Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00121

 

 

 

.........-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/03752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .........-гийн хариуцагч ......-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан, хохиролд 9,630,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.........- нь ......-нтэй 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 99-59 УНБ улсын дугаартай Toyota prius 20 маркийн суудлын автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед ......-н нь уг автомашин эвдрэлгүй, зөвхөн будаг хийх л ажил байгаа гэж хэлсэн. Автомашины хянах самбар гэрэл асаагүй байсан учраас түүнд итгэж худалдан авсан. Авсны маргаашаас буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш тус автомашины хянах самбар дээр 3 ширхэг анхааруулах тэмдэг асахад шинэ автомашин биш юм чинь гэмтлийг нь засуулъя гэж Приус центрт очиж, рүлын аппарат шинээр тавиулж, амартизатор, тэнхлэг мэдрэгч, уян руль, таван бул зэргийг солиулж холбогдох засваруудыг хийлгэсэн боловч хамгийн ноцтой асуудал гарч ирсэн нь тус автомашиныг урьд нь аваарт орж ослын дэр нь задарсан, түүнийгээ далдалж давхар будуулсан, чухал эд ангиуд буюу мотор доголтой, моторын духны гинж цувсан, шинэ мотор тавих шаардлагатай гэж оношлогдсон. Энэ талаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ......-нд утсаар мэдэгдэхэд тэрээр автомашиныг худалдсан, надад хамааралгүй гэж хэлсэн.

Тус автомашиныг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг тооцоход автомашины үнэ 6,500,000 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулсан 13,100 төгрөг, смарт түлхүүр шинээр хийлгэж, хаалганы түлхүүрийн гол солиулсан 150,000 төгрөг, Приус центрт оношлуулсан төлбөр 25,000 болон 418,000 төгрөг, гараашийн төлбөр 1,000,000 төгрөг, нэмэлт засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр 209,000 төгрөг, 6,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн хүүгийн төлбөр 1,300,000 төгрөг, нийт 9,630,100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.........- нь Toyota prius 20 маркийн 99-59 УНБ улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Уг автомашин доголдолтой байсан гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр автомашиныг .........-д худалдахдаа Приус центрт очиж оношлуулсан. Тээврийн хэрэгслийн оношилгоогоор гарсан эвдрэл, гэмтлийг .........- зөвшөөрч завсрын зардлыг тооцож 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Нэхэмжлэлд дурдсан төлбөр хариуцагчид хамааралгүй. .........- Приус центртээр оношилгоо хийлгүүлж, үнийг төлсөн. Өөрийн эзэмшлийн гараашид автомашиныг байрлуулсан байж төлбөр нэхэмжилсэн. 209,000 төгрөгөөр засвар, үйлчилгээ хийлгэсэн гэх боловч ямар үйлчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь хариуцагчид хамааралгүй. Автомашинд оношилгоо хийлгэхэд хянах самбар дээр ямар нэгэн гэрэл асаагүй нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Автомашиныг оношлуулах үед мотор доголдож байна, уян солих шаардлагатай гэдгийг хэлсэн. Иймд автомашиныг буцаах үндэслэлгүй. Нотариатын зардлаа өөрөө төлсөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиулах шаардлага байхгүй, хариуцагч ......-н нь автомашиныг худалдахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгсөн. Автомашины түлхүүрийг солиулах шаардлагагүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 674 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-г цуцлан хариуцагч ......-нгээс 6,525,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........-д олгож, гэрээний зүйл Тоёота Приус-HW20 маркийн 99-59 УНБ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч .........-гийн өмчлөл, эзэмшлээс гаргуулан хариуцагч ......-нгийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэхийг гэрээний талуудад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,105,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......-нгээс 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг үндэслэлтэй хуулийн дагуу хангаж шийдвэрлэсэн боловч үлдэх зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон. Хариуцагч ......-н нь Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу доголдолгүй автомашин шилжүүлэх үүрэгтэй. Ворлд нью кар ХХК-аар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин автомашиныг дахин оношилгоо үйлчилгээ хийлгэсэн ба тус оношилгоогоор мотор доогуураа хүчтэй цохигдож хагарсан, тоо хаяж хөлөрч моторын гинж цувсны улмаас мотор цохисон нь тогтоогдсон. Мотор солиулахад 3,500,000 төгрөг гэж дүгнэлтэд тусгасан. Хариуцагч энэ дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч эрх бүхий байгууллага гаргасан дүгнэлт биш гэх боловч биет байдлын доголдлын талаар нэхэмжлэгчийн эсрэг шинжээч томилуулах байдлаар хүсэлт гаргаагүй тул автомашин доголдолтой байсан нь тогтоогдсон. Мөн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 99-59 УНБ автомашины түлхүүр солиулж шинээр авсан. Тухайн үеийн үзлэгээр тус автомашин урьд нь аваарт орж мөргөлдсөн, ослын улмаас урд цаап тооромз бүрэн барихгүй, 5 булнууд хугарсан, гадна тал хуучин будагтай, ослын дэр задарсан, рулын аппаратны жолоодлого алдагдсан, жолооч талын зүүн урд хаалга гажаатай, бүрэн хаагддаггүй, хаалганы нугас нь тасарсан, үндсэн моторын доод хэсэг хүчтэй цохигдсон, яаралтай солиулах шаардлагатай дүгнэсэн байхад шүүх дээрх дүгнэлтийг автомашины засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллага, мэргэшсэн шинжээч биш атлаа эдгээр гэмтлүүдээс зөвхөн моторын гэмтлийг биет байдлын доголдолд хамааруулна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй

4.2. Шүүх нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээний зүйлийг эзэмшилдээ авсан тул эрсдэл түүнд шилжсэн учир 2022 оны 06 дугаар сарын 04, 09-ний өдрүүдийн засвар үйлчилгээ хийлгэсэн 418,000 төгрөг болон 209,000 төгрөг, смарт түлхүүр шинээр хийлгэсэн 150,000 төгрөгийн зардлуудыг худалдан авагч хариуцах төдийгүй, Приус центрийн зарлагын баримт биет байдлын доголдолтой хэсэг буюу моторт хамааралгүй гэж дүгнэсэн. ......-нгээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр автомашиныг авахад аваарын анхааруулга гэрэл дохио асаагүй байсан бөгөөд Приус центр засварын газарт оношлуулахад ямар ч асуудалгүй хэвийн байна гэсэн боловч маргааш нь буюу түүнээс яг 1 өдрийн дараа тус автомашины аваарын хянах дэлгэц дээр маш олон аваарын гэрэл ассан. Дээрх засварыг хийлгэсэн ба эдгээр засвар үйлчилгээ машинтайгаа хамт хэвээрээ байгаа, дангаар нь ашиглах ямар ч боломжгүй тул томилуулах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан шүүх хангаагүй.

4.3. Шүүх ... автомашиныг 2022 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд гараашид байршуулж уг гараашийг түрээслэн олох ёстой байсан орлого 1,000,000 төгрөгөөр хохирсон гэх шаардлагыг мөн нэхэмжлэгч өөрийн автомашиныг заавал дулаан зогсоолд үнэ төлбөртэй байрлуулсан нь хариуцагчид үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаагүй. Автомашины доголдлын талаар хариуцагчид мэдэгдэж гэрээг цуцлах талаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн талаар хариуцагч маргаагүй. Иймд хариуцагч биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдсан тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нэхэмжлэх эрхтэй. Энэ өнгөрсөн 4 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн боловч түүнээс гадна 2022 оны 11,12 дугаар сард автомашиныг байршуулсаар байгаа тул олох байсан орлогоо алдаж байна.

4.4. ... Нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг худалдан авахын тулд 2022 он 06 дугаар сарын 03-ны өдөр Алтан бумба санхүүгийн нэгдлээс 6,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлдэн авсан зээлийн гэрээний 4 сарын хугацааны хүүгийн төлбөрт төлсөн 1,300,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, ......-н тус гэрээний тал биш гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. ......-н нь .........-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул худалдаж байгаа тээврийн хэрэгслийн чанар байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл доголдолтой автомашин шилжүүлэн өгсөн. Тухайн автомашиныг худалдан авахын тулд зээлийн хүү төлж хохирсон тул уг зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, худалдагч зориулалтын дагуу ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол эдгээр зардал, төлбөрийг төлөхөд маргахгүй байсан. Гэтэл автомашины талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй, биет байдлын доголдолтой автомашиныг шилжүүлсэн. Иймд хариуцагч ......-нгээс 3,105,100 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. .........- автомашиныг худалдаж авахдаа Приус центр авто засварын газраар оношлуулаад эвдрэл гэмтлийг мэдээд 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

.........- дүгнэлт гаргах эрхгүй авто засварын газар Ворлд нью кар ХХК-аар мотор цохисон, үндсэн мотор доогуураа маш хүчтэй цохиулсны улмаас хагарч, цуурал явагдаж тэлж, тосоо хаяж хөлөрч моторын гинж цувсны улмаас мотор цохисон байна. Энэхүү цохилтын гэмтэл хуучин буюу 2021 онд үүссэн гэмтлээс үүсэлтэй гэх дүгнэлт гаргасныг шүүх үнэлсэн. Мөн хариуцагч энэ дүгнэлтийг эс зөвшөөрч эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт биш гэх боловч биет байдлын доголдлын талаар нэхэмжлэгчийн эсрэг шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2021 онд мотор доогуураа маш хүчтэй цохиулсны улмаас хагарч цуурсан байсан бол Приус центр авто засварын оношилгоо хийлгэхэд мэдэгдэх ёстой. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн оношилгоонд мотор хагарсан цуурсан гэмтэл, доголдол оношлогдоогүй, мотор хэвийн байсан талаар гэрчээр н.Чулуунбаатар мэдүүлсэн. .........- шүүх хуралдаанд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн их бороотой өдөр уг автомашиныг жолоодоод явж байхад унтарсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас моторын доголдол нь үүссэн. Анхан шатны шүүх хариуцагч шинжээч томилуулан дүгнэлт гаргуулаагүй учир нэхэмжлэгчийн авто засварын газраар гаргуулсан дүгнэлтийг үнэлсэн. Хариуцагч X.Долгорсүрэн уг тээврийн хэрэгслийг худалдахдаа оношилгоонд оруулж биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Шүүх дүгнэлт гаргах эрхгүй газрын дүгнэлтийг үнэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Мотор тос хаяж, цууралт явагдсан талаар 2 засварын газар дүгнэсэн. Приус центрээс хянах гэрэл асаагүй тул тодорхой дүгнэлт өгөх боломжгүй гэсэн. Худалдан авсны маргааш өдөр хянах самбар дээр гэрлүүд ассан. Захиалсан түлхүүртэй хамт, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийсэн дүгнэлтийг ирүүлсэн. Хариуцагчид ... хамт явж дахин дүгнэлт гаргуулъя... гэж хэлсэн зөвшөөрөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах эрхтэй байсан боловч хүсэлт гаргаагүй. Мотороос өөр эд анги доголдолтой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж байна.

 

1. Нэхэмжлэгч .........- хариуцагч ......-нд холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн 6,500,000 төгрөг, хохирол 3,130,100 төгрөг, нийт 9,630,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... доголдолгүй автомашин худалдсан, ашиглалтын явцад уг доголдол бий болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ......-н нь 99-59 УНБ улсын дугаартай, Toyota, Prius-XW20 маркийн автомашиныг худалдан авагч .........-д шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 6,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул худалдагч ......-н нь худалдан авагч .........-д биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашин шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

Гэвч хариуцагч ......-нгийн шилжүүлэн өгсөн 99-59 УНБ улсын дугаартай, Toyota, Prius-XW20 маркийн автомашин биет байдлын доголдолтой байсан тул нэхэмжлэгч .........- худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болжээ.

 

1.2. Автомашины засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Ворлд нью кар ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн оношилгоо хийлгэхэд уг автомашины үндсэн мотор доогуураа хүчтэй цохигдсоны улмаас хагарч, цуурал явагдаж тэлж тосоо хаяж хөлөрч моторын гинж цувсны улмаас мотор цохисон байна. Энэхүү цохилтын гэмтэл нь хуучин буюу 2021 онд үүссэн гэмтлээс үүдэлтэй гэж дүгнэснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.(хх-ийн 73)

 

Түүнчлэн, хариуцагч ......-н нэхэмжлэгч .........-д доголдолгүй автомашин шилжүүлсэн, бороонд унаж явснаас мотор цохиж гэмтээсний улмаас тос гоожиж мотор цохих боломжтой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талаас гаргасан дээрх оношилгооны дүгнэлтийг үгүйсгэж няцаагаагүй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Хариуцагчийн шилжүүлэн өгсөн автомашин нь зориулалтаар ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой байсан тул нэхэмжлэгч нь уг доголдлыг арилгуулахаар шаардсан боловч хариуцагч зөвшөөрөхгүй, автомашинд шаардлагатай эд зүйлийг сольж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч .........- нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......-нтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч .........- автомашин худалдан авахад зориулж нотариатын зардал 15,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулах төлбөр 13,100 төгрөг, түлхүүр солиулахад 150,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр засварын хөлс 418,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр засварын зардал 209,000 төгрөг, нийт 830,600 төгрөг төлсөн байна. (хх-ийн 8-9, 42, 49)

 

Мөн нэхэмжлэгч .........- автомашин худалдан авах зорилгоор Алтан бумба санхүүгийн нэгдэл ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байна. Иймд нэхэмжлэгч .........- нь дээрх зээлийн 4 сарын хүүд төлсөн 1,300,000 (325,000 төгрөг х 4 сар) төгрөгийг хариуцагч ......-нгээс Иргэний хуулийн 256 дүгээр зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, уг хохирол гэрээ цуцалсантай шалтгаант холбоотой байна.

 

1.3. Харин нэхэмжлэгч .........- Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, (17120) Наадамчдын зам гудамж 304 байр, зоорийн давхар 48 тоот гараашийг түрээсэлж олох байсан орлого 1,000,000 төгрөгөөр хохирсон гэх боловч энэ нь худалдах, худалдан авах гэрээний доголдлын улмаас цуцалсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас уг төлбөрийг шаардах эрхгүй болно.

 

Иймд хариуцагч ......-нгээс автомашины үнэд төлсөн 6,500,000 төгрөг, засварын зардал 830,100 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1,300,000 төгрөг, нийт 8,630,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........-д олгох нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/03752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......-нгээс 8,630,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 134,950 гэснийг 153,032 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64,632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ