Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0039

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0039

Улаанбаатар хот

 

 

“Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ч.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, А.Р, өмгөөлөгч З.Н нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, Үнэлгээний хорооны 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, В.Д нар давж гомдолдоо: “...шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхдээ хэт явцуу хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлтээр гаргасан болон нэхэмжлэгчийн санаачлагаар цугларсан нотлох баримт, түүний үр дүнд гаргаж буй нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хууль зүйн үндэслэлүүдийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх тендер шалгаруулалтыг хууль бус, хэт нэг талыг баримтлан явагдсан талаар дараах үндэслэл бүхий нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Тендер шалгаруулалт хууль бус болсон тухай нэхэмжлэлийг хүлээн авсан шүүх нь тендерийн баримт бичиг, оролцогчдоос ирүүлсэн тендерийг шаардан гаргуулж, нэг бүрчлэн хянаж үзэж шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй.

Тухайлбал: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан бөгөөд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д дараах нөхцөлийг заасан. Үүнд:

Нэг: 27.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” гэж заасны дагуу Дорнод аймаг дахь Орон нутгийн өмчийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын тендер шалгаруулалтад зориулж гаргасан тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (д)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл”, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 (б)-д “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа” гэх мэт чадавхын шаардлагыг тавьсан.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.2 дахь хэсэгт “Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж заасан шаардлагыг тогтоосон байна.

Дээрх хэм хэмжээнээс харахад харьцуулагдах ижил төстэй ажил нь өртөг, хугацааны хувьд ижил, төстэй байх нь тус хуулийн 6.1-д заасан “Өрсөлдөх тэгш боломжтой” байх зарчимд нийцнэ.

Гуравдагч этгээдийн хувьд Маргаж буй Тендертэй ижил өртөг, хугацаанд хийгдэх ажил бол 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан Баян-Уул сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил юм. Өртгийн хувьд анх 2 тэрбум орчим төгрөг байсан. Хугацааны хувьд 2 жилийн дотор гүйцэтгэх ёстой байсан.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын тендерийн төсөвт өртөг нь 4 тэрбум төгрөг юм.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас харахад “С” ХХК нь 2012 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд 640 суудалтай сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэхээр Тендерт шалгарсан. Улмаар 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр Дугаар БУ-2012/06 тоот гэрээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан байна. Тус гэрээнд зааснаар барилгын ажлыг 2014.08.07-ны дотор бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй байжээ. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй тул дахин 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр /1 удаа/ Дугаар БУ- 2012/06+1 тоот нэмэлт гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дугаар БУ-2012/06+3 тоот “Сургуулийн барилга, 640 суудал /Дорнод Баян-Уул сум/ барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээ ёсоор “С” ХХК нь сургуулийн барилгын ажлыг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд сургуулийн барилгыг барьж дуусгаагүй.

Дахиад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай Дугаар БУ-2012/06+4 тоот “Сургуулийн барилга, 640 суудал /Дорнод Баян-Уул сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-г байгуулсан. Мөн энэхүү гэрээгээр “С” ХХК нь тухайн барилгын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэж, дуусгахаар үүрэг хүлээсэн боловч барилгын ажил дуусаагүй бөгөөд “С” ХХК нь дээрх гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгэлгүйгээр Дорнод аймгийн Хэрлэн суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын тендер шалгаруулалтад оролцжээ.

Гэрээ ёсоор Баян-Уул сумын сургуулийн барилгыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгах ёстой байсан боловч дуусгаагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин гэрээнд нэмэлт нэмэлт оруулж улсын төсвөөс 119.8 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 150.2 сая төгрөг гаргуулахаар болж барилгын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар тохиролцсон байна.

“С” ХХК нь дээрх байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гэрээнд заасан хугацаанд нь хийж гүйцэтгэхгүй, олон жилээр удаашруулж, улсын төсвөөс нэмж санхүүжилт гаргуулдаг хууль бус үйл ажиллагаа явуулдаг болох нь харагдаж байна.

Хэдийгээр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Баян-Уул сумын Засаг дарга, “С” ХХК-ний зүгээс Баян-Уул сумын 640 суудалтай Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг 100% гүйцэтгэсэн гэсэн тайлбар, албан тоот өгсөн хэдий ч бодит байдал дээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тус 640 суудалтай Ерөнхий боловсролын сургууль ашиглалтад ороогүй, барилгын ажил бүрэн дуусаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх байдлаас харахад Хуулийн 27.1.1-д заасан чадавхын шаардлагыг “С” ХХК нь хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, харьцуулагдаж болохуйц ижил өртөг, хэмжээний ажлыг “С” ХХК нь бүтэн 6 жил гаруй хугацааны дараа дуусгаагүй байхад дахин үүнээс өндөр өртөгтэй, бага хугацаанд гүйцэтгэх “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд заасан чадавхын шаардлагыг хангаагүй хуулийн этгээдийг сонгосон гэж үзэхээр байна.

Хуулийн 27.1.3-т заасан “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага”-ыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, Дорнод аймаг дахь Орон нутгийн өмчийн газар нь тендер шалгаруулахдаа тендерт оролцогчдын “С” ХХК-ийн зүгээс өөрсдийнх нь боловсруулсан Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд нийцсэн баримт бичиг ирүүлсэн эсэхийг нэг бүрчлэн шалгах нь тус хуулийн 27.1.3-т заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Гэвч Дорнод аймаг дахь Орон нутгийн өмчийн газар нь тендер шалгаруулахдаа “С” ХХК-иас тендерт оролцохоор ирүүлсэн баримт бичиг нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны зарим зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад “С” ХХК-ийг тендерээс татгалзаагүй байна. Үүнд:

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулсан.

Тус баримт бичгийн В. Тендер бэлтгэх гэсэн бүлгийн 13-т “Тендерийг Монгол хэлээр бэлтгэнэ. Гадаад хэл дээрх материалыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ” гэж заасан

Гэтэл “С” ХХК-аас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын тендерт ирүүлсэн баримт материалд Ц.Ө гэх хүний диплом нь гадаад хэл дээр байх бөгөөд түүнийг баталгаат орчуулгаар орчуулсан баримтыг хамт хавсаргаагүй байсан нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны шаардлагыг зөрчсөн байна.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3.Г “дараах хүснэгтэд үзүүлсэн голлох болон инженер техникийн ажилтан ажиллуулна” гэсэн шаардлагатай. Сүхжин нь Ц.Ө-ыг сантехникийн инженерээр ажиллуулахаар томилсон хэдий ч түүнийг сантехникийн инженерийн мэргэжилтэй гэдгийг тогтоох нотлох баримт байгаагүй. Энэ нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2.(в)-д “Гэрээг хэрэгжүүлэх, удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл: Удирдах болон инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар... ыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ” гэсэн шаардлагыг мөн хангаагүй бөгөөд Ц.Ө гэх хүнийг ямар мэргэжилтэй болохыг тогтоосон диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг ирүүлээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан компакт дискэн дэх баримтаас харагддаг.

Мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14.1.Ж.6 “Тендерт оролцогч нь...өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнууд, машин механизмуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд татгалзах үндэслэл болно.”

“С” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Баян-Уул сумын 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд тус сургуулийн барилга, угсралтын ажилд ашиглагдаж байгаа машин, механизм, голлох инженер, техникийн ажилтнуудын танилцуулгыг тендерт оролцохдоо ирүүлээгүй.

Гэтэл хамт тендерт оролцсон “Ч т” ХХК-иас өөр гүйцэтгэж буй ажилд ашиглагдаж байгаа машин, механизм, инженерийн мэдээллийг ирүүлсэн атлаа “С” ХХК-аас дээрх мэдээллийг ирүүлэлгүйгээр тендерийг шалгаруулсан.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Дорнод аймаг дахь Орон нутгийн өмчийн газрын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн барилга”-ын ажлын тендерийг шалгаруулахдаа өөрсдийн боловсруулсан тендерийн баримт бичиг дэх Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан нөхцөл, шаардлагын дагуу бус түүнийг зөрчсөн баримт, материал ирүүлсэн, заавал ирүүлэх ёстой баримт, материалыг ирүүлээгүй “С” ХХК-ийг шалгаруулсан талаарх үйл явдлыг бүх талаас нь бодит байдалд нийцүүлэн дүгнэсэнгүй. Учир нь Өмгөөлөгч нарын зүгээс “С” ХХК-ны зүгээс тендерт оролцохоор ирүүлсэн баримтуудад Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны холбогдох нөхцөл, шаардлагыг хангаагүй явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасан “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэсэн хэсгийг зөрчсөн учир “С” ХХК-ны тендерээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй талаар мэтгэлцэж оролцсон. Гэвч тус шүүхээс дээрх үндэслэлүүдэд ямар нэгэн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-д заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Ийнхүү тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн, чадавхын хувьд өмнө гүйцэтгэж байсан ажлаа гэрээт хугацаанд дуусгаагүй буюу тендер шалгаруулах үед гэрээний үүргийн зөрчилтэй байсан, мөн хамгийн өндөр үнийн санал буюу бусад оролцогчдоос 500 гаруй сая төгрөгөөр өндөр үнийн саналтай тендер ирүүлсэн “С” ХХК-г шалгаруулахдаа дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагуудыг шалгаж үзэлгүй хууль бус шалгаруулалт болсон.

Дээрх нөхцөл байдал нь шүүхийн шатанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас илэрхий болсоор байтал шүүх анхаарч үзээгүй бөгөөд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсэг буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Үнэлгээний хорооны 01, 02 дугаар тогтоолууд нь агуулгын хувьд ижил, тухайн шалгаруулалтын нөхцөл байдал ч өөрчлөгдөөгүй тул 01 дүгээр тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол 02 дугаар тогтоол ч бас хүчингүй болох ёстой.

Гэтэл “...хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол тухайн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж болох байсан.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэснийг харуулж байна.

Тус захирамж нь 2018 оны 11 сарын 02-ны өдөр гарч, 11 сарын 10-ны өдөр талууд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.” гэж тодорхой заасаар байтал ийнхүү шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн дээрх захирамжтай холбоотой асуудал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, гуравдагч этгээдийн төлөөлөгч дүгнэлт болгон үг хэлэхдээ, “бид дээрх захирамжийн үйлчлэлийг зогсоож, ажлаа хиймээр байна” гэсэн хүсэлтийг хүлээн авч, хэрэг шийдвэрлэхдээ нэг заалт болгон оруулсан нь хууль буруу ойлгож, тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Гомдлыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч т” ХХК-аас “Орон нутгийн өмчийн газраас шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлын үнэлгээний хорооны “Тендер шалгаруулалтын тухай” 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, мөн “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тендер шалгаруулалт зарлаж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нээхэд тендер шалгаруулалтад “Ч т” ХХК, “С” ХХК, “А” ХХК-ууд тендер ирүүлснээс “С” ХХК-ийг шалгаруулж, нэхэмжлэгч “Ч т” ХХК болон  “А” ХХК-уудын тендерээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Ч т” ХХК-аас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд “Ч т” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /г/-д заасан сантехникийн инженер болон цахилгааны инженерийн шаардлагыг уг компанийн санал болгосон ажилтнууд хангахгүй байна гэж, мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14.1 /ж/-ийн 6-д заасан мэдээлэл ирүүлээгүй гэж татгалзсан байна.

Тус компанийн санал болгосон сантехникийн инженерийн үнэмлэхэд “халаалт агаар сэлгэлт”-ийн мэргэжилтэй гэснийг “сантехникийн” мэргэжилтэй эсэхэд тооцож болох, “цахилгааны инженер”-т санал болгосон ажилтны мэргэжлийн үнэмлэхэд “цахилгаан холбооны инженер” гэснийг “цахилгааны” мэргэжилтэй эсэхэд тооцож болох талаар холбогдох байгууллагаас тодруулах шаардлагатай. Мөн тус компани нь өөр барилга угсралтын ажил хийж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин үнэлгээ хийхийг тус яамны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5881 дүгээр албан бичгээр Дорнод аймгийн орон нутгийн өмчийн газарт мэдэгджээ.

Хариуцагчаас уг мэдэгдлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Монголын барилгын үндэсний ассоциациас тайлбар тодруулгыг авахад нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн санал болгосон “халаалт агаар сэлгэлтийн инженер” нь “сантехникийн инженер”-ийн ажлыг гүйцэтгэх болон хөрвөн ажиллах боломжгүй, “цахилгаан холбооны инженер” нь “цахилгааны инженерийн ажлыг гүйцэтгэх, хөрвөн ажиллах боломжгүй, эдгээр мэргэжлүүд нь өөр өөр мэргэжлийн чиглэл болох нь тогтоогдсон байх ба энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “С” ХХК нь Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаагүй байхад хууль зөрчиж шалгаруулсан гэх асуудлаар холбогдох газраас тодруулахад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус сумын ерөнхий боловсролын сургуулийн албан бичигт “сургуулийн барилгын ажил дууссан” талаар тодорхойлолт ирүүлсэн байх ба мөн шүүхээс тус сумын Засаг даргаас тодруулахад “2017 оны төсвийн тодотгол, 2018 оны улсын төсөвт үлдэгдэл санхүүжилт нь бүрэн шийдвэрлэгдэж, сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Санхүүжилтээс болж барилгын ажил удаашралтай явагдаж ирсэн” гэсэн тайлбар ирүүлжээ.

Мөн хуульд заасан ерөнхий нөхцлийг хангаагүй гэх үндэслэлийн тухайд, хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн хувьд хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй үйл баримт тогтоогдоогүй, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан талаарх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байхгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4-т заасныг хангаагүй ерөнхий нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох Үнэлгээний хорооны “Тендер шалгаруулалтын тухай” 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбарт үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаж буй захиргааны акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгож шийдвэрлэхээс бус зөвхөн хариуцагчаас хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэснийг үндэслээд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

Уг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчаас “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг гаргаснаар 01 дүгээр дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар шууд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй болсон бөгөөд шүүхээс уг дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх нөхцөл байдал бий болохгүй тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байхад дээрх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 106 дугаар шүүгчийн захирамжид зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул уг заалтыг хасаж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2018 оны” гэхийг “2016 оны” гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан “Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ