Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/00062

 

 

 

М- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Ц.Н-, Г.У-, Ж.Э-, Б.Т- нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Г.У-ын өмгөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М- ХХК нь Дэд бүтэц инженеринг ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,102,031,829 төгрөгийг жилийн 11.09 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, нэр бүхий хөрөнгүүдийг барьцаалсан. Хөгжлийн банк нь зээлдэгч Дэд бүтэц инженеринг ХХК-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэрээр зээлдэгчээс 2,564,766,588 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт зааснаар Дэд бүтэц инженеринг ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулсан бусдын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргахад дээрх шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Ц.Н-, Б.Т- нартай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус бүр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Н-, Г.У- нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Ар зайсан гудамж, - тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбай бүхий, хувийн сууц, хариуцагч Ж.Э-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 38-р байр, - хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууц, хариуцагч Б.Т-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 6-р хороолол, 9-р байр, -, 38,6 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан худалдсан үнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Г.У-ын тайлбар, татгалзлын агуулга: М- нь Дэд бүтэц инженеринг ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэгдсэн миний хамтран өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт заасныг үндэслэн Дэд бүтэц инженеринг ХХК-нд 2018 оны 09 дүгээр сарын 07 өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 76 тоот хаягт байрлах, 324.34 м.кв, хувийн сууцыг Хөгжлийн банкнаас авах зээлийн барьцаанд бариулж зээл авах, зээлийн, барьцааны гэрээ, баталгааны болон бусад гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, ЭХЭБГ-ын УБХ-т холбогдох гэрээ бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа авах, барьцаа чөлөөлөх түүнтэй холбоотой асуудалд төлөөлөх, гарын үсэг зурах бүрэн эрхийг 3 /жил/ хугацаагаар итгэмжлэл олгосон. Миний бие уг эд хөрөнгөө Дэд бүтэц инженеринг ХХК-нийн захиралд 3 жилийн хугацаатай төлөөлөх эрх өгсөн бөгөөд энэхүү төлөөлөх хугацаа дуусгавар болсон. Дэд бүтэц инженеринг ХХК-д олгосон итгэмжлэлийн хугацааг дахин сунгаагүй учир үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэд бүтэц инженеринг ХХК-ний авсан зээлийг миний бие төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд мөн миний хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах зэрэг эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтай. Би өөрийн эд хөрөнгийг гурван жилийн хугацаатай зээлийн барьцаанд байршуулахыг зөвшөөрсөн. Учир нь Дэд бүтэц инженеринг ХХК-ийг зээлээ гурван жилийн хугацаанд төлж дуусгана гэж ойлгож байсан. Мөн зээл авсны дараа миний өмчийн байрыг худалдан авна гэж ойлгож байсан. Гэтэл Дэд бүтэц инженеринг ХХК итгэмжлэлийн хугацаанд зээлээ төлж чадаагүй мөн миний хөрөнгийг худалдаж аваагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь миний буруу биш. Иймд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан тохиолдолд төлөөлөл нь дуусгавар болохоор заасан байх тул итгэмжлэлд барьцаагаар үүргийг мөн итгэмжлэлийн хугацаа дууссан хангуулахаар заагаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дэд бүтэц инженеринг ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 181/ШШ2021/01241 дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 76 тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13-р хороолол, 38 дугаар байрны - хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003007 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол 9 дүгээр байрны - хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ-ДБИ-З 2018-167 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч М- ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Н-, Г.У- нараас 70,200 төгрөг, хариуцагч Ж.Э-ээс 70,200 төгрөг, хариуцагч Б.Т-ээс 70,200 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Г.У-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.а.Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ... хариуцагч Г.У-аас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Н-ад олгосон итгэмжлэлээр маргаж буй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийг Хөгжлийн банкнаас авах зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон байна. Иймд хариуцагч Г.У-ын итгэмжлэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хариуцагч Г.У- нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Хөгжлийн банкнаас иргэн Ц.Н-ын авах зээлийн барьцаанд бариулж зээл авах, зээлийн барьцааны гэрээ, баталгааны болон бусад гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг түүнд олгосон болохоос Дэд бүтэц инженеринг ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг олгоогүй. Түүнчлэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1.1-д ... нөгөө талаас Ц.Н-, Г.У- (цаашид барьцаалуулагч гэх) нь нар харилцан тохиролцож байгуулав гэсэн буюу гэрээ нь хоёр барьцаалуулагчтай байхад уг гэрээнд зөвхөн нэг барьцаалуулагч Ц.Н-ын нэр дурдагдаж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, гэрээний 6.1 дэх заалтыг зөрсөн тул гэрээг байгуулсанд тооцохгүй.

4.б.Хэрэгт Г.У- нь иргэн Ө.Б-тай гэр бүл болох нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0180415 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Г.У-ын өмч болох Y-2206038828 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Хамтран өмчлөгч Ц.Н- нь (эмэгтэй) Г.У-тай гэр бүлийн хамаарал бүхий этгээд биш бөгөөд тусдаа гэр бүлтэй хүн юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасны дагуу барьцааны хөрөнгө Г.У-ын нэр дээр байснаас үл шалтгаалан түүний гэр бүлийн гишүүн болох нөхөр Ө.Б-н хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ. Г.У- нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа буюу барьцаалах итгэмжлэлийг Ц.Н-ад олгохдоо Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2 дах хэсэгт заасны дагуу өөрийн нөхөр Ө.Б-тай харилцан тохиролцоогүй, түүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй тул мөн зүйлийн 128.3 дах хэсэгт заасны дагуу хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Түүнчлэн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэснийг зөчрсөн. Уг нөхцөл байдалтай холбоотой хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр иргэн Ө.Б-г оролцуулах, зээлийн хувийн хэргийг гаргуулах, Ц.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан. Гэтэл шүүгч эхний хоёр хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд Ц.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан төдийгүй уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу зарим нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд 38.9-д заасны дагуу нотлох баримтыг шүүх шаардах авахаас татгалзсан тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгчийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Ц.Н-, Б.Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэр бүхий иргэдийн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан худалдсан үнээс төлбөрийг гаргуулж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл барьцааны гэрээний ямар үүргийг хангуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй атал санаачилгаараа нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг өөрчилж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э- миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1 дэх хурлаар товлогдсон Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Цэрэнлхагвад холбогдох иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тухайгаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн албан ёсны цахим хуудас болох Appealcourt.mn хуудаснаас авсан шүүх хуралдааны тов, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт өгсөн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй мэтээр шүүхийн шийдвэрт худал бичиж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Итгэмжлэл нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн, тухайн зээл нь 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон. Тухайн итгэмжлэлд Хөгжлийн банкны зээлд зориулж барьцаа болон бусад гэрээнд гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах талаар гарын үсэг зурах бүрэн эрхийг Ц.Н-ад олгосон. Мөн нотариат нь тухайн итгэмжлэлд эрх зүйн үр дагавар хууль зүйн ач холбогдлыг бүрэн танилцуулсан талаар тэмдгэлгээний доод хэсэгт хариуцагч Г.У- нь гарын үсэг зурсан. Иймд итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Мөн Г.У-ын өмчлөлийн орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр Хөгжлийн банкны зээлийн барьцаанд Ц.Н- барьцаалсан. Тухайн орон сууцыг ямар хөрөнгөөр бий болсон тухай нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөх шаардлагатай байсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Ц.Н-, Г.У-, Ж.Э-, Б.Т- нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч М- ХХК нь Дэд бүтэц инженеринг ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч М- ХХК нь 2,300,000,000 төгрөгийг, жилийн 11,09 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Дэд бүтэц инженеринг ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-17-р тал/

4.а.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Ц.Н-, Б.Т- нартай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус бүр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Н-, Г.У- нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Ар зайсан гудамж, - тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбай бүхий, хувийн сууц, хариуцагч Ж.Э-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 38-р байр, - хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууц, хариуцагч Б.Т-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 6-р хороолол, 9-р байр, -, 38,6 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 18-22, 25-29, 32-36-р тал/

4.б.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь холбогдох этгээдүүдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгуулагдсан байхаас гадна бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 23, 30-р тал/

4.в.Зээлдэгч Дэд бүтэц инженеринг ХХК нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч М- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаар шийдвэрээр Дэд бүтэц инженеринг ХХК-аас 2,564,766,588 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 38-41-р тал/

4.г.Дээрх шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний дагуу төлбөл зохих төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч М- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

4.д.Иймд анхан шатны шүүх барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.Н-, Г.У- нарын өмчлөлийн, 324,34 м.кв талбай бүхий, хувийн сууц, хариуцагч Ж.Э-ийн өмчлөлийн, 43 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууц, хариуцагч Б.Т-ийн өмчлөлийн 38,6 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5.Хариуцагч Г.У-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар давж заалдах гомдолдоо 324,34 м.кв талбай бүхий, хувийн сууцыг барьцаалах эрхийг Г.У-аас Ц.Н-ад олгосон байхад Дэд бүтэц инженеринг ХХК нь зээлийн барьцаанд барьцаалсан нь үндэслэлгүй, мөн барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Ө.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, түүний эрх ашиг зөрчигдсөн гэжээ.

5.а.Дээрх хувийн сууцны өмчлөгчөөр хариуцагч Ц.Н-, Г.У- нар нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Г.У- нь Ц.Н-ад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, итгэмжлэлд ... 324,34 м.кв хувийн сууцыг Хөгжлийн банкнаас авах зээлийн барьцаанд бариулж зээл авах, зээл болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг бүрэн эрхийг олгож байна, миний бие итгэмжлэлийн агуулга үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтад авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно гэжээ. /хх-ийн 23-24-р тал/

5.б.Хариуцагч Г.У- нь маргаан бүхий хувийн сууцыг барьцаалах итгэмжлэлийг хариуцагч Ц.Н-ад олгохдоо дээрх байдлаар хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн байх бөгөөд хариуцагч буюу зээлдэгч Дэд бүтэц инженеринг ХХК-ийн захирал Ц.Н- нь итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч М- ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, тус хувийн сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт заасан барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасанд нийцсэн байна.

5.в.Нөгөө талаар, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2-т төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон тохиолдолд төлөөлөл дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч Г.У-ын хувьд дээрх хуульд зааснаар хариуцагч Ц.Н-ад олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.г.Хэрэгт Ө.Б-, Г.У- нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ авагдсан боловч энэ нь маргаан бүхий 324,34 м.кв талбайтай хувийн сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Учир нь тус хувийн сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө эсхүл гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Энэ тохиолдолд маргаан бүхий 324,34 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр хариуцагч Ц.Н-, Г.У- нар бүртгэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

5.д.Шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын гомдлын тухайд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Цэрэнлхагвад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдааны зарын хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. /хх-ийн 109-111-р тал/

5.е.Гэвч Ц.Э- нь дээрх хүсэлтэд дурьдсан нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Шүүх хуралдаан давхардсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй гэж үзнэ. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад барьцаа хөрөнгө болох 324,34 м.кв талбайтай хувийн сууцны тоот - гэснийг 76 гэж буруу бичсэнийг залруулан өөрчлөв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 76 тоот ... гэснийг - тоот гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.У-аас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ц.Н-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Г.ДАВААДОРЖ