Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 114/2020/0016/з |
Дугаар | 001/ХТ2021/0017 |
Огноо | 2021-01-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/0017
Д.У-гийн нэхэмжлэлтэй,
Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын
газрын хэлтсийн дарга, аудитын менежер
Ш.М, аудитор Г.Б нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 тоот актын Д.У-д холбогдох 1402940 төгрөгийн актын төлбөрийг хүчингүй болгуулах”
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 543 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, аудитор Г.Б,
Гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, аудитор Г.Б нарт холбогдох “Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 тоот актын Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 543 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Д.У-гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.М, аудитор Г.Б нарт холбогдох “Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 тоот актын Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 543 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан тогтоох хэсгийн 1 дүгээрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч Д.У дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй тэтгэмж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байтал нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгт авч үзэхгүйгээр магадлал гаргасан нь үндэслэлгүй төрийн байгууллагын эрх ашгийг хамгаалсан гэж ойлгогдохоор байна.
6. Дархан-Уул аймгийн Төрийн аудитын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай”, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 22 дугаар тогтоолын хавсралт Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-д заасныг баримтлан Д.У-д 1402940 төгрөгийн актыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 акт хууль зөрчин гаргасан учир Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
7. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 тоот актад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хууль хэрэглэсэн нь төрийг хамгаалсан хууль дээдлэх зарчмаа алдсан магадлал гаргасан гэж ойлгож байна.
8. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын 74/01 дугаар акт нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 36/64 дугаарт бүртгэгджээ.
9. Уг журам нь энэ өдрөөс эхэлж мөрдөх байтал 2014 оноос эхэлж уг журмын 4.6, 5.6-д заасныг баримтлан 74/01 тоот акт тавьж Д.У-г хохироосон нь үндэслэлгүй байна.
10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болж байна.
11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 543 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 дүгээр актыг нэр бүхий 10 иргэнд холбогдуулан үйлдсэн байх бөгөөд эдгээр иргэдийн нэг болох нэхэмжлэгч Д.У-гаар 1,402,940 төгрөг төлүүлэхээр заажээ.
14. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, ... эрх анх үүснэ”, 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 6 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах ... өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана”, мөн зүйлийн 3-т “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж тус тус заасан байна.
15. Хуулийн дээрх заалтуудаар даатгуулагч ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүсч, харин ажилгүй байсан тодорхой хугацаанд тэтгэмж олгох асуудлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын дагуу олгохоор зохицуулсан байна.
16. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар Дархан сумын “Од” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргаж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 1,402,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.У-г Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2,961,540 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 367 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 2,961,540 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
17. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосноор даатгуулагчид амьжиргааны эх үүсвэр болгож ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг үүсгэсэн эрх харилцаа үгүйсгэгдэж, түүний үр дагавар арилсан байх тул маргаан бүхий захиргааны актаар ажилгүйдлийн тэтгэмжид олгосон мөнгөн дүнгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу биш юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
18. Хэдийгээр хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4.6, 5.6-д заасныг баримталсан нь буруу боловч уул харилцааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 10 дугаар тогтоолд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр, энэхүү тогтоолын хавсралтаар баталсан “Ажилгүйдлийн тэтгэмж тооцох, сургалтын зардал олгох журам”-ын 3.4-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож түүний ажилгүй байх хугацааны цалин, хөлс, орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ажил олгогчоор нөхөн төлүүлсэн тохиолдолд тухайн даатгуулагч энэ хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжээ санд буцаан төлж нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийнэ.” гэж тухайн харилцааг ижил утгаар зохицуулсан байна.
19. Дээрх үндэслэлээр “...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” агуулга бүхий нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 543 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН