| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0140/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Г нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Магалжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Хохирогч: Ц.Г,
Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И ургийн овогтой Цын Нд холбогдох эрүүгийн 1835002190144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг 28-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.............................., И ургийн овогтой Цын Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч төрсөн дүү Ц.Гыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт төрсөн дүү Ц.Гыг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтад өгсөн : “Би 2018 оны 06 дугаар 15-ны өглөө Улаангом сумын 1-р баг Чандманийн 28-05 тоот хашаанд байх гэрээсээ ганцаараа өөрийн унадаг дугуйгаа унаад гарсан. Би гэрээс гадагш гарахдаа хүүхдийн өрлөг авах гээд хүнээс мөнгө асуух ажилтай гарсан. Тэгээд зах ороод зах дээр таньдаг хүмүүстэй уулзаж мөнгө асуух гэтэл зах ажиллаж эхлээгүй байхаар нь түүнээсээ Б ахын гэрт очиход Б ах гэртээ байгаагүй. Тэгэхээр нь тэндээс гараад хамт ажилладаг найз Шын гэрт очиж, түүнтэй хамт гарч явж байж байгаад Ш нэг хүнтэй уулзаж, нөгөө хүн 500 граммын “Ерөөл” нэртэй архи авч бид гурав 3-р 10-н жилийн хажууд байх сааданд орж 1шил архиа уусан ба тэр архинаас Ш их уугаагүй юм. Тэгээд би Шыг нөгөө залуутай хамт үлдээчихээд Улиасны хэвд байх надтай хамт ажилладаг Г гэх ахаас 20.000 төгрөг авах ёстой байсан учир Г ахын гэрт очиж Г ахаас 20.000 төгрөгөө аваад дахин Ш болон түүний хажууд байсан танихгүй залуу хоёртой 3-р 10-н жилийн урд талын сааданд уулзаад би дэлгүүрээс 500 граммын “Боргио” нэртэй пиво 3 лааз, 500 граммын “Ерөөл” нэртэй архи нэгийг аваад 3 лааз пивыг Ш уугаад, нэг шил архийг би нөгөө танихгүй залуутай хувааж ууж байгаад ухаан балартаж согтоод тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирчихсэн хэвтэж байсан ба миний шээс хүрээд гэдэс дотор юм өвдөөд байхаар нь босоод харахад манай гэрт эхнэр С, 2 хүүхэд байсан. Тэгээд би гэрээс гараад хөнгөнөөр бие засах гэтэл миний шээс гарахгүй өвдөөд байсан тул эхнэртээ “Миний шээс гарахгүй байна, өвчин намдаах эм өгөөч” гэхэд манай эхнэр “Эм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд надад сав өгөөд “Энэ сав руу шээ” гэхэд мөн миний шээс гараагүй. Тухайн үед манай эхнэр надад хэлэхдээ намайг миний найзын дүү М, найз Н нар Мгийн машинаар орой 17 цагийн орчим гэрт авч ирж өгсөн гэж хэлсэн. Тэгээд миний шээс гарахгүй бие өвдөөд байхаар нь 103 дуудахад хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн эмч ирж үзээд намайг шууд 103-луу ганцааранг маань авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод ЭХО, рентгенд харуулаад шинжилгээ өгөхөд эмч нар “Гэрээсээ хүн дууд, хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлэхээр нь би эхнэрээ дуудахад манай эхнэр С, баз Б түүний эхнэр С нар ирсэн. Тэгээд би тэр шөнөө хагалгаанд орсон бөгөөд маргааш нь эмч намайг үзэж байхдаа миний давсаг хагарч 12 оёдол тавьсан гэж хэлсэн. Би тэр өдөр Шын гэрт мужааны багаж, банз зэргийг асуухаар очсон юм. Би Ш болон түүний найзтай хамт 3-р 10-н жилийн сааданд архи ууж байхдаа Ш болон түүний найзтай хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Бид гурвын дунд ямар нэгэн зодоон болоогүй, Ш болон түүний найз намайг зодсон асуудал байхгүй. Мөн тэр өдөр би Улиасны хэв орж З ахтай ганцаараа уулзсан ба хашааных нь гадна З ахыг ганцааранг нь дуудаж байгаад хоёулахнаа уулзсан. Тухайн үед З ахтай хэрэлдэж маргалдаж, зодолдож, зодуулсан асуудал байхгүй. Намайг эмнэлгээс гардаг өдөр миний төрсөн ах Н нь надаас уучлалт гуйж, “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр намайг согтуу байхад арын 4-н замын хойд талд Найрамдалын хорооны эхэн дээр явж байхыг манай ах Н хараад намайг “Гэртээ харьж амар” гэхэд нь би урдаас нь ахыгаа хэл амаар доромжлоод маргалдаад байсан учир тухайн үед Н ахын уур хүрээд намайг цохиж газар унагаагаад ганц нэг өшиглөсөн” гэж хэлсэн юм. Манай ах Н ээжтэй хамт амьдардаг бөгөөд манай хоёр гэр нэг хашаанд хамт байдаг юм. Урьд өмнө нь Н ах бид хоёр хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй. Харин Н ах намайг архи согтууруулах ундаа ууж гэр орондоо асуудал үүсгэхээр намайг эрүүл үед “Гэр орон, эхнэр хүүхдээ бод, битгий архи ууж бай. Архичин найзуудаасаа хол бай” гэж сануулж Аруулдаг байсан бөгөөд Н ах үг хэлээрээ л надад зааж зөвлөдөг байсан. Тухайн өдөр болсон асуудал миний 100 хувь буруу гэж бодож байна. Н ах бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Намайг архи ууж гудамжинд явж байгааг хараад надад шаардлага тавьснаас болж би согтуугаар ахынхаа өөдөөс уг чулуудаж хэл амаар доромжилсноос болж манай ах ийм байдалд хүрсэн байна. Манай ах Н айлын 6 хүүхдийн 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 эгчтэй айлын том хүү юм. Доороо 4 эрэгтэй дүүтэй юм. Манай ах Н нь даруу төлөв зантай, ажилсаг амьдарлын төлөө хүн юм. Ямар нэгэн илүү дутуу зан араншин байдаггүй юм. Харин хааяа архи уучихдаг хүн юм. Н ах гэр бүлгүй тул ээжтэй хамт бид нар нэг хашаанд айл хамт амьдардаг юм. Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Миний ах Н надаас уучлал гуйж, миний хохирол гомдлыг бүрэн барагдуулж өгсөн. Би Н ахтайгаа эвлэрсэн тул надад одоо Н ахад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Мөн нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтад дахин өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо миний биеийн байдал сайн, хэвийн байгаа бөгөөд би ажил төрлөө хийж байна. Миний хохирлыг манай ах Н барагдуулж өгсөн. Надад гомдол санал хүсэлт байхгүй. Манай ах Н нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний орой манай гэрт орж ирээд намайг ажил хийх материалгүй болсон гээд “Мужаан хийх модон материал, багаж хэрэгслээ ав” гээд 100.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мужаан хийх модон материал багаж зэвсэг авах гэж гараад явж байгаад архи ууж хүмүүстэй архидаад арын 4-н замын хойд талд хорооллын эхэнд ахтай таараад түүнээс болж манай ах уурлаад намайг зодсон байх. Дараа нь харахад миний халаасанд ахын өгсөн 100.000 төгрөгнөөс 30.000 төгрөг үлдсэн байсан. Миний буруугаас болж ийм хэрэг гарсанд харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
гэрч В.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10.00 цагийн үед миний нөхөр Г гэрээсээ ганцаараа “Улаангом сумын төв ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр өдөр 18.00 цаг өнгөрч байхад Гын найз Гийн дүү гэх залуу хажуудаа Н гэх Гын найзтай хамт Гыг гэрт авч ирж өгсөн. Тухайн үед Гыг Н болон хамт явсан Гийн дүү гэх залуу 2 сугадаж гэрт оруулж ирсэн бөгөөд Г согтуу тасарчихсан байсан. Тэгэхээр нь би Нгаас юу болсон талаар асуухад “Г арын 4 зам дээр согтуу тасарчихсан, доошоо харсан хэвтэж байсныг авч ирлээ. Хэнтэй архи уусан, хаагуур явсныг нь мэдэхгүй” гэж хэлсэн. Н болон хамт явсан Гийн дүү гэх залуу хоёулаа эрүүл байсан. Би нөхөр Гыг газарт хэвтүүлсэн бөгөөд Г хэвтээд 20 орчим минутын дараа “Би босч шээмээр байна, би босч чадахгүй байна, намайг босгоод өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гыг өргөж босгоод гэрээс дагуулж гарсан, тэгтэл Г “Бие засаж болохгүй байна” гэж хэлээд буцаад гэр лүүгээ орсон. Тэгэхээр нь би 103 луу залгаж дуудлага өгсөн. Удалгүй эмч нар ирж үзээд Гыг эмнэлэг рүү аваад явсан. Би бага насны 2 хүүхдийнхээ хамт гэртээ үлдсэн. Гыг эмнэлэг рүү аваад явсны дараа эмнэлгийн 7045103 утаснаас над руу залгаад “Танай нөхрийн биеийн байдал муу байна. Хагалгаанд орох шаардлагатай, та ирмээр байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эгч С, түүний нөхөр Б нартай холбогдоод хамт эмнэлэг дээр очсон бөгөөд би эмч нартай уулзаад гарын үсэг зураад Гыг хагалгаанд оруулсан юм. Мэс засал 3 цаг гаруй үргэлжлээд дууссаны дараа эмч нар гарч ирээд надад “Гын биеийн байдал муу байна. Дотор эрхтнийг нь нээж үзэхэд давсагны артерийн судас 10 см орчим задарч хагарсан байна. Мөн цус их алдаж дотор эрхтэн лүү нь орсон байна. Гын биеэс нийт 3 литр орчим цус алдсан байна. Одоогоор өөр гэмтэл мэдэгдэхгүй байгаа бөгөөд өглөө дахин рентгенд харна” гэж хэлсэн. Г гэртээ ирэхдээ согтуу, нилээн тасарчихсан байсан болохоор хэнтэй хаагуур явсан, хэнтэй архи уусан талаараа хэлээгүй. Тухайн үед Гын биед ил харагдах ямар нэгэн шарх сорви, хувцсанд ямар нэгэн ул мөр харагдаагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/,
гэрч В.Сэгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манай хадам ах Н болон нөхөр Г нарын хооронд өмнө нь өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд нь энэ хоёр хүн хэрэлдэж маргалдаж, зодолдож байгаагүй бөгөөд хоорондоо ямар нэгэн таарамжгүй харьцаа байгаагүй юм. 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой манай нөхөр гэртээ хэвтэж байхдаа “Гэдэс дотор юм өвдөөд байна, шээс гарахгүй байна” гэж хэлж байхад хадам ах Н манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Н ахад “Г гэдэс дотор юм өвдөөд байна, шээж чадахгүй байна гээд байх юм, одоо яах вэ” гэж хэлэхэд Н ах “Би одоо Давст сум руу найранд явах гэж байна. Өнөөдөр би арын 4-н зам дээр явж байтал Г надтай шал согтуу таарсан. Тэгээд би “Харьж амар гэж хэлэхэд Г намайг хэл амаар доромжлоод зодсон. Тэгэхээр нь би Гын хөл рүү нь өшиглөж унагаагаад, нуруун дээр нь гараараа цохисон” гэж хэлсэн юм. Тухайн үед би Н ахыг манай нөхрийг зодож биед нь гэмтэл учруулсан гэж мэдээгүй. Тэгээд сүүлд цагдаа нар камерийн бичлэг шүүгээд Н ах манай нөхрийг зодож биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн юм. Ер нь манай нөхөр Г архи ууж согтчихоороо хүнтэй таардаггүй хэрүүл маргаан хийгээд байдаг зантай юм. Манай гэр Н ахын гэр хоёр нэг хашаанд 5-6 жил болж байгаа байх. Энэ хугацаанд би Н ах архи ууж ирээд хадам ээжид болон манай нөхөр бид хоёрт агсам согтуу тавьж, хэрүүл маргаан гаргаж байсныг харж байгаагүй юм. Н ахыг ер нь даруу төлөв зантай, хүнтэй эв зүйтэй харьцдаг, элдэв буруу зан аашгүй төлөв хүн гэж боддог. Хааяа архи согтуурулах ундаа хэрэглэхээрээ чимээгүй гэртээ ороод унтчихдаг юм. Манай нөхрийн биеийн байдал хэвийн байгаа ба одоо Н ахад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
гэрч Д.Бийн өгсөн: “ 2018 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 23 цаг өнгөрч байхад миний эхнэр Сгийн төрсөн дүү С миний эхнэр лүү залгаад “Г эмнэлэг дээр биеийн байдал муу байна. Хагалгаанд орох шаардлагатай гэж байна” гэж хэлээд эхнэр бид хоёрыг “Хүрээд ир” гэхэээр нь бид хоёр эмнэлэг дээр яваад очиход Г мэс заслын тасагт хэвтсэн байсан. Мэс заслын эмч Г гэх хүн “Энэ хүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна. Та нар бичиг хийж гарын үсэг зурж өгнө үү” гэхээр нь Гын эхнэр С, миний эхнэр С бид гурав “Цаг алдалгүй хагалгаанд оруулж өгөөч” гэж хэлээд бичиг хийж өгч гарын үсэг зурж Гыг хагалгаанд оруулсан. Тэгээд Г 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 05 цаг хүртэл хагалгаанд орсон. Тэр шөнө эмнэлэг дээр очиход Г ухаангүй байсан тул би түүнтэй уулзаагүй. Хагалгаанд ороод дууссаны дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед очиж уулзахад Г мэс заслын тасагт орон дээр хэвтэж байсан ба юу болсон талаар асуухад нь “Сайн санахгүй байна” гэж хэлсэн. Г давсагны хагалгаанд орсон гэж эмч хэлж байсан ба би очиж эргэж байхад давсаг хэсэгтээ хагалгаанд орсон байдалтай байсан. Г надад ямар нэгэн хүнээр зодуулсны улмаас хагалгаанд орсон гэж хэлээгүй ба тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу, унадаг дугуйтай явж байсан гэдгээ хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
гэрч Д.Мгийн өгсөн: “Г нь миний ах Гийн найз юм. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг 30 миниутын үед би гэрээс гараад 4 дүгээр багт байрлах олон түцний зүг машинтай явж байхад Г 4 замын уулзварын 6 дугаар баг талын дугуй засварын уулзвараас хойд талд зам тал руугаа харсан газар хэвтэж байсан. Би дэлгүүр /түц/ ороод 30 орчим минут болоод гэрлүү буцаад явж байхад Г нөгөө газраа дугуй засвар тал руу харчихсан хэвтэж байсан. Би Г-ыг ах Гийн найз гэдгээр таньдаг тул түүнийг ямар нэгэн хүн авахгүй болохоор нь түүнд санаа зовоод Гийн найз болох Нын гэрт очиж “Г гудамжинд хэвтэж байна. Гэрт нь хүргэж өгье, эсхүл гэрээс нь ямар нэгэн хүний гар утсыг нь мэдэхүй биз” гэхэд Н “Хоёулаа хамт гэрт нь хүргэж өгье” гэж хэлэхээр нь би Ныг аваад Гын хэвтэж байсан газар очиж Гыг дуудахад нүдээ нээж харчихаад унтаад байсан. Гын нүүр, толгой тэр чигээрээ халуун наранд хөлс болсон байсан тул Н надаас алчуур аваад хөлсийг нь арчаад Г миний 70-75 УВХ улсын дугаартай машинд суулгаж Улаангом сумын 1 дүгээр баг Чандманийн эцсийн буудалд байх тэдний гэрийн зүг явсан. Тэгээд Гын гэрт нь очоод түүнийг Н бид хоёр өргөж гэрт нь оруулж өгсөн. Тэдний гэрт Гын эхнэр С болон нэг жижиг хүүхэд байсан ба хашаан дотор нь Гын төрсөн ах Н согтуу явж байсан. Гын ах Н Гыг “Хаана архи уусан байна, хаанаас авч ирэв” гэж асууж байсан. Н бид хоёр Гыг гэрт нь оруулж өгчихөөд явчихсан юм. Тухайн үед Г нилээн согтолттой бараг тасарсан байсан. Г замдаа болон гэрлүүгээ орж байхдаа шээсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
гэрч Б.Нын өгсөн: “Ц.Г бид хоёр 2009 оноос хойш найзалж байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би гэрийнхээ ар талын хашааны Г гэх айлын гэрт байж байтал миний найз Гийн дүү М ирээд “4 замын уулзвар дээр танай найз Г чинь согтуу хэвтэж байна” гэж хэлэхээр нь би хамт явж Гын хэвтэж байсан газар очиход Г нилээн согтолттой, доош харчихсан хэвтэж байсан. Тэгээд би Гыг дуудахад сэрчихээд буцаад унтаад байсан. Гын нүүр орчим газар нус, шүлс болсон байхаар нь түүнийг нь цэвэрлэж өгөөд машинд суулгаад Улаангом сумын 1 дүгээр баг Чандманийн эцсийн буудалд байх тэдний гэрийн зүг явсан. Гын гэрийн гадаа очоод Гыг М бид хоёр хоёр талаас нь сугадаж өргөж гэрт нь оруулж өгсөн. Тэдний гэрт Гын эхнэр С болон хүүхэд нь байсан ба хашаан дотор нь Гын төрсөн ах Н байсан юм. М бид хоёр Гыг гэрт нь оруулж өгчихөөд явсан. Тэр үед цаг 17 цаг болж байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
гэрч М.Оын өгсөн: “ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу хүү Г эмнэлэгт хагалгаанд орж байх үед би Давст сумын төвд төрсөн дүү Дгийн хүү Мгийн хөшиг тайлах ёслолд оролцох гээд оччихсон байсан юм. Мгийн хөшиг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болох байсан ба шөнийн 01 цагийн үед миний хүү Гын эхнэр С над руу утсаар яриад “Г эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байна. Та хурдан ирээч” гэж хэлэхээр нь би тэр шөнө Давст сумын нэг танихгүй хүүгийн хамт түүний машинд 50.000 мянган төгрөгөөр бензин хийгээд Улаангом суманд 03 цаг 40 миниутын үед ирсэн. Тэгээд шууд эмнэлэг дээр ирээд мэс заслын тасгийн үүдэнд хүү Гын хагалгаа дуусахыг хүлээгээд сууж байхдаа бэр Сээс юу болсон талаар асуухад “Гыг Н ах цохьсон байна” гэж хэлэхээр нь би тодруулан асуухад “Н ах Гын өмнө гэрт ирчихээд надад “Би Гыг цохьчихлоо, хэцүү цохих шиг боллоо. Чи Гыг аргалаад эвлээд авчих” гэж хэлсэн гэхээр нь би тэр үед их цочирдсон. Н бол миний том хүү бөгөөд одоо 39 настай, гэр бүлгүй, надтай хамт амьдардаг хүн юм. Гын хагалгаа 04 цаг 30 миниутын үед дууссан ба түүний хажууд сахиулаар эхнэр Сэ нь орсон юм. Г эмнэлэгээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарч гэртээ ирсэн. Гыг гэртээ ирэхэд нь түүнээс юу болсон талаар асуухад “2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би болсон зүйлийг сайн санахгүй байна. Тэр өдөр Н ахтай таарахдаа эвгүй харагдсан болоод цохиулсан байх” гэж хэлсэн. Миний хүү Н, Г хоёр нэг эхээс гарсан, нэг эцгийн хүүхдүүд тул тэр хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон, өр төлбөрийн асуудал байхгүй. Тухайн үед хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглсэн явж байгаад нэгэнтэйгээ тааралдаад тийм зүйл болсон юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
гэрч Ц.Шын өгсөн: “ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 9-10 цагийн орчим байх би гэртээ байтал манай найз мужаан Г ганцаараа ундаг дугуйгаа уначихсан манай гэрт ирсэн юм. Г манай гэрт ирсэн шалтгаан нь надаас мужааны багаж болох зүлгүүрийн машин гуйх гэж ирсэн байсан. Би тухайн үед зүлгүүрийн машинаар юм хийж байсан тул Гд өгч чадаагүй. Би урьд өдөр нь архи уучихсан, миний бие шарталттай байсан учир Гтай хамт архиныхаа шарталтыг тайлахаар гараад “Ундарга Увс” шатхуун түгээх станцын урд талын зам дээр Г бид хоёр зогсож байтал А гээд миний танил ах бид хоёртой таараад А ах дэлгүүрээс 500 граммын “Ерөөл” нэртэй 1 шил архи авсан. Тэгээд уг архийг Г, А ах бид гурав 3-р 10-н жилийн хажуугийн сааданд очиж хувааж уусан. Архиа ууж дуусахад Г “Хүний архи уучихаад яаж зүгээр байхав” гэж хэлээд дэлгүүр лүү ганцаараа яваад 500 граммын “Боргио” нэртэй 3 лааз пиво, “Ерөөл” нэртэй 500 граммын 1 шил архи авч ирээд бид гурав хувааж уучихаад А ах бид хоёр урагшаа эргээд явсан. Харин Г ганцаараа хойшоо эргээд “Харина” гээд ундаг дугуйгаа унаад явсан юм. А ах бид хоёр Гас 12 цагийн орчим салж явсан байх. Тэр өдөр Г манай гэрт ирэхдээ эрүүл байсан. Г манай гэрт ирэхдээ ганцаараа унадаг дугуйгаа унаад ирсэн бөгөөд Гын биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорви, хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Мөн Г нь тухайн үед хүнтэй маргаж зодолдсон гэж надад хэлж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
гэрч Б.Э/ аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч/-ын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 20 цаг өнгөрч байхад Ц овогтой Г гэх бие нь муудсан, онош нь мэдэгдэхгүй, согтуу хүн түргэн тусламжийн 103-аар ирсэн. Тэгээд Гыг ЭХО, рентгенд харуулахад хэвлийд гэдэсний гогцоо хооронд сул шингэн ихтэй байсан тул яаралтай хагалгаанд орсон. Гын биед хагалгаа хийж хэвлийн шугамаар хэвлийг нь нээж шалгахад хэвлийд цустай байсан тул цусыг нь соруулж цааш шалгахад Гын давсаг ёроол орчмоор 10 см орчим урагдаж гэмтсэн байсан. Тиймээс хэвлийг угааж ариутган давсгийг үечилж хөвөрдөж оёж битүүлэн хэвлийд гуурсыг нь үлдээж битүүлж хаасан. Хүний давсган дээр өшиглөх юм уу дэвссэн тохиолдолд давсаг задарч гэмтэж болно. Гын биед учирсан давсагны урагдал гэмтэл нь өвчтний биеийн байдал, эдгэрэл, эмчилгээ сувилгаанаас шууд хамаарч эдгэрэлтийн хугацаа үргэлжлэн явагдана” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,
Шинжээч эмч О.Пгийн өгсөн: “Би мэргэжлээрээ 25 дахь жилдээ ажиллаж байна. Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г гэх хүний биеийг үзэж дүгнэлт гаргасан. Гыг үзэх үед хагалгааны дараах байдалтай, давсаг нь урагдсан байсан. Гын давсганд 10 см орчим урагдалтай байсан учир оёдол тавигдаж хэвлийн хөндийд гуурс үлдээсэн байсан. Гын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, зүүн гарны тохой, шууны хэсэгт шалбарсан шарх зэрэг гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Давсагны урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл юм. Хүний давсаг руу өшиглөх, дэвсэх тохиолдолд давсаг харагч, гэмтэж болно. Ялангуяа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүний давсаг шээгээгүй үед давсаг шээсээр дүүрч чинэрсэн байдаг учир давсаг руу өшиглөж, дэвссэн үед амархан хагарч гэмтэж болдог. Давсагны урагдал гэмтэл нь өвчний эдгэрэлт, эмчилгээнээс хамаарч хэрхэн эдгэрэх нь шийдэгддэг” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлуулсан Цагдаагийн газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн : “ ... Г зогсож байхад Н дөхөж очоод баруун гараараа заангуутаа Гыг 2 гараараа зодож хөөж эхлэв. Г нь ертөнцийн зүгээр хойш эргээд зугатаахад Н хойноос нь хөөж байгаад Гын араас тэвэрч аваад хоёулаа хамт газар унаж Гыг газраас босож амжаагүй дөрвөн хөллөсөн байдалтай байхад Н босож ирээд Гын зүүн хажуунаас эхлээд зүүн хөлөөрөө түүний хэвлий тус газар 1 удаа өшиглөж, дараа нь баруун хөлөөрөө Гын хэвлий тус газар 1 удаа өшиглөж гараараа толгой уруу нь 4 удаа, хөлөөрөө 2 удаа өшиглөж, Гыг 4 хөллөсөн байдалтай байхад нь хөлөөрөө зүүн хавирга хэсэгт өшиглөж, Гыг дээш харуулж унагаагаад хэвлийн доод хэсэгт нь 1 удаа дэвсэж, толгой уруу нь гараараа 1 удаа цохичихоод автобусны буудал дээр гараад машинд суугаад явсан ..бичлэг байв” гэх тэмдэглэл / хх-ийн 7-8х/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №430 дугаартай: “Үзүүлэгч Ц.Гын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Хэвлийн хөндийд битүү гэмтэл, давсагны урагдал, зүүн гарын тохой, шууны хэсгийн шалбарсан шарх зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 38х/ ,
шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Чандманийн 28-05 тоот хашаанд өөрийн ээж Оын хамт амьдардаг юм. Манай хашаанд миний төрсөн дүү Г эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад Улаангом сумын төв рүү орж зах дээр ганцаараа очоод Давст сум руу явах машины жолоочтой уулзаад “ Давст уруу явна” гэдгээ хэлчихээд захаас таксинд суугаад арын 4-н зам дээр ирж хойшоо Чандмань явах талын автобусны буудал дээр буугаад зогсож байтал буудал дээр зүс таних Чандманийн залуу надтай таараад “Танай дүү Г шал согтуу 2 залуутай хамт гэр хорооллын гудамжаар доош явж байна” гэж хэлсэн. Тэгээд би эргэн тойрноо ажаад хэсэг хугацаанд буудал дээр зогсож байгаад ер нь Гыг хайж олъё гэж бодоод Найрамдалын хорооны эхний гудамжуудаар хайгаад олдохгүй болохоор нь эргээд автобусны буудал руу гэр хорооллын гудамжаас гараад иртэл дүү Г автобусны буудлын хойд талд согтуу явж байсан. Тэгэхээр нь би дөхөж очоод “Харья, явъя, чи согтуу байна, унтаж амар” гэхэд Г миний урдаас “Чамд ямар хамаатай юм, зайл пизда” гэх зэргээр миний урдаас үг хэлээр доромжлохоор нь ер нь яагаад дандаа архи ууж гэртээ ч тэр, гудамжинд ч тэр эхнэр хүүхэд, ээж, бид нарыг дарамталж зовоож байдаг юм гэж бодож байгаад гэнэт уур хүрээд Гын толгой руу нь гараараа нэг удаа цохиод, хавирч унагаагаад хэвлий орчим нь нэг удаа өшиглөснөө санаж байна. Би тухайн үед нилээн уурлаад тэр зуур ухаан балартсан байсан бөгөөд нэг мэдэхэд машинд суучихсан явсан. Тэгээд гэртээ очоод байж байтал Гыг 30 орчим минутын дараа машинтай 2 залуу “4-н замын хажууд хэвтэж байсан” гээд гэрт нь авч ирсэн. Гыг авч ирсэн хүмүүс явсны дараа би Гын гэрт ороход Г хэвтээд унтаж байхаар нь эхнэр Сэгээс нь Гын биеийг асуухад “Нилээн согтуу ирсэн, унтаж байна” гэж хэлэхээр нь би ээжтэй хамт Давст сум руу найранд явчихсан юм. Тэгээд ээж бид хоёр Давст суманд очоод айлд унтаж байтал 2018 оны 06 дугаар сарын 16-ны шөний 02 цагийн орчим “Гыг эмнэлэг дээр хагалгаанд орж байна” гэж ээжийн утсанд дуудлага ирээд ээж тэр шөнөө Улаангом руу явсан юм. Тэгээд би маргааш нь найрандаа орчихоод 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаангом суманд ирээд дүүтэйгээ уулзсан юм. Манай дүү Г нь мужаан хийдэг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөө надаас “Авдар хийх материал авна” гээд 100.000 төгрөг аваад тэр мөнгөөрөө архи уусан байсан. Мөн Г нь архи нилээн уудаг, архи уусан үедээ гэр орондоо хэрүүл маргаан үүсгэдэг, ажил төрөл амьдарлаа алдаж нилээн их архидаж эхнэр, хүүхдүүд, ээж, бид нарыг их зовоодог юм. Тиймээс тэр өдөр би дүүгээ “Мужааныхаа ажлыг хий” гээд 100.000 төгрөг өгсөн байхад тэр мөнгөөр архи ууж согтоод гудамжинд явж байхад нь би таараад “Харьж амар” гэхэд миний урдаас намайг хэл амаараа доромжлоход нь гэнэт миний уур хүрээд Гын толгой руу нь нэг удаа цохиод, хөлөөрөө хавирч унагаагаад газар унахад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд Чандмань руу машинд суучихсан явж байсан юм. Г бид хоёрын хооронд урьдын өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр урьд өмнө нь хоорондоо хэрэлдэж, маргалдаж, зодолдож байсан асуудал байхгүй. Г нь ойрын үед архи согтууруулах ундаа ихээр хэрэглээд байсан учир би нэг удаа гэрт нь орж “Чи архи их ууж байна, амьдарлаа бодмоор юм” гэж хэлж байсан. Г эрүүлдээ хүнтэй юу ч ярьдаггүй бөгөөд харин согтуудаа гэртээ ирчихээд эхнэртэйгээ маргалдчих гээд байдаг, унтаж амарч өгдөггүй муу талтай юм. Би Гыг зодож байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Г намайг зодож цохиогүй. Би өөрийн төрсөн дүү Гас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвэлэрсэн. Одоо Гын биеийн байдал нь хэвийн байгаа бөгөөд хагалгааных нь шарх эдгэрсэн, давсганд тавьсан гуурсаа авахуулсан. Г ажил төрлөө хийгээд явж байгаа. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Увс аймгийн Прокурорын Газраас шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ .
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 2.1-2.5 дахь хэсэгт энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д: “ энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ”гэсэн шинжийг заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д : “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна ” гэж зааснаар тусдаа амьдарч байгаа ч төрсөн ах, эгч, дүү бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарахаар хуульчилсан байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Н, хохирогч Ц.Г нар төрсөн ах дүүс, Ц.Г нь өрх тусгаарласан буюу эхнэр 3 хүүхдийн хамт өөрийн гэрт амьдардаг, харин шүүгдэгч Ц.Н нь гэрлээгүй, төрсөн эх М.Оын хамт нэг гэрт амьдардаг, тэд Улаангом сумын 1-р багийн Чандманийн 28-05 тоотод байрлах хашаанд 2 гэрээрээ амьдардаг болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байх тул тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ” гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү Ц.Гыг зодсон, түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал бүхий хүнд гэмтэл /хүнд хохирол/ учирсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №430 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “ Би дүү Г уруу дөхөж очоод “Харья, явъя, чи согтуу байна, унтаж амар” гэхэд Г миний урдаас “Чамд ямар хамаатай юм, зайл пизда” гэх зэргээр миний урдаас үг хэлээр доромжлохоор нь ер нь яагаад дандаа архи ууж гэртээ ч тэр, гудамжинд ч тэр эхнэр хүүхэд, ээж, бид нарыг дарамталж зовоож байдаг юм гэж бодож байгаад гэнэт уур хүрээд зодсон” гэж мэдүүлж байгаа бөгөөд хэрэг учрал болсон 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Ц.Н нь хохирогч төрсөн дүү Ц.Гыг гудамжинд явж байхыг хараад түүн дээр явж очоод шууд зодож эхэлсэн, хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү чиглэсэн ямар нэг үйлдэл хийгээгүй байхад шүүгдэгч зодож эхэлсэн, маш богино хугацаанд хохирогчийг хөлөөрөө өшиглөх, газар унагаах, дэвсэх, гараараа толгой руу нь цохих зэргээр зодсон, түүний үйлдэлд хохирогч хариу үйлдэл хийгээгүй, хохирогчийг зодож газар унагаад тухайн газарт нь орхиж явсан зэрэг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерийн бичлэгээс харагдаж байна.
Түүнчлэн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өмнө нь ч согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсэн байх боловч энэ нь байнгын шинжтэй биш, гэр бүлийн гишүүдээ айлгаж дарамталсан, догшин ширүүн харьцдаг байсан гэх үндэслэл тогтоогдоогүй ба харин ах дүүсийн хоорондын харилцаа хэвийн байсан талаар хохирогч, шүүгдэгч болон гэрч В.С, М.О нар мэдүүлсэн байна. Иймээс шүүгдэгч энэ гэмт хэргийг аргагүй хамгаалалтын болон сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан үед үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Нөгөөтэйгүүр хохирогч тухайн гэмт хэрэгт өртөх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар хэргийн газраас хохирогчийг авч гэрт нь хүргэсэн гэх гэрч Д.М, Б.Н нар “ бид 2 Ц.Гыг сугадаж өргөөд гэрт нь оруулсан, хохирогч нэлээн согтсон, тасарсан байдалтай байсан” гэж мэдүүлсэн байх боловч хохирогч зодуулж биендээ хүнд гэмтэл авсны улмаас босож явах, орчинтой харьцах чадваргүй байсан уу, эсвэл биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтуурсан байсан эсэхийг шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй /одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй / тул хохирогчийг энэ гэмт хэрэгт өртөх үедээ биеэ хамгаалах чадваргүй байсан гэж дүгнэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн 28-05 тоотод ээж М.Оын хамт оршин суудаг, хувиараа давс олборлох хөдөлмөр эрхэлдэг болох нь гэрчүүдийн мэдүүлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Нгийн зан байдлын талаар гэрч Ц.Дын өгсөн: “Миний төрсөн ах Н, Г нар хоорондоо ямар нэгэн харилцааны асуудал байхгүй. Урьд өмнө нь хэрэлдэж, зодолдож байгаагүй хүмүүс юм. Манай ах Н нь төлөв даруу зантай, ажилсаг хүн, одоогоор эхнэр, хүүхэдгүй ба ээжтэй хамт амьдардаг юм. Н ах хувиараа давсны уурхай дээр давс олборлож амьжиргаагаа залгуулдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,
гэрч В.Сгийн өгсөн: “...Манай гэр Н ахын гэр хоёр нэг хашаанд 5-6 жил болж байгаа байх. Энэ хугацаанд би Н ах архи ууж ирээд хадам ээжид болон манай нөхөр бид хоёрт агсам согтуу тавьж, хэрүүл маргаан гаргаж байсныг харж байгаагүй юм. Н ахыг ер нь даруу төлөв зантай, хүнтэй эв зүйтэй харьцдаг, элдэв буруу зан аашгүй төлөв хүн гэж боддог. Хааяа архи согтуурулах ундаа хэрэглэхээрээ чимээгүй гэртээ ороод унтчихдаг юм. Н ах Давст суманд давсны уурхай дээр хувиараа ажилладаг юм” /хх-ийн 21-22х/ гэх мэдүүлэг,
гэрч М.Оын өгсөн: “..Н бол миний том хүү бөгөөд одоо 39 настай, гэр бүлгүй, надтай хамт амьдардаг хүн юм. Миний хүү Н, Г хоёр нэг эхээс төрсөн, нэг эцгийн хүүхдүүд тул тэр хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон, өр төлбөрийн асуудал байхгүй. Тухайн үед хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглсэн явж байгаад нэг нэгэнтэйгээ таараад тийм зүйл болсон юм шиг байна...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/ хэрэгт авагджээ,
Шүүгдэгч Ц.Нгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Г нь шүүгдэгч Ц.Нгаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Нд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 4 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Н энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгч Ц.Нд хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ургийн овогтой Цын Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Нд оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД С.БОЛОРТУЯА
Б.Гансүх