Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00457

 

“Мангут” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/01257 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 315 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Мангут” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Ууганжаргалд холбогдох,

4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Зуунай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус эмнэлгийн уламжлалт тасгийн эмчээр ажиллаж байсан Х.Ууганжаргал нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн Д.Мөнхцэцэгт бариа эмчилгээнд бумба тавих гэж байгаад нурууг нь түлж болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Энэ үйлдлийн улмаас Д.Мөнхцэцэг нь гэм хорыг эмчлүүлэх болон сэргээхэд шаардагдах 4 500 000 төгрөгийг “Мангут” ХХК-иас гаргуулж авсан.Иймд “Мангут” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эмч Х.Ууганжаргалаас 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Иргэн Д.Мөнхцэцэгт бумба тавих эмчилгээ хийж байхад агаар дээр шатамхай бодис шатаж гал унаж, зүүн дал орчим 3 газар жижиг хэмжээтэй түлэгдэл үүссэн. Үсний үзүүр хэсэг бага зэрэг шатсан. Би тухайн үед Д.Мөнхцэцэг гуайгаас уучлалт гуйгаад шарханд түрхдэг “Бойчин” гэдэг тан түрхэж өгсөн. Тухайн үед гарсан бүх эмчилгээнийх нь зардлыг би гаргасан. Өөрөө дагуулж яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж эмчилгээг нь хийлгэсэн. Тэр шарх бол өнгөц шарх байсан бөгөөд явцын дунд арилна гэж гэмтлийн эмч хэлсэн. Би ч гэсэн эмч хүнийхээ хувьд тэр хүний шархыг бүрэн эдгэрсэн гэж үзэж байна. Мойлтын тохойн сувилалд ажиллаж байсан бусад сувилагч, эмч нараас энэ хохирлыг нь хамт барагдуулах хэрэгтэй байхад ганцхан надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Эмч бол сувилагчийн ариутгаад тавьсан бумбыг л эмчилгээнд хэрэглэдэг. Миний цалинг тухайн үед хааж, цалин хасах зэргээр байгууллагаас асар их дарамт ирж байсан. Би залуу хүн учраас магистрт сурах гээд байгууллагаас диплом, эмчлэх эрхийн лицензээ авах гэтэл элдвээр хэлж доромжлоод өгөөгүй.Ийм учраас миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/01257 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ууганжаргалаас 4 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мангут” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганжаргалаас 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мангут” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 315 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/01257 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д” гэснийг “498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Энэхүү маргааны зүйл болох иргэн Д.Мөнхцэцэгийн гэм хорын хохирлын асуудлыг шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/07920 тоот шийдвэрийн дагуу гэм хорын төлбөр 229 900 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэний дагуу уг хохирлыг нэхэмжлэгч “Мангут” ХХК нь миний цалингаас суутган төлсөн тул би энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчид учирсан гэм хорыг бүрэн төлсөн байхад надаас хоёр дахь удаагаа гэм хорын төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус юм.Нэхэмжлэгч “Мангут” ХХК нь дээр дурдсан гэм хорын төлбөрийг миний цалингаас суутган авч төлсөнөө хүлээн зөвшөөрдөг. Гэтэл дахин надаас үндэслэлгүйгээр 4 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй буюу гэм хорын төлбөрийг хоёр удаа нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн Мөнхцэцэгийн бумба тавьсан түлэгдэлт нь шүдэнзний модны чинээтэй хэмжээтэй байсан бөгөөд 2-3 удаа боолт хийлгээд л эдгэсэн түүний гэм хорын төлбөрийг би цалингаасаа бүрэн төлж барагдуулсан.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Х.Ууганжаргал нь нэхэмжлэгч “Мангут” эмнэлэгт уламжлалт эмчилгээний их эмчээр ажиллаж байхдаа өвчтөний биед гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102\ШШ2015\07920 дугаар шийдвэрээр “Мангут” ХХК-иас гэм хорын хохиролд 229 900 төгрөг гаргуулан Д.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэсэн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102\ШШ2016\04588 дугаар тогтоолоор гэм хорын хохиролд 4 500 000 төгрөг төлөх талаар Д.Мөнхцэцэг, “Мангут” ХХК нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 229 900 төгрөгийг хариуцагч Х.Ууганжаргал төлсөн талаар талууд маргаагүй байна.

Харин 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102\ШШ2016\04588 дугаар тогтоолын дагуу “Мангут” ХХК нь Д.Мөнхцэцэгт 4 646 950 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг. Харин мөн зүйлийн 498.5.-д зааснаар тухайн этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Хариуцагч Х.Ууганжаргал нь “Мангут” ХХК-д их эмчээр ажиллаж байхдаа өвчтөн Д.Мөнхцэцэгийн биед гэмтэл учруулаагүй буюу ийнхүү гэмтэл учирхад шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, гэм буруу байгаагүй болохоо нотлоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотолгоог баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан нөхцөл үүсээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлосон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ба хариуцагч Х.Ууганжаргал хуулийн уг шаардлагад хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН