Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0021

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0665 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0665 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...“А” ХХК нь газар ашиглах гэрчилгээгээ сунгуулахдаа сайдын тушаалгүйгээр 2011/70 тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5 жилээр сунгав. ТХНУГ-ын дарга гэсэн сунгалтыг, газрын төлбөрөө төлөөгүй байсан ба тушаал гарах өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлснийг анх газар газар ашиглах эрх авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг барьж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6”-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч “...газар ашиглах гэрээг байгуулахаар хамгаалалтын захиргаанд хандсан боловч гэрээг байгуулаагүй, үүнтэй холбогдуулан гэрээний төлбөрт хэдэн төгрөгийг, хэзээ төлөхөө мэдээгүй учраас төлбөрөө сүүлд төлсөн, ...зориулалтын дагуу газраа ашиглахаар холбогдох ажлаа хийж байгаа тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй” гэж маргажээ.

Газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийн талаар,

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Байгаль орчны сайдын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 201 дүгээр тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар 4 га газрыг “А” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 689 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2/80 дугаартай газар ашиглах гэрээг 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан, 2014 оны 02 дугаар  сарын 26-ны өдөр “А” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг “2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” сунгасан байх боловч тухайн компанитай газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулаагүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-д зааснаар газрын төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа нь гэрээгээр тодорхойлогдохоор байна.

Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2014 оны 02 дугаар  сарын 26-ны өдөр газар ашиглах гэрчилгээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан атлаа газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулалгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгч газрын төлбөрт хэдэн төгрөгийг, хэзээ төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар заасан, өөрөөр хэлбэл нэгэнт газар ашиглуулах шийдвэр гарсан, гэрчилгээ олгосон бол газар ашиглах гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг юм.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг 2013 оны 07 дугаар сарын 31, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан боловч нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн “...газар ашиглах гэрээг байгуулахаар хамгаалалтын захиргаанд хандсан боловч гэрээг байгуулаагүй, үүнтэй холбогдуулан гэрээний төлбөрт хэдэн төгрөгийг, хэзээ төлөх нь тодорхойгүй байсан учраас төлбөрөө сүүлд төлсөн” гэх тайлбарыг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оноос хойших газар ашигласны төлбөрт 157 804 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцэхгүй.

Газраа зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн талаар,

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК-иас газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1605/2012 тоот техникийн нөхцөл гаргуулж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16/31 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18/25 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан, 2018 онд Аялал жуулчлалын цогцолбор төслийн “Байгаль орчны төлөв байдлын тайлан”-г боловсруулсан нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.

Энэ тохиолдолд, хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН