Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00441

 

Ц.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дүгээр шийдвэр,        

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 203/МА2017/0002 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Дуудлага худалдааг цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Зоригт, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Шинэ говь” худалдааны төвийн хөрөнгийг Улаанбаатар хотын “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар хийлгүүлсэн болно. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээний төв рүү албан хүсэлт явуулсан боловч одоог хүртэл албан ёсны хариу ирээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай хамтран ажилладаг байгууллага “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК гэж байгууллага байдаг хэмээж тайлбар авсан. Энэ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна. Би энэ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар дахин үнэлгээ хийлгэхгүй өөр компаниар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдаа болох гэж байхад Хөрөнгийн үнэлгээний газраас хариу тайлбар ирээгүй байгаад гомдолтой байна.Тухайн хөрөнгийн үнэлгээний төвөөс үнэлсэн обьектуудын үнийг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн, обьектийн байрлал, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хөдөө орон нутагт байдаг гэх байдлыг ашиглан бага үнээр тогтоосон, харьцуулж байгаа обьектуудын байршил тухайн эд хөрөнгийг ямар материалаар баригдсан, барилгын материалын чанарын тал дээр судлаагүй, зам дагуу байрласан газрыг харгалзан үзээгүй өөрсдийн үзүүлэлт ерөнхий байдлаар дүгнэж дүгнэлт гаргасан, зах зээлийн эдийн засаг хямарч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ унаж байгаа ч гэсэн одоо зарагдаж байгаа обьектуудтай үнийг харьцуулж хийгээгүй, шүүхийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж зарагдсан обектуудтай жишиж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан, Улаанбаатарт байдаг үл хөдлөх хөрөнгийн төв нь тухайн орон нутагт байдаг үл хөдлөх хөрөнгө ямар үнэтэй байдаг, газар, байршил /А зэрэглэлийн байршил/ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ дутуу дулимаг хандсан. Тухайн орон нутагт байдаг хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Улаанбаатар хотоос ирж 2-3 хоногт үнэлгээ гаргаж байна гэж ирээд хэдэн зураг дараад л яваад өгдөг асуудлыг зохицуулж өгөх шаардлагатай байна.Иймд Улаанбаатар хотын Хөрөнгийн үнэлгээний төвөөр хийсэн үнэлгээнээс татгалзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 8 дугаар сарын 19-нд болох дуудлага худалдааг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 143/ШШ2016/00017, 143/ШШ2016/00018, 143/ШШ2016/00019, 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар Ц.Батбаяр, А.Гантулга нараас 4 гүйцэтгэх хуудасны нийт төлбөр 967 342 485 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 143/Ш32016/00297, 143/Ш32016/00298, 143/Ш32016/00299, 143/Ш32016/00300 дугаартай захирамжуудаар шүүхээс гарсан дээрх шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан.Тус Албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 101, 102, 103, 104 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулжээ. Төлбөр төлөгч Ц.Батбаяр, А.Гантулга нарыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд дуудан ирүүлж, төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч төлбөр төлөх мэдэгдлийг анхны удаа гардуулж, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлбөрөө сайн дураар төлж барагдуулах хугацаа өгсөн байна. Дээрх хугацаанд Ц.Батбаяр, А.Гантулга нар нь шүүхийн шийдвэртэй өр төлбөрөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын эд хөрөнгөнд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн төлбөр авагч банкны зээлийн барьцаанд гэрээ байгуулан барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн.Эд хөрөнгө битүүмжилж, төлбөр төлөгч нарт төлбөрийг төлж барагдуулахаар олгосон хугацаа дууссан бөгөөд дээрх хугацаанд төлбөрөөс огт төлөлт хийгээгүй учир 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг эд хөрөнгө хураах актаар хурааж, тэмдэглэл үйлдэн мөн эд хөрөнгийн эзэн төлбөр төлөгч Ц.Батбаяр, А.Гантулга нарт хураагдсан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт бүрэн бүтэн байдлыг хариуцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн тухайн өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудаас эд хөрөнгүүдийн талаар үнийн саналыг авсан байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын саналыг үндэслэн шинжээчийг томилно гэсэн заалт байхгүй юм. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас гаргасан үнэлгээний дүгнэлтийг талуудад 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гардуулж танилцуулсан бөгөөд төлбөр төлөгч нь одоогоор төлбөрөөс огт төлөөгүй байгаа болно.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр талуудад гардуулсан гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг төлөөлөгч Б.Зоригт шүүхэд гаргасан тайлбартаа:Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай 28 дугаар тогтоолын дагуу тухайн хөрөнгийн байдалтай шийдвэр гүйцэтгэгч А.Чулуун-Очир, иргэн Ц.Батбаяр нарын хамт 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үзэж танилцан, үнэлгээг энэ өдрийн байдлаар хийж дүгнэлт гаргасан. Иргэн Ц.Батбаяр нь хөрөнгүүдийн үнийг зах зээлийн үнээс доогуур гаргасан гэж гомдол гаргажээ. Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зарласан анхны дуудлага худалдаанд дээрх нэр бүхий 6 хөрөнгүүд 30 хувь буурсан үнээр дуудлага худалдаанд ороод худалдан авагч гараагүй, зарагдаагүй хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэн гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.Иймд үнэлгээ бага гаргасан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкийг төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан үнэлгээг, нэхэмжлэгч бага үнэлсэн гээд байгаагаа нотлох хэрэгтэй. Хэргийн материалаас харахад тодорхой үндэслэлээр яаж бага үнэлсэн нь харагдахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хууль журмын дагуу шинжээчийг томилдог. Анхны дуудлага худалдааг зарлахад ямар ч хүн ирээгүй, зарагдаагүй байна. Зарагдаагүй байна гэдэг нь доогуур үнэлсэн биш харин тодорхой хэмжээгээр дээгүүр үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Батбаярын Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батбаярыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2016/01270 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 203/МА2017/0002 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 143/Ш32016/00297, 143/Ш32016/00298, 143/Ш32016/00299, 143/Ш32016/00300 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 дахь дуудлага худалдаа явуулах ажиллагааг цуцалсугай” гэж өөрчилж, 3 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Манай албанаас төлбөр төлөгч нарт төлбөрөө сайн дураар төлөх боломж олгон шаардаж байсан мөн төлбөр төлөгчийн банк, банк бус байгууллага дахь харилцах болон хадгаламжийн дансанд төлбөрийн дүнгээр зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг төлүүлэх тал дээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Энэ талаар төлбөр төлөгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд огт дурдаагүй, маргаагүй тул дээрх шүүхийн авагдаагүй гээд байгаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д “Хэргийн оропцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хүульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, талууд тухайн үйл хэргийн талаар огт маргахгүй байсан тул тус албаны зүгээс татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримт болохгүй гэж үзсэн мөн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгоход ямар нэгэн ач холбогдол бүхий баримтуудад мэдээлэл гэж үзээгүй.Төлбөр төлөгч нар нь дуудлага худалдаанд орсон үл хөдлөх эд хөрөнгүудийг төлбөр төлөгч нарт хуульд заасны дагуу барьцаалуулсан бөгөөд мөн дээрх үйл хэргийн талаар талууд маргаагүй байгаа. Гэвч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс манай албаны шүүхэд гаргасан тайлбар нотлогдохгүй байна гэж үзсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэгчийн огт шаардаагүй зүйлийг шаардсан мэтээр тайлбарлаж процессийн ноцтой зөрчил гарсан байна.Иймд, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2017/0002 тоот магадлалыг эс зөвшөөрч байгаа тул магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг дутуу бичсэнийг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 19-нд болох дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан ба дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх нэг л үндэслэлийг нэхэмжлэлдээ заажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Батбаяр нь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч ийнхүү хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ зөвхөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбосон байх ба нэхэмжлэлийн агуулга дуудлага худалдаанд орох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх үнэлгээний талаар гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацааны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийснийг буруутгасан нь учир дутагдалтай болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох байна.

Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, 525 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна \хх-ийн 29-40 дүгээр тал\. Уг дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 6 дугаар сарын 13-нд ирсэн ба эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нар хүлээн авчээ \хх-ийн 58 дугаар тал\.

Нэхэмжлэгч үнэлгээний талаарх гомдол бүхий нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хугацаа хэтрүүлсэн үндэслэл шалтгааны талаар нэхэмжлэгч тайлбарлаагүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 14 дүгээр тогтоол 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гарч, дуудлага худалдааг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт явуулахаар товлосон байх ба хариуцагч энэ тухай зарыг Зууны мэдээ сонины 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 134 дугаарт нийтэлсэнээс гадна  2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч нарт танилцуулсан байна \хх-ийн 59-60, 62, 63 дугаар тал\.

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болох хоёр дахь дуудлага худалдааны талаар утсаар мэдэгдсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбарласан боловч хоёр дахь дуудлага худалдааг товлосон гэх баримт байхгүй, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан дуудлага худалдаанд оролцох хүний санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болдог. Мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1., 143.3.-т зааснаар хуулийн 34.1-д зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана. Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлийнх нь агуулгаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гэж үзвэл Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацаанд гараагүй байна.

Нэхэмжлэлийг шаардлагынх нь үгийн шууд утгаар тодорхойлж дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гэж үзвэл нэхэмжлэгч анхны дуудлага худалдааны талаар гомдол гаргах Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасан хугацаа, журмыг зөрчсөн байна. Хоёр дахь дуудлага худалдаа товлогдож, зарлагдсан гэх баримт байхгүй тохиолдолд хийгдээгүй ажиллагааны талаарх гомдлыг шүүх хангах боломжгүй болно.

Харин нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн алинд нь ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах талаар заагаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, эд хөрөнгөөс төлбөр гаргуулах дараалал зэрэг талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулах барьцааны эрхийн ач холбогдлыг алдагдуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх магадлалдаа дээрх ажиллагааг “цуцлах”-аар заасан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цаашид явуулахгүй байхаар ойлгогдох агуулгатай болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож буй шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах учиртай тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь шинжээч томилохдоо эрх, үүргийг нь танилцуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй явдал үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болохгүй 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6.-д заасныг баримталсан нь алдаатай болсоноос гадна шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 203/МА2017/0002 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6.-т” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.3.-т” гэж, “эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох” гэснийг “эд хөрөнгийн үнэлгээ болон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болох дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН