Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00105

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00105

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00105

 

А.Б--ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/03593 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б--ийн хариуцагч А-ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 201,616,098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б--, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, Ц.Жавхлантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А- цөсний дурангийн хагалгаанд орсон. Хагалгаа 5,6 цаг орчим үргэлжилсэн. Хагалгаа дуусаад 17:40 минутын үед хагалгаанаас тасаг руугаа орсон. Маргааш нь жижүүр эмч хараад та гэрэлд нэг хараадах гэхэд бүх бие маань ногоорсон байсан. Жижүүр эмч нар ирсэн А.В- эмч нэлээн үдээс хойш ирсэн. Орж ирээд ер нь манай алдаа юу байна. Чи дөнгөж саяхан төрсөн юм байна. Дээрээс нь хөхүүл байгаа, хийсвэр хагалгаагаар төрсөн байна. Эмч шалгаад ямар нэгэн байдлаар элэг гэмтсэн байх магадлалтай, унтуулгад орсон болохоор гэсэн. 2 хоногийн дараа дандаа хордлого тайлах эмчилгээ хийгдээд байсан. Тэгээд 1 хоногийн дараа 1 дүгээр эмнэлэг руу компьютерт харуулья гээд халдвартын эмнэлгийн элэгний тасаг pyy шилжүүлээд тэнд очоод үзүүлэх гэтэл н.Дэлгэр эмч нь миний эмчилгээ болон биеийн байдлыг харангуутаа энэ манай зүгээс ямар ч арга байхгүй. Энэ хагалгааны хүндрэл байна гэсэн. Хавар маш их хүндрэлтэй, шокын байдалтай байсаар С-эмнэлэгт шинжилгээний аппаратад орохоор шийдээд очсон. Шинжилгээ өгөхөд дотор хийгдэж байгаа оёдол маань босоо чиглэлд байх зүйл маань хоёулаа хөндлөн тавигдаж, цөсний ерөнхий цорго нь тэр чигтээ хаагдаад тасарсан байна. Тасарсан хэсгээрээ хугацаа алдсанаас болоод тэр хэсгийг нь буцаж оёх битгий хэл багаж хүрэхийн аргагүй тийм сэмэрсэн, түлэгдэлтэй байна гээд яаралтай хагалгаанд орсон. Би С-эмнэлэгт 2 сар гаруй хугацаанд хагалгаанд 2 удаа орсон усаа авхуулаад, уушиг минь устаад хэвтэрт 2 сар гаран болсон. Үүний дараа А-ийн н.В- эмч надад С-эмнэлгүүдийн гарсан зардал болон эмчилгээний зардлууд, ор хоногийн төлбөртэй нь төлсөн. Ингээд Монголд ямар ч эмчилгээ байхгүй, элэгтэй маш ойрхон таслагдсан учраас энэ хагалгааг хийх боломжгүй гэдэг хариуг надад өгсөн. Улмаар Японд эмнэлэгт үзүүлэх болсон. Тэгээд тухайн эмнэлгээ хүлээсээр байгаад 2 сар дараа эмчдээ үзүүлсэн. Эмч би хуучин байсан шиг чинь болгож чадахгүй, хагалгаа чиний биеийн байдлаас шалтгаална гээд сар гаран би бүх шинжилгээ өгсөн. Хариу маань холболтыг хийж болох байна гэж хэлээд эмнэлэг маань даатгалд орох боломжийг нэг бүрчлэн зааж өгсөн. Хагалгаанд орох гэтэл ходоодноос доош ордог хэсэг дээрх нарийн гэдэсний хэсэг дээр гуурснаасаа болоод том цоорол үүсэж, хоол гуурсаар гардаг болсон тул яаралтай нарийхан гуурсаар солих жижиг хагалгаанд орж, 3 сар эмчийн хяналтад байсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нарийн гэдсээр дээш нь холбуулах хагалгааг хийлгэсэн. Одоо би 3 хүүхэдтэйгээ дөрвүүлээ хийсэн ажилгүй, шүүх зөв зүйтэй шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Одоо шинжилгээ байнга өгч хяналтад явж байгаа. Япон улсад эмчлүүлсэн эмчилгээний болон амьжиргааны зардлын задаргаагаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Эмчилгээ хийлгэхээр явсан онгоцны тийзний зардал 32,506,731.01 төгрөг, Япон улсад хийлгэсэн эмчилгээний нийт зардлуудыг үзэхэд 46,356,702.31 төгрөг, эмчлүүлж байх хугацааны амьжиргааны зардал мөн валютын лавлагаа авсны төлбөр, прокурорын байгууллагаас хуулбар авсан төлбөр, архивын үйлчилгээний хөлс зэрэг нэмэгдээд 15,844,106.83төгрөг, эрүүл мэнд сэтгэл санаанд учирсан хохирол буюу олох байсан орлогыг шинжээчийн дүгнэлтээр шалтгаалан тухайн үеийн цалин хөлсөөр тодорхойлуулахад 75,286,038 төгрөг, сэтгэл санааны гэм хорыг шинжээчээр тодорхойлуулсан 31,935,475 төгрөг гээд нийт 290,929,053.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А.Б-- нь А-ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цөсний чулуу авахуулах хагалгаанд орсон. Хагалгааг тус эмнэлгийн эмч А.В- гардаж хийж гүйцэтгэсэн байдаг. Хүндрэл үүссэний дараа өвчтөн маань тус эмнэлэг дээр үргэлжлүүлэн орох нээлттэй хагалгаанд орох ёстой байсан. Өвчтөн өөрөө эмнэлгээс гарч явсан бөгөөд зүй нь бол тухайн орсон эмнэлэг дээрээ буюу эхний цөсний дурангийн хагалгаа байсан. Манайх цөсний чулууны дурангийн хагалгаа нь олон улсын түвшинд буюу улсын хэмжээнд хүрсэн гэсэн үг. Ийм хүндрэл урд нь гарч байгаагүй, хагалгааны дараах хүндрэл гарсан. Өвчтөн өөрөө дараагийнхаа эмнэлгийг сонгоод явсан. С-эмнэлэг дээр шинжилгээ өгч хагалгаанд орохоор боллоо гээд хагалгааны төлбөр нэхэмжилсэн байдаг. н.В- эмч А-ХХК хүсэлт гаргаад А-ХХК-ийн зүгээс С-эмнэлэг дээр хагалгааны зардал болох 14,000,000 төгрөг А.В- эмч А.Б--д шилжүүлсэн байдаг. Бидэнтэй холбогдоогүй, бидний мэдсэнээр С-эмнэлэг дээр хагалгаа амжилтгүй болсон Япон улс руу явахаар боллоо гэж сонсогдсон. 2,3 дахь хагалгаа амжилтгүй болсон учраас энэ хүн Япон улс руу явах нөхцөл байдал үүссэн. Гэм хор дээр шалтгаант холбооны асуудал яригдана. н.В- эмчийн анхны гүйцэтгэсэн хагалгаа, С-эмнэлэг дээр орсон 2.3 дахь хагалгаанд гэм хорын шалтгаан тогтоогдох ёстой. Тэгж байж энэ асуудал дээр А.В- эмчийн гэм хорын асуудал, С-эмнэлэг дээр хийсэн 2 дахь хагалгаа бол 1 дэх хагалгааны хүндрэлийг засах зорилготой байсан. Энэ хагалгаа амжилтгүй болсон гэж бид үзээд байгаа юм. Уг хагалгаа амжилттай болсон бол хүний эрүүл мэндэд хохирол учрахгүй байсан. Японд явж эмчлүүлж байгаа нь Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон Монголд хийгдэх боломжгүй хагалгаа эмчилгээний жагсаалт байдаг. С-эмнэлгийн эмч Японд хийгдсэн гуурс тавиулах, элэгний хагалгаа зэрэг нь монголд хийгдэх боломжтой. 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаартай жагсаалт, журам батлах тухай тушаалын жагсаалтаар Монголд хийгдэх боломжгүй 33 төрлийн хагалгаа, мэс ажилбар байдаг. Энэ жагсаалтаар А.Б--ийн Японд очиж хийлгэсэн мэс ажилбар байдаггүй. Гэм хорын хохиролд 201,616,098 төгрөг Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлээд байдаг. Гэм хор учруулсан этгээдээр А-ХХК-ийг тодорхойлсон байдаг. Гэтэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн буруутай этгээдийг тогтоож байгаа бол гэм буруутай этгээдийг шүүх тогтоож эцэслэн шийдвэрлэсэн байх ёстой. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч А-ХХК-аас гэм хорын хохиролд нийт 201,616,098 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,166,030 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын маргааны xapилцaаг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс маргааны агуулгыг нягтлан үзээгүй эрх зүйн зөв дүгнэлт хийж, шийдвэр гаргаж чадаагүй. Эрүүгийн хэргийн иргэний хариуцагч (А-ХХК)-ийн төлбөр хүлээх байдал, шүүгдэгч (эмч В-)-ийн гэм буруугийн байдлыг эрүүгийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн өөрт хохирол учруулсан гэж үзэж хэнийг ч хариуцагчаар тодорхойлж хохирлоо шаардах нэхэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч мөрдөн байцаагчийн иргэний хариуцагчийн тодорхойлсон, прокурорын тогтоолоор л хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэгт гэм буруугийн асуудал огт хэлэлцэхгүй атал А-ХХК нь иргэн А.Б--д учирсан хохирлыг хариуцах болсон үндэслэл ойлгомжгүй, улмаар хариуцагч ямар үйлдэл холбогдол нь энэхүү 20,1.6 сая төгрөгийн мөнгөн дүнгийн хэмжээгээр 100 хувь хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож иргэний шүүх гэм буруутай гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэл бүхий байж чадсангүй. А.Б-- иргэний шүүхэд эрүүгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо тодорхойлж нэхэх эрхтэй боловч хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр болоогүй эрүүгийн хэргийн хавтаст баримтаар иргэний хэргийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

Шүүх шийдвэр гаргахдаа гэрчүүдийн гэрчлэлд эрх зүйн үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй, энэ талаар шийдвэрийн үндэслэлдээ огт дурдаагүй. Гэтэл гэрчүүдийн тайлбар гэрчлэл нь нэхэмжлэлд бодит бус арилжааны шинжтэй байсныг шүүх анзаараагүй. Шүүх анхаарал хандуулаагүй, эрх зүйн ач холбогдол өгөөгүй. Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч дараагийн эмнэлгээ сонгоод дараагийн хагалгаа хийлгэсэн байдаг. Хагалгааны төлбөрт 14 сая төгрөгийг хариуцагчаас нэхэж авсан. Энэ үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч 2 дахь болон 3 дахь удаа хагалгаанд орсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Япон улс дахь 4 дэх, 5 дахь хагалгаанд бий болсон үр дагавар үүссэн зардлаа өөрт учирсан хохирол гэж үзэж нэхсэн. 2 дахь хагалгаа амжилттай болоогүйгээс гэм буруугийн шалтгаант холбоог тогтоон үнэлж, энэ талаар хэргийн гэрчүүдийн тайлбарыг судлан дүгнэх ёстой байсан. Гэрчүүд нь 1, 2 болон 3 дахь хагалгааг гардан гүйцэтгэсэн эмч нар байсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Эрүүгийн хэргийн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хэд хэдэн удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр хэн гэдэг эмч, ямар алдаа гаргаж, хүний бие мах бодь болон амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Гэрчийн мэдүүлгийг харгалзан үзээгүй бөгөөд хэний гэм буруугаас болсон талаарх шалтгаант холбоог тодорхойлоогүй. Тухайн асуудал нь Эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж дууссан нөхцөл байдлыг анхаарч үзэх нь зүйтэй. А.В- эмчийн үйлдэлтэй хамааралтай асуудал нь хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарч шийдвэрлэгдсэн. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар эмчилгээ хийлгэж байсан болон урт хугацааны зовуурьтай байсан. Мөн сэтгэл санаа болон бие махбодын зовуурьтай байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирлыг тогтоосон болохыг анхаарч үзэх нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй холбоотой хэсэгт хариуцагч талаас ямар нэгэн байдлаар маргаагүй. Хөдөлмөрийн чадварын 40 хувь алдсан, эмчилгээ болон эмнэлгийн хяналтад байх үзлэг, шинжилгээ хийлгэх болсон нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Ерөнхий хөдөлмөрийн чадварын 40 хувийг алдсан гэх боловч бодит байдалд хөдөлмөрийн чадвараа 60 хувьтай алдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.Б-- нь хариуцагч А-ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 201,616,098 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... цөсний хүүдий дурангийн аргаар авах мэс засал хийх үед цөсний ерөнхий цорго гэмтсэний улмаас маш олон мэс засалд орж хохирсон гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... гэм буруутай этгээдийг шүүх тогтоож эцэслэн шийдвэрлэсэн байх ёстой. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, С-эмнэлгийн хагалгааны үр дагаврыг арилгах хагалгаа хийгдсэн тул дангаар хариуцах үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4. А.Б-- нь А-ХХК-ийн А- 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цөсний хүүдий дурангаар авах хагалгаанд орж, уг мэс заслын явцад цөсний цоргыг тасалж гэмтээснээс цөсний гялтангийн үрэвсэл үүсэж, улмаар хүндрэл үүссэн, үүнээс шалтгаалан С-эмнэлэгт цөсний ерөнхий сувгийг нарийн гэдэстэй холбох хагалгаа, цөсний ерөнхий сувгийг гуурс тавьж хэвлийгээс гадагшлуулах хагалгаанд орж, амжилтгүй болсноор Япон улсад 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элгээ тайруулж, цөсний суваг суулгуулж, элгэн дотроо холбон суулгуулах хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаар шинжээчийн дүгнэлт, өвчтөний түүх, мэс заслын үзлэг, тэмдэглэлүүд, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. / 1хх 32-36, 3хх 104-107, 4хх 1-2, 51-59, 74-104, 106-121,122-139, 189-202 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагын мэс заслын эмч А.В-т холбогдуулсан үүсгэсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаар Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирогч А.Б-- нь эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсны улмаас гарсан эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх зүйтэй гэж дурджээ. /1хх 78-79/

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан дүгнэхэд С-эмнэлгийн хагалгааны үр дүнгээс А.Б--ийн эрүүл мэндэд хохирол учирсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул А-ХХК-ийн мэс заслын эмч А.В-ын цөсний хүүдий дурангаар авах хагалгаа хийх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас А.Б--ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь баримтаар нотлогдож байна.

 

А.В- нь А-ХХК-д зөвлөх эмчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан байх тул нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг А-ХХК-аас шаардах эрхтэй. /4 хх. 140-144/

 

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар А-ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр А.В- нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад хохирол нь шалтгаант холбоотой тул учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу А-ХХК нь хүлээнэ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

А.В- нь А-ХХК-д зөвлөх эмчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан байх тул нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг А-ХХК-аас шаардах эрхтэй. /4 хх. 140-144/

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Япон улсын Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны факультетын харьяа эмнэлэгт үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэхээр ирж очсон замын зардалд 32,506,730 төгрөг, эмчилгээ, эм тариа, үзлэг шинжилгээ, оношилгооны төлбөр зардал 46,579,487 төгрөг, хоол хүнс байр түрээсийн зардалд 15,308,368 төгрөг, олох байсан орлого 75,286,038 төгрөг, сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорын хохирол төлбөрт 31,935,475 төгрөг нийт гэм хорын хохирол төлбөрт нийт 201,616,098 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч А.Б--д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

А.Б--ийн эмчилгээтэй холбоотой баримт нь цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх үнэлж, шаардсан хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9575 дугаартай шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар А.Б--ийн эрүүл мэнд, сэтгэл санааны гэм хорын хохирлын хэмжээг тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Итгэлт эстимэйт ХХК нь гэм хор учирснаас орлогын алдагдлын хэмжээг 75,286,038 төгрөг, өвчин улмаас урт хугацааны зовиуртай байсан сэтгэл санааны хохирлыг 31,935,475 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Анхан шатны шүүх шинжээчийн тайланд дурдсан хэмжээгээр гэм хорын хохирлыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, шийдвэрлэсэн нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож буй хэлбэр юм.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан эдийн бус гэм хорын хохиролтой холбоотой зохицуулалт нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан зөрчилтэй холбоотой зохицуулалт юм.

Манай Иргэний хуульд эрүүл мэндэд учруулсан гэм хорын улмаас сэтгэл санааны хохиролтой холбоотой сэтгэл санааны хохирлын зохицуулалтыг нарийвчлан хуульчлаагүй боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан эдийн бус хохирлыг арилгуулах шаардах эрхийн нийтлэг зохицуулалт нь маргааны үйл баримтад хамааралтай.

9. Хариуцагчийн зүгээс С-эмнэлгийн эмч нар 2 дахь болон 3 дахь хагалгааг хийсэн, амжилтгүй болсон, тус эмнэлэг буруутай гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хэргийн баримтаар С-эмнэлгийн эмч нарын хийсэн хагалгааг буруутай байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтгүй хохирлыг хуваарилан шийдвэрлэх үндэслэлгүй байна. Энэ агуулгаар хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/03593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 гэснийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,166,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР