Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 40

 

    
    2022          12           20                                    206/МА2022/00040

Транскапитал ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 153/ШШ2022/00551 дугаар шийдвэртэй,  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, Континентал 1 давхарт байрлах, “Транскапитал” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* ******* ******* *******, ******* ******* , Жаргалын,

Хариуцагч: ******* ******* ******* *******, ******* ******* , нарт холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 32,568,150 төгрөг, хүү 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг гаргуулах, нийт 5,202,081 төгрөг гаргуулах,  үл хөдлөх барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, У.Пэрэнлэйжамц/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж,  хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Иргэн ******* болон хамтран зээлдэгч ******* нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 07 сарын 25-ны өдөр 209070430402 тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 40,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож баталгаат ипотекийн гэрээг байгуулж, гэрээгээр ******* ******* ******* *******ын 7-р баг, ******* айл байр, тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, барьцааг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Зээлдэгчийн зүгээс хамгийн сүүлд 2021 оны 05 сарын 31-нд зээлийн төлөлт хийсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд үндсэн зээлд 7,431,850 төгрөг, зээлийн хүүд 8,393,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,186,196 төгрөг нийт 17,011,999 төгрөгийг төлсөн.
1.2 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан ч зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхгүй байгаа тул шүүхэд ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
 1.3 Хариуцагч нар нь 2022 оны 02 сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 32,568,150 төгрөг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,936,072 төгрөг, авлага нотариатын зардал 17,500 нийт 56,202,081 төгрөг байгаа болно. 
1.4 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ" гэж заасны дагуу дээрх үнийн дүнг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 56,202,081 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* ******* ******* *******ын 7-р баг, ******* айл байр, тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал: 
2.1 Транскапитал” ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага 56,202,081 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байгууллагатай 2019 оны 07 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд бид зээлд 17 гаруй сая төгрөг, 2022 оны 2 сарын 23-нд 500,000 төгрөг төлөөд нийт 17,511,999 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс нь 7,000,000 төгрөг хасаж, үлдсэн 10,511,999 төгрөгийг хүү тооцсон авсан байна.
2.2  2020, 2021 онуудад Ковид өвчний учир зээлийг хойшлуулан хүүг зогсоох талаар Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч бүх банкны салбарууд энэхүү тогтоолыг хэрэгжүүлж байхад Транскапитал санхүүгийн байгууллага энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй мөн иргэн бидний хүсэлтийг хүлээж аваагүйгээс болж бид зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүд орж хохирч байна. Иймд Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн хүү 19,680,359, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нийт 23,616,431 төгрөгийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна гэжээ.

3.******* аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 153/ШШ2022/00551 дугаар шийдвэрээр: 

3.1  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 32,568,150 төгрөг, зээлийн хүү 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нийт 56,184,581 (Тавин зургаан сая нэг зуун наян дөрвөн мянга таван зуун наян нэг) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ ХХК-ийн ******* салбарт олгож,  нотариатын зардал 17,500 (Арван долоон мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3.2 Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү  56,184,581 төгрөгийг сайн дураар төлөхгүй бол барьцааны үл хөдлөх хөрөнгө болох *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн 8449558 дугаарт бүртгэлтэй, ******* ******* ******* *******ын 7-р баг, , ******* айл, байршилтай, 57 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай,  хоёр өрөө  байрыг зарж борлуулсны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******  аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй, хаалттай  хорих ангид даалгаж,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 509,160 төгрөгөөс 438,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 438,872 төгрөг, төрийн сангийн данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ ХХК-нд олгож,
3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: 
4.1 Шүүхийн шийдвэр нь иргэн миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Би 2022 онд 17.511.999 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээсээ зээлэнд 7.000.000 төгрөгийг хасаж, үлдсэн 10.511.999 төгрөгийг хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү тооцон авсан.
Гэтэл 23.616.431 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн. Нийтдээ банк бус байгууллага нь надаас 34.128.430 төгрөгийн хүү тооцон авч үндсэн зээлтэйгээ адилхан шахуу хүү авч байна. Иймд эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:

    5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 
6. Нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56.202.081 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг  *******, ******* нарт холбогдуулан  гаргажээ.
7.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Транскапитал ББСБ” ХХК-ний гэрчилгээ, Голомт банкны цахим гүйлгээний баримт,зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаалбар, *******ын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000396720 дугаартай гэрчилгээ болон түүний дансны хуулга, зээл хүүний тооцооны хүснэгт,шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, зээлийн хорооны хурлын протокол шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2.453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна. 
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа  “*******, ******* нар тус байгууллагаас 2019 оны 07 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд бид зээлд 17 гаруй сая төгрөг, 2022 оны 2 сарын 23-нд 500,000 төгрөг төлөөд нийт 17,511,999 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс нь 7,000,000 төгрөг хасаж, үлдсэн 10,511,999 төгрөгийг хүүд тооцон авсан байна.Иймд “Транскапитал  ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн хүү 19,680,359, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нийт 23,616,431 төгрөгийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна гэжээ.
10. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул түүний татгалзал нь үндэслэл муутай болжээ.
11.Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт,зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “Транскапитал  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтад нийцсэн байна.
12.Хэрэгт авагдсан баримтаар “Транскапитал ББСБ” ХХК-иас *******, ******* нар нь  40,000,000 төгрөгийн зээлийг Газар тариалан эрхлэх зориулалтаар 30 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлж авч, зээлийн гэрээний 3.1.7-д Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс тооцохоор  тохиролцжээ.  
13.Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар 2021 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл  үндсэн зээлд 7,431,850 төгрөг, зээлийн хүүд 8,393,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,6,196 төгрөг,  нийт 17,011,999 төгрөгийг төлсөн   байна.Үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
14.Харин зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэл 32,568,150  төгрөгийг төлнө гэдэгт маргахгүй байгаа ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж, энэ талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.
 15. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн  452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. 
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж хуульчилжээ.
16.Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.7-д  нэмэгдүүлсэн хүү, зээлийн  хүүгийн хорин хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно.” Гэсэн дарааллаар төлөхөөр тохиролцсон байна. Зээлдүүлэгч нь гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг 3,936,072 төгрөгөөр тооцож зээлдэгчээс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
17.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзал болон гомдол үндэслэлгүй байна.
18.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
19.Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  279.629 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 153/ШШ2021/00551 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн  162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.629  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
                            


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.НЯМБАЯР

                                                    ШҮҮГЧ              Д.КӨБЕШ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Н.ТУЯА