Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00198

 

 

 

 

 

 

 

 

Г-н

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/03670 дугаар шийдвэртэй Г-н нэхэмжлэлтэй Н-р Т ХХК нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахыг даалгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М хариуцагч Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхтуслах, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 184/ШЗ2017/00000 дугаартай захирамжийг үндэслэн Н гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлж, 444,024,708 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Төлбөр авагч Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр Төлбөр авагч нар нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж 444,024,708 төгрөгийг төлж барагдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2010/0000 дугаартай гүйцэтгэх хуудас, материалыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг НН-тхүргүүлсэн. Гэвч Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийг хүртэл дуусгавар болгоогүй, үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрхийг сэргээхгүй, өртэй этгээдийн жагсаалтаас төлбөр төлөгч нарын нэрийг хасахгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0000000000000000 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н-н татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн000 дугаар шийдвэрээр Г, М-нараас 444,024,708 төгрөг гаргуулж Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг барагдуулахаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Г-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00дүгээр хороо, Удирдлагын академи, Зайсангийн гудамж, 00 дугаар байр, 00тоот хаягт байршилтай, 80.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг тус газраас зохион байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар А.Онь 115,000,000 төгрөгөөр худалдан авч дуудлага худалдааны ялагч болсон. Орон сууц худалдан борлуулагдсаны дараа Г-ХХК-ийн захирал н.Г-тэй уулзаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжихгүй гэсэн заалтыг нэг бүрчлэн уншиж танилцуулж гарын үсэг зуруулсан. Мөн 3 шатны шүүх дуудлага худалдааг хууль ёсны дагуу явагдсан гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Т ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч нар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж нийт 444,024,708 төгрөгийг төлж барагдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0000000000000000 дугаар гүйцэтгэх хуудас, материалыг хаалгах хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01/05 дугаар албан бичгээр Н-тхүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар Г ХХК нь Т" ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй байна гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга: Дуудлага худалдаа явагдахаас өмнө 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Н-н данс руу 10,880,000 төгрөгийн дэнчинг тушаасан. 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдан авч 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 104,120,000 төгрөгийг төлсөн. 2021 оны 00дүгээр сарын 12-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг надад гардуулж өгсөн. Уг тогтоолыг гардаж авсны дараа хариуцагч талаас 2021 оны 12 дугаар сарын 10-ний өдөр төлбөр төлсөн гэж мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцыг 1 сард чөлөөлж өгөх байсан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан. 3 шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд 2022 оны 00дүгээр сарын 16-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолоор дуудлага худалдаа хууль ёсны дагуу явагдсан гэж шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.3, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г-ХХК, Э.Г, Д.М нарын гомдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2010/0000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, 184/ГХ2010/00176 дугаартай гүйцэтгэх хуудас, Н-н 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хаахыг хариуцагч Н-тдаалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Г-ХХК, Э.Г, Д.М нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-ХХК, Э.Г, Д.М нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан. Анхан шатны шүүх Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх эрхийг удаа дараа ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасныг нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32022/00000 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч талын анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 184/Ш32017/00000 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох тухай гэж тэмдэгтийн хураамжид 1 шаардлагаар 70,200 төгрөг төлсөн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай гэсэн гарчигтай атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлсныг тус тус заасныг зөрчиж хоёр шаардлагаар хангасан. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй процессын алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж нэг талд давуу байдал бий болгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хариуцагч тал болон гуравдагч этгээд А.О нарын татгалзлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.3 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно", 44 дүгээр зүйлийн 44.4 Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно, 62.1 Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажпын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй байхад анхан шатны шүүхээс дуусгавар болох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйл, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөр авагчид зохих хөрөнгийг шилжүүлсэн тухай баримт бичгийг гардуулан төлбөрийг биелүүлсэнд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хаахаар заасан байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Дуудлага худалдаа хууль ёсны болж дууссаны дараа 1 сар 18 хоног өнгөрсөн байхад төлбөрийг нэхэмжлэгч тал дур мэдэн Т ХХК-д тушаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулсан бол дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй байсан боловч хугацаандаа нэхэмжпэгч тал төлөөгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1.1, 4.1, 5.1, 6.11, 11, 18, 10, 20, 21 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөрийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх журмаар гүйцэтгэх, гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлбөр төлөгчөөс гаргуулан төлбөр авагчид олгох үндсэн үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4, 62.1, 62.5, 71.10, 71.13, 71.14 дахь хэсгүүдэд заасан хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Н хуульд зааснаар шинжээч томилж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон. Тус шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч 3 шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь хүчин төгөлдөр болсон тул гуравдагч этгээд А.О миний бие 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр болсон дуудлага худалдааны ялагч болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдааг хууль ёсны дагуу болсон талаар болон өмчлөх эрх А.О-д шилжих болсон тухай нэхэмжлэгч нарт мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасан үнэлгээ болон дуудлага худалдааны талаар шүүхэд нэг л удаа гомдлыг гарган гэснийг зөрчиж дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талууд дуудлага худалдаа хууль ёсны болоогүй гэх шаардлага гаргасан боловч анхан шатны шүүхээс хуулийн дагуу дуудлага худалдаа явагдсан талаар болон ялагч нь А.Оболохыг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хууль хэрэглээний талаар давж заалдах гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.3-д заасныг тодруулсан. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.3-д заасан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож хувийн хэргийг хаахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж байгаа боловч утга агуулга нь нэг агуулгатай шаардлага байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн заалтууд нь албадан дуудлага худалдаатай холбоотой гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой. Нэхэмжлэгч албадан дуудлага худалдаа болон үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байсантай маргаагүй. Үнэлгээтэй холбоотой гомдлыг гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэхэд хоёр орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдлын нэгийг нь бүх үнэлгээ зөв гэж, нөгөө байрны үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хэвээр үлдээсэн үнэлгээтэй холбоотой орон сууцыг дуудлага худалдаагаар оруулсан. Үүнтэй холбоотой дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргасан. Гуравдагч этгээдийн дурдаж байгаа асуудал нь энэ маргаантай холбоотой хуулийн заалтыг дурдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан. Гомдол гаргаагүй бол өмчлөгч болно гэж заасан. Энэ нь гомдол гаргасан тул та өмчлөгч биш гэсэн заалт юм. Энэ заалтын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дуудлага худалдаанд гомдол гаргах үед Л.О-д мөнгийг буцаан өгсөн. Үүнээс 2-3 сарын өмнө 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай төлбөр төлөгч нь Т ХХК-д төлбөрөө төлж дууссан байсан. Төлбөрөө төлж дууссан, мөнгөө буцаан авсан хүмүүсийн эрх зөрчигдөөгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зорилго нь төлбөрийг барагдуулах зорилготой тул биелсэн. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгийг зарах зорилго байхгүй. Дуудлага худалдааны ялагч нь өмчлөгч болоогүй тул өмчлөгч болоогүй хүний эрхийг хамгаалах зорилго байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн практикт төлбөр төлөгдсөн бол гүйцэтгэх хуудас материалыг хаадаг. Дуудлага худалдааны ялагч нь дахин мөнгөө төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д зүйлд хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж заасан. 6 сарын дотор үнэлгээнд өөрчлөлт орж тухайн байр анх 100,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өнөөдөр 360,000,000 төгрөг болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор гуравны нэгт заасан үнийн өөрчлөлт орсон тул төлбөр авагч нь өөр үнээр худалдаж өгнө үү гэх эрх нь нээлттэй. Л.О нь өмгөөлөгч хүн хэрнээ төлбөрөө төлсөн 4 нялх хүүхэдтэй хүнийг заавал орон сууцнаас гар гэж хөөж байгаа нь хууль бус гэж бодож байна. Хуулийн дагуу дээрэм хийх зорилготой баахан хуулийн заалт уншаад байдаг боловч тэр нь огт авцалдахгүй байна. Төлбөр авагчийн дуудлага худалдаагаар зарагдсан орон сууцыг 0 сартай байхад нь хүүхдээ аваад гар гэх шаардлага тавьж байсан. Төлбөр авагчийн ах, дүү нар нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу дуудлага худалдаа явснаас хойш 1 сарын дараа гомдол гаргасан. Эдгээр үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зорилго биелсэн гэх үндэслэлээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүхийн шүүгч өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлээгүй хууль ёсны дагуу шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Би уг хэрэг дээр өөрөө олон жил оролцож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа хийсэн гэхдээ 444,024,708 төгрөгөөс нэг ч төгрөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар орж ирээгүй. Дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан гэх мэдэгдлийг аваагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Г-ХХК, Э.Г, Д.М нар хариуцагч Н-р Т ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т ХХК зөвшөөрч, хариуцагч Н эс зөвшөөрөн маргажээ.

3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/0000 дугаартай тогтоолоор Г-ХХК, Д.М нараас 441,658,556 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Удирдлагын академи, 00 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 80.14 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилон үнэлүүлж, шинжээчийн тогтоосон үнэлгээ 100,266,000 төгрөгийн 70 хувиар санал болгох доод үнийг тодорхойлж анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 115,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, төлбөр төлөгч албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/00000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

4. Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

4.1. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар заажээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах нь зайлшгүй бөгөөд эдгээр нь тусдаа ойлголт биш юм. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг буруутгахгүй. Иймд энэ талаархи гомдол үндэслэлгүй.

4.2. Анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр явагдаж, дуудлага худалдааны ялагч 2021 оны 00 дүгээр сарын 12-ны өдөр хөрөнгийн үнийг бүрэн төлсөн боловч төлбөр төлөгч албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаснаар хариуцагч Н 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгийн үнийг албадан дуудлага худалдааны ялагчид буцаан шилжүүлжээ. Төлбөр төлөгч эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагааг хууль бус болсон гэж маргаж байгаа нь тухайн дуудлага худалдааны үндсэн дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг юм. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй гэж үзэх боломжгүй байх тул худалдан авагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэх үндэслэлгүй. Гуравдагч этгээд албадан дуудлага худалдааны ялагч болсон хэдий ч тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Дээрх үндэслэлээр төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө төлбөрөө төлөөгүй гэж маргаж, шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/03670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 110.4, 110.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.БЯМБАСҮРЭН