Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00442

 

С.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01317 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 284 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч С.Энхтуулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот захирамжаар “Монкорд” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Э.Батбаярт холбогдох 63 034 004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн, түр явагдахгүй байна гэж ойлгож байсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаа явуулсан гэдгийг бэрээсээ олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч гэж үзэн миний гэр бүлийн дундаа өмчлөх хэсгээс төлбөр барагдуулах гэж байж дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй. Манай бэрд дуудлага худалдаа явуулах тогтоолыг гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг С.Энхтуулд хүлээлгэн өгөөгүй, энэ талаар мэдэгдээгүйд гомдолтой байна.Б.Эрдэнэсүрэн тогтоол авсан эсэх дээр маргахгүй. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот захирамжаар Э.Батбаяраас 63 270 564 төгрөг гаргуулж “Монкорд” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Батбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 14Б баяр 24 тоот 2 өрөө орон сууцыг хуульд зааснаас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04/30 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 152/04 тоот тогтоолоор хураасан. Үнэлгээтэй холбоотой асуудлыг өмнө нь шүүхийн шийдвэрүүдээр шийдвэрлэсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Э.Батбаяр нь шүүхээс ногдуулсан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар төлж барагдуулахаас зайлсхийж, удаа дараа үндэслэлгүйгээр гомдол гаргаж, хугацаа хожин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Албадан дуудлага худалдаа болох гэж байгаа талаар төлбөр төлөгч Э.Батбаярын гэр бүлийн хүнд мэдэгдэж, тогтоолыг өгсөн гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01317 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах С.Энхтуулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 284 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүх хуралдааны оролцогч талууд...” гэснийг “...зохигч, тэдгээрийн төлөөлөгч...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж узэж байна.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот шүүгчийн захирамжаар “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, Э.Батбаярт холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн, түр явагдахгүй байна гэж ойлгож байсан боловч 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаа явуулсан гэдгийг бэрээсээ олж мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч гэж үзэн миний гэр бүлийн дундаа өмчлөх хэсгээс төлбөр барагдуулах гэж байгаа хирнээ дуудлага худалдаа явуулах талаар яагаад мэдэгдээгүйг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасан байхад манай бэр гэх хүнд уг дуудлага худалдаа явагдах тогтоолыг гардуулсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т төлбөр авагч-хуулийн этгээд болон төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг бичихээр заасан ба гүйцэтгэх баримт бичигт заагдсан хүн л төлбөр төлөгч байхаар харагдаж ба гүйцэтгэх баримт бичигт Э.Батбаяр хүн байхад түүний эхнэр гэх нотлох баримт байхгүй байхад өөр хүнд өгсөн байдлаа албан ёсны төлбөр төлөгчид хүргүүлсэн гэж үзэж дуудлага худалдаа хийгээд байгаа нь үндэслэлгүй байна.Иймд анхан болон давж заалдаж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх гомдол гаргах этгээдүүдийн хүрээг ташаа бичсэн анхан шатны шүүхийн алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч С.Энхтуул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9\264 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж зөвшөөрөөгүй байна.

“Монкорд” ХЗХ-д 63 034 004 төгрөг төлөх зээлийн төлбөрийг Э.Батбаяр хүлээн зөвшөөрснийг Сүхбаатар дүүргийн шүүх шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Э.Батбаяр нь төлбөрийг хүлээн зөвшөөрсөн атлаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн  захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн төлбөр төлөгч болон өмчлөгчийн зүгээс 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба шүүх эдгээр нэхэмжлэлээр үүсгэсэн хэргүүдийг хянан шийдвэрлэх явцад ч төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй байна.

Тухайлбал:

Төлбөр төлөгч Э.Батбаяр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар гомдож, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2648с шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинээр тогтоосон боловч шинэ үнэлгээг Э.Батбаяр зөвшөөрөөгүй шүүхэд хандсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 291 дүгээр магадлал, Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар эд хөрөнгийн өмчлөгч Э.Баясгалан нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8729 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 876 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 782 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрээр баталгаажсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Хариуцагчийн дээрх үйл ажиллагааны талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., 177.2., 177.3., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 284 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН