Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0154/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 1818002810153 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т овогт Д.Б /РД: /, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Төмөр толгой” гэх газар оршин суух иргэн Н.А-ы гэрийн гадна байсан агуулахад нэвтэрч 2 шуудайтай 19 кг борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Төмөр толгой” гэх газарт мал маллаж амьдардаг. 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр эмээл, суран бугуйл, 2 шуудайтай байсан 19 кг борц алдсан. Эдгээр эд зүйлийг маань 1.870.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Би алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Би урьд нь өвөлжөөн дээрээсээ эд зүйлүүдээ алдаж байсан. Ингээд хулгай хийдэг хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгвөл гомдол санал байхгүй. Надаас өөр олон айл өрхийн голыг харлуулж байгаа шүү дээ. Өөр гомдол санал байхгүй гэх хохирогч Н.А-ы мэдүүлэг /хх-ийн 14/,

- Би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гадаа машин ирж байгаа чимээ гарахаар нь хаанаас ирж байгааг нь харахаар гэрээсээ гарсан. Тэгтэл нэг хүн манай илүү гэр лүү ойртоод ирэхээр нь “юун хүн бэ” гэж асуухад “өө энэ уурхайгаас явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар ажлаар явж байгаа юм бэ? Уулзаж ярилцъя” гэхэд тэр хүн машин руугаа яваад машинаа асаагаад зугтсан. Би араас нь машинаа асаагаад хөөгөөд 6 цагийн үед барьж авсан. Тэгээд “юу хүн бэ?” гэхэд дуугараагүй. Машиных нь хаалгыг онгойлгоход 2 шуудайтай борц байсан гэх гэрч Г.Т-ын мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- ...Т тэр залууг машинаас нь буулгаад яагаад зугтаасныг нь асуутал тэр залуу дуугарахгүй байсан. Тэгээд машиных нь хойд хаалгыг онгойлгоход 2 шуудайтай борц байсан гэх гэрч Г.Г-ын мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Би 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явахдаа хүү Д.Б-т Пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай машинаа үлдээсэн. Тэгээд хотоос ирэхэд манай хүү миний машиныг унаад хулгай хийж яваад цагдаад баригдсан байсан гэх гэрч Б.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Би ээжийнхээ эзэмшлийн 39-96 ДАХ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Шарын гол сум руу 3 хүн хүргэж өгсөн. Буцаж явахад Хонгор сумын “Төмөр толгой” гэх газарт 2 монгол гэр байсан ба урд талын гэрийн зүүн талд байсан амбаар дотроос 2 шуудайтай борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг эд зүйлсийг хулгайлсан. Тэгээд замдаа явж байхад машины ус халаад айлаас ус авах гэж байгаад айлын хүмүүст хөөгдөж баригдсан гэх шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Д.Баярмагнайн “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Н.А-ы монгол гэрийн зүүн талд байсан амбаараас алдагдсан 2 шуудай борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг Н.А-д хүлээлгэн өглөө” гэх тэмдэглэл /хх-ийн 12/,

“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, борц 19 кг зэрэг эд зүйл нь нийт 1.870.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А-д 1.870.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь эд зүйлээ буцаан авсан, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Цагдаагийн газрын эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, “...Хохирол төлбөрт 100.000 төгрөг хүлээн авлаа. Миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогч Н.А-ы шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-ийн 69/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс хохирогчид олгох төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдох бөгөөд энэ нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт юм.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ 39-96 ДАХ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 39-96 ДАХ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Т-ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 46/, гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явахдаа хүү Д.Бт Пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай машинаа үлдээсэн. Тэгээд хотоос ирэхэд манай хүү миний машиныг унаад хулгай хийж яваад цагдаад баригдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/-ээр, иргэн Б.Т-ийн эзэмшлийн 39-96 ДАХ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгсэл нь 550.000 төгрөгийн үнэтэй болох нь “Капитал зууч” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Мицубиши Пажеро маркийн 39-96 ДАХ улсын дугаартай ногоон алаг өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 550.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 133-140/-ээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчээс 550.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 117 хоног хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Б-т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-аас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР