Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2022/03262/И |
Дугаар | 210/МА2023/00084 |
Огноо | 2023-01-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00084
2023 01 06 210/МА2023/00084
*** ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03663 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** т холбогдох, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаар шийдвэрээр *** өөс 113,469,690 төгрөгийг гаргуулж, *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч *** нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** албадан дуудлага худалдаанд оруулахдаа 126,930,000 төгрөгөөр үнэлүүлж, үнэлгээний 70 хувиар буюу 88,851,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь *** ийн эрх ашгийг хохироож байна. Учир нь уг үнэлгээг хийлгэхэд *** ийн саналыг огтхон ч тусгаагүй. Дээрх орон сууцтай ижил төрлийн орон сууц 160,000,000 төгрөгөөс 180,000,000 төгрөгийн үнэ ханштай байгаа нь дурын олон нийтийн зар мэдээнээс харагдана. Шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар хэт хурдан хугацаанд дуудлага худалдаа явуулсанд, мөн мэдэгдлийг өгөөгүйд гомдолтой байна. Иймд 2021 оны 11 сарын 08-ны өдрийн *** дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 2366 дугаар шийдвэрээр *** өөс 113,469,690 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд *** ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч *** нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан эрхийн улсын *** дугаар бүртгэлтэй, *** тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03514 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 0410 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00453 дугаар тогтоолоор нэхэмжлэгч *** ийн гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй тухай тус тус заасан тул нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** т холбогдуулан гаргасан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн *** дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай *** ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
4.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон үнээс илүү үнээр худалдаж болох боломжийг хангаж, надад ойлгуулахгүйгээр гэрээ байгуулсан.
4.б. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан ба уг хуулийн утга агуулга, хугацаа зэргийг тодорхой ойлгуулаагүйгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах боломжийг алдагдуулж хохироосон зэргээр хууль зөрчсөн.
Иймд 2021 оны 11 сарын 08-ны өдрийн *** дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан эрхийг хангаж хангасан. 2020 оны 10 сарын 26-ны өдрийн *** дугаартай албан бичгээр төлбөр төлөгч *** т мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба хуулийн зүйл заалтыг тайлбарласан мэдэгдлийг хүргүүлж төлбөр төлөгчид биечлэн танилцуулсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** т холбогдуулан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2,14/
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаар шийдвэрээр *** өөс 113,469,690 төгрөг гаргуулж *** ББСБ ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл *** ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн байна. /хх 26-27/
4. Төлбөр төлөгч *** өмнө нь барьцаа хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03514 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 410 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 29-32, 33-26/
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...үнэлгээг хийлгэхэд миний саналыг тусгаагүй, ижил төрлийн орон сууц 160,000,000 180,000,000 төгрөгийн ханштай байгаа... гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
5. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 сарын 08-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
6. ...Өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах, албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон үнээс илүү үнээр худалдаж болох боломжийг хангаж ойлгуулаагүй..., шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болохыг ойлгуулаагүй гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь:
6.а. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн *** дугаар мэдэгдлийг хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч *** т танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлсэн, уг мэдэгдэлд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдах борлуулах эрхтэй ба хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа бичгээр гаргаж болох... тухай тодорхой дурджээ. /хх 51/
6.б. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
7. Нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Түүнчлэн анхан шатны шүүх хуулийн оноосон нэрийг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэх зэргээр буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03663 дугаар шийдвэрийн
тогтоох хэсэгт Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн... гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР