Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0580

 

 

“А” ХХК, “Е” ХХК-уудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагч “Хүнд хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн өмгөөлөгч Г.Б, тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Б.А, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Ц.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А” ХХК, “Е” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Сангийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Е” ХХК, “А” ХХК-ийн Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн ““Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан ... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна ... тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалт, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичиг, “Хөдөө аж ахуйн бирж ХХК, Ай ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ-г тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарласан тухайд:

Сангийн яам нь тендерт оролцогчийн гомдолд дурдсан асуудлыг авч хэлэлцэх, хэлэлцээд гаргах шийдвэр нь тухайн нөхцөл байдалд тохирсон байх /хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох/ учиртай байна.

Өөрөөр хэлбэл, Сангийн яам нь тендерт оролцсон “Ай” ХК-ийн гаргасан зөрчлийг үндэслэж тендерийг бүхэлд нь хүчингүй болгох бус тухайн зөрчилтэй холбогдох хэсгийг, мөн гомдолд дурдсан асуудлыг авч хэлэлцээд шийдвэр гаргах ёстой боловч тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь бусад тендерт оролцогчийн тэгш боломжтой өрсөлдөх эрхийг хязгаарлаж, гомдолд дурдаагүй асуудлыг авч хэлэлцэн, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь худалдан авах ажиллагааны болоод хууль ёсны зарчимд нийцэхгүй.

Шүүх дээрх шийдвэрийг дүгнэхдээ “Ай” ХК-ийн гаргасан зөрчлөөр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь бусад оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, энэ нь Сангийн яамны хуулиар олгогдсон эрх гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтыг явцуу утгаар нь тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно, 5.1.6.6-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэд этгээд" гэж заасны дагуу “Е" ХХК болон “А” ХХК нар нь хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүгийн болон бусад чадварын шаардлагыг хангах зорилгоор түншлэл болон тендерт оролцсон “1" этгээд юм.

“Е” ХХК болон “А” ХХК нарын тендерийг үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэсэн байтал Сангийн яам 2018 онд үүсгэн байгуулагдсан “Е” ХХК-ийг 2017 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэж буруутган тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

ТОӨЗ болон ТШӨХ-д зааснаар "тендерт оролцогч” 2017, 2018 оны санхүүгийн тайланг ирүүлнэ гэснээс бус “түншлэлийн гишүүн тус бүр” гэж заагаагүй байна.

Гэтэл шүүх ТОӨЗ-ын 4 буюу “Эрх бүхий тендерт оролцогч” гэх эрх бүхий оролцогч байхыг тодорхойлсон, түншлэлийн гишүүн тус бүрт хамаарна гэж тусгайлан заасан хэсгийг буруу тайлбарлан, уг хэсгийг тендерийн баримт бичгийн бүх зүйл, заалттай бүхэлд нь хамаатуулан ойлгож 2018 онд үүсгэн байгуулагдсан “Е” ХХК-ийг 2017 оны санхүүгийн тайлангаа ирүүлэх ёстой гэж дүгнэсэн нь тендер сонгон шалгаруулалтад түншлэл болон оролцож буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түншлэлийн зорилго, агуулгыг үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлт болно.

Захиалагч нь 2017, 2018 оны санхүүгийн тайлан ирүүлэхээр шаардсан нь оролцогчийн санхүүгийн чадавхийг үнэлэх зорилготой ба тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлэг, Тендерийн өгөгдлийн хүснэгт /Тухайн тендерийн дагуу худалдан авах Системийн талаарх дор дурдсан тусгайлсан өгөгдлүүд нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны холбогдох зүйл, заалтуудыг тодотгох, нөхөн гүйцээх болон нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ) болон ТОӨЗ-ны заалтууд хоорондоо зөрчилдвөл ТШӨХ-ийн заалтуудыг баримтална/-ийн ТОӨЗ 20.3-т “Тендерт оролцогч түншлэл нь 20.2(а) ба (г)-д болон 20.2(6) ба (в)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г) -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байх шаардлагатай Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түншлэлийг тухайн чадварын шаардлагуудыг хангаагүй гэж үзэж тендерээс нь татгалзана. Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, нөөц бололцоог харгалзан үзэхгүй.” гэж зааснаар “Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэлийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г) -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байхад Сангийн яам нь ТОӨЗ-ны 20.3-д заасныг баримталж, ТШӨХ-д заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирүүлсэн түншлэлийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, ур ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн.

Шүүх дээрх үнэлгээтэй холбоотой хэсгийг дүгнэхдээ маргааны үйл баримттай хамааралгүй буюу “хариуцагчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгч чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байлаа ч гэсэн тендерийн үнийн саналаар шалгарах боломжгүй байсан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд “Е-А түншлэл 1,920,050,000 төгрөгөөр, гуравдагч этгээд “Ай” ХК нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнийн дүнгээр 1,848,134,738.37 төгрөгөөр тендерийн баримт бичигт заасан бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу нийлүүлэхээр санал болгосныг дурдах нь зүйтэй" гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Тендерийн үнэлгээний хороо нь манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн атлаа 27.4 дэх хэсэгт заасны дагуу тендерээс татгалзаж байна гэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй, хоорондоо зөрчилдсөн байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж “санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй" гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус захиргааны акт бөгөөд энэхүү шийдвэрийг Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдол хянасан тухай" 6-1/2927 тоот албан бичгээр хүчингүй болгосон, энэ талаар шүүх зөв дүгнэсэн болно.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар: ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчейн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалт, ХААБ/201901001 дугаартай сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичиг, “Хөдөө аж ахуйн бирж” XXК, “Ай” ХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч хуульд заасны дагуу захиалагч “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот тендерээс татгалзах тухай шийдвэр болон Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/2927 тоот албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн хамт Сангийн яамны 6-1/2927 тоот албан бичиг буюу “тендер сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг мэдэгдэж байна” гэх актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн.

Харин шүүх “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь захиргааны байгууллага мөн эсэх нь тодорхойгүй, мэдэхгүй байна гэх үндэслэлээр хариуцагчийн статусыг тодорхойлох ажиллагааг хийж, нийтэд илэрхий баримтыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулах зэргээр хугацаа алдаж, дээрх актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг 35 хоногийн дараа шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд дээр актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ тодруулж Сангийн яамны 6-1/2927 тоот албан бичгийн дахин тендер зохион байгуулах хэсэг болон уг шийдвэрийн үндсэн дээр дахин зарлагдсан тендерийг түдгэлзүүлж өгнө гэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг дутуу шийдвэрлэж, мөн хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн үр дагаврыг буруу тайлбарласнаас хариуцагч нарыг дахин хууль зөрчихөд хүргэсэн явдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32019/4678 дугаар шүүгчийн захирамжаар “Сангийн яамны 6-1/2927 дугаар албан бичгийн ... тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд тухайн тендер сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн ажиллагаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд дахин хийгдэх боломжгүй.

Гэтэл шүүгч уг захирамж нь дахин тендер зохион байгуулж буй үйл ажиллагаа буюу тендер зарлах, тендер нээх, үнэлгээ хийх, шалгаруулах, гэрээ байгуулах зэрэг хариуцагчийн үйл ажиллагаатай хамааралгүй мэтээр тайлбарласан нь уг тендерийг зохион байгуулах үндсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг ач холбогдолгүй мэт болгон хариуцагч нарт тайлбарласан /шүүгчийн захирамжийг уншиж сонсгох явцад/ нь маргаан улам даамжрахад хүргэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д Блокчейн технологид суурилсан биржийн арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн платформ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, уг хороо 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тендер сонгон шалгаруулалт явуулж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор “Ай” ХК-ийг шалгаруулж, “Е” ХХК ба “А” ХХК-уудын түншлэлд тендерт шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Тендерт оролцсон “Е” ХХК Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянан үзээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “... “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “...түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 а, г-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй байна. Захиалагч ... оролцогчийн ирүүлсэн файлд яг ямар зүйл багтаж байсан нь тодорхойгүй, бүхэлд нь файлыг дахин авсан тодруулга нь үнэ болон агуулгатай холбоотой гэж ойлгогдож байх тул хуулийн 26.9 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн 6-1/2927 дугаар албан бичгийг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дүгээр мэдэгдэл, Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 дугаар албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан “Блокчейн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэл, “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 дугаар албан албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “А” ХХК-ийн нарын хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 дугаар албан бичгийн холбогдох хэсгийг, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан “Блокчейн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тендерт оролцогчоос 2017, 2018 оны санхүүгийн баталгаажсан тайланг болон тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу материалыг бүрдүүлж, тендерийн Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн байтал Сангийн яам 2018 онд үүсгэн байгуулагдсан “Е” ХХК-ийн 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй” хэмээн маргажээ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /ТШӨХ/-ийн ТОӨЗ 20.1(г)-д “...Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2 жил /2017, 2018/...”, 20.2(а)-д “борлуулалтын орлогын хэмжээ: 1 тэрбум /сүүлийн 2 жилийн аль нэг жилд/”, 20.3-д“... гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байх шаардлагатай ...” гэж заасан бөгөөд “Е” ХХК нь түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд 2018 оны санхүүгийн тайлангаар 80 сая төгрөгийн борлуулалттай гарсан нь дээрх шаардлагыг хангаагүй, үүнийг түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарах талаар нарийвчлан заагаагүй боловч түншлэлийн нэг гишүүн 1 жилийн борлуулалтын орлого болон гүйцэтгэгчээр ажилласан жилийн туршлагын мэдээлэл ирүүлээгүй байхад гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан гэж үзэх боломжгүй тул ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо болон борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт оролцогч түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарахгүй гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “...захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэрийг гаргана:”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасны дагуу тендер сонгон шалгаруулалтад оролцсон “Е” ХХК-ийн гомдлыг холбогдох материалд үндэслэн хянан үзэж, зөвхөн нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй бус мөн шалгарсан этгээд болох “Ай” ХК-аас захиалагч тодруулга авахдаа хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон байх тул тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэгэнт Сангийн яамны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 дугаар албан бичгээр тендерийн Үнэлгээний хорооны болон захиалагч “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгосон, уг хүчингүй болгосон Сангийн яамны албан бичгийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэж буй энэ тохиолдолд Үнэлгээний хорооны “Ай” ХК-ийг шалгаруулсан шийдвэр, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81, 82 дугаар албан бичгүүдийг шүүх дахин хүчингүй болгох хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ХААБ/201901001 дугаар “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх цахим тендерт “Ай” ХК-ийг шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийн улмаас тендерт оролцоогүй нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Иймд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д Блокчейн технологид суурилсан биржийн арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн платформ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны болон Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн дээрх шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн байх тул дахин зарласан тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах, “Хөдөө аж ахуйн бирж”, ХХК, “Ай” ХК нарын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                      ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                      ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ