Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/0008

 

“А” ХХК, “Е” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Сангийн яам,

“ХААБ” ХХК, ХААБ/201901001 дугаартай

тендер сонгон шалгаруулалтын

Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “ХААБ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “...түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна” ...тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгуулах, “ХААБ” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгох, “ХААБ” ХХК, “А” ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч “ХААБ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Е” ХХК, “А” ХХК-ийн “ХААБ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан ...түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна ...тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах “ХААБ” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалт, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичиг, “ХААБ” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй.Тендерийн үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн гаргаагүй зөрчлийг гаргасан гэж давхар дүгнэж, мөн тендерт оролцсон “А” ХХК-тай холбогдох зөрчлөөр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь тендерт өрсөлдөгч бусад компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шийдвэр болсон.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар “Сангийн яам нь гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл,

-     хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх,

-     тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах,

-     зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй.

5. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл, Сангийн яам нь тендерт оролцогчийн гомдолд дурдсан асуудлыг авч хэлэлцэх, хэлэлцээд гаргах шийдвэр нь тухайн нөхцөл байдалд тохирсон байх, уг шийдвэр нь хуульд заасан худалдан авах ажиллагааны зарчимд нийцсэн байх учиртай. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг дараах байдлаар буруу тайлбарласан. Үүнд:

6. Сангийн яам нь 2018 онд үүсгэн байгуулагдсан түншлэлийн гишүүн “Е” ХХК-ийг 2017 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж буруутгасан.Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлэг, Тендерийн өгөгдлийн хүснэгт /Тухайн тендерийн дагуу худалдан авах системийн талаарх дор дурдсан тусгайлсан өгөгдлүүд нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны холбогдох зүйл, заалтуудыг тодотгох, нөхөн гүйцээх болон нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой. Тендер шалгаруулалтын, өгөгдлийн хүснэгт болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны заалтууд хоорондоо зөрчилдвөл Тендер шалгаруулалтын, өгөгдлийн хүснэгтийн заалтуудыг баримтална/-ийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3-т  “Тендерт оролцогч түншлэл нь 20.2 /а/ ба /г/-д болон 20.2 /б/ ба /в/-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 /а/, /г/ -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байх шаардлагатай... гэж зааснаар “Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэлийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 /а/, /г/-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байхад Сангийн яам тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3-д заасныг баримталж ТШӨХ-д заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирүүлсэн түншлэлийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан.

7. Түншлэлийн гишүүн бүрийн нийлбэр нь ТШӨХ-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангаж буй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх, 2008 онд үүсгэн байгуулагдсан “Е” ХХК-ийг 2017 оны санхүүгийн тайлангаа ирүүлэх ёстой, үүнд түншлэл болон оролцож байгаа, мөн тендерийн шаардлага хангасан эсэх нь хамааралгүй, учир нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4-т эрх бүхий тендерт оролцогчийг тодорхойлж, 4.2-т “Дараах тохиолдолд тендерт оролцогч /түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна/-ийг эрх бүхий бус гэж үзнэ” гэж зааснаас дүгнэхэд ...зааварчилгаа, болон хүснэгт нь түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарахаар байна гэж давж заалдах шатны шүүх, түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд 2018 оны санхүүгийн тайлангаар 80 сая төгрөгийн борлуулалттай гарсан нь дээрх шаардлагыг хангаагүй, 2017  оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан гэж үзэх боломжгүй гэсэн ойлгомжгүй буюу илтэд үндэслэлгүй дүгнэлтийг тус тус хийсэн.

8. Сангийн яам нь дан ганц “А”  ХХК-тай холбогдох зөрчлөөр тендерийг бүхэлд нь хүчингүй болгох бус тухайн зөрчилтэй холбогдох хэсгийг, мөн гомдолд дурдсан асуудлыг авч хэлэлцээд шийдвэр гаргах ёстой атал гомдолд дурдаагүй асуудлыг авч хэлэлцэн, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь бусад тендерт оролцогчийн тэгш боломжтой өрсөлдөх эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр болсон.

9. Шүүх дээрх шийдвэрийг дүгнэхдээ “А” ХХК-ийн гаргасан зөрчлөөр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь бусад оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, энэ нь Сангийн яамны хуулиар олгогдсон эрх гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд зөвхөн нэг оролцогчтой холбогдох зөрчлөөр тендерийг бүхэлд нь хүчингүй болгох нь худалдан авах ажиллагаанд баримтлах хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг зөрчсөн шийдвэр болно.

10. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Маргаан бүхий акт болох Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянах тухай” шийдвэр нь хууль ёсны талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Тодруулбал, “Е” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1925 тоот албан бичгээр Сангийн яаманд хандаж “...“ХААБ” ТӨХХК-иас ирүүлсэн ... мэдэгдэлд дурдсанаас харвал манай компанийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзсэн боловч, ...хуулийн 27.4 дэх заалтын дагуу шаардлагад нийцээгүй тендер гэж үзэн тендерээс татгалзжээ... нэг албан мэдэгдэлд захиалагчийн хоёр өөр, ойлгомжгүй байр суурийг илэрхийлсэн... Иймд... хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,... бусад холбогдох дүрэм, журамд нийцүүлэн тендерийн үнэлгээг зохион байгуулсан эсэхийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

14. Хариуцагч Сангийн яам уг гомдлыг авч хэлэлцээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 дугаар шийдвэрээр “...”Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь...зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан ... шаардлагыг тус тус хангахгүй байна. Захиалагч “А” ХХК-иас ...бүхэлд нь файлыг дахин авсан тодруулга нь үнэ болон агуулгатай холбоотой гэж ойлгогдож байх тул хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтыг зөрчсөн... Мөн захиалагчийн мэдэгдлээс үзэхэд санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй гэж татгалзсан байгаа нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлтүүдийг хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-ийг үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, хуулийн дагуу дахин зохион байгуулахыг захиалагчид үүрэг болгосон байна.

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” 55.3.1.“энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2.“тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3.“зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасан бөгөөд хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэгч “Е” ХХК-ийн гомдлын дагуу тендер шалгаруулалтыг бүхэлд нь хянаж дээр дурдсан зөрчлүүдийг тогтоон, хуульд заасан “сонгох боломж”-ийн хүрээнд шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

16. Өөрөөр хэлбэл, хуульд төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянахдаа “зөвхөн гомдлоор хязгаарлана, гомдолд дурдаагүй асуудлыг хянахгүй, өөр оролцогчтой холбоотой зөрчлийг хянахгүй, нэг оролцогч гомдол гаргавал тендерийг бүхэлд нь хүчингүй болгохгүй, харин бусад шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн агуулгаар захиргааны сонгох боломжийг хязгаарлаагүй байх тул шүүхээс хариуцагчийг сонгох боломжоо буруу хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй байна. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5, 8, 9-д заасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Маргаан бүхий акт болох Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянах тухай” шийдвэрийн агуулга буюу нэхэмжлэгч “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь шаардлага хангаагүй гэсэн үндэслэлийн тухайд анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай, үндэслэл бүхий дүгнэсэн байх тул “…”Е” ХХК болон “А" ХХК-ийн түншлэл нь шаардлага хангасан байхад хангаагүй гэж үзсэн нь хууль бус” гэсэн агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6, 7-д заасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Нэгэнт “тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулах” тухай Сангийн яамны 2019 оны 6-1/2927 тоот шийдвэр хууль ёсны, түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул уг шийдвэрийн дагуу хүчингүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гарсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, албан бичиг, захиалагч “ХААБ” ХХК-ийн мэдэгдэл, мөн уг шийдвэрийн дагуу захиалагч “ХААБ” ХХК-ийн тендер шалгаруулалтыг дахин зарлаж, зохион байгуулсан үйл ажиллагаа, тухайн тендерт шалгарсан “А” ХХК болон захиалагчийн хооронд байгуулагдсан тендерийн гэрээг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн дүгнэлт, шийдэл зөв байна.

19. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 580 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

     ШҮҮГЧ                                                             Г.БАНЗРАГЧ