Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0409

 

                  “М3 ХХК-ний нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал

                   жуулчалын сайд, тус сайдын 2019 оны 8 дугаар сарын

 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар

байгуулагдсан ажлын хэсэгт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:         Х.Батсүрэн   

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                      М.Батсуурь

                                      Б.Мөнхтуяа                                     

Илтгэгч шүүгч:              Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 /14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0449 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 515 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

            1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 128/ШШ2020/0449 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.10, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлт”-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 515 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5,  Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 3 дуагар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 хэсгийн 4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2019/14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

               3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынажлын хэсэг байгуулах тухай 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь “М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын саналыг үндэслэн “тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.

              4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэж заасан ба “56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол ашигт малтмалын газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

              5. Тухайн орон нутагтаа Байгаль орнчыг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.

              6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгуулага хэрэгжүүлнэ” гэж заасан.

              7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.2.4-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллалын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 16.2.10-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах”,

              8. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.2.4-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 17.2.8-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй. ... ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилдаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна.

              9. Иймд уг гомдлыг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж дээрх магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Шүүхүүд маргааны үйл баримтуудыг үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв, анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт баримталсан хуулийн зүйл заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцжээ.

            11. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын  2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаартай албан бичгээр Монгол улсын шадар сайд /Ө.Э/-д, Өмнөговь аймгийн  Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн  1-2103 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /Н.Ц/ -д тус тус  хүргүүлсэн санал, хүсэлтэд “ ... /нэр бүхий/ зэрэг компаниуд нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болж холбогдох хүсэлтээ ирүүлснийг шийдвэрлэх боломжгүй, орон нутгийн зүгээс нэмж уурхай ажиллуулахгүй гэдэг  байр суурьтай байгаа, шинээр уурхай нээхтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн дунд үл ойлголцол үүсч, зөрчил гарч байгаа, нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулснаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал  алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа...” гэх зэргээр дурдаж, үүнийг  харгалзан үйл ажиллагаа  эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг  цуцлуулах шийдвэр гаргуулах”-ыг  хүссэн, тэдгээр компаниудад “М” ХХК хамаарсан; нэхэмжлэгч “М ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Зангат уул” нэртэй газрын 1110.49  гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглах MV-019137 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн эзэмшсэн ба маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд тус тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй /ажлаа эхлээгүй/ зэрэг үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон уг хуулийн 38,39 дүгээр зүйлд заасан үүргийг хүлээнэ, ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт, үүний  12.1.1-д  “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” гэж тус тус заасан ба уг чиг үүргээ хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах талаарх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргасан санал нь  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэсний  дагуу тус дүгнэлтийн үндэслэлд хамаарч байна.

13. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  байгаль орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ  биелүүлээгүй  зөрчил  гаргасан нь бодитой бөгөөд зохих журмын дагуу шалгаж тогтоогдсон байхыг шаардсаны зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д “саналыг харгалзан” гэсний дагуу дүгнэлт гаргах эрх хэмжээ өөрт нь хадгалагдаж буй субъектийн хувьд, хариуцагч нь шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл  байдлыг тогтоох талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

14. Энэ  маргааны хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах  үүрэг бүхий Ажлын хэсэг нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/14 дүгээр дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн  Өмнөговь аймгийн Засаг даргын  болон Гурвантэс сумын Засаг даргын  дээрх  2  албан бичгээр, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй болохыг мэдсэн атлаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бодит зөрчил гаргасан, тэр нь зохих журмын дагуу тогтоогдсон байх хуулийн нөхцлийг буруу хэрэгжүүлж “ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” гэх үндэслэлээр “дүгнэлт” гаргасан нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхүүд  зөв дүгнэсэн байна.

15. Иймээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу саналаа ирүүлсэн /байхад/ яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй, ...яам нь хяналт шалгалтын байгууллага биш, ...хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ, ...хуулийн зохицуулалтыг шүүгч судалж хараагүй” гэх гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй.

16. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1-д “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах”-аар зааснаас үзэхэд, энэ маргаанд Өмнөговь аймгийн Засаг дарга  болон  Гурвантэс сумын Засаг даргыг  гуравдагч этгээдээр  татан оролцуулах  эрх зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв  дүгнэсэн байна.

17. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...орон нутгийн удирдлагын шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй, төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 515 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гаргахдаа  тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ