Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00123

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00123

 

Ц- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/02582 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М-ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 146,911,692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч А.Эрдэнэтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах хатуу хучилттай 2,8 км автозамын болон Увс аймгийн Тариалан сумын төвөөс Хархираа баг хүртэлх 25 км сайжруулсан шороон замын ажлын гүйцэтгэгчээр М-ХХК шалгарч, 2019-2020 онуудад Увс аймагт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. М-ХХК-ийн төслийн удирдагч 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ц- ХХК-ийн захиралтай уулзсан уулзалтаар хатуу хучилттай 2,8 км автозамын ажилд асфальт бетон зуурмаг 1 тонныг 100,000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохирсон. М-ХХК нь дээрх 2,8 км замын ажлыг 2,911,190,573 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулж, эхний санхүүжилт 1,065,145,344 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрийн сангаар дамжуулан төсвөөс гаргуулан авсан. Гэвч М-ХХК нь ажлын хөлс 140,379,710 төгрөгийг Ц- ХХК-д одоог хүртэл өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа М-ХХК-д нийлүүлсэн асфальтийн үнэ 150,000,000 төгрөг, битум 48,333,600 төгрөг, авто бордиур, 10*20 хавтан, краны хөлс нийлээд 186,540,800 төгрөг, харин Ц- ХХК нь М-ХХК-д эрдэс, хайрга, шатахууны үнэд 19,629,108 төгрөг төлөх тооцоо гарч, М-ХХК-аас 20,000,000 төгрөг төлснийг хасаж, харилцан үүргийг тооцоход Ц- ХХК 146,911,692 төгрөгийн авлагатай гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 6,531,982 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 146,911,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М-ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2,9 км авто замын ажил хийж гүйцэтгэсэн ба энэхүү ажилд Ц- ХХК ямар ч хамааралгүй бөгөөд 2 компанийн хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулагдаагүй. М-ХХК нь дээрх ажлаа хийж гүйцэтгэхийн тулд Увс аймагт ажиллахгүй байсан бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, түүнийг суурилуулж, ажиллуулах мэргэжилтний хамт Улаанбаатар хотоос өөрийн зардлаар авч суурилуулан хэрэгцээтэй нүүрсийг буулган бүрэн ажиллагаатай болгож замд шаардлагатай асфальт зуурмаг гарч эхэлсэн. Ингээд М-ХХК нь өөрийн ажилд шаардлагатай асфальт зуурмагийн үнэд Ц- ХХК-ийн тендерээр авсан дээрх 5 байрлалын замын ажил хийж өгөхөөр тохиролцсон боловч тухайн үед тус компани хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийлгэх нь тодорхойгүй, хэлэхгүй байсан тул гэрээ хийх боломжгүй болсон. Ц- ХХК дангаараа болон туслан гүйцэтгэгчээр тендерт шалгарч авсан замын ажлын байрлал, тоо хэмжээний дагуу манай компанийн хийсэн ажил тодорхой боловч хэдий хэмжээний төсөвт зардалтай ажлыг бид хийсэн нь өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Хариуцагч М-ХХК нь Ц- ХХК-ийн дээрх 5 байрлалд хийх замуудын асфальтбетон хучилтын ажлыг хийхийн тулд хучилтын өмнөх нягтаршуулалт, тэгшилгээ, инженер техникийн ажилтан, замчин, техник тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд бараа материал авах зэрэг ажлыг өөрийн хөрөнгөөр хийж бэлэн болгосон. Дээрх 5 байрлалд хийх замын ажлыг Ц- ХХК хийгээгүй, өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хийх ажлыг хариуцагч М-ХХК хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч Ц- ХХК нь дээрх 5 байрлалд дангаараа болон туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тендер авсан, гэрээ байгуулсан атлаа тухайн замын ажилд зарцуулахаар төсөвлөгдсөн тендерийн төсөв мөнгийг зориулалтаар нь зарцуулаагүй, хууль бусаар завшсан гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлын хөлс 140,379,710 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулга хийхдээ шаардлагаа ямар ч үндэслэлгүйгээр ажлын хөлс биш авлага болгон зөрүүтэйгээр өөрчилсөн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, маргааныг зөв тодорхойлж шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт болох дээрх 5 байрлалд хэдий хэмжээний төсөвт зардалтай замын тендер авсан, хийлгэсэн талаарх баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 243 дугаар зүйлийн 243.1, 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М-ХХК-аас 7,657,200 төгрөгийг гаргуулж, Ц- ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 139,254,492 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 979,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ХХК-аас 137,465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц- ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргах эрх, нотлох баримтын үндэслэл, шаардлагыг нотлох үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х- нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хурал хэлэлцэж эхлэхээс өмнө амаар Увс Аймгийн цагдаагийн газраас Амармэнд, Адъяадорж нар гээд хүмүүс мэдүүлэг өгсөн тэр мэдүүлгийг Шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлийг тухайн мэдүүлгийг өөрөө олж авах боломжгүй М-" ХХК-тай холбоотой учраас бидэнд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхгүй болох талаар тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлохын тулд хүсэлт гаргаж байхад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлохыг хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг тус, тус ноцтой зөрчсөн. Мөн хэргийг шүүх хурлаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч талаас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй гэж үзэн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хурлыг үргэлжлүүлсэн.

Шүүхээс нотлох баримт үнэлэх явцад 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан хариуцагч М-ХХК-ийн нягтлан бодогч А.Б-, Нэхэмжлэгч Ц- ХХК-ийн менежер М.Г- нарын хооронд байгуулсан 5 хуудас тооцоо баталгаажуулсан актыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэн, зөв талаас нь үнэлээгүй. Тухайн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай утга агуулгын хувьд шууд холбоо хамааралтай баримт бөгөөд нэхэмжлэгч Ц- ХХК нь хариуцагч М-" ХХК-д өмнө хүлээлгэж өгсөн асфальт бетон, битум дээр тулгалт хийж тооцоо нийлсэн акт юм. Шүүхээс тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй шууд хариуцагч талаас гаргасан тайлбарыг бусад нотлох баримтаас давуу байдлаар үнэлсэн байна. Тухайн баримтууд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул тухайн баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5 дугаарт Талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлт өгсөн. Үүний дагуу Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээний шинжтэй хэлцэл хийгдсэн гэж дүгнэлт өгсөн. Тухайн дүгнэлт хэсэг нь талууд хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэж үүний дагуу авто бродюрь, хавтан зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн. Харин талууд хооронд асфальт, битум хүлээлгэж өгсөн харилцааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасны дагуу илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээ нь ямар гэрээ болох түүний дагуу хэрхэн шийдвэрлэх боломжтой байсан талаар үндэслэл бүхий тайлбар дурдаагүй асфальт, битум хүлээлгэж өгсөн харилцааг дутуу дүгнэсэн. Угтаа бол талууд хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тул Иргэний тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасны дагуу илүү төсөөтэй гэрээ болох ажил гүйцэтгэх гэрээний хэм хэмжээгээр тухайн харилцааг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6 дугаарт Ц- ХХК нь өөрийн үйлдвэрийг ашиглан М-ХХК-ийн тавьж буй замын ажилд нь тодорхой хэмжээний асфальт бетоныг нь өөрсдийнх нь материалаар хөнгөлөлттэй үнээр зуурч өгсөн, мөн авто бордюрь авто замын хавтанг нийлүүлж байжээ гэж үзсэн атлаа үндэслэх нь: хэсгийн 8 дугаарт нэхэмжлэгч нь асфальт бетон нийлүүлсэн гэх тооцооны баримтууд нь хариуцагчийн талд хүлээлгэн өгснийг бүрэн нотлоогүй гэж үзсэн. Ц- ХХК нь асфальт бетон, битум нийлүүлж байсан гэдгийг хариуцагч тал тайлбараараа хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн хариу тайлбараас дурдвал Асфалтыг өгөхөө зогсоосон..." гэх, "Манайд дугуйн замын ажил маш бага үлдсэн зуурч өгнө үү... гэсэн гэх тайлбарыг амаар өгсөн. Тухайн хариу тайлбараас үзвэл Ц- ХХК нь хариуцагч М-ХХК-д асфальт, битумийг 2,8 км замын ажлаа хийж дуусаад, дугуйн замын ажил эхлүүлэх хүртэл нийлүүлсэн буюу хүлээлгэж өгч байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаарт талуудын хооронд бий болсон асфальт, битум нийлүүлсэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул ажил гүйцэтгэлийн хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, төлөх үнийг зах зээлийн дундаж үнээр тодорхойлох буюу гүйцэтгэгч Ц- ХХК-ийн гаргасан зах зээлийн үнийн саналаар үнийг тодорхойлж хэргийг шийдвэрлэх боломжтой талаар үнэлэлт дүгнэлт гаргах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулах ёстой. Тус баримт нь дээрх нөхцөл байдалд хамааралгүй. Мөн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан 8 эрхийн аль эрх зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Уг иргэний хэргийг анх 2020 онд Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үүсгэсэн. Иргэний хэрэг үүсгэхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байсан. Нэхэмжлэлд Ц- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хариуцагчтай холбоотой баримтуудыг л хавсарган өгсөн байдаг. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй тул уг маргааныг хүндрүүлсэн. Ямар эрх зүйн харилцаанд оролцсон талаар баримт, тайлбар гаргаж байгаагүй тул хариуцагч талаас удаа дараа хүсэлт гаргаж, нотлох баримт цуглуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. Замын хашлагын хавтан нийлүүлсэнтэй холбоотойгоор тооцоо нийлсэн. Харин бусад бүтээгдэхүүнтэй холбоотойгоор тооцоо нийлээгүй. Тооцоо нийлсэн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хүсэлтийг үнэн зөв шийдвэрлэсэн бол хариуцагч талд хичнээн тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгийг мэдэх боломжтой гэж тайлбарласан. Уг асуудлыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нотлох баримтаа гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй. Ямар ажилд, хэдэн төгрөгийн өртгөөр, ямар гэрээ байгуулах гэж байгааг хэлж байгаагүй байсан, нууц байсан тул гэрээ байгуулах боломжгүй байсан. Нэхэмжлэгчээс 8 дугаар сард ажил дуусах үед э-мэйлээр гэрээний төсөл явуулсан. Тодорхойгүй гэрээ байсан тул хариу өгөөгүй. Харин нэхэмжлэгчийн 1,8 км замын ажилд өөрөө зардал гаргаж, үнэгүй ажил хийж өгсөн. Ажлын хөлсийг анхнаасаа тохироогүй. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлсийг янз бүрээр тооцож хэлж байсан. Тайлбараа нотлох үүргээ биелүүлж чадаагүй. Шүүх шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлын хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ц- ХХК нь хариуцагч М-ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 146,911,692 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг захирамж гарган шийдвэрлэсэн гэж дурдсан боловч хэрхэн шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь ...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хүсэлт шийдвэрлэсэн захирамж хавтаст хэрэгт авагдаагүй байхад хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой гаргасан хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан, уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт нийцсэн эсэхийг давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байдалд хүргэж байна.

Нөгөө талаар талуудын хооронд тооцоо нийлсэн акттай холбоотой хүсэл зоригийн илэрхийллийг нэгтгэсэн баримт байгаа эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна..

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, улмаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/02582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 854,222 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР