Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0590/З |
Дугаар | 221/МА2019/0047 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0047
Г.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0737 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.М-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0737 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” дугаар А/116 тоот захирамжийн Т.Б-д холбогдох хэсэг, мөн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар А/274 тоот захирамжийн Ш.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Иргэн Г.М-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0737 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсэг, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн Ш.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримталжээ.
Хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу гомдол гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар тус тус тусгахаар заасан. Ийнхүү хуульд заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.
Монгол Улсын Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй ... бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж заасан байдаг.
Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасан.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Г.М-д өмчлүүлсэн газрын орц, гарцыг хааж, Т.Б-д эзэмшүүлсэн нь нотлогдох тул гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар дээгүүр дайран өнгөрөхөөс өөр боломжгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна хэмээн дүгнэсэн ба шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай орц, гарцаар ашиглаж байсан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байна...” гэжээ.
Хэргийн бодит үйл баримтыг авч үзвэл нэхэмжлэгч Г.М, гуравдагч этгээд Ш.Б нарын эзэмшиж, өмчилж буй газрууд нь хоорондоо давхцалгүй ба орц, гарц хаасан тухай маргааны хувьд нарийвчилсан зохицуулалт болох Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хэм хэмжээг баримталж, орц гарц гаргах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн бодит үйл баримтыг дүгнэлгүйгээр орц, гарц хааж эзэмшүүлсэн газар нь давхцалтай гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай бөгөөд тус маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлж хязгаарлагдмал эрхтэй болохыг тогтоолгох шаардлагатай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Т.Б-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан шаардлага, журмыг баримталж бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0737 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Г.М “... миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 1 тоотод 700 м.кв газрыг 2014 онд эзэмшиж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тус газар нь баруун талаараа Плейхановын их сургууль, хойд талаараа 16 давхар орон сууц, зүүн талаараа нэр бүхий иргэдийн газартай хиллэдэг бөгөөд зөвхөн урд талаараа орц, гарцтай ... анх иргэн Т.Б-д газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурин судалгаа хийлгүйгээр миний өмчлөлийн газрын орц, гарцыг хааж, цаашид газраа ашиглах эзэмших, захиран зарцуулахад хохирол учруулах байдлаар хариуцсан ажилдаа хайнга хандаж газар эзэмшүүлсэн байна ... “ гэх үндэслэлээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/145 дугаар захирамж, мөн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн иргэн Т.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга “... дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Т.Б-д тус дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 1 дүгээр гудамжны 1 тоот хаягт 372 м.кв газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Т.Б уг газраа иргэн Ш.Б-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар газар эзэмших эрх шилжүүлсэн байна. Иргэн Т.Б-д газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.
Гуравдагч этгээд Ш.Б “... консулын 1-1 тоот газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/247 дүгээр шийдвэрээр шилжүүлж авсан. Анх тус газрыг Т.Б-д эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Г.М-ийн өмчилж буй орц, гарц хаагдсан гэж буй газрын эргэн тойронд буй бусад өмчлөл, эзэмшлийн газар дээр хуулийн дагуу газар өмчлүүлэх, эзэмшүүлэх шийдвэр түрүүлж гарсан эсэхийг тодруулах ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зэргэлдээх газрын орц, гарц хаасан тохиолдолд газар эзэмшүүлэхгүй байх шаардлага тавигдаагүй, хэрэв орц, гарц гаргах боломжгүй бол Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу тус газраар дамжин өнгөрөхөөр сервитут тогтоох боломжийг хуулиар олгосныг харгалзана уу ...“ гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүх “... Т.Б-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамж гарахаас цаг хугацааны хувьд өмнө нэгж талбарын 18645310713993 дугаар бүхий газрыг Ж.Ш-д өмчлүүлсэн, улмаар уг газрын өмчлөх эрх нэхэмжлэгч Г.М-д шилжсэн болох нь нотлогдож байна ... хариуцагч бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх буюу нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлах, хээрийн судалгаа хийж бусдын ашиглаж буй газартай давхцаж буй эсэх, орц, гарцыг тогтоох зэрэг үүргээ биелүүлээгүй ... нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай орц, гарцаар ашиглаж байсан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь буруу ...” гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, үүнд: 2.1.3-т “хээрийн судалгаа хийх”, 6.2-т хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.3.1-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох” гэж тус тус заажээ.
Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан болох дүүргийн Газрын алба, Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтыг нягтлан шалгахаас гадна тухайн эзэмшихийг хүссэн газарт хээрийн судалгаа хийх буюу эзэмшихээр хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж буй эсэх, хөрш зэргэлдээ газар эзэмшигч, өмчлөгч нарын эзэмшил, өмчлөлийн газраа ашиглах эрхэд саад болохуйц нөхцөл байгаа эсэх, орц, гарцтай давхцаж буй эсэхийг тогтоосны үндсэн дээр бусад этгээдийн зөвхөн хууль ёсоор эзэмшиж буй газраас гадна ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2018 оны 09 дүгэээр сарын 18-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/1722 дугаар албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар” зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.М-ийн эзэмшил газар анх 2006 оны 09 дүгээр сараас иргэн Ж.Ш-ийн нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, түүнчлэн тус газар дээрх хувийн сууц, гараж 2008 оны 10 дугаар сарын 20-ны мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн улмаар 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувийн сууц нэхэмжлэгч Г.М-ийн өмчлөлд шилжсэн, тус үл хөдлөх хөрөнгө байрлах Консулын 1 дүгээр гудамжны 1 тоот хаягт байрлах 18645310713993 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үүссэн болох нь тогтоогдож байна.
Харин гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн тухайд, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/1722 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/1248 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/116 дугаар захирамжийг үндэслэн мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Консулын 1-1 тоот хаягт 389 м.кв газар эзэмших эрх 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Б-ын нэр дээр анх үүссэн, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Т.Б, Ш.Б нар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлт гаргаснаар 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ш.Б-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.М-ийн газар эзэмших эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын өмнө тус газрыг эзэмшүүлж болох эсэх талаарх нөхцөл байдлыг судалж тодруулаагүй нь буруу байна. Тодруулбал, 2014 онд иргэн Т.Б-д Консулын 1-1 хаягт 389 м.кв газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, тус газрыг иргэнд эзэмшүүлснээр хөршүүдийн орц, гарцыг хаах эсэх, бусдын ашиглаж буй газартай давхцаж буй эсэхийг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн орц, гарцаар ашиглаж буй газартай давхцуулан түүний орц, гарцыг нь хаахаар байхад газар эзэмшүүлсэн, улмаар тус газрыг 2018 онд иргэн Ш.Б-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ мөн дээрх нөхцөл байдлыг шалгаагүй хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, тус шийдвэрийн улмаас өмчлөлийн газраа зүй ёсоор эзэмшиж, ашиглахтай холбоотой нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн байна.
Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу шүүх гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн “... анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримтыг дүгнээгүй, ... хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн ... “ гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд тус газрыг бодитоор эзэмшиж ашиглагддаггүй” гэж тайлбарласныг гуравдагч этгээд баримтаар үгүйсгэж няцаагаагүйг, мөн тэрээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүйг, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх талаар хүсэлт санал гаргаагүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байх боловч орц, гарцыг нь хаасан буюу түүний орц, гарцаар ашиглаж буй газартай давхацсан байх тул шүүх тус маргаанд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг баримталсан нь буруу биш байна.
Харин төрийн эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр, үйл ажиллагаа Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагч тус шийдвэрээ өөрөө хүчингүй болгоогүй байх тул шүүхэд уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон хуулийн зохицуулалт болох Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн зүйл, заалтыг энэ тохиолдолд хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүйг засч зөвтгөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0737 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/116 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/274 дүгээр захирамжийн Ш.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ