Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00208

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00208

 

 

,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02963 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 706,216,420.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,, /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ,,,,,,,,,,,,,, ХХК нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нартай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ОССЗ-18/006 тоот зээлийн гэрээ байгуулж, 447,400,000 төгрөгийг орон сууцны санхүүжилтийн зориулалтаар, 240 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 447,400,000 төгрөгийг зээлдэгч ,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,ны 2900015836 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 1,363 хоногоор хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл 1,174,231.43 төгрөг, хүүд 11,812,929.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31,539.43 төгрөг, нийт 13,018,700 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл 446,225,768.57 төгрөг, хүү 259,212,608.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 778,043.92 төгрөг, нийт 706,216,420.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 446,225,768.57 төгрөг, хүү 259,212,608.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 778,043.92 төгрөг, нийт 706,216,420.71 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,, нь Атмор групп ХХК-ийн барьсан, Хан-уул дүүрэг, 11-р хороо, 5 хэсэг Дүнжингарав гудамж, 50/1 байрны 1 давхрын 1 тоот хаягт байрлалтай 146.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг сонирхож байсан.

Атмор групп ХХК нь нийт 527 400 000 төгрөгөөр худалдахаар санал болгож байрны төлбөрийг ,,,,,,,,,,,,,,наас зээл олгох байдлаар шийдвэрлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хувьд ямар ч асуудалгүй гэсэн тул 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ОС/ЗГ-1-02 дугаар орон сууц захиалгын гэрээг Атмор групп ХХК-тай байгуулсан. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ОССЗ-18/006 дугаар зээлийн гэрээг ,,,,,,,,,,,,,,тай, мөн тус өдөр ОССЗ-18/006 дугаар Орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээг Атмор групп ХХК, ,,,,,,,,,,,,,, нартай тус тус байгуулсан.

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ОС/ЗГ-1-02 дугаар орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг баталсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болох холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн 2018 оны 06 дугаар сард багтаан дуусган ашиглалтад оруулна, ОССЗ-18/006 дугаар гэрээний 3.6.2-д үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны барилгыг хугацаанд нь зохих чанарын үзүүлэлттэйгээр ашиглалтад оруулах баталгааг захиалагчийн нэгэн адил банкны өмнө хүлээх ба орон сууцыг 2018 оны 06 дугаар сард багтаан ашиглалтад оруулж, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөх гэж тус тус заасан. Атмор групп ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, сууцны хаяг тодорхой биш, ашиглалтын зардал хэт өндөр үнэтэй үндэслэлгүй гардаг зэрэг орон сууцыг хэвийн журмаар ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байна.

Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ байгуулагдахаас өмнө тухайн орон сууцыг барьцаанд тавьсан байсан болохыг олж мэдсэн.

Атмор групп ХХК нь орон сууцыг бусдад худалдах боломжгүй буюу бусдын барьцаанд байгаа эд хөрөнгийг хуурч мэхлэн худалдаж, түүнчлэн банк барьцаа хөрөнгө нь тодорхойгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байхад их хэмжээний зээл буюу 447,400,000 төгрөгийн зээлийг ямар ч барьцаагүйгээр шууд олгон Атмор групп ХХК-руу шилжүүлсэн. Анхнаасаа биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус нөхцөл байдлыг мэдэж байсан гэдэг нь тодорхой байна. Мөн талуудын хооронд байгуулсан гурвалсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-д Үндсэн гэрээний дагуу Захиалагчийн эдлэх эрхийн нэгэн адил орон сууцны барилгын гүйцэтгэлийн явцтай танилцах, олгосон санхүүжилтэд хяналт тавих, барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахыг шаардах, шаардлагатай гэж үзвэл захиалагчийн хамт гомдлын шаардлага эрхтэй гаргах байна гэж заасан байдаг боловч банк Атмор групп ХХК-аас барьцаа хөрөнгөө нэг ч удаа шаардаагүй хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ талаар огт дурдалгүйгээр зөвхөн зээлийн өр төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 706,216,420.71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,689,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтгийн хураамжид 3,689,033 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн.

4.1 Тодруулбал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг нар нь хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч ,,,,,,,,,,,,тай гэрээ байгуулсан бөгөөд шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түүний эмээ хөдөө орон нутагт нас барсан тул ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй болж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй.

4.2 Түүнчлэн үндсэн нэхэмжлэлтэй хамаарал бүхий Атмор групп ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ОС/ЗГ-1-02 дугаар орон сууц захиалгын гэрээг, ,,,,,,,,,,,,,,тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ОССЗ-18/006 дугаар зээлийн гэрээг, мөн тус өдрийн Атмор групп ХХК, ,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан ОССЗ-18/006 дугаар орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,т олгохыг, зээл 447,400,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,инд олгохыг Атмор групп ХХК-д тус тус даалгах зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч тодорхойгүй үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан бөгөөд энэ талаарх тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

4.3 Мөн хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийг зөвхөн нэг талыг барьж ажиллаж байгаа, хэргийн бодитоор шийдвэрлэхэд эргэлзээ төрж байгаа тул шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан хэдий ч мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэхгүйгээр хүлээж аваагүй зэрэг хэд хэдэн хууль зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШИ12022/02963 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ нотлоогүй. Хариуцагч нарыг өмгөөлөгч оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Давж заалдах гомдолд хавсаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг гаргаж өгсөн нь үндэслэлгүй.

Хариуцагч талын шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч талаас татгалзал байхгүй гэж хариулснаар шүүх хуралдаан үргэлжилсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангаагүй, мөн 62.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүйг болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17272 шүүгчийн захирамжид тодорхой тусгагдсан. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээл 446,225,768.57 төгрөг, зээлийн хүү 259,212,608.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 778,043.92 төгрөг, нийт 706,216,420.71 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Зээлдүүлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,, хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,, нартай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ОССЗ-18/006 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 447,400,000 төгрөгийг орон сууцны санхүүжилтийн зориулалтаар, жилийн 15,6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, зээлийн хүү, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх10-12/

3.б. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ОССЗ-18/006 дугаар зээлийн гэрээ болон захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ,,,,,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,,,,,, Атмор групп ХХК нарын хооронд орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Атмор групп ХХК нь захиалагч ,,,,,,,,,,,,,ийн захиалсан орон сууцыг барьж дуусган ашиглалтад өгөх, түүнийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулан банкны барьцаанд шилжүүлэх, банк үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож захиалагчийн нэр дээр бүртгэгдэж ашиглалтад орсон орон сууцыг барьцаалах, захиалагч нь орон сууцыг зээлийн гэрээний баталгаа болгож банкны барьцаанд шилжүүлэхээр тус тус тохирсон байна. /хх36-38/

Тухайн зээлийн санхүүжилтээр авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ одоог хүртэл гараагүй, зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

3.в. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

3.г. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч ,,,,,,,,,,,,,ийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

3.д. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2038 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар байсан хэдий ч зээлдэгч нар нь зээл, хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зөрчсөн буюу гэрээний хугацаанд зээлд 1,174,231.43 төгрөг, хүүд 11,812,929.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31,539.43 төгрөг нийт 13,018,700 төгрөгийг төлсөн ба 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Дээрх зөрчил нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

3.е Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

3.ё Анхан шатны шүүх хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 446,225,768.57 төгрөг, хүүд 259,212,608.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 778,043.92 төгрөг, нийт 706,216,420.71 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар

4.а. шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гэх үндэслэлээр хүлээж аваагүй гэх гомдлын тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-д тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа дууссан байх бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Хариуцагч талаас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус өмгөөлөгчтэй холбоотойгоор шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

4.б. хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өгсөн урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,т олгохыг, зээл 447,400,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгохыг Атмор групп ХХК-д тус тус даалгах зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч тодорхойгүй үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан гэх гомдлын тухайд,

Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь зөв болжээ.

Учир нь хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцлийн үнийн дүнгээр тооцож түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой байтал хариуцагч талаас 70,200 төгрөг төлсөн байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Түүнчлэн хэргийн оролцогч бус этгээд буюу Атмор групп ХХК-д холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан нь мөн адил үндэслэлгүй.

4.в. Шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан хэдий ч мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэхгүйгээр хүлээж аваагүй гэх гомдлын тухайд,

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд татгалзлын үе шатад татгалзан гаргах тухай хүсэлт байгаа эсэхийг зохигчдоос асуухад, татгалзахгүй гэж хариулсан байна. /хх113-115/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хүлээж аваагүйг буруутгахгүй. Учир нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно гэж заасантай нийцэхгүй.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,, нь орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, орон сууцны санхүүжилтийн гурвалсан гэрээний үүргээ гүйцэтгэгч Атмор групп ХХК-нд холбогдуулан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо шаардаж, шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй бөгөөд тухайн гэрээнүүдийн үүргийн биелэлт нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/02963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД