Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2016/ДШМ010

 

Д.А, О.Е нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолтой, Д.А, О.Е нарт холбогдох эрүүгийн 201504000295 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.А, прокурор Т.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С, Х.З нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, М овогт Дын А нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Д.Еын төлөө санал өгүүлэх зорилгоор иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Т.Жт 100000 төгрөг, Ч.Год 100000 төгрөг, О.Етай бүлэглэн М.Сд 100000 төгрөг, Г.Хд 300000 төгрөг тарааж, санаатай саад хийсэн санал худалдаж авсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 32 настай, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********* регистрийн дугаартай, Ш М овогт Оийн Е нь Д.Атай бүлэглэн нэр дэвшигч Д.Еын төлөө санал өгүүлэх буюу иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татахад орон байр, тээврийн хэрэгслээр хангаж, /О.Еы гэрт иргэн М.Сд мөнгө өгч, иргэн Г.Хгийн гэрт өөрийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн/,  хамжигчийн үүрэг гүйцэтгэж хамтран оролцсон ба Д.Атай бүлэглэн иргэн Г.Хд 300000 төгрөг өгч санаатай саад хийсэн /санал худалдаж авсан/  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын А, Ш М овогт Оийн Е нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.” гэж шийдвэрлэжээ. 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Үндэслэлгүй цагаатгах тогтоол гаргасан талаар: 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт“.....хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол” хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ. 

Шинээр батлагдсан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Сонгуулийн тухай хуульд “...мөнгө, эд зүйл тараах, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн  бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах”-ыг хориглосон тухай зохицуулалт нь өмнөх сонгуулийн тухай хуулиудад ч байсан бөгөөд энэхүү заалтыг энэ оны сонгуульд шинээр гарч ирсэн мэтээр буюу цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

2. Сонгуулийн тухай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бол Хот, тосгоны захирагчийг сонгох, сонгуулийг “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” болон УИХ-ын 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай” журмаар зохицуулах учиртай боловч шүүх өөр институцийн Сонгуулийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь хууль зөрчиж байна. 

Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангаагүй талаар

1. Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэсэн мөртлөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

2. Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Сонгуулийн тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан гэж болоогүй байгаа цаг хугацаа буюу оныг буруу бичсэн. 

3. Шүүхээс 43 дугаартай цагаатгах тогтоол гаргаж байгаа мөртлөө цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5,6 дахь заалтад “...Шийтгэх тогтоолыг танилцуулснаар, уншин танилцуулснаар.... гэх мэтээр бичсэнээр шүүхийн 43 дугаартай цагаатгах тогтоол гарсан уу, эсхүл шийтгэх тогтоол гарсан уу гэдэг нь эргэлзээтэй ба хуульд нийцэхгүй байна. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Өмгөөлөгч Я.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А, О.Е нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй. 

Улсын яллагч Т.Сы  2016 оны 9 дүгээр сарын 26-ны  өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан №5/06 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Д.Еын төлөө санал өгүүлэх зорилгоор иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Т.Жт 100000 төгрөг, Ч.Год 100000 төгрөг, Д.А, О.Е нар бүлэглэн М.Сд 100000 төгрөг, Г.Хд 300000 төгрөг тарааж, санаатай саад хийсэн санал худалдаж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын А, Ш М овогт Оийн Е нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасныг  буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нийгэмд аюултай шинж чанарыг алдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хууль гарснаар уг хуульд мөнгө эд зүйл тараах, сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, амлах, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах үйлдлийг нарийвчлан оруулж зохицуулсан байх тул Сонгуулийн тухай хуультай холбож тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нийгэмд аюултай шинж чанарыг алдсан захиргааны зөрчил гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасныг  буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “...Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т заасныг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.12, 70.5.14, 70.5.16-д заасан захиргааны зөрчил үү эсхүл Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үү гэхэд эргэлзээ гарч байгаа тул Д.А, О.Е нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын А, Ш М овогт Оийн Е нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.” гэснийг “Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын А, Ш М овогт Оийн Е нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.” гэж,  5, 6 дахь заалтын “шийтгэх тогтоол” гэснийг “цагаатгах тогтоол” гэж тус тус өөрчилж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийн 2,3 дахь заалтаас бусдыг нь хэрэгсэхгүй болгосугай.  
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ӨМИРБЕК


        ШҮҮГЧИД                    М.НЯМБАЯР


                                            Д.КӨБЕШ