Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 618

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Өлзий цогт овогт Энхболдын Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811020430691 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 20-1 дүгээр байрны 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өлзий цогт овогт Энхболдын Э.М /РД: ./,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд хохирогч Б.Цэндсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үл таних улаан өнгийн фудболктой 20 гаруй насны эмэгтэй нэг харааны нүдний шил зүүсэн эрэгтэй 2 хажууханд ирсэн ба нөгөө эмэгтэй нь миний сууж байсан ширээний хажууд ирээд миний сууж байсан буйдан маягийн сандал дээр суугаад намайг шахахаар нь наад сандал дээр чинь хүнтэй гэсэн чинь нөгөө эмэгтэй хальт цааш болонгуутаа хажууд сууж байсан 4 залуугийн ширээ рүү очиж хэсэг зогсож байгаад эргэхдээ миний ширээн дээр байсан пивотой шилийг аваад миний хацрын баруун хэсэг лүү нэг удаа цохиод дахин цохих гэтэл хажуугаар нь нэг үл таних эмэгтэй босч ирээд нөгөө эмэгтэйг таслан зогсоосон..." гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн "...23:53:04 секундэд наад талын ширээн дээрээс улаан плажтай эмэгтэй босч ширээг тойрч гараад цаад талын 3 хүний сууж байгаа ширээний урд очиж цааш харан хэсэг зогсох ба 23:53:36 секундэд буцаж эргэж явахдаа голын ширээнд сууж байсан эмэгтэй лүү ширээн дээр байсан хундагтай пивыг авч нүүр луу нь шидэж байна. Энэ үед хохирогч босч ирж барьцалдаж авах ба хажуу талаас нь хамт явсан хүмүүс салгаж байна..." гэх тэмдэглэл /хх-ийн 7x/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8862 дугаартай "Д.Цэндсүрэнгийн биед баруун хацар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэнб айх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Э.Мийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Өлзий цогт овогт Энхболдын Э.Мийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Э.Мийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Мийг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

          

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ