| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2021/00362/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 34
2022 12 13 206/МА2022/00034
Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00553 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Цамбагарав баг, Эсба 48 айл, 22 тоотод оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч, Баавуу овогт Шагдарын Чанцалхүү,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалант баг, 24 айлын 24 тоотод оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн нягтлан бодогч, Дэлгэрийнхэн овогт Бат-Үнэнгийн Анхзаяа нарт холбогдох,
Төрд учирсан хохирол 5,353,838 төгрөгийг хариуцагч Ш.Чанцалхүү, 583,208 төгрөгийг хариуцагч Б.Анхзаяа нараар төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Ш.Чанцалхүү түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 2020 оны 12 дугаар сард аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийт 1,340,900 төгрөгийг норматив зардал болох хүүхдийн хоолны зардлаас зарцуулж, зориулалт бусаар зарцуулж Төсвийн тухай хууль зөрчсөн зөрчилд нь эрхлэгч Ш.Чанцалхүүгээр төлүүлэхээр 2021 оны 3 сарын 09- ний өдрийн 35-01/44 дугаартай улсын ахлах байцаагчийн акт тогтоосон байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 2018, 2019 онд хэтрүүлэн 5.525.872 төгрөгийг удирдах дээд байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зориулалт бус зарцуулсан нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын 4 дэх заалтыг зөрчсөн зөрчилд нь 4942665 төгрөгийг Ш.Чанцалхүүгээр, 583208 төгрөгийг нягтлан бодогч Б.Анхзаяагаар төлүүлэхээр 2021 оны 3 сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаартай улсын ахлах байцаагчийн акт тогтоосон байна.
1.2 Эрхлэгч Улсын байцаагчийн дээрх актууд биелэгдээгүй улсын төсөвт хохирол учирсан хэвээр байгаа тул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газраас төрд учирсан хохирлыг барагдуулахад төрийн байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг ирүүлснийг тус прокурорын газраас хүсэлтийг хүлээн авч төрд хохирол учирсан байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно. Иймд төрд учирсан хохирлыг арилгуулах тухай төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч иргэн Ш.Чанцалхүүгээс нийт 6.283.565 төгрөг, нягтлан бодогч Б.Анхзаяагаас 583.208 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах зорилгоор Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, мөн хуулийн 41 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд тус тус заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:
2.1 Аймгийн санхүүгийн хяналь, аудитын албанаас 2020 оны 12 дугаар сарын явцад хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг болон тогтоосон актыг үндэслэлгүй гэж үзээд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан тул энэ асуудал нь шүүхийн тогтоол гарсан тул энэ асуудал нь шүүхийн маргаантай асуудалтай явж байгаа болно гэжээ.
3. Хариуцагч Б.Анхзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1 Б.Анхзаяа миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 6-р цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. 2020 оны 10 сард аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2018, 2019 оны гүйцэтгэлийн аудит хийгдсэн. Уг шалгалтаар хүүхэд бүрийн 1 өдрийн хоолны зардлыг 5,525,872 төгрөгийг хэтрүүлсэн гэж үндэслэлээр акт тогтоосон. Миний бие ажиллах хугацаандаа цэцэрлэгийн нярав Г.Сэрчмаа, ахлах тогооч Д.Нэргүй нарын бичиж өгсөн хоолны талоны дагуу санхүүгийн гүйлгээ тооцоогоо хийж байсан. Уг шалгалт нь хэтэрхий нэг талыг барьсан төрийн доод шатны албан хаагчдад дарамт шахалт үзүүлсэн гэж үзэж байна. Норматив хэтрүүлсэн талаар 1 хүүхдэд 1,650 төгрөгийн төсөвтэй хүрэлцдэггүй, зах зээлийн бараа материалын үнийн өсөлттэй холбоотой гэж үзэж байна. Иймд уг шалгалтаар тогтоосон актыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/00553 дугаар шийдвэрээр:
4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар төрд учирсан хохирол 5,353,838 (Таван сая гурван зуун тавин гурван мянга найман зуун гучин найм) төгрөгийг хариуцагч Ш.Чанцалхүүгээс, 583,208 (Таван зуун наян гурван мянга хоёр зуун найм)төгрөгийг хариуцагч Б.Анхзаяа нараас тус тус гаргуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Ш.Чанцалхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 100,611 төгрөг, хариуцагч Б.Анхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 18,146 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:
6.1 Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 53 дугаартай, 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 55 дугаартай шүүхэд нэхэмжлэл гаргуулах тухай албан тоотыг тус тус Ховд аймгийн Прокурорын газарт өгчээ. Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 1/318 дугаартай албан тоотоор иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд прокурорын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус прокурорын газрын ахлах прокурор Ш.Сувд- Эрдэнийг оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов.
6.2 Ш.Сувд-Эрдэнэ нь Ховд аймгийн прокурорын газрыг төлөөлж нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ"... гэх итгэмжлэл олгожээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. 35.2 Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Мөн 36 дугаар зүйлийн 36.2. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино, 64.2.1 итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарыг үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, 64.2.3. Олгосон он, сар, өдрийг заах, 64.2.4 хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, 64.2.5 итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах, 64.3. Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
6.3 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/0653 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ш.Чанцалхүүд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан баримтыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар бүрдүүлэхийг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй.
38.6.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж боломжгүй түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
40.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт болохгүй гэх хуулийг зөрчсөн. Учир нь шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, асуугдаагүй гэрч Цэцэнхараацайгийн мэдүүлгийг урьдчилж, Ховд дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр авагдсан гэж үзэн баримт бүрдүүлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.
6.4 Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Ховд аймгийн Жар сумын 6 дугаар цэцэрлэгт Санхүүгийн хяналт шалгалт хийж, Улсын ахлах байцаагч 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаартай "Үргүй зардал төлүүлэх тухай 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаартай "Үргүй зардал төлүүлэх улсын ахлах байцаагчийн акт тавьсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "анхан баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр баримт болон бусад нотолгоог ойлгоно. Гэтэл хавтаст хэрэгт санхүүгийн анхан баримтуудыг гаргаж өгөх шаардлагатай байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй, анхан шатны баримтуудыг гаргаж өгөх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хариуцагч Ш.Чанцалхүүд холбогдох хэргийг гэм хорын хохирол гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч Ш.Чанцалхүүгээс 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар актаар тогтоосон үргүй зардлын төлбөрт 1,340,900 төгрөг, мөн өдрийн 35-01-45 дугаар актаар тогтоосон үргүй зардлын төлбөр 4,942,665 төгрөг нийт 6,283,565 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 929,727 төгрөгөөр багасгаж Ш.Чанцалхүүгээс 5,353,838 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.Анхзаяагаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар актаар тогтоосон үргүй зардлын төлбөр 583,208 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
8. Нэхэмжлэгч Ховд аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаартай “шүүхэд нэхэмжлэл гаргуулах” тухай албан бичиг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35-01-257, 35-01-258 дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актууд, Монгол улсын Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №13-2/616 дугаартай гомдлын дагуу акт хянасан тухай албан бичиг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар, 35-01-45 дугаар актууд зэрэг нотлох баримтуудын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгсөн байна.
9. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.
10.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Ш.Чанцалхүү “Би улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй, бүгдийг нь байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан, төрд хохирол учруулаагүй. Жил бүрийн үр дүнгийн гэрээг хангалттай үнэлгээгээр үнэлүүлж байсан, манай 6 дугаар цэцэрлэг шилдэг цэцэрлэгээр шалгарч байсан” гэж,
Б.Анхзаяа “Норматив зардал хэтрүүлсэн гэж улсын байцаагчийн акт тавьсан нь зах зээлийн үнийг өсөлт, төсөв хүрэлцдэггүйтэй холбоотой байсан. Үндэслэлгүй акт тавигдсан” гэж тус тус тайлбарласан байна.
11. Хариуцагч Ш.Чанцалхүү болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь татгалзаа нотлох зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд “улсын байцаагч Ц.Цэцэнхараацайг гэрчээр асуулгах, захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөх боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэн Ш.Чанцалхүүгээс 5,353,838 төгрөг, Б.Анхзаяагаас 583,208 төгрөг гаргуулахаар буюу Ховд аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
13. Харин анхан шатны шүүх төрд учирсан хохирлыг хариуцагч нараас гаргуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул хохирлыг улсын байцаагчийн актад дурдсан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Төрийн сангийн 100160051411 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
13. Хариуцагч Ш.Чанцалхүү болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
14. Хариуцагч Ш.Чанцалхүү нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр Ж.Энхжаргалыг сонгон авсан тухай 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” гаргаж өгсөн тул шүүхээс шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.
15.Гэтэл өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаас өдрөөс 18 хоног, шүүх хуралдаан хойшлуулсан өдрөөс 13 хоногийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан байна. Ингэхдээ гэрч асуулгах болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээ урьд нь гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэсэн үзэх шалтгаантай талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
16. Иймд хариуцагч Ш.Чанцалхүү болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.
17. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Ш.Чанцалхүү түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
18. Хариуцагч Ш.Чанцалхүү түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,616 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2022/0553 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст төлүүлж” гэснийг “Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Төрийн сангийн 100160051411 тоот дансанд нөхөн төлүүлж” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Чанцалхүү түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.Чанцалхүү, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,616 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР