Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00131

 

 

Л.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/03603 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.А

Хариуцагч: Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, хүн амын орлогын албан татвар төлүүлэхийг даалгах, тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, хариуцагчийн төлөөлөгч Ч.Цэцэндулам, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Б-д орцны жижүүр, цэвэрлэгчээр 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2011 оноос эхлэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өөрийн хариуцсан орцны жижүүр цэвэрлэгчээр ажиллахаас гадна орцны эд хогшлыг бүрэн бүтэн байлгаж сууц өмчлөгчдийн холбооны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж ирсэн. Гэтэл 2021 оны 10 дугаар сараас Б-ийн дарга Ч.Цэцэндулам намайг болон лифтчин цахилгаанчин орцны жижүүр гээд маш олон хүнийг ажлаас үндэслэлгүй халсан.

Надад Б-ноос ажилд орсон тушаал, ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг өгөөгүй. Ч.Цэцэндулам гэдэг хүн захирлын албан тушаал эрхлэх эрхгүй хүн байж Л.Аг ажлаас халсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 03 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.

Иймд Л.А намайг Б-ны орцны жижүүр цэвэрлэгчийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, хүн амын орлогын албан татварыг төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Л.А н.Янжмаатай хөдөлмөрийн гэрээ хийхдээ хуурамч гэрээ хийсэн гэж хэлдэг. Хөдөлмөрийн гэрээнд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон гэж гарч ирсэн. Л.Аг ажлаас би халаагүй. Ч.Цэцэндулам нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажилд авч ажилласан. Л.А нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тушаалаар н.Цогбаатар гэх даргын үед ажлаас халагдсан байсан. Сууц өмчлөгчийн холбооны 2 дарга солигдох хооронд н.Янжмаа гэх хүн нь Л.Аг ажилд оруулсан. Л.А 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халагдсан байна. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалин, хөлсийг нэхэмжилж байгаа боловч энэ хугацаанд нь би ажиллаж байгаагүй. Л.А намайг ажлаа хүлээж авахад Өнөр 324 СӨХ-д ажилладаг байсан.

2.2 Миний зүгээс Цагдаагийн 3 дугаар хэлтэст Л.Аг өвөл болохоос өмнө гаргаж, ажлын байрыг нь чөлөөлж өгөөч гэх асуудлыг тавьж байсан. Л.А нь ёс суртахууны зөрчил гаргаж, айлын хүүхэд зодсон. Орцонд байнгын шээстэй, гадны хүн орж ирдэг, жижүүр нь ажилладаггүй гэх гомдол оршин суугчдаас гомдол ирж, явуулах тухай шаардлага удаа дараа ирж байсан. Л.А нь ажлаа хүлээлгэж өгөхгүй, өвөл болсон байсан тул түр тушаал гаргаж ажиллуулж, түр ажиллуулах явцад дахин зөрчил гаргахгүй байвал ажилла гэж хэлсэн. Зөрчил гаргавал тухайн өдөр нь ажлаас хална гэж хэлж байсан. Л.А нь байнга ажлын байр нь дээрээ байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Аг хариуцагч Өнөр 324 СӨХ-ны Орцны жижүүр үйлчлэгч-ийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Өнөр 324 СӨХ-ноос дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,524,000 /420,000*9/ төгрөгийг гаргуулан, уг олговроос хүн амын орлогын албан татварт ноогдох хувь хэмжээгээр суутган улсын орлогод оруулж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч Л.Ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Өнөр 324 СӨХ-ноос 211,734 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Л.А нь зөрчил дутагдлын улмаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаарт тушаалаар ажлаас халагдсан байна. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан баримт байдаггүй. Ажлын байр эзэлчхээд гарч өгөхгүй байсаар, өвлийн хүйтний улиралд жижүүрийн байрнаас гаргаж явуулах боломжгүй болсны улмаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түр тушаал гаргаж ажиллуулж байгааг буруугаар ашиглаж нэхэмжлэл гаргасан.

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалыг тухайн сарын 15-ны өдөр Л.Ад гардуулж өгөхөд авахгүй хаяад явсан. Дуудахаар танай ажилчин биш гэдэг. Удаа дараа биеэр уулзаж ажлаас халагдсан талаар хэлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас халах гэхэд 12-ны өдрийг хүртэл байлгаач гэж гуйж байсан учраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Тушаал мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсарган нотлох баримтаар өгсөөр байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн.

4.2 Хөдөлмөрийн 2013/16 дугаартай гэрээ байгуулан Орцны жижүүр үйлчлэгч гэх ажилд томилогдон сарын үндсэн цалин 420,000 төгрөгөөр, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэйгөөр тохиролцон ажиллаж эхэлжээ гэж шүүхийн шийдвэрт заасан нь уг гэрээ ямар ч тамга тэмдгийн баталгаажилтгүй хуурамч гэдгийг нотолсоор байхад СӨХ-ны үйлчлэгч нь тухайн үеийн хөдөлмөрийн цалин хөлсний доод хэмжээгээр цалин нь тогтоогддог. Шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцсон. Уг гэрээ хуурамч, хөдөлмөрийн гэрээгүй Л.А ажиллаж байсныг нотолсоор байтал шүүх анхаарч үзээгүй.

4.3 Нэхэмжлэгч нь түр ажлаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр халагдсан талаар мэдсээр байж урьд нь ямар нэг маргаан, гомдол гаргаагүй бөгөөд шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 08-ны нэхэмжлэл гаргаж хандсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг зөрчсөн. Шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сунгаж, нэг талыг хэтэрхий барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолж, улмаар шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээдэг байхад нотлох баримтгүйгээр шүүгч шууд өөрөө сэргээж шийдвэрлэсэн байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

4.4 Л.А нь ажилласан жил хасагдаж эрх зүйн байдал дордох ямар ч үндэслэл байхгүй. Энэ талаар зохих нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай байсаар байтал шүүх хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээх зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний 0\66 дугаартай түр ажиллуулах тухай тушаалд зааснаар суугчдаас ямар нэг гомдол, зөрчил гаргуулахгүй ажиллахыг анхааруулж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 сар хүртэл ажиллуулсугай гэж зааснаас зөрүүтэй байна.

Гүйцэтгэх захирал Ч.Цэцэндулам нь ажилтан Л.Аг түр авч ажиллуулах эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй үед дээрх тушаалыг гаргасан талаар ямар ч нотлох баримтгүй байхад шийдвэртээ тогтоогдсон мэт заасан нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасны дагуу Ч.Цэцэндулам 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн УЗ-н 01 тогтоолоор баталгаажиж ажилд орсон ба 2021 оны 12 дугаар сарын 25-ны бүх гишүүдийн хурлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоол гараад ажиллаж байна.

Иймд анхан шатны шүүх нь бодит үнэн байдлыг нотлох баримтын хүрээнд тогтоогоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчаас ажлаас халсан тушаалыг авах гэхэд өгдөггүй буцаагаад ажилд нь авна, авахгүй гэж зөрүүтэй тайлбарладаг. Ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд өмнө нь ажиллаж байсан СӨХ-ны даргын гар, хөл, бууны нохой гэж загнаад оруулдаггүй байсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг. СӨХ-нд маргаан таслах, урьдчилан шийдвэрлэх комисс гэж байхгүй учраас хаана хандахаа мэдэхгүй явсаар шүүхийн байгууллагад хандахад анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн. Мөн хөдөлмөрийн гэрээг хуурамч гэж тайлбарладаг боловч СӨХ-ны дарга нар гэрээ байгуулж зур гэсэн гэрээнд нь гарын үсэг зураад өгдөг байсан.

5.2 Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал хөдөлмөрийн гэрээнд маргаагүй. Шүүх хуралдаан эхэлсний дараа хариуцагчийн төлөөлөгч ирсэн учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн Ч.Цэцэндулам нь СӨХ-ны даргаар ажиллах эрх нь үүсээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан. Хариуцагч талын тайлбарт нэхэмжлэгч ажиллаж байсан нь хувь хүний орлогын албан татварын баримтаар тогтоогддоггүй гэх боловч Л.Аг ажиллуулаагүй бол яагаад цалин олгосон нь ойлгомжгүй. Л.А СӨХ-нд ажиллаж байсан нь цалингийн баримтаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, хүн амын орлогын албан татвар төлүүлэхийг даалгах, тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0/66 дугаар тушаалаар Л.Аг 2022 оны 01 дүгээр сар хүртэл орцны жижүүр-үйлчлэгчийн ажилд томилсон. Улмаар Б-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тушаалаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.6, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн СӨХ-ийн захирлын өөрийн түр ажиллуулах тухай тушаалыг баримтлан Л.Аг 25 дугаар байрны 3, 4 дүгээр орцыг түр хариуцан ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ бүрэн биелүүлэхгүй, оршин суугчидтай зүй бус харьцдаг, тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, гадуур хов жив ярьдаг, худлаа цуурхал тараадаг, ажлын байранд байнга байдаггүй, цэвэрлэж байгаа орцондоо гадны хүн оруулдаг, орцоо сайн хардаггүй, байнга хүн шээдэг, оршин суугчдын гомдол удаа дараа гарсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 53-54/

4. Хариуцагч нь ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид тушаалыг гардуулсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанаас хэтрүүлэн шүүхэд хандсан ч шүүх хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллага байгуулагдаагүй, түүнчлэн шүүх гомдол гаргах хугацааг сэргээсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Б-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тушаалд заасан зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх Л.Аг Өнөр 324 СӨХ-ны Орцны жижүүр үйлчлэгч-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Б-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0/66 дугаартай Түр ажиллуулах тухай тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 420,000 төгрөгөөр тогтоосон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалинг 420,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байхаас гадна ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацааны олговорт 3,524,000 төгрөгөөс Хүн амын орлогын албан татварыг суутган тооцон төлж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч Л.Ад олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн Шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцсон гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/03603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН

 

 

................