Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 315

 

“Мангут” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/01257 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мангут” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ууганжаргалд холбогдох

 

4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Зуунай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Мангут” ХХК-ийн төлөөлөгч Ү.Зуунай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус эмнэлгийн уламжлалт тасгийн эмчээр ажиллаж байсан Х.Ууганжаргал нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн Д.Мөнхцэцэгт бариа эмчилгээнд бумба тавих гэж байгаад нурууг нь түлж болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Энэ үйлдлийн улмаас Д.Мөнхцэцэг нь гэм хорыг эмчлүүлэх болон сэргээхэд шаардагдах 4 500 000 төгрөгийг “Мангут” ХХК-иас гаргуулж авсан. Иймд “Мангут” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эмч Х.Ууганжаргалаас 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Ууганжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Мөнхцэцэгт бумба тавих эмчилгээ хийж байхад агаар дээр шатамхай бодис шатаж гал унаж, зүүн дал орчим 3 газар жижиг хэмжээтэй түлэгдэл үүссэн. Үсний үзүүр хэсэг бага зэрэг шатсан. Би тухайн үед Д.Мөнхцэцэг гуайгаас уучлал гуйгаад шарханд түрхдэг “Бойчин” гэдэг тан түрхэж өгсөн. Тухайн үед гарсан бүх эмчилгээнийх нь зардлыг би гаргасан. Өөрөө дагуулж яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж эмчилгээг нь хийлгэсэн. Тэр шарх бол өнгөц шарх байсан бөгөөд явцын дунд арилна гэж гэмтлийн эмч хэлсэн. Би ч гэсэн эмч хүнийхээ хувьд тэр хүний шархыг бүрэн эдгэрсэн гэж үзэж байна. Мойлтын тохойн сувилалд ажиллаж байсан бусад сувилагч, эмч нараас энэ хохирлыг нь хамт барагдуулах хэрэгтэй байхад ганцхан надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Эмч бол сувилагчийн ариутгаад тавьсан бумбыг л эмчилгээнд хэрэглэдэг. Миний цалинг тухайн үед хааж, цалин хасах зэргээр байгууллагаас асар их дарамт ирж байсан. Би залуу хүн учраас магистрт сурах гээд байгууллагаас диплом, эмчлэх эрхийн лицензээ авах гэтэл элдвээр хэлж доромжлоод өгөөгүй. Ийм учраас миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ууганжаргалаас 4 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мангут” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганжаргалаас 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мангут” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Ууганжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/01257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч Х.Ууганжаргал би “Мангут” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй байсан нь үнэн боловч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй байгаагүй. Тэгээд ч миний “Мангут” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод үйлчлүүлэгчдэд бумба тавих эмчилгээ гардан хийх үүрэг хүлээгээгүй. Хэрэг учрал болдог өдөр байгууллагын захиргааны шийдвэрээр Д.Мөнхцэцэгт би бумба тавих эмчилгээ хийх болсон. Надад тухайн өдөр удирдлагаас өгсөн зааварчилгааны дагуу байгаа эм, хэрэгсэл ашиглаж өвчтөнд эмчилгээ хийх гэтэл харамсалтай нь энэ эмчилгээнд хэрэглэгддэггүй спирт өгснөөс шалтгаалж осол эндэл болж эмчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан. Үүнийгээ тухайн үед энэ эмнэлэг хүлээн зөвшөөрч байсан болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/7920 тоот шүүхийн шийдвэрээр энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэрэг анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энэ хэргийг хэлэлцэж надаас 4 500 000 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчиж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч намайг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Хариуцагч Х.Ууганжаргалаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хохиролд 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч “Мангут” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Мангут” ХХК нь сэргээн засал эмчилгээ болон дотор уламжлалт, мэдрэл, мэс засал, чих хамар хоолой, хүүхэд эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээ, эхо оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба хариуцагч Х.Ууганжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тус эмнэлэгт уламжлалт тасгийн уламжлалт анагаах ухааны эмчээр ажиллаж байсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалин, хөлс олгосон дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтооджээ.

 

Хариуцагч Х.Ууганжаргал нь нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 96 градусын спирттэй бумбаар Д.Мөнхцэцэгийн нурууны зүүн доод хэсгийг түлж гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар өөрөө буруугүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/07920 дугаар шийдвэрээр “Мангут” ХХК-иас гэм хорын хохирол 229 900 төгрөгийг гаргуулан Д.Мөнхцэцэгт олгохоор, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/04588 дугаар тогтоолоор Д.Мөнхцэцэгт гэм хорын хохиролд “Мангут” ХХК нь 4 500 000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 08, 10 дугаар сарын 10-ны өдөр нийт 4 646 950 төгрөгийг Д.Мөнхцэцэгт төлсөн нь банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Уг шийдвэрүүдээр нэхэмжлэгчээс гаргуулсан хохирлууд нь давхцаагүй, өөр өөр байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл нь хариуцагч бусдын бие махбодид хохирол учруулсантай холбоотой байна. Иймд өмнө нь шийдвэрлэсэн хэргийг шүүх дахин шийдвэрлэсэн гэж үзэхгүй болно.   

 

Нэхэмжлэгч буюу ажил олгогч “Мангут” ХХК нь хариуцагчийн ажил үүргээ гүйцэтгэж байх үед бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажилтан буюу хариуцагчаас түүний бусдад учруулсан хохирлыг төлсөн хэмжээгээр шаардах эрх үүсэх юм.

 

Нэхэмжлэгч нь Д.Мөнхцэцэгийн хохиролд төлсөн дээрх төлбөрийг хариуцагч Х.Ууганжаргалын цалингаас суутгасан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажилтаны бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрийг ажил олгогч төлсөн тул өөрт учирсан хохирлыг хариуцагч Х.Ууганжаргалаас шаардсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/01257 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д” гэснийг “498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Ууганжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                   С.ЭНХТӨР