Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 31

 

 

    2022          12           13                                    206/МА2022/00031

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2022/00527 дугаар шийдвэртэй, *******, *******, *******, ******* ******* Марина /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , /РД:*******/-д  холбогдох,

 

 Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1 Миний бие *******тэй 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1-80 айлын 36 тоот 36.7 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн тавилгатай орон сууцыг 47,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар ярилцаж тохиролцсон. Энэхүү 47,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөг нь тухайн байрны тавилгын үнэ, 45,000,000 төгрөг нь уг байрны үнэ гэж тохиролцсон. Тавилгын 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг байрны үнэ 45,000,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл тавилгын 1,000,000 төгрөг, байрны үнэ 31,500,000 төгрөгийг сар бүр 5 юм уу 6 сая төгрөгөөр боломжоороо шилжүүлье, тэгээд хэдэн төгрөг үлдэнэ түүнийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлөөд дуусгана, төлбөрөө төлж дууссаны дараа байрны гэрчилгээг авна, боломж гарвал төлбөрөө бөөнд нь төлье гэхэд нь зөвшөөрсөн.

1.2 Мөн тэрээр байрны тавилгын үнийг байрны мөнгөнөөс тусдаа тооцъё, учир нь би нөхөртөө тавилгыг нь 2,000,000 төгрөгөөр авч байна гэж хэлээгүй зөвхөн 45,000,000 төгрөгөөр байр авч байна гэж хэлсэн тул тавилгын үнийг тусдаа төлье гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай байрны түлхүүрийг авч байранд орсон. Тухайн үед миний бие *******т амьдарч байсан учир гэрээ байгуулж чадаагүй, амаар тохиролцож, итгэлцлийн журмаар асуудлыг шийдвэрлэсэн.

1.3 Гэвч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний байранд орсон боловч сар бүр 5 юм уу 6 сая төгрөг боломжоороо төлбөрөө төлнө гэж тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй, мөнгөө нэхэхэд короногоос болоод манай нөхөр том тэргээр тээвэрт явж чадахгүй байна. Тээвэр хийгдмэгц өгнө гэсэн. Үүнд нь би хүлээцтэй хандсан. 2022 он гарч хүмүүсийн амьдрал хэвийн байдалд шилжихэд байрны мөнгөө нэхсэн. Гэтэл 4, 5, 6 сард, маргааш, нөгөөдөр, ирэх 7 хоногт өгнө гээд бас л худал хэлсэн.

             1.4 Миний бие *******ийг байрны төлбөрөө төлж чадахгүй, төлөх боломжгүй болсон бол байрыг чөлөөлөөд өг, би мөнгийг нь буцаагаад өгье гэж удаа дараа сануулсан. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь эгчийгээ биечлэн очиж уулзаад байрыг чөлөөлүүлэх талаар ярилцаад өгөөрэй, бид 2 утасны цаанаас ярилцаад ойлголцохгүй байна гэж хэлсэн боловч байрыг чөлөөлж өгөөгүй. Үлдэгдэл төлбөрөө нэхэхэд дандаа дарамталж байна гэж хэлдэг. Харин саяхан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Ингэхэд нь миний бие удахгүй мөнгөө өгөх юм байна гэж бодоод гэрээгээ байгуулахаар Ховд аймагт ирж *******тэй ажил дээр нь очиж уулзсан. Гэтэл тэр сүүлд 4,000,000 төгрөг өгсөн. Түүнийг өгөөгүй саруудад хуваачих, тэгээд л сар бүр мөнгө өгсөн болно гэж хэлсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх бид нарын ярилцсан сар бүр 5 юм уу 6 сая төгрөг боломжоороо төлнө, боломж гарвал бөөнд нь ч өгнө. Тэгээд үлдэгдэл хэдхэн төгрөг үлдвэл 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж дуусгана гэж тохирсон тохиролцоонд нийцэхгүй байна. Мөн миний бие Ховд аймагт ирсэн тул гэрээгээ байгуулъя гэж хэлэхэд гэрээ байгуулаагүй, утсаар холбогдохгүй мессеж бичихэд хэрүүлийн шинжтэй хариу мессеж бичээд ойлголцдоггүй. Аргагүйн эрхэнд түүний хүү рүү нь залгаж ээж рүүгээ дамжуулж хэлээч, гэрээ байгуулахгүй, мөнгөө ч өгөхгүй байна гэж хэлсэн. Түүний хүү нь ээждээ дамжуулан хэлье гэсэн боловч өнөөдрийг хүртэл надтай хэн нь ч холбогдохгүй байна.

           1.5  Иймд хариуцагч ******* нь миний байрыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш 10 сарын хугацаа өнгөрөхөд төлбөрөө огт төлөөгүй саяхан 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Бид нарын анх тохиролцсон тохиролцоогоо ******* нь зөрчсөн, түүнээс мөнгөө төлөхийг байнга шаардах хэцүү байна. Мөн гэрээ байгуулахаар ирснээ хэлэхэд тэрээр хариу өгөхгүй байгаагаас үзэхэд гэрээ байгуулахаас татгалзаж байна гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Эсба 1/80 айлын орон сууцны 36 тоот байрыг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү  гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Миний бие ******* нь *******гийн гаргасан нхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2021 оны 08 сарын 25-ны өдөр амаар гэрээ хийж Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн эсба 2/80 айлын 36 тоот байрыг тавилгын хамт 47,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаанд 14,500,000 төгрөг төлсөн. 2022 оны 06 сард 4,000,000 төгрөг, 7 сард 3,500,000 төгрөг төлсөн. Нийт 22,000,000 төгрөгийг төлсөн. Бид аман гэрээгээр 2023 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд бүх мөнгийг төлж дуусгахаар тохиролцсон байсан.

2.2 Бидний анхны тохиролцоогоор сар болгон тодорхой хэмжээний төлөлт хийхээр тохиролцсон боловч ковид 19 өвчний улмаас манай нөхөр тээвэрт явж чадахгүй, мөнгө төгрөгөө тохирсон хугацаандаа төлж чадаагүй. Одоо ч тээврийн үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байна. Гэхдээ 6 сараас эхлээд боломжоороо төлөлтөө хийгээд явж байна. Хэрэв нэхэмжлэгч ******* нь байрны гэрчилгээг гаргаад өгвөл бид байраа барьцаалаад 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс өмнө төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой. Нэхэмжлэгч талтай эвлэрэх бүрэн боломжтой байгаа гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2022/00527 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагарав баг, Жаргалант хотхон, 1-р 80 айлын орон сууцны 36 тоотод байршилтай, 36.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1617004061 дугаартай, нэг өрөө байрыг хариуцагч Буяндалайгийн ийн эзэмшлээс чөлөөлж,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /Далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч *******гийн гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

4.2 Нэхэмжлэгч ******* нь худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзахаа надад мэдэгдээгүй, Шүүх миний утсанд үзлэг хийгээд байрны үнийг шаардаж байсан байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийг хамгаалж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3 Шүүхийн шийдвэрт хариуцагч ******* миний нэхэмжлэгч *******д төлсөн 24.000.000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэснээ шийдвэртээ тодорхой заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар *******гийн нэхэмжлэлтэй *******т   холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч ******* нь “Ховд аймгийн  Жаргалант сумын  Цамбагарав багийн  1-р 80 айлын 36 тоот 36.7 м2 талбайтай өөрийн өмчлөлийн тавилгатай орон сууцыг *******ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” шаардлагыг  шүүхэд гаргажээ.

7.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “өөрийн эзэмшлийн  Ховд аймгийн  Жаргалант сумын  Цамбагарав багийн  1-р 80 айлын 36 тоот 36.7 м2 талбайтай өөрийн өмчлөлийн тавилгатай орон сууцыг 45,000,000 төгрөгөөр, тавилгыг 2,000,000 төгрөгөөр нийт 47,000,000 төгрөгөөр хариуцагч *******т худалдахаар тохиролцсон.

8. Ингэхдээ байрны үнэ 45,000,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг, тавилгын үнэ 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр миний дандсан урьдчилгаа болгон шилжүүлэн өгч, үлдэгдэл байрны үнэ 31,500,000 төгрөг, тавилгын үнэ 1,000,000 төгрөгийг сар бүр 5 юм уу 6 саяар нь боломжоороо шилжүүлье, тэгээд хэдэн төгрөг үлдэнэ түүнийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дууссаны дараа байрны гэрчилгээг авна, боломж гарвал бөөнд нь ч төлье гэхэд нь би зөвшөөрсөн. Үүнээс хойш би мөнгөө байнга нэхэж байсан ба 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд  ******* нь анх тохирсон тохиролцоогоо зөрчсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар түүний хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгнө үү? мөн би Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг төлүүлнэ” гэж тайлбарлажээ.

9. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор  дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Хас банкны зээлийн гэрээний  хуулбаруудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

10.Хариуцагч нь би *******гаас байрыг худалдаж авахдаа сар бүр мөнгө төлөхөөр тохиролцоогүй. Гэрээний төслийг зурвасаар явуулсан ба түүнд нь сар бүр мөнгө төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Би боломжоороо байрны үнийг төлсөн. Уг орон сууцыг 45.000.000 төгрөгөөр, тавилгыг 2.000.000 төгрөгөөр, нийт 47.000.000 төгрөгөөр худалдаж авсан, одоогийн байдлаар 21.500.000 төгрөгийг төлсөн. Би байрны үнийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж дуусгах ёстой. Миний төлбөрөө төлж дуусгах хугацаа болоогүй. Ковид-19 нөхцөлийн улмаас хэдэн сар төлбөрөө төлж чадаагүй, манай нөхөр Хөшөөтийн уурхайд том тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг ба үйл ажиллагаа нь жигдэрснээр 2022 оны 06 дугаар сараас эхлэн боломжоороо байрны төлбөрийг төлж байгаа гэж тайлбарласан байна.

11.Анхан шатны шүүх хариуцагч *******ийн гар утсанд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч ******* нь орон сууц үнийг төлөхийг,  үнийг төлөхгүй бол  орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч *******ээс хэд хэдэн удаа шаардсан, хариуцагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр уг орон сууцыг хүлээж авч тэнд амьдарч байгаа, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл  орон сууцны үнийг төлөөгүй, хэдийгээр нэхэмжлэгч ******* нь сард 5.0 -6.0 сая төгрөгөөр орон сууцны үнийг төлөхөөр тохиролцсон гэдгээ нотолж чадаагүй боловч хариуцагч *******ээс орон сууцны  үнийг төлөхийг шаардаж байсан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул худалдагч гэрээнээс татгалзаж, орон сууцаа чөлөөлж өгөхийг шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”  гэж заасантай нийцнэ гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

12.Хэрэгт авагдсан баримтуудаар Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагарав баг, Жаргалант хотхон, 1-р 80 айлын орон сууцны 36 тоотод байршилтай, 36.7 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны  өмчлөгч ******* нь тус  орон сууцаа хариуцагч *******т 45.0 сая төгрөгөөр, тавилгыг 2.000.000 төгрөгөөр, нийт 47.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 13.500.000 төгрөг, тавилгын үнэ 1.000.000 төгрөгийг  төлснөөр  нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр  орон сууцаа хариуцагч *******т хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

13.Нэхэмжлэгч ******* нь дээрх орон сууцыг хариуцагч *******т худалдахаар харилцан тохиролцож, худалдан авагч нь урьдчилгаа 14.500.000 төгрөгийг худалдагчид  шилжүүлж, байранд нүүж орсон ба үлдсэн мөнгийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дууссаны дараа байрны гэрчилгээг авахаар талууд тохиролцсон байна.

14. Иргэний хуулийн 112 дугаар зүйлд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих, 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж, 112.2 дахь хэсэгт “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

15. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар  хариуцагч ******* нь байрны болон тавилгын үнийг төлж дуусах хугацаа 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж талууд тохиролцсон ба энэ талаар маргаагүй байна.

16. Харин нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзсан үндэслэлээ хариуцагч ******* нь “эд хөрөнгийн үнийг хугацаанд нь буюу сар бүр тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй” гэж тодорхойлсон ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй,  “хариуцагч ******* сар бүр тогтмол 5 юм уу 6 сая төгрөг төлөхөөр тохиролцсон”  гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

17. Харин хариуцагчийн “манай нөхөр Хөшөөтийн уурхайд том оврын тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг тул зарим үед ажил нь зогсчихдог болохоор би *******гаас байрыг худалдаж авахдаа сар бүр мөнгө төлөхөөр тохиролцоогүй. Гэрээний төслийг зурвасаар явуулсан ба түүнд нь сар бүр мөнгө төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Орон сууцны үлдэгдэл үнийг сар бүр тогтмол төлөхөөр биш өөрийн боломжоороо нэг өгөхдөө 1.0 сая төгрөгөөс бууруулахгүйгээр өгнө гэж тохиролцсон” гэх  татгалзал нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

18. Тухайлбал хариуцагч ******* нь орон сууцны үнийн үлдэгдлийг сар бүр төлөөгүй боловч  2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тавилгын үнэ 1,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөг шилжүүлсэн, нийт орон сууцны  үнэ 21,000,000 төгрөг, тавилгын үнэ 2,000,000 төгрөгийг худалдагчид  шилжүүлсэн байна.

19.  Мөн хариуцагчийг хууль бусаар нэхэмжлэгчийн орон сууцыг эзэмшиж байгаа гэж дүгнэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хариуцагч буюу худалдан авагч нь нэхэмжлэгч буюу худалдагчтай тохиролцсоны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр орон сууцыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч, хууль ёсоор эзэмшиж, үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлөх хүртэл өөрийн мэдэлдээ байлгаж буй үйл баримт хэргээс тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл, талууд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх худалдагчаас худалдан авагчид шилжихээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч буюу худалдагчтай тохиролцсоны дагуу орон сууцны үнийг 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлж дуусгах үүргээ зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

20. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2 дахь хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2022/00527 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2 дахь хэсэг, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн “Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар Цамбагарав баг, Жаргалант хотхон, 1-р 80 айлын орон сууцны 36 тоот, 36.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1617004061 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч *******т буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1,172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

           

                           

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА