх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

4. Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны консулын ажилтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж, Л.А-д буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ “илт хууль бус” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ болох Иргэний болон Улс төрийн эрхийн 17 дугаар зүйлийн 1-д “Хэний  ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно, мөн пактын 17 дугаар зүйлийн 2-т “Хүн бүр тийм оролцоо халдлагын эсрэг хуулиар хамгаалуулах эрхтэй” болохыг хүлээн зөвшөрсөн, дагаж мөрдөхийг үүрэг болгожээ.

Л.А нь гэмт хэргээ хүлээн 2012 оны 06 дугаар сарын 29-нд  Монгол Улсаас БНСУ-д суугаа консулын газар очиход Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан нь Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дипломат төлөөлөгчийн газар дараах чиг үүргийг гүйцэтгэнэ”, 7.1.5-д “Хилийн чанандад Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах”, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн /2002/ 3 дугаар зүйлийн 3.3-д “Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172.4.2-т “Монгол Улсын гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан”, мөн хуулийн 172.3.1-д “хүний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг үзэж шалгах”, мөн 172.3.4-д “хэрэгт ач холбогдол бүхий ... эд зүйлийг түр хугацаагаар хураан авах”, 172.3.6-д “иргэнээс тайлбар авах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, 172.3.7-д “нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох гарахад хяналт тогтоох”, 172.3.8-д “гэмт хэргийг таслан зогсоох, хойшлуулшгүй арга хэмжээ” авах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, гэмт хэргийг нуун дарагдуулж гэмт хэргийг үл мэдээлсэн учраас Б.А би БНСУ-д зорчих эрхээ насан туршдаа хязгаарлуулсан байна.

Монгол Улсын олон улсын гэрээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Б.А миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх гадаад паспортыг цоолж, устгахыг зөвлөж Б.А-д олгосон консулын ажилтны үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэсэн ойлголтод хамаарахаар байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Б.А миний БНСУ-д зорчих, сурч боловсрох эрх сэргэхээр байх тул, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

5. Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн БНСУ-д зөрчигдсөн нэр төр, алдар хүнд, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн тухайд:

Гадаад хэргийн яам нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Дипломат төлөөлөгчийн газар дараах чиг үүргийг гүйцэтгэнэ”, 7.1.5-д “Хилийн чанандад Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” үүрэгтэй.

Б.А би 2016 оны 02 дугаар сар, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 02 дугаар сард, 2018 оны 8 дугаар сард , Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 оны 09 дүгээр сард БНСУ-ын ямар байгууллагын шийдвэрээр, ямар нотлох баримтад үндэслэн БНСУ-д зорчих эрхийг хязгаарласан талаар БНСУ-ын талаас тодруулга, лавлагаа, нотлох баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хуульд заасан хугацаанд огт хариу өгөөгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилжээ.

Иймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шинжлэн судалж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

6. “Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К-17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох:

Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ болох Иргэний болон Улс төрийн эрхийн 17 дугаар зүйлийн 1-д  “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно, мөн пактын 17 дугаар зүйлийн 2-т “Хүн бүр тийм оролцоо халдлагын эсрэг хуулиар хамгаалуулах эрхтэй”, Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дипломат төлөөлөгчийн газар дараах чиг үүргийг гүйцэтгэнэ”, 7.1.5-д “Хилийн чанандад Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

Гадаад харилцааны  яамны сайдаас БНСУ-д хандсан нот бичиг нь гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захиргааны акт мөн юм.

Дээрх нот бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн Захирганы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” байх шинжийг агуулсан байх тул БНСУ-ын элчин сайдын яам манайх цагдаагийн газар биш гэсэн хариулт өгч хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилжээ.

Дээрх илт хууль бус захиргааны актын улмаас хуульд засан хугацаанд Б.А миний хуулиар хамгаалуулах эрх сэргэсэнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч Б.А нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулан гомдлын үндэслэлийг тайлбарлажээ.

1. Нэхэмжлэгчээс “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/ нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б овогт Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ ДА8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэдийгээр Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай, Л.А-ийн зурагтай ДА8369988 дугаар бүхий иргэний үнэмлэхийн мэдээлэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байх боловч ДА8369988 тоот иргэний үнэмлэх олгогдоогүй талаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас үгүйсгэж маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоол[1], Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/599 дүгээр тогтоол[2], Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/1340 дугаартай албан бичиг[3], Л.А-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “... иргэний үнэмлэх байсан ...“ гэх эрүүгийн хэрэгт сэжигтнээр байцаасан тэмдэглэл[4], Л.А-ийн шүүхэд гаргасан “... Намайг Солонгос улсаас ирэхэд манай нөхөр Б.А-ийн зурагтай иргэний үнэмлэх, гадаад паспорт 2 гаргачихсан байсан ... Иргэний үнэмлэхийг хажуугаас нь хайчлаад иргэний үнэмлэх, гадаад паспортыг аль алиныг нь устгаарай гэсэн. Тэгээд би тэр нь дор нь устгаад хаясан...” гэх мэдүүлэг[5], гэрч Л.Б-ийн “... ДА8369988 гэсэн Дарханаас олгосон энэ иргэний үнэмлэх нь А-ийн зурагтай байсан. ...” гэх гэрчийн мэдүүлэг[6] , Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Архивын тасагт хийсэн үзлэгийн тэмдэглэл[7] зэрэг нотлох баримтуудаас үзвэл Б.А-ийн овог, нэр регистрийн дугаартай /ТБ72011061/, ДА8369988 дугаар иргэний үнэмлэх Л.А-д олгогдож байсан болох нь тогтоогдож байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ”, 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бичиг болно. Монгол Улсын иргэний үнэмлэх батлагдсан загвартай байна”, 22.7-д “Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээхийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэний баримт бичгийг иргэний биечлэн гаргасан өргөдлөөр, ... тухайн иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан дахин олгож болно” гэж  тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын бүртгэл хариуцсан ажилтан нь тухайн иргэнийг мөн болохыг батлах, гэрчлэх албан ёсны баримт бичиг болох иргэний үнэмлэхийг зөвхөн тухайн иргэний өөрөө биечлэн гаргасан өргөдлийг зурагтай нь тулган шалгаж дахин олгож болохоор байна.

Гэтэл улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан хуулиар хүлээсэн мэдээллийн үнэн зөвийг шалгах үүргээ биелүүлэлгүй иргэн Б.А-ийн мэдээлэл, Л.А-ийн зураг бүхий ДА8369988 дугаартай иргэний үнэмлэхийг хэвлэж  Л.А-д олгосон үйлдэл нь илэрхий хууль бус байх бөгөөд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны энэхүү хууль бус үйлдлийн улмаас иргэний үнэмлэхийн жинхэнэ эзэмшигч Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д” иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад ДА8369988 дугаартай иргэний үнэмлэхийг хүчингүй болгож, мэдээллийн сангаас хассан баримт авагдаагүй, тухайн баримт хуурамч болох нь тогтоогдсон байлаа ч тийнхүү тогтоосон нь захиргааны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг шүүх тогтооход саад болохгүй байтал анхан шатны шүүх “Б.А-ийн мэдээлэл бүхий Л.А-ийн зурагтай иргэний үнэмлэх хуурамч болохыг эрх бүхий байгууллага тогтоосноор уг иргэний үнэмлэхийг хүчингүй болгож, мэдээллийн сангаас хассан байх тул шүүхээс илт хууль бус болохыг дахин тогтоох шаардлагагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2. Нэхэмжлэлийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нарын Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.А-ийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх “... хуурамч гэх дээрх дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь хүчингүй болж, мэдээллийн сангаас хасагдсан болохыг Улсын бүртгэлийн байгууллагаас тайлбарлаж байгаа ...” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  хянаж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч, шийдвэр гаргах үүрэгтэй.

Улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан хуулиар хүлээсэн мэдээллийн үнэн зөвийг шалгах үүргээ биелүүлэлгүй иргэн Б.А-ийн мэдээлэл, Л.А-ийн зураг бүхий ДА8369988 дугаартай иргэний үнэмлэхийг хэвлэж  Л.А-д олгосон, тус үнэмлэхийг ашиглан Л.А 2005 онд Б.А-ийн иргэний баримт бичгийг ашиглан өөрийн зурагтай хуурамч Е серийн үндэсний гадаад паспорт гаргуулан авсан, тэрээр уг паспортыг ашиглаж 2005-2008 онд удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн нь тогтоогдсон, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно”, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно” гэж тус тус заажээ.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нар хуулийн дээрх заалтыг зөрчиж, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.А-ийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспортыг олгосон үйлдэл нь хууль бус болно.

Мөн нэхэмжлэгч Б.А-ийн өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний иргэний үнэмлэх байхгүй байхад Б.А-ийн мэдээлэлтэй, Л.А-ийн зураг бүхий үндэсний гадаад паспорт гаргасан үйлдэл нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан, түүний улмаас нэхэмжлэгч Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.О-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ямар нэгэн дүгнэлт хийлгүй, “2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаартай захиргааны акт, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай дүгнэлтийг хийж уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо уг шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Д.О нь 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр намайг хүсэлт гаргахад улсын байцаагч нь хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэ зөвийг хариуцах, илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл миний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй байна. Үүнд хяналт тавих ёстой Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад нь урьдчилан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан үүргээ биелүүлэхгүй байсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт, тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч Б.А нь 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хууль ёсны, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхээр үндэсний энгийн гадаад паспорт гаргуулах хүсэлт гаргахад түүний иргэний үнэмлэхийг хураан авч иргэний гадаад паспорт авах хүсэлтийг шийдвэрлэлгүй 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хязгаарласан үйл баримт тогтоогдож байна.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно”, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага иргэний энгийн гадаад паспорт авах хүсэлтийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаачлах хүсэлтийг 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.О нь нэхэмжлэгч Б.А-ийг бичиг баримтаа бусдад ашиглуулж, хуурамч гадаад паспорт гаргуулсан гэх үйл баримтыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгч Б.А-ийн иргэний энгийн гадаад паспорт авах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, мөн гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн тухай хариуг бичгээр өгөөгүй эс үйлдэхүй гаргасан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О-ын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот захиргааны акт, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: 

Анхан шатны шүүх Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлэлгүй “... 2010, 2011 онуудад гаргаж, хэрэгжээд дууссан актуудыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй, ... маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоосноор Б.А-ийн эрх ашиг сэргээгдэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж, мөн Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргын 2003 оны 100 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэх журам”-ын 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ дараах материалыг байцаагч бүрдүүлнэ” а-д “тухайн иргэнээс гаргуулж авсан тодорхойлолт буюу зөрчил гаргасан тухай холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичиг”, б-д “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан ... нотлох баримт” гэж тус тус заасан байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл  үзүүлэх боломжгүй юм.

Бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.О нь Б.А-ийг хуурамч, паспорт гаргуулсан буруутай үйлдэл гаргасан эсэхийг шалгаагүй, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлээгүй буюу иргэн Л.А-ийн зурагтай Б.А-ийн мэдээлэл бүхий үндэсний энгийн гадаад паспорт олгогдсонд Б.А гэм буруутай болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүй байтал “Бусдад баримт бичгээ ашиглуулсан, хуурамчаар гадаад паспорт гаргуулсан” зөрчил гаргасан гэж үзэж, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 76 дугаартай шийдвэр[8]-ээр, түүний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлж, мөн үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 дугаар шийтгэвэр[9]-ээр 40.000 төгрөгөөр торгосон нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5/-д “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, ... этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар” түдгэлзүүлэхээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж заасантай нийцээгүй, илэрхий алдаатай тус хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хэдийгээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/8604 дүгээр албан бичиг[10]-т “... гадаадад зорчих эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлснийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цуцалсан бүртгэл байна. ...” гэсэн боловч энэ түдгэлзүүлсэн шийдвэрийг холбогдох бүртгэл, мэдээллийн санд ямар төлөвт оруулсан талаарх баримтыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд гаргаж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

5. “2011 оны 05 дугаар 24-ний өдрийн цуцалсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаанд “2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “хориг тавьсан шийдвэрийг цуцалсан” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2018/0112 дугаар тогтоол[11]-ын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн дээрх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож дахин шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт энэ алдааг зассан өөрчлөлтийг орууллаа.

5. Нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн цахим санд Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох”, “улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгах”-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогч нараас шүүхийн шийдвэрийн “Улсын бүртгэлийн цахим санд Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгах”-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ даалгаж шийдвэрлэсэн энэ хэсэгт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

6. “Боржигон овогт Б.А-ийн овог нэр, регистрийн дугаартай Үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40.000 төгрөгийг буцаан олгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэгэнт шүүхийн энэхүү магадлалаар улсын бүртгэлийн цахим санд Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн мэдээллийг бүрэн устгахыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/8604 дүгээр албан бичигт “... хуурамч гэх 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Е-228795 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт хүчингүй болж, мэдээллийн сангаас хасагдсан болохыг Б.А-т мэдэгдсэн байх тул түүний овог нэр, регистрийн дугаартай үндэсний гадаад паспортыг шүүх дахин хүчингүй болгох шаардлагагүй юм.

Харин Улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэврийг илт хууль бус болохыг мөн шүүхээс тогтоосон тул уг шийтгэврээр ногдуулсан 40.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар холбогдох хууль, журамд заасны дагуу хандаж буцаан гаргуулах боломжтой байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

7. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дипломат төлөөлөгчийн газар дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ” гээд 7.1.5-д “хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн /2002/ 3 дугаар зүйлийн 3.3-д “Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ”, 172 дугаар зүйлийн 172.4-д “Дор дурдсан тохиолдолд дараахь албан тушаалтан энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулна” гээд 172.4.2-т “Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан”, 172.5-д “Энэ хуулийн 172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна” гэж тус тус  заажээ.

Иргэн Л.А нь Б.А-ийн иргэний баримт бичгийг ашиглан өөрийн зурагтай хуурамч Е серийн үндэсний гадаад паспорт гаргуулан, уг паспортыг ашиглаж 2005-2008 онд удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа консулын газар очих үед Элчин сайдын яамны консулын ажилтан нь Б.А-ийн мэдээлэл бүхий Л.А-ийн зурагтай иргэний үнэмлэх, үндэсний энгийн гадаад паспортыг хураан авч эрх бүхий этгээдэд мэдэгдээгүйг “хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь, тухайн үед иргэн Л.А өөрийн ашиглаж буй гадаад паспорт хуурамч болохыг өөрөө мэдэгдэж очсон, тус паспортод мэдээлэл нь агуулагдаж буй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхүйц нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх, гэм буруутай этгээд зохих хариуцлага хүлээх, гэм буруугүй этгээд хохирохоос урьдчилан сэргийлэх боломжгүй, шаардлагагүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй байдал гаргасны улмаас тус паспортод мэдээлэл нь бичигдсэн Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хилийн чанадад хамгаалагдаагүй байна гэж үзлээ.

8. “2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.А-д буцаан олгосон үйлдлийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5/-д “хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, ... этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар” түдгэлзүүлэхээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хуурамч, бусдын паспорт ашигласан бол гадаадад зорчих эрхийг иргэний бүртгэлийн байгууллага, цагдаагийн байгууллага түдгэлзүүлэх эрхтэй байна. Харин Монгол Улсаас гадаад улсад суугаа консулын ажилтан хуурамч, бусдын паспорт ашигласан этгээдэд хариуцлага хүлээлгэх эрхгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийж, хэргийн хянан шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.А-д буцаан олгосон үйлдлийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-д “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байна.

Дээрхээс дүгнэвэл 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.А-д буцаан олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг үйлдэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байхаас гадна захиргааны хэргийн шүүхээс дээрх үйлдлүүдийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийг ямар эрх, ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй байх тул “Гадаад харилцааны яамны консулын ажилтны үйлдлийг буруутгах боломжгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, хариуцагч Гадаад хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хохирогчийг хамгаалах, мөн хүмүүнлэгийн үүднээс паспортыг хайчилж Л.А-д өөрт нь буцаан өгсөн. ... хилээр гарахдаа Л.А-ийн нэртэй буцах үнэмлэх, Б.А-ийн зурагтай паспортыг хамт хилээр буцаж гарах ёстой. Учир нь паспорт дээр тухайн хүний хилээр орж ирсэн штамб нь дарагдсан байгаа. 2012 онд Л.А-д паспортыг нь буцаан олгоогүй бол нэхэмжлэгч Б.А нь одоог хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад хууль бусаар оршин суугаа гэсэн бүртгэлтэй байх байсан. Иймд манай консулын ажилтан өөрт олгогдсон эрх, үүргээс гадна хүмүүнлэгийн үүднээс паспортыг буцаан олгосон” гэсэн тайлбарыг хийсэн нь мөн үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

9. “Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ. Үүнээс үзэхэд “эс үйлдэхүй” гэдгийг захиргааны “идэвхгүй үйл ажиллагаа” гэж ойлгохоор байна.

Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 1. Эс үйлдэхүй байх ёстой, 2. Эс үйлдэхүй нь хууль бус байх ёстой, 3. Эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг. Хэрвээ эдгээрийн аль нэг нь байхгүй бол захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.А нь Гадаад харилцааны сайдад эрхээ хамгаалуулахаар 2016 оны 02 дугаар сараас хойш удаа дараа хандаж байжээ.

Уг хүсэлтийг хариуцагч Гадаад харилцааны сайд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шийдвэрлэж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10/1866[12], 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10/3222[13] дугаар албан бичгүүдээр хариу өгсөн байна.

Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч Гадаад харилцааны сайд нь нэхэмжлэгчийн гомдол, хүсэлтийг тухай бүрт хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, холбогдох хариуг хүргүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй. Ийм уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

10. Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

“Даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу татгалзсан үйлдэл, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс шаардагдах захиргааны актыг гаргахыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Гадаад харилцааны яам бөгөөд уг яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /Гадаад харилцаан сайд/ тэргүүлдэг.

Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах” гэж заасан үүргийнхээ хүрээнд Гадаад харилцааны яамнаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254[14], 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785[15] дугаартай нот бичгийг тус тус БНСУ-д явуулсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Гадаад харилцааны сайдыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүхийн тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хийсэн “Гадаад харилцааны яам тухайн улсад өөрийн орны иргэний эрх ашиг зөрчигдсөн талаар нот бичиг хүргүүлэхээс өөрөөр тус улсын дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

11. “Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаагүй, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэх шинжүүдийг агуулаагүй, эрх зүйн сөрөг үр дагавар бий болгоогүй, нэхэмжлэгчийн гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, Б.А-ийн хилээр нэвтрэх эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүссэн агуулга бүхий нот бичгүүд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр албан бичгүүдийг нэхэмжлэгчид сөрөг нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Түүнчлэн хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчийн визний асуудлаар дахин нот бичиг явуулах, эрхийг нь хангах талаар хамтарч ажиллах тухай санал тавьсан талаар” тус тус тайлбарласан болохыг, мөн нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад тулгуурлан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Гадаад харилцааны яаманд дахин хандах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0655 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 8 дугаар зүйлийн 8.3.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.7, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5/, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 3, 7, 8 дахь хэсэг, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5,  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.6-д заасныг тус тус баримтлан Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар /хуучин нэрээр/ 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Б овогт Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ ДА8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нарын Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.А-ийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.О-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О-ын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай захиргааны акт, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0041781 дугаар шийтгэвэр, Улсын бүртгэлийн цахим санд Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлд нь, мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тус тус тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгахыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б.Аийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.А-д буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах, Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Б овогт Б.А-ийн овог нэр, регистрийн дугаартай Үндэсний гадаад паспортыг хүчингүй болгох, 40.000 төгрөгийг буцаан олгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1ХХ-ийн 57 дугаар хуудас

[2] 3ХХ-ийн 54, 55 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 7 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 34-36 дугаар хуудас

[5] 1 ХХ-ийн 147, 148 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 134, 135 дугаар хуудас

[7] 2ХХ-ийн 229-230 дугаар хуудас

[8] 3ХХ-ийн 212 дугаар хуудас

[9] 3ХХ-ийн 179 дүгээр хуудас

[10] 1ХХ-ийн 8 дугаар хуудас

[11] 3ХХ-ийн 94-98 дугаар хуудас

[12] 3ХХ-ийн 240 дүгээр хуудас

[13] 3ХХ-ийн 242 дугаар хуудас

[14] 3ХХ-ийн 247 дугаар хуудас

[15] 3ХХ-ийн 254 дүгээр хуудас