Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0054

 

Ш.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ш.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ш.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Учир нь Ш.М тус байгууллагад 2009 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажил олгогч түүнийг өөр ажилд шилжүүлэхдээ цалин хөлс, зэрэг дэвийг хасаагүй буюу урьд ажиллаж байсан албан тушаалын цалин хөлс, зэрэг дэвийг бууруулаагүй явдал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Ш.М нь тус байгууллагад ажиллаж байхдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон боловч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.А гэгчтэй хуйвалдан байгууллагын удирдлагад буруу мэдээлэл өгч, өрх иргэнд өгөх төслийг ажлын хэсэгт танилцуулалгүй шалгаруулж, зүй бусаар санхүүжилт зарцуулсан тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн сахилгын арга хэмжээг авагдаж байсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1\1791 дугаартай албан бичигт тэмдэглэгдсэн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-т заасан санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэснийг ноцтой зөрчиж хугацаа хожимдуулсан, 2017 оны эхний хагас жилийн тайланд холбогдох нийгмийн халамжийн сангийн улсын төсвийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг тус тус гаргаж явуулаагүй, нийгмийн халамжийн сангийн мэдээг хоцроож, баталгаажуулдаггүй явуулдаг, дээд шатны байгууллагын шаардсан тайлан, яаралтай судалгаа, тайлан, мэдээ явуулдаггүй, илгээсэн тайлан мэдээ зөрүүтэй, алдаатай байсан зэрэг асуудал гарсан юм. Энэхүү зөрчлийн талаар хавтаст хэрэгт нотлох баримт бүрэн авагдсан. Ажил олгогч дээр дурдсан Ш.М-ийн гаргасан ноцтой зөрчилд тухайд нь онцгой анхааруулж байсан юм. Ш.М-д тухайн үед гаргаж байсан ноцтой зөрчлийн заримд нь хариуцлага тооцож, заримд нь хариуцлага тооцоогүй ч гэсэн эцэст түүнийг байгууллагын албан ажлын шаардлагыг харгалзан тус байгууллага дотор өөр ажилд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Тус байгууллагын дарга Б.С-аас мэргэжилтэн Ш.М болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон түүний аав С.Ш нарыг удаа дараа дуудан уулзаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас арга хэмжээ авах талаар ирсэн албан тоот, гаргасан зөрчлийн материалуудыг нэг бүрчлэн танилцуулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулбал ажлаас халах хүртэл шийдвэр гарна гэдгийг жирэмсэн болон амаржсаны дараа ч удаа дараа мэдэгдэн хэлж байсан юм. Тухайлбал Б.С даргаас “Та өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ноцтой зөрчил гаргасан. Одоо ой хүрээгүй бага насны хүүхэдтэй, нийгмийн халамжийн сан хариуцсан мэргэжилтэн цаг наргүй, өдөр шөнөгүй ажилладаг маш хүнд ажил, та нялх хүүхэдтэй учраас цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр хөнгөн ажилд шилжүүлнэ. Танд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй, таныг хөнгөн ажилд цалин хөлс болон бусад зэрэг дэвийн нэмэгдлийг бууруулахгүйгээр шилжүүлнэ” гэж хэлж байхад тэрээр уг асуудлыг зөвшөөрч байсан юм. Ажил олгогчийн энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэргэжилтэн Ш.М-д ирээдүйд гаргах шийдвэрийг урьдчилан амаар танилцуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110\ШШ2018\0077 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Ш.М-ийн “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Б\65 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох'' тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй тооцож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн Ш.М-ийг ажлаас чөлөөлж, өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол  хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Нэхэмжлэгчээс энэхүү тушаалыг эс зөвшөөрч, “...уг тушаалыг гаргахдаа миний зөвшөөрлийг аваагүй, сэлгэн ажиллуулах шаардлагатай гэх үндэслэл байхгүй” гэж, хариуцагчаас “...Алтанцөгц сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.А-тэй хуйвалдан удирдлагад буруу мэдээлэл өгч, өрх, иргэнд олгох төслийг ажлын хэсэгт танилцуулалгүй шалгаруулж, зүй бусаар санхүүжилт зарцуулсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр Ш.М-д ажлын хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болгосон, ажил үүргээ хууль ёсны, шударга биелүүлдэггүй, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийг шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг заасан буюу “ажлын зайлшгүй шаардлага байх”, “төрийн албан хаагчтай тохиролцсон байх”, шаардлагыг нэгэн зэрэг хангасны эцэст төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэх шийдвэр гаргахаар байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд захиргааны байгууллагаас дээрх урьдчилсан нөхцөлийн аль алиныг биелүүлээгүй, хууль зөрчсөн захиргааны акт гаргасан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн, нэхэмжлэгч Ш.М-ийг “өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол  хариуцсан мэргэжилтэн”-ээр шилжүүлэн ажиллуулах болсон гэх үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл биш байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй атлаа хожим давж заалдах гомдолдоо “...тухайлбал Б.Сьезхан даргаас “..танд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй, таныг хөнгөн ажилд цалин хөлс болон бусад зэрэг дэвийн нэмэгдлийг бууруулахгүйгээр шилжүүлнэ” гэж хэлж байхад тэрээр уг асуудлыг зөвшөөрч байсан юм” гэж тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй, үүнийг төрийн албан хаагчтай тохиролцсон гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН