Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 665

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Н.Э, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “А” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай  хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгосон 2011/70 тоот газар ашиглах гэрчилгээний дагуу Б******* газар *****ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар авсан ба уг гэрчилгээний хугацааг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 жилийн хугацаагаар сунгуулж үйл ажиллагааг явуулж байсан болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 зүйлүүдийг үндэслэн манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдээд тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 
Маргаан бүхий актаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 буюу түүнээс жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эрхийг дуусгавар болгосон нь хууль бус гэж үзэж байна. Манай байгууллага газрын төлбөрийн үлдэгдэл 157.804.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн байхад төлбөр төлөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. 
Мөн манай компани өөрийн газарт амралт, сувилалын барилга барихаар төлөвлөж байсан боловч эдийн засгийн шалтгаанаас болоод энэ үйл ажиллагаа түр зогссон байдалтай байсан болно. Нөгөөтэйгүүр хариуцагч нь манай компанийг өөрийн газарт хашаа барих гэхэд бариулахгүй хориглож байсны улмаас дээрх газарт хашаа барьж чадаагүй. 
Гэтэл хариуцагч нь манай газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухайгаа манай компанид мэдэгдэх ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд шууд манай газар ашиглах эрхийг зөрчин цуцалсан учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ. 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дахь хэсэгт “...Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “... Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно...” гэж тус тус заасан нь төр, үндэсний эрх ашиг, ард түмний нийтлэг ашиг сонирхол, байгаль орчинд үүссэн хохирол зэргийг харгалзан шаардлага гарвал тухайн газрыг өмчилж, ашиглаж буй этгээдээс хураан авах, эргүүлэн авах бүрэн эрхтэйг хуульчилсан билээ.
Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 2.1-т “...Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах...”, 2.5-д “...төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх...” гэж тус тус хуульчилсан нь Засгийн газар нь улс орон, нийтийн эрх, ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөг хангах ямар ч асуудлаар Яам болон бүх шатны Засаг дарга нарыг шуурхай удирдан чиглүүлж, арга хэмжээ авах эрх бүхий этгээд гэдэг нь харагдаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Д******* цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” , мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт “...төрийн захиргааны төв байгууллага нь д******* цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана...” гэж, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “... Аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ...” гэж тус тус хуульчилж өгсөн нь д******* цаазат газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон зохицуулалт юм.
Тус яамнаас холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зарим иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглах гэрчилгээ олгох тухай” Байгаль орчны сайдын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 201 дүгээр тушаал /хавсралтын 36-д “А” ХХК-д/-аар Б******* газрын *****ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон байна. Гэрчилгээний хугацааг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сунгасан. Түүнчлэн газрын нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн.
“Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай”  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн  1 дэх хэсэг “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тушаал баталсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”-г газар ашиглах гэрээнд тусгана гэж заасны дагуу газрын төлбөрийг “А” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байсан боловч төлөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт газар эзэмшигчийн хүлээх үүргийг заасан бөгөөд 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төлбөр ногдуулах газрын талаар тусгасан бөгөөд “газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж, 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “...Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж тус тус хуульчилж өгсөн.
Гэтэл “А” ХХК-д улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийг олгосоор байтал газар ашиглагч өөрөө хуулиар хүлээсэн үүрэг буюу газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3 дахь заалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...улсын тусгай хэрэгцээний газарт газрын төлбөр ногдуулна...” гэж хуульчилж өгсөн байтал хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь нотлох баримтаар нотлогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт “газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан, /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”.../ бол газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус заасан байх тул “А” ХХК нь Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газрын төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн байсныг мэдсээр байгаа боловч хуулийг үл хүндэтгэж, газрын төлбөрөө төлөөгүй байсан болно.
“Сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй чирэгдэлгүй зохион байгуулж ажиллах” зорилтын хүрээнд Тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэхтэй холбоотойгоор 2018 оны 01 дүгээр сарын 06-аас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд тооцоо нийлж, бүртгэлжүүлсэн.
Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бөгөөд яамны веб сайтад зар мэдээний талаар зарлал байрлуулсан бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглах эрх цуцлах талаар зарлаад байхад бүртгэлд хамрагдаагүй болно.
2018 оныг Монгол Улсын Засгийн газраас сахилга, хариуцлагыг сайжруулах жил болгон зарласан бөгөөд “А” ХХК нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүйг харуулж байна. Газрын төлбөр төлөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь тухайн компанийн хариуцлагын асуудал тул эрхийг олгосон боловч цуцлах эрхтэй тул Сайдын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан болно.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “...хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэ зөв мэдээлэл олж авах,...боломжоор хангагдсан байх...” гэсэн зарчим үйлчилдэг бөгөөд “А” ХХК-д улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон байхад хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, бусад хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, улсын төсөвт оруулах ёстой газрын төлбөрийг төлөөгүй байна. 
Иймд “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай”  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар  “А” ХХК-ийг дээрх газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.
Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...“А” ХХК тухай газарт амралт , сувилалын газар барихаар төлөвлөж байсан боловч эдийн засгийн байдлаас шалтгаалан үйл ажиллагаа түр зогссон. Гэхдээ тухай газар дээр инженерын шугам сүлжээний зураг, барилгын эскиз зураг төсөл боловсруулах зэрэг ажлуудыг явуулж байсан. Газрын төлбөрт 158.804.000 төгрөгийн төлсөн...” гэж шүүхэд хандан маргажээ.
Хариуцагчаас “...яамны цахим сайтад нийтлэгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зарлал болон Б******* Уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан...” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн тайлбарласан болно.  
Нэг: Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд: 
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ. 
Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл “А” ХХК нь анх /хуучнаар/ Байгаль орчны сайдын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 201 тоот тушаалаар  Х******* дүүрэгт байрлах Б******* Уулын Д******* цаазат газрын *****ын ам нэртэй 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж, 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг  авчээ.
 Улмаар 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хамгаалалтын захиргаанд “гэрчилгээ сунгуулах тухай “2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах тухай” хүсэлтүүд  гаргасныг Б******* Уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч нэхэмжлэгчийн 2011/70 тоот гэрчилгээгээр хугацааг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаагаар сунгаж, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийн шийдвэрлээгүй байна.   
Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Д******* цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж зааснаас  үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2 дахь хэсгийн 2, 3-т  газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ. 
Харин Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”  гэж заажээ.
Дээрх хуулийн заалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх тул газар ашиглах гэрчилгээ авсан “А” ХХК нь гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчид 2008 онд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгож, гурвалсан гэрээ байгуулсан эсэх  талаар маргаагүй, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах тухай” хүсэлтийг шийдвэрлээгүй талаар тодорхой тайлбар өгөөгүй болно .
Нэхэмжлэгч  “А” ХХК нь хэдийгээр  2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2/80 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг бүрэн байгуулаагүй ,  хэдий ч маргаан бүхий актыг гаргах хүртэл хугацааны гэрээнд заасан газрын төлбөрт /гэрээгээр газрын төлбөр хэмжээг тогтоогоогүй/ 157.804.000 төгрөгийг төлсөн нь Х******* дүүргийн Газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн лавлагаагаар  тогтоогдож байна.
Түүнчлэн тус шүүхэд “Ц" ХХК, Э ХХК, Э Д ХХК, М ХХК, иргэн Н.Ц, К ХХК-аас  Х******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  холбогдуулан “...Х******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,   захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хэрэг маргааныг  шийдвэрлэж,  уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар  хянан хэлэлцээд “...Х******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн  итгэлцүүрийг  хэрэглэх газрын зааг, хязгаар,  итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн...” шийдвэрлэсэн байна. 
Өөрөөр хэлбэл нэг талдаа Х******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөр тогтоосон тогтоолтой холбоотой маргаан хянагдаж буй цаг хугацаатай зэрэгцэн нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэгдэхээр байх тул “А” ХХК-ийг Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна. 
Хоёр: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: 
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ. 
Энэхүү хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг ...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарлажээ.
Нэхэмжлэгч “А” ХХК-иас газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1605/2012 тоот техникийн нөхцөл гаргуулж , 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16/31 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ , 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18/25 тоот Ажил гүйцэтгэх гэрээ  тус тус байгуулахын сацуу 2018 онд “Аялал жуулчлалын цогцолбор төслийн Байгаль орчны төлөв байдлын тайлан”-г боловсруулан тухайн газраа ашиглах талаарх тодорхой арга хэмжээнүүдийг авч байжээ.
Энэ талаар Б******* Уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2013 оын 8 дугаар сарын 13-ны өдрийн 185 дугаар албан бичгээр “...А” ХХК нь  Шинэ яармаг хорооллын төлөвлөлттэй холбоотойгоор төслийн үндсэн үйл ажиллагаа эхлээгүй. Цахилгаан техникийн нөхцөл авч, холболт хийлгэх гэрээ байгуулсан. Хөрсний шинжилгээ хийлгэсэн.Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл шинэчлэн хийлгэсэн.Газрын төлбөрт нийт 64.977.000 төгрөг төлсөн.Газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн тооцоогүй...” гэх тодорхойлтыг Тусгай хамгаалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлж байжээ .
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн газраа ашиглах талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тухайлбал зориулалтын үйл ажиллагаатай холбоотой техникийн нөхцөлүүд авах, зураг төсөл боловсруулах ажиллагаа явуулж байгаа эсэх, ашиглах явц нь ямар шалтгаанаар удааширсан зэргийг шалган тодруулж, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байдал байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй нь хууль бус болжээ. 
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг “...2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.  
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчин нэхэмжлэгч “А” ХХК нь гурвалсан гэрээ байгуулсан эсэх, газрын төлбөр болон газар ашиглах эрх үүргээ биелүүлсэн талаарх нөхцөл байдлыг гэрээ байгуулах үүрэг бүхий дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчаас тодруулалгүй дан ганц Б******* Уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичгийг  үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон нь буруу байна.
Нөгөөтээгүүр хариуцагчаас албан ёсны www.*****.mn сайтад тавигдсан Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэхтэй холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 06-31-ний өдрүүдийн бүртгэлд хамрагдаагүй улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох талаар хуулийн зохицуулалт, журам байхгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар огт үндэслэлгүй болохыг  дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б******* Уулын *****ын аманд байрлах 4 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1.  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 

 

 

 


                                                   ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР