Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2023/00001

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр Дугаар 203/МА2023/00001 Даланзадгад сум

 

 

 

 

Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн

Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 144/ШШ2022/00171 дугаар шийдвэртэй,

Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцагдах,

Гэм хорын хохиролд 3137848 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуун-Очир /цахимаар/,

Гуравдагч этгээд С.Отгонсүрэн /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийдвэрээр төлөөлүүлэгч Д.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулан, дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд талууд эвлэрч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан байдаг. Гэтэл 2 жилийн дараа төлбөр авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүсэлт гарган өгч улмаар Өмнөговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оюунчулууны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаар тогтоол гарч дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан. Тогтоол гарснаар Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч У.Билэгтмаа гүйцэтгэх ажиллагааг явуулж улмаар төлөөлүүлэгч Д.Ууганбаярын 5595228680 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 573798 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 396498 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 737291 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 207400 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 600661 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 207400 төгрөг нийт 3137848 төгрөгийг суутгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан тогтоолыг эс зөвшөөрч төлөөлүүлэгч Д.Ууганбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг шүүх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00045 тоот шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оюунчулууны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосон. Тус шүүхийн шийдвэрийн хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Д.Ууганбаярын данснаас суутган авсан 3137848 төгрөгийг гаргуулан Д.Ууганбаярт олгуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуун-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр Д.Ууганбаяраас 1 хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулж, С.Отгонсүрэнд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Тус хэлтсээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тэтгэлэг төлөгч Д.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг авч С.Отгонсүрэнд гаргуулан олгохоор Манлайн Бадрах ОНӨААТҮГазарт тус хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18160193/02 дугаартай цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол хүргүүлсэн.

Тэтгэлэг төлөгч Д.Ууганбаярын ажиллаж байгаа Манлайн Бадрах ОНӨААТҮГазраас цалин хөлс, бусад орлогоос тус хэлтсийн Хаан банкны 5595228680 тоот дансанд орж ирсэн нийт 3137848 төгрөгийг тэтгэлэг авагч С.Отгонсүрэнгийн Хаан банкны 5591009897 тоот дансанд шилжүүлсэн. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 144/ШШ2022/00045 дугаартай шийдвэрээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оюунчулууны 2021 онь 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тэтгэлэг төлөгч Д.Ууганбаярт холбогдох хувийн хэргийн 18160193 дугаартай гүйцэтгэх баримт бичиг явуулж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, тус хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18160193/10 дугаартай Цалин, хөлс бусад орлогын суутгал зогсоох тухай тогтоолыг Манлайн Бадрах ОНӨААТҮГазарт хүргүүлж цалингийн суутгал зогсоож. тус хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/08 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолоор дууссанд тооцсон байна. Тус хэлтэс нь хүүхдийн тэтгэлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д заасны дагуу суутган авч төлбөр авагч С.Отгонсүрэнд шилжүүлсэн. С.Отгонсүрэнд шилжүүлсэн мөнгийг манай байгууллага хариуцахгүй, төлбөр авагч хариуцах учиртай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Ууганбаяраас авсан мөнгө бол хүүхдэд тэтгэлэг болж очоод зарцуулагдаж байгаа мөнгө болохоос Д.Ууганбаярт гэм хор учраад байгаа зүйл байхгүй, мөн өгөх ёсгүй мөнгийг нь хүчээр данснаас нь татаад авчихсан юм шиг ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад гайхаж байна. Мөн шүүх хуралд тэтгэлэг төлөгч Д.Ууганбаярын цалингаас суутгасан асуудал дээр Ц.Баярмаа гэж хүн орж ирээд, мөнгийг нь буцааж авъя гэж ганцаараа оролцоод байгаад гайхаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-д цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж хуульчлаад өгчихсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгонсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд шүүхэд хариуцагч Д.Ууганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 137 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцалж, охин У.Мичидмаад эцэг Д.Ууганбаяраар тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаанаас 32 сая төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Д.Ууганбаяр нь шүүхийн шийдвэр гарсны дараа хүүхдийн тэтгэлэг болон 32 сая төгрөг өгч чадахгүй байна, тиймээс газар, байшин, төслийн зээлээр авсан дугуй засварын тоног төхөөрөмж, 40 тонны контейнер зэргийг ав гэсэн. Тэгэхээр нь миний бие газар, байшинг чинь 32 сая төгрөгт бодож авъя, дугуй засварын тоног төхөөрөмж болон 40 тонны контейнер зэргийг авахгүй, харин Сум хөгжүүлэх сангаас олгосон төслийн зээлийн үлдэгдэл 4399703 төгрөг төлбөл би хүүхдийн тэтгэлэг авахгүй гэхэд Д.Ууганбаяр зөвшөөрч тухайн нөхцөлөөр эвлэрч харилцан тохиролцсон. Д.Ууганбаяр нь харилцан тохиролцсоны дагуу Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдлээс нийт 1400000 төгрөг төлсөн байдаг ч дахиж төлөөгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн ба энэ үед Д.Ууганбаяр нь төслийн зээлийг төлөх, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар дахин тохиролцсон.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч А.Чулуун-Очир нь Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдлийн талаар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрт байхгүй, тусгагдаагүй тул эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтдээ тусгах шаардлагагүй, хамааралгүй, та нар хоорондоо тохиролцчихсон бол болно гээд байсан учраас хүүхдийн тэтгэлэг авахгүй талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэд оруулаагүй. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж үүнээс хойш Д.Ууганбаяр нь дахиж огт төлөлт хийгээгүй тул миний бие нь Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Үүний дагуу Д.Ууганбаяраас охин У.Мичидмаад олгох тэтгэлэг 3 сая гаруй төгрөг орж ирсэн. 2022 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн Манлай сумын Сум хөгжүүлэх сангийн ажилтан А.Дөлгөөн нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд уг төслийн зээлийн үлдэгдэл 2999703 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргасан ба уг өргөдлийг би хүлээн зөвшөөрч уг зээлийг бүрэн төлж барагдуулсан. Д.Ууганбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааснаас хойш 2 сарын хугацаанд Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлээс төлж байсан нь бидний хооронд төслийн зээлийг төлөх, хүүхдийн тэтгэлэг авахгүй хаах талаар эвлэрч байсныг нотолж байгаа юм. Мөн ийм үндэслэлээр харилцан тохиролцож байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж байсныг шийдвэр гүйцэтгэгч А.Чулуун-Очир, ахлах шийдвэр гүйцэтгэгч Будхүү мэдэж байгаа болно.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гэм хорын хохиролд 3.137.848 төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгч Д.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Миний бие шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг болон шийдвэрийн үндэслэл болгосон хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанчлан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан: ...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, тухайн болсон нөхцөл байдалд хууль зүйн бодитой дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талын эрх ашигт хамаарал бүхий дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00045 тоот шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг нотлох баримтаар гарган өгсөн. Гэтэл уг нотлох баримтаар гарган өгсөн 00045 тоот шийдвэрийг хэрхэн яаж үнэлсэн, хэрэв нотлох баримтаар үнэлэхгүй бол яагаад үнэлээгүй талаараа хууль зүйн дүгнэлт хийх атал дүгнээгүй болно. Нөгөөтээгүүр хариуцагч талаас маргаж буй нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн үгүйсгэсэн няцаасан нотлох баримтыг гарган өгөөгүй байгааг огт дурдаагүй, шүүх хэргийн нөхцөл байдал болоод эрх зүйн харилцааг зөв тогтоон шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс холбогдох хуульд заасан ямар эрх зүйн харилцаа бий болсон байгаа, тус эрх зүйн харилцаанаас үүдэн хууль бус ямар ямар ажиллагаа явагдсан эсэхийг тогтоож чадаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүүхдийн тэтгэлэгтэй холбоотойгоор цалин хөлснөөс суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж үзэн дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг 00045 тоот шийдвэртэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус тогтоолыг хүчингүй болгуулсны улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан шаардлагаа гаргасан байгааг шүүх анхааран үзээгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзээгүйгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тул 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00171 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуун-Очироос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Чулуун-Очир би анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00171 тоот шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэн шийдвэрийг зөвшөөрч байна. Тус хэлтсээс тэтгэлэг төлөгч Д.Ууганбаярын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн хуримтлагдсан тэтгэлгийг тэтгэлэг авагч С.Отгонсүрэнд гаргуулан олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-т Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна, гэж заасны дагуу тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18160193/02 дугаартай Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол-оор Д.Ууганбаярын ажил олгогч Манлайнбадрах ОНӨААТҮГ-ын захиргаанд албан бичгээр хүргүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ажил олгогч байгууллагаас тэтгэлгийн мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 781198 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 396498 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 737291 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 808061 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэрийн дансанд шилжүүлж, тэтгэлэг авагчид нийт 3137848 төгрөгийг шилжүүлж хүүхдийн тэтгэлгийг төлүүлсэн юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-т Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй.гэж... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гомдолд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00045 тоот шийдвэрээр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг дурджээ. Дээрх шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд цалин хөлс бусад орлогоос суутгал хийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан огноо 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс cap бур хуулийн дагуу суутгал хийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны хугацаанд хийгдсэн суутгал байсан. Үүнээс харахад таны ярьж байгаа шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Д.Ууганбаяр нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байгаа бөгөөд С.Отгонсүрэн нь хуульд заасан хүүхдийн тэтгэмжийг олгож өгнө үү гэж маргаж байгааг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд С.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэгт 8х10-ын харьцаатай байшин, дундын өмчлөлийн газрыг өгсөн гэх ташаа ойлголттой байх шиг байна. Би 3 хүүхэдтэйгээ, Б.Ууганбаяртай хөрөнгө хуваалцсан энэ дундын хөрөнгийг 5 ам бүлд хуваагаад 32,000,000 төгрөг надад оногдсон. Гэвч Б.Ууганбаяр нь хоёр сая гаруй төгрөгийг өгөөд үлдсэнийг нь өгч чадахгүй учраас би энэ газрыг байшинтай нь өгье. Энэ 32,000,000 төгрөгтөө газар, байшингаа өгөөд хаая гэсэн. Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар юу гэж тохиролцсон бэ гэхээр тухайн үед төслийн 4,000,000 төгрөгийн өр зээл байсан. Хүүхдийн тэтгэлэг өгөхгүйгээр хоёулаа тохиролцоод хаая гэсэн аман хэлэлцээр хийсэн. Яагаад тухайн үед хоорондоо амаар тохиролцсон бэ гэхээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хурал дээр миний өр зээлийн асуудал огт яригдаагүй. Миний төслийн зээлээр авсан контейнер дугуй засварын газрыг Б.Ууганбаяр нь миний эд хөрөнгө мөн. Би хэрэглэж байгаа гээд хуваасан байдаг. Энэ өр зээлийн талаар огт яригдаагүй. Тухайн өр зээл нь миний нэр дээр байсан. Хүүхдийн тэтгэлэг яригдангуут энэ өр зээлийг чинь би хаая, хүүхдийн тэтгэмжээ өгөхөө больё гээд хоёулаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өмнө сууж байгаад гарын үсгээ зураад тохиролцоод гарсан. Яагаад 2 жил 6 сар дуугүй байж байгаад гэнэт ингэж ярих болов. 2 жил 6 сарын хугацаанд би Д.Ууганбаярыг харсан. Миний төслийн өрийг төлөөд явж байгаа юм байх гэж бодоод хараад явсан. Ганц сая төгрөг хийсэн байдаг. Тэгээд төслийн өр төлөгдөөгүй. Өнгөрсөн 2022 оны 07 дугаар сард Монгол банкны хар дансанд орсон хойноо мэдээд би өөрөө төлж барагдуулсан. Тийм учраас би 2020 оны 04 дүгээр сард энэ өрийг төлөөгүй явж байгаа гэдгийг мэдээд энэ өрийг төлнө гээд хүүхдийн тэтгэмж төлөхөөргүй тохиролцсон боловч чи төлөөгүй учраас би энэ хэргийг сэргээх хүсэлтийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа сэргээгдсэн. Б.Ууганбаяр нь Манлай суманд, би өөрөө Ханбогд суманд амьдардаг учраас харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүх рүү шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл би хүүхдийн тэтгэмж 3,137,848 төгрөгийг авсан. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Билэгт залгаад таны авч байсан тэтгэлгийг хаасан гэж хэлсэн. Гомдол, санал ирсэн талаар надад мэдэгдээгүй. Шүүх хурал ороод хаасан гэж мэдэгдсэн. Гомдол, санал ирсэн талаар танд мэдэгдэх шаардлагагүй гэсэн. Миний хувьд хууль бусаар Б.Ууганбаяраас мөнгө аваад өг гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаагүй. Б.Ууганбаярын төрсөн охин У.Мичидмаад эцэг хүний үүргийнх нь хувьд тэжээн тэтгүүлэх 2017 оны 11 дүгээр сард болсон шүүх хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас энэ хүнийг хүүхдээ харж хандах талаас нь тэтгэмжийг буцааж олгоно уу гэсэн хүсэлтэй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нь хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосон тул Д.Ууганбаярын данснаас суутган авсан 3137848 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн тайлбарын үндэслэлээ нотлох ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг хийлгэх хүсэлтийг хангалгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Үүнд:

Тэтгэлэг төлөгч Д.Ууганбаярын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн хуримтлагдсан тэтгэлгийг тэтгэлэг авагч С.Отгонсүрэнд гаргуулан олгох ажиллагаа хийгдсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн төлөөлөгчийн тайлбарлаж буй үйл баримтыг тодруулахад гуравдагч этгээд С.Отгонсүрэнгийн гаргасан шийдвэр гүйцэтгэгч н.Будхүүг гэрчээр асуулгах хүсэлт нь ач холбогдолтой байж болзошгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Отгонсүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд ...бидний хооронд Төслийн зээлийг төлөх, хүүхдийн тэтгэлэг авахгүй хаах талаар эвлэрч байсныг сайн мэдэж байгаа ахлах шийдвэр гүйцэтгэгч Будхүүг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шийдвэр гүйцэтгэгч н.Будхүүг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзах болсон талаарх үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүргийг зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзсэн тул шүүгчийн 144/ШЗ2022/00593 дугаартай захирамж үндэслэл бүхий болж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хавтас хэргийн 52-54, 63-64 дүгээр хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 144/ШШ2022/00171 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Голомт банкны 1165117377 дугаартай харилцах дансанд шилжүүлсэн 66000 /жаран зургаан мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ