Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00097

 

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/02796 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Д.Н-, Н.Д- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.Н- нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай компанийг Хас банкнаас 350,000,000 төгрөгийн зээл авах үед өөрийн хүү Н.Д-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, хариуд нь дээрх зээлээс 75,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд энэхүү мөнгөө Хас банк ХХК-д эргэн төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Ийнхүү Д.Н- нь төлбөрөө төлөхгүй байсан тул манай компани Хас банк ХХК-аас зээлсэн 350,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, зээлээ хаасан. Тухайн үед бид гэрээ хэлэлцээр бичгээр байгуулаагүй бөгөөд хариуцагчаас төлбөрөө төлөхийг шаардахад 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай компанид өөрийн зээлсэн 75,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй тул 75,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани ямар нэгэн хүү, алданги тооцоогүй гэжээ.

2.Хариуцагч Д.Н-ийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгчтэй зээлийн болон эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй, тус компаниас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Түүнчлэн, баримт үйлдсэн Түмэнзаяа гэгчийг танихгүй, түүнтэй ямар нэгэн харилцаа үүсгээгүй. Үүнээс гадна өөрийн хүү Н.Д-, охин Н.У- нарын ажил амьдралын болон хөрөнгө мөнгөтэй холбоотой аливаа асуудалд огт оролцдоггүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.Хариуцагч Н.Д-ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчээс Н.Д-тай ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй бөгөөд дансаар болон бэлнээр мөнгө төгрөг хүлээлцэж байгаагүй болно. Харин Н.Д- нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж, зээл авахад нь тусалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Н-ээс 75,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, хариуцагч Н.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-ээс 532,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.а.Хариуцагч Д.Н- нь Б- ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй, зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд ямар нэгэн мөнгөн хөрөнгө бэлнээр эсвэл дансаар аваагүй. Зээлийн гэрээний гол нөхцөл бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлдэгчээс уг мөнгийг буцаан шаардах эрхтэйг зохицуулсан. Хэргийн баримтаар нь мөнгөн хөрөнгийг Д.Н-ийн дансанд шилжүүлсэн эсвэл бэлнээр өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд талуудын тайлбарт энэ талаар огт дурдагдаагүй нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй буюу хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч Д.Н-ийн хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй гэж маргасан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т ... бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд гэрчээр нотлох эрхээ алдана ... гэж заасан. Талууд зээлийн гэрээг байгуулсан болон мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтгүй байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсгийн дээрх заалттай адилтган үзэх хууль зүйн үндэслэл болох юм. Гэтэл шүүх гэрч Х.Түмэнзаяаг гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг авч, ажиллагаа явуулсан ба уг мэдүүлгээр тухайн үйл баримтын талаар ямар нэгэн тодорхой зүйлийг нотлоогүй, энэ ч утгаараа шүүх гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгч, дүгнэлт хийгээгүй гэж ойлгогдож байна. Тиймээс хуулийн дээрх заалтын дагуу гэрчээр нотлуулах шаардлагагүй, энэ ажиллагаа огт хэрэггүй байжээ. Д.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 75,000,000 төгрөгийг биет байдлаар зээлж аваагүй, харин урьдчилаад зээл олгоно гэхээр нь зээл олгохоос өмнө энэхүү баталгааг 2014 онд үйлдсэн гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг баримтлаагүй буюу Д.Н-ийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг агуулгаар нь дугнээгүй, эсрэг утгаар дүгнэсэн, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг гол үндэслэлээ болгосон нь талуудын тэгш байдлыг хангаагүй. Энэ нь тухайн үйл баримтыг огт ойлгоогүйгээс эрх зүйн дүгнэлтийг буруу хийсэн гэж үзэж байна

5.б.Түүнчлэн хариуцагч Д.Н-ийн охин Н.У-гийн нэрээр гүйлгээний утга нь цагаан мөнгө материалын зардал гэх шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан. Үүнийг ээжийнх нь бичсэн баталгаатай шууд холбон зээлийн харилцаа үүссэн, энэ төрлийн хэлцэл хийсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан шийдвэр гэж үзэж байна. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хэнтэй эрх зүйн ямар харилцаанд оролцсон, хэнээс хэдий хэмжээний, юуны төлбөр нэхэмжлээд байгаа нь ч ойлгомжгүй, тодруулбал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэнд юу хариуцуулах гээд байгааг шүүх анхаарч, бодит үнэнд нийцсэн зөв шийдвэр гаргаж чадсангүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг бодитоор, үнэн зөвөөр үнэлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн бичгээр илэрхийлсэн бичгийн баримт үйлдсэн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар тухайн хэлцлийг хийсэн гэж үзсэн. Тухайн нөхцөл байдалд 75,000,000 төгрөгийг аваагүй эсхүл урьдчилж тухайн бичгийг хийсэн гэх тайлбар нь үндэслэлгүй. Шилжүүлсэн нөхцөл байдал, 6 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг хариуцагч нь өөрөө тайлбарласан. Д.Н-ийн данснаас зээлийн эргэн төлөлтийг нэг удаа хийсэн байдаг. Энэ нь нэхэмжлэлийн гаргасан тайлбар болох 75,000,000 төгрөгийн зээлийг хариуцаж төлөх байсан нөхцөл байдлыг давхар нотолж байна. Анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Б- ХХК-д Д.Н- төлбөр төлөхөө илэрхийлсэн тул шаардах эрх үүссэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Д.Н-, Н.Д- нарт холбогдуулан манай компани нь Хас банк ХХК-аас 350,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд Д.Н- нь өөрийн хүү Н.Д-ын өмчлөлийн орон сууцыг тус зээлийн барьцаанд тавьж, дээрх 350,000,000 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг зээлсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч Б- ХХК-ийн хүсэлтээр зээл авахад нь тусалж орон сууцаа барьцаалсан нь үнэн боловч ямар нэг байдлаар зээл аваагүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч Н.Д- нь нэхэмжлэгч Б- ХХК-ийн захирал Д.Батжаргалд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэл олгож, тус итгэмжлэлд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Жаргалант хотхон, 1-р байр, 21 тоот, 129,17 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууц, 18 м.кв талбайтай, гаражийг барьцаалах, барьцаалахтай холбоотой бүх үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ. /хх-ийн 12-р тал/

4.а.Улмаар нэхэмжлэгч Б- ХХК нь Хас банк ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 350,000,000 төгрөгийг зээлэхдээ дээрх орон сууцыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга, итгэмжлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 15, 39-р тал/

4.б.Нэхэмжлэгч Б- ХХК нь 50,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н-ийн охин Н.У-д шилжүүлсэн, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н-т бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бөгөөд хэргийн 11 дүгээр талд нэхэмжлэгч компанийн захирал Д.Батжаргалаас хариуцагч Д.Н-ийн охин Н.У-д 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх төлбөрийн баримт авагджээ.

4.в.Хариуцагч нар нь нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээ байгуулаагүй, 75,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Д.Н- нь ... Б- ХХК-д 75 сая төгрөгийг 6 сарын хугацаанд төлнө. Уг төлбөрийг зохих журмын дагуу 75 сая төгрөгийг барагдуулна гэх баталгааг гаргасан байна. /хх-ийн 14-р тал/

4.г.Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б- ХХК, хариуцагч Д.Н- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Н-т шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан буюу хариуцагч Д.Н- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б- ХХК-д төлөхөө илэрхийлж, баримтад гарын үсэг зуржээ. Уг баримт нотолгооны ач холбогдолтой.

4.д.Хариуцагч Д.Н-ийн хувьд 75,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх талаарх баримтад гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрдөг боловч тус баримтад өөр өнгийн бэхээр Х.Түмэнзаяа, 2018.02.21 гэж бичсэн нөхцөл байдлыг үгүйсгэж маргадаг.

4.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай. Дээрх баримтад Х.Түмэнзаяа, 2018.02.21 гэх бичвэрийг өөр өнгийн бэхээр нөхөж бичсэн гэх хариуцагч Д.Н-ийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзвэл талууд зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацааг нарийвчлан тохиролцоогүй гэж үзэхээр байна.

4.ё.Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Б- ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар 75,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н-ээс шаардах эрхтэй тул анхан шатны шүүх зээлийн үүргийг хариуцагч Д.Н-т хариуцуулж, нэхэмжлэлээс хариуцагч Н.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/02796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ